Мэргэжлийн боксын өнөө цагийн шилдгүүд болох Райан Гарсиа болон Жервонта Дэвис нар өнгөрөгч амралтын өдөр учраа таарч, “Танк” хочит Дэвис хүнд цохилтоор өрсөлдөгчөө буулган авсан билээ. Тодруулбал, Гарсиагийн хэвлий рүү хүчтэй цохиж, ялалт байгуулав.
Тулааны дараа Э.Цэндбаатар “Өчигдөр Райан Гарсиа Дэвист ялагдсан. Тэр биедээ цохилт аван ялагдсан. Райан бэртэлтэй тулаанд орсон. Би өнөөдөр түүний бэртлийн талаар цахим хуудаснаа бичлэг оруулсан. Түүнийг тулааны өмнө гэмтээсэндээ уучлал хүсч байна. Бэлтгэлийн үеэр тийм зүйл болсон. Би түүний бие рүү цохиж, тэр бэртсэн. Райан гэмтэл, би гэртээ хагас цалинтайгаа явсан. Би ажлаасаа халагдсан” гэжээ.
Өөрөөр хэлбэл, Райан Гарсиа Жервонта Дэвистэй тулалдахын тулд түүн шиг тулааны хэв маягтай, бие хаатай хүмүүстэй бэлтгэл хийсэн аж. Тэдний нэг нь гавьяат тамирчин Э.Цэндбаатар байж таарчээ. Улмаар бэлтгэлийн үеэр Э.Цэндбаатар Райан Гарсиаг гэмтээж, цаашлаад энэхүү гэмтэл нь Дэвист ялагдах шалтгаан нь болсон гэнэ.
Харин Гарсиа өөрийн цахим хуудсаараа дамжуулан бэлтгэл хийсэн хамтрагчид дунд нь мэдээллэгч байсан гэв. Ерөнхийдөө Э.Цэндбаатарыг Жервонта Дэвист очиж, гэмтсэн талаар нь мэдээлэл өгсөн гэж гомдоллосон.
Удалгүй Э.Цэндбаатар дахин цахим хуудсаараа дамжуулан “Райан, би өмнөх постоо “google” орчуулагч ашиглаж оруулсан юм. Орчуулга нь буруу, төөрөгдөхөөр байжээ. Миний буруу. Хэн мэдээллэгч юм бэ? Чи юу яриад байна? Би мэдээллэгч биш. Би Англиар ч ярьж чадахгүй. Надад “Танк” таалагддаггүй. Би ирээдүйд түүнтэй тулалдаж, нам цохино” гэжээ.
Өдгөө 24 настай “Хаан” хочит Райан Гарсиа мэргэжлийн бокст 24 ялж, ганц ялагдаагүй байсан боловч Жервонта Дэвис түүний ялалтын цувралыг зогсоолоо. Энэхүү тулааныг дэлхий нийт чих тавин сонсож, харж байсан билээ. Харин Дэвисийн хувьд ялагдал гээчийг үзэлгүй 29 дараалсан амжилттай явна.
Холбоотой мэдээ