"Netflix" компани Өмнөд Солонгосын бүтээлүүдэд 2.5 тэрбум ам.доллар зарцуулахаар төлөвлөж буйгаа мэдэгдлээ. Энэ нь мэдээж Солонгосын соёл дэлхий дахинд хүчтэй дэлгэрч буйтай холбоотой. Компанийн гүйцэтгэх захирал Тэд Сарандос өчигдөр /2023.04.24/ Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сук Ёлийг АНУ-д ирэхэд нь уулзсан.
Уулзалтын дараа тэр "Солонгосын кино урлагийн салбар цаашид ч гайхалтай түүхийг өгүүлнэ гэдэгт итгэлтэй байгаа тул бид ийм шийдвэр гаргасан. Хүмүүс солонгос шоунд дурласнаар тус улсыг сонирхох нь ч ихэсч байна. Өмнөд Солонгосын кино контентууд цаг үеийнхээ соёлыг тодорхойлогч болжээ" гэж хэлжээ. Энэхүү шийдвэр нь Өмнөд Солонгосын уран бүтээлчид болон "Netflix" компанид гайхамшигтай боломж болно гэдгийг Юн Сук Ёл онцлов.
"BTS", "Blackpink" гэх мэт К-поп хамтлаг, Оскарын шагналт "Parasite" кино зэргээр Өмнөд Солонгосын урлаг сүүлийн жилүүдэд дэлхийд хүчээ авч байна. “Squid Game” цуврал л гэхэд бүх цаг үеийн хамгийн их үзэлттэй кино болжээ. Тодруулбал, тус кино 2021 онд дэлгэцнээ гарснаасаа хойш богино хугацаанд 1.6 тэрбум үзэлт авсан юм. Сүүлийн үеийн жишээ гэвэл, "The Glory" драма болон “Physical:100” реалити шоу үзэлт сайтай байна.
"Netflix" компанийн тайлангаас харахад 10 үзэгч тутмын зургаа нь Өмнөд Солонгосын контент үздэг гэжээ. Түүнчлэн Өмнөд Солонгосын дуу хөгжим, кино, тоглоом гэх мэт соёлын экспортын хэмжээ 2021 онд 12.4 тэрбум ам.долларт хүрч, дээд амжилт тогтоосон юм.
Эх сурвалж: AL JAZEERA
Холбоотой мэдээ