Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2023.04.25) хуралдаан 09 цаг 22 минутад гишүүдийн ирц бүрдсэнээр эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв.
Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсны дараа Засгийн газраас 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.
Энэ талаарх Ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир хийсэн.
Тэрбээр танилцуулгадаа, Ажлын хэсэг болон дэд ажлын хэсэг нийт 10 удаа хуралдаж, Ажлын хэсэг, ажлын дэд хэсгээс бэлтгэсэн болон Улсын Их Хурлын гишүүд, холбогдох Байнгын хороо, салбарын яам, агентлаг, төрийн бус байгууллагаас ирүүлсэн нийт 79 саналыг нэг бүрчлэн хэлэлцэн төсөлд тусгах эсэх асуудлыг судалж, гишүүдээс гаргасан 29 саналыг хэлэлцэн, саналын томьёололд оруулан ажилласан гэв.
Ажлын хэсгээс хуулийн төсөлд дараах зарчмын өөрчлөлтийг тусган зохицуулах нь зүйтэй гэж үзсэн байна. Тухайлбал, Монгол Улсыг гадаад улсад сурталчлах Засгийн газрын үйл ажиллагаатай холбоотойгоор зөвхөн гадаад улсад бараа, үйлчилгээ худалдан авах тохиолдолд энэ хуулийн үйлчлэлд хамаарахгүй байхаар энэ хуулиар зохицуулах асуудлын хүрээ, хязгаарыг нарийвчлан тогтоож, тусгах, төвлөрлийг сааруулах бодлогын хүрээнд орон нутгийн төсвийн бүх байгууллагын зарласан тендер шалгаруулалтад тухайн орон нутгийн хуулийн аж ахуйн нэгжид давуу эрх олгох, хуулийн төслийг өргөн барьсны дараа буюу 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Улсын Их Хурлаас Даатгалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг баталснаар төсөлд тусгагдсан зарим зохицуулалт уг хуулинд тусган батлагдсан тул эдгээр давхардсан агуулгатай зохицуулалтыг хасах зохицуулалтыг тусгасан. Мөн захиалагч гүйцэтгэгчид урьдчилгаа төлбөр олгох нөхцөлийг илүү тодорхой болгож найруулах, худалдан авах ажиллагааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэдэх худалдан авах ажиллагааны нэгжийн эрх, үүргийг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэх, худалдан авах ажиллагааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас төрийн бус байгууллагад шилжүүлж болох зарим чиг үүргийг илүү нарийвчлан зохицуулах, Үнэлгээний хорооны зохион байгуулалт, бүрэлдэхүүний талаарх холбогдох зохицуулалтыг тодорхой болгох, хуулийг 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр тогтоох зохицуулалтыг тусгасан байна.
Түүнчлэн Ажлын хэсгийн ахлагч танилцуулгадаа, хууль санаачлагчийн танилцуулга болон асуулт, хариултын дараагаар ирүүлсэн 38 саналаасаа татгалзсан бөгөөд дэмжигдээгүй 16 санал байна. Дэмжигдээгүй 16 саналд хуулийн үйлчлэх хүрээ, хуулийн нэр томьёо, туслан гүйцэтгэгч гэрээ ирүүлэхгүй байх, гэрээ шууд байгуулахад өмнөх тендер шалгаруулалт хоёр удаа амжилтгүй болж захиалагчаас хамаарах шалтгаанаар удааширдаг асуудлыг хуулиар хориглох, гүйцэтгэлийн баталгааг гаргах хэлбэрийг нэмэгдүүлэх, чанарын баталгаатай холбоотой саналууд хуулийн төсөлд тусгагдсан тул Ажлын хэсэг шаардлагагүй гэж үзсэнийг онцлов.
Мөн Ажлын дэд хэсгийн гишүүдээс ирүүлсэн саналын томьёоллоо дахин боловсруулж ирүүлэх найман санал гаргасан бөгөөд шинэчилсэн саналыг ирүүлээгүй тул хуулийн төсөлд тусгаагүйг дурдахын зэрэгцээ Ажлын дэд хэсгээс гарсан зарчмын зөрүүтэй 14 саналд жил болгон хийгддэггүй томоохон бүтээн байгуулалтын хувьд сүүлийн гурван жил гэдэг шаардлага хангагдахгүй байх тохиолдол үүсэх эрсдэлтэй тул ажлын жилийн туршлагыг тооцох, жилийн тоог нэмэгдүүлэх, чанарын баталгааны хэмжээг таван хувь болгох, төлбөр төлөх үүргийг аккредитив байдлаар шийдвэрлэдэг болох, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь монополын эсрэг үйл ажиллагааг хариуцах үндсэн чиг үүрэгтэй тул тендерийн маргааныг хянах шаардлагагүй, тендерийн маргаан дахь шүүхийн оролцоог бууруулах зэрэг багтсан гэж байлаа.
Ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байгаагүй тул Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39.10-т заасны дагуу Байнгын хороо хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцэв.
Хуулийн төслийн зүйл, заалттай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, Ш.Раднаасэд, Х.Булгантуяа, Ц.Даваасүрэн нар асуулт асууж, хариулт авсан.
Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, орон нутагт тендер шалгаруулахдаа тодорхой нэг хугацаа тавьдаг. Хугацаандаа багтааж ажлаа хийх зохицуулалтыг төсөлд тусгасан эсэхийг тодруулсан. Сангийн яамны Хууль, эрх зүйн газрын Худалдан авах ажиллагааны бодлогын хэлтсийн дарга Ц.Батзул хариултдаа, Хуульд заасны дагуу захиалагч төсөв батлагдсан даруйд нь худалдан авах ажиллагааг зохион байгуулах үүрэгтэй. Сайдын багцад батлагдсан төсөл арга хэмжээг нь Засгийн газрын тогтоолоор төрийн худалдан авах ажиллагааны газар эсвэл орон нутагт шилжүүлэх асуудлыг хуулийн төсөлд тодорхой заасныг тодотгов. Мөн "Өнгөрсөн онд баталсан Төрийн хэмнэлтийн тухай хуулиар тавдугаар сарын 31-ний дотор бүх төсөл, арга хэмжээнүүдийн худалдан авах ажиллагааг нь хийж гүйцэтгэсэн. Төсөв батлагдсан даруйд тендер шалгаруулалтыг явуулаад гишүүдийн хэлсэнчлэн шиг дулааны улирал эхлэхээс өмнө гүйцэтгэгч нь шалгарах бүрэн боломжтой. Нөгөөтээгүүр, барилга байгууламжийн төсөл арга хэмжээний хувьд ТЭЗҮ болон зураг төсөл нь сүүлийн хоёр жилийн хугацаанд батлагдсан, магадлагдсан байдал дээр үндэслэн төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр Төсвийн тухай хуульд оруулсан. Цаашдаа худалдан авах ажиллагаа явуулахад дулааны улирал эхлэхээс өмнө бүрэн хийгдээд дуусах боломжтой гэж үзэж байгаа. Өмнө нь тендер шалгаруулалтыг зарлаад 30 хоног хүлээдэг байсныг ажлын 15 хоног болгон багасгасан" хэмээх нэмэлт тайлбарыг өглөө.
Мөн Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд, эм, эмнэлгийн хэрэгслийн тендер шалгаруулалт нь бага үнийн зарчмаар явахаар хамгийн чанаргүйг нь оруулж ирдэг. Хуулийн төслийн 5 дугаар зүйлд энэхүү бага үнийн зарчим гэдгийг бодолцох шаардлагатайг тодотгоод Ажлын хэсэг дээр энэ асуудлыг хөндсөн эсэхийг лавласан.
Сангийн яамны Хууль, эрх зүйн газрын Худалдан авах ажиллагааны бодлогын хэлтсийн дарга Ц.Батзул,“Монгол Улсад эмийн чанарын асуудлыг сүүлийн 10 гаруй жил ярьж байна. Тендер шалгаруулалт нь тухайн салбарын хууль тогтоомжийн дагуу зах зээл дээр борлуулагдаж байгаа эмүүдээс шаардлага хангасан гэж үзээд оруулж ирдгээс санал болгосноос нь бага үнийн дүнтэйг нь сонгож байгаа асуудал. Шууд хямд үнэтэйг нь авдаг асуудал байхгүй. Бидний зүгээс Эрүүл мэндийн яамныханд эмэнд тавигдах стандарт, үйлдвэрлэх эрх, зөвшөөрөл зэрэг асуудлаа эргэж харах шаардлагатай талаар хэлсэн. Өөрөөр хэлбэл, нэг талдаа эм үйлдвэрлэх зөвшөөрлийг нь өгөөд, нөгөө талдаа иргэдэд чанаргүй эм хэрэглүүлээд байна гэх асуудлыг удаа дараа тавьсан. Энэ нь Эрүүл мэндийн яамны бодлогын асуудал юм. Монгол Улсын хууль, дүрмийн дагуу стандартаа дээшлүүлээд сайн чанарын эм авдаг болбол бид хямд үнийн асуудал ярихгүй. Цаашдаа Монгол хүний биед эерэг нөлөөтэй, чанартай эмүүд зах зээлд борлуулагдах эрхтэй болж чадвал тендер шалгаруулалтаар ч тэр зэргийн чанартай эм худалдаж авна гэсэн үг” хэмээн хариулж байлаа.
Үргэлжлүүлэн хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаарх Ажлын хэсэг болон Улсын Их Хурлын гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалтыг явуулсан. Тухайлбал, төслийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийг “Тендер шалгаруулалтын баримт бичигт заасны дагуу баталгаа гаргасан бол ажлын бэлтгэл хангахад зориулан гүйцэтгэгчид урьдчилгаа төлбөр төлнө.” гэж өөрчлөн найруулах, төслийн 48 дугаар зүйлд “энэ хуулийн 13.4-т зааснаар баримтжуулсан гэрэл зураг, дүрс бичлэг;” гэсэн агуулгатай заалт нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжив. Мөн төслийн 50 дугаар зүйлийн 50.4 дэх хэсгийн “,хөндлөнгийн” гэснийг хасаж, мөн зүйлийн “Үнэлгээний хорооны хараат бус гишүүнээр иргэний нийгмийн байгууллага, төрийн бус байгууллагын төлөөллийг, нийслэл болон улсын зэрэглэлтэй хотоос бусад орон нутагт аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас томилсон иргэн, Засаг даргын Тамгын газрын ажилтныг сонгоно” гэж, “Үнэлгээний хороонд тухайн бараа, ажил, үйлчилгээнд холбогдох салбарт мэргэшсэн хүнийг томилон ажиллуулж болно.” гэсэн 50.5, 50.6 дахь хэсгийг өөрчлөн найруулж, үүнтэй уялдуулан 50.7, 50.8 дахь хэсгийг хасах Ажлын хэсгийн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжсэн. Ийнхүү Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэг хийсэн талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.
Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
Дараа нь Монгол Улсын сүүлийн 15 жилийн төсвийн бодлого, төсвийн тэнцэлд дүн шинжилгээ хийх, цаашид баримтлах төсвийн бодлогын талаар санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн дүгнэлттэй танилцах, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцсэн.
Энэ талаарх Ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Х.Булгантуяа хийлээ.
Тэрбээр, Төсвийн байнгын хорооны 2020 оны арван нэгдүгээр сарын 04-ний өдрийн 5 дугаар тогтоолоор Монгол Улсын сүүлийн 15 жилийн төсвийн бодлого, төсвийн тэнцэл, дүн шинжилгээ хийж цаашид баримтлах төсвийн бодлогын талаар санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж, Ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа, бүрэлдэхүүнд нь Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг, Г.Амартүвшин, Х.Баделхан, Ж.Батсуурь, Г.Тэмүүлэн, Б.Чойжилсүрэн нар ажилласныг дурдаад Ажлын хэсэг таван удаа, дэд хэсэг гурван удаа хуралдсэн гэв.
Мөн Ажлын хэсгээс өгсөн үүрэг чиглэлийн дагуу ажлын дэд хэсгээс 2005-2021 оны төсвийн мэдээллийг нэгтгэж, дүн шинжилгээ хийж, сүүлийн 15 жилийн төсвийн төлөвлөлт төсвийн гүйцэтгэл болон хууль тогтоомжид нийцэж байгаа эсэх талаарх дүгнэлт гарган Ажлын хэсгийн хуралдаанд танилцуулсан. Дэлхийн банкны холбогдох мэргэжилтнүүд 2019 онд тус байгууллагаас эмхэтгэн гаргасан Монгол Улсын сүүлийн 10 жилийн төсвийн зардлын тойм судалгааг танилцуулсан. Монгол Улсын сүүлийн 15 жилийн төсвийн баримталсан бодлого, төсвийн тэнцэлтэй холбоотойгоор Ажлын хэсгийн албан хэрэгцээнд цуглуулсан баримт тоон мэдээлэл болон холбогдох байгууллагаас гаргасан дүгнэлт, судалгаа, зөвлөмжүүдийг судлан үзээд Ажлын хэсгээс Монгол Улсын сүүлийн 15 жилийн төсвийн бодлого, төсвийн тэнцлийг дүгнэж, санал дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд 2022 оны аравдугаар сарын 18-ны өдрийн хуралдаанд танилцуулсан бөгөөд уг хуралдаанаар Байнгын хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүдээс өгсөн чиглэлийн дагуу Засгийн газарт чиглэл өгөх тухай Байнгын хорооны тогтоолын төслийг боловсруулан гэв.
Ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, Х.Булгантуяа нар санал хэлсний дараа гишүүдээс гаргасан саналуудыг нэмж тусган, "Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай" Байнгын хорооны тогтоолын төслийг баталъя гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 63.6 хувь нь дэмжлээ.
Тогтоол батлагдсантай холбогдуулан Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн үг хэлсэн. Тэрбээр Монгол Улсын сүүлийн 15 жилийн төсвийн бодлого, төсвийн тэнцэл, дүн шинжилгээ хийх, цаашид баримтлах төсвийн бодлогын талаар, тодорхой үр дүнтэй шийдэл гаргасан шийдлүүдийг Байнгын хорооны тогтоол болгон тусгаж, батлуулсанд Ажлын хэсгийнхэнд талархал илэрхийлэхийн зэрэгцээ цаашид төсвийн шинэчлэлийг эрчимжүүлэх, өрийн удирдлага, төсвийн төлөвлөлт, үр ашиг, төрийн санхүүгийн удирдлагыг сайжруулах чиглэлд Засгийн газар, Сангийн яам анхаарч, тогтоолын хэрэгжилтийг ханган, мөрдөж ажиллахыг онцгойлон анхааруулав хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
Холбоотой мэдээ