Орос, Хятад, Ираны засгийн газрын албан ёсны твиттер хаягуудад компанийн сүүлийн үеийн өөрчлөлтүүд сайнаар нөлөөлж байгаа аж. Сүүлийн үед хийгдсэн өөрчлөлтүүдийн нөлөөгөөр тэд шинэ дагагчидтай болж, суртал ухуулга, ташаа мэдээллээ илүү хялбар дөт замаар түгээх болжээ.
Тодруулбал, төрийн хяналтад байдаг хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон суртал ухуулгын агентлагуудын "цэнхэр тэмдэг" буюу баталгаажуулалтын систем өнгөрсөн Пүрэв гаригаас байхгүй болсон. Мөн аливаа агуулгыг автоматаар сурталчилж, хэрэглэгчдэд санал болгохыг хориглодог байсныг цуцалжээ. Цэнхэр тэмдэг нь хуурамч болон жинхэнэ хаягийг хооронд нь ялгах, ташаа мэдээллээс урьдчилан сэргийлэх үүрэгтэй байсан.
Энэ хоёр өөрчлөлтийн дараа ОХУ нь дайн болон бусад сэдвээр худал хуурмаг, төөрөгдүүлсэн мэдээлэл түгээх нь ихэсчээ. Оросын төрийн хяналтад байдаг твиттер хаягуудын хандалт уг өөрчлөлтөөс хойш 33 хувиар өссөнийг Лондонд төвтэй “Reset” ашгийн бус байгууллагын судалгаанд дурдсан байна. Нарийвчлан задалбал, нийтлэл тутамд үзэлт нь 125 мянга орчмоор нэмэгджээ. ОХУ-аас гадна Хятад, Ираны төрийн хяналтад байдаг хаягуудын хандалт ч нэмэгдсэн байна.
Твиттер дэх Оросын хамгийн алдартай суртал ухуулгын хаягуудын нэг бол "RT Arabic" юм. Энэ хаяг нь нэгдүгээр сарын 1-ний байдлаар 5 сая 230 мянган дагагчтай байсан бол одоо 5 сая 240 мянга орчим болжээ. Өөрчлөлтөөс өмнө бол иймэрхүү суртал ухуулгын хаягуудыг хэрэглэгч зориуд хайж байж л гаргаж ирэх боломжтой байв. Тэгвэл одоо бусад контентын нэгэн адил сурталчилж, бусдад санал болгохоор болсон.
Эх сурвалж: AP
Холбоотой мэдээ