“Атибус” ХХК-ийн захирал Г.Баярмагнайтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Нийслэлийн нийтийн тээврийн салбарт асуудал үүсээд байгаа бололтой. “Эрдэм транс” ХХК тэмцлийн зарим хэлбэрийг сонгон акц өрнүүлж эхэлсэн. Энэ салбарт ажилладаг хүний хувьд яг юу болоод байгааг уншигчдад тайлбарлаж өгөхгүй юу?
-“Эрдэм транс” гэдэг компани бол хохирогч биш залилагч. Яагаад энэ үгийг хэлж байна вэ гэвэл “Эрдэм транс” ХХК-ийн үйлчилгээнд гарч буй автобуснуудын 50-60 хувь нь он засчихсан байдаг. Сүүлийн хоёр жилд юу болж байгааг мэдэхгүй. 2019 оны байдлаар 160 автобусныхаа 120-ыг нь үйлдвэрлэсэн оныг засч арлын дугаарыг өөрчилсөн байсан. Тодруулбал, “Эрдэм транс” ХХК жилд 60 автобус парк шинэчлэх ёстой. Нэг автобусны парк шинэчлэлд 40 сая төгрөг зарцуулагдана. Гэтэл хугацаа нь дуусч нийтийн тээврийн хэрэглээнээс гарсан автобусаа актлахын оронд арлын дугаарыг нь сольдог. Тухайлбал, 2004 онд үйлдвэрлэгдсэн автобусыг 2009 он болгож байх жишээтэй. Энэ нь мөнгө угааж байгаа хэлбэр. Энэ зөрчлийг нь илрүүлээд хуулийн байгууллагад гомдол гаргахад шалгадаг, зөрчлийг нь тогтоодог ч эцсийн шатандаа очоод хаагддаг. Эндээс хууль тэр компанид үйлчилдэггүй юу гэсэн асуулт гарч байгаа юм. Хуулийн үйлчлэл ёстой хангалтгүй байдаг. Шууд хэлбэл “Эрдэм транс” ХХК хохирогч дүртэй хохироогч, хонь биш чоно гэж л хэлнэ дээ.
-Яагаад мөнгө угаах асуудал болох билээ?
-Би сая хэлсэн. Жил бүр 60 автобус парк шинэчлэлд оруулж байх ёстой. Нэг нь 40 сая төгрөг. Жилд ойролцоогоор хоёр тэрбум 400 сая төгрөг зарцуулах ёстой. Гэтэл үйлдвэрлэсэн оныг нь хамгийн багадаа дөрвөн жилээр хойшлуулж арлын дугаарыг нь өөрчилчихөөр 9.6 тэр бум төгрөг хууль бус үйлдлээрээ олж байна гэсэн үг.
-Он засч байгаа нь хууль бус гэлээ ч энэ үйлдлээс нь болж иргэдийн эрх ашиг хохироод байх уу?
-Нийтийн тээврийн хөгжлийн ганц гацаа нь энэ. Хөгжихгүй байна, хуучин, муухай автобус яваад байна, шатаад байна гэж байгаа биз. Тухайн тээврийн хэрэгсэл үйлдвэрлэгдсэн цагаасаа эхлээд ашиглалтын хугацаа дуусаад актлагдах хүртлээ хэн нэгний хувийн өмч, хувийн унаа биш. Нийтийн тээврийн хэрэгсэл, нийтэд зориулагдсан учраас тодорхой хугацаанд ашиглаад юм уу тодорхой гүйлт гүйгээд бүх төмөр детал нь сулардаг. Бүх цахилгаан утасны бүрээс нь хатуурч цахилгааны масс бий болдог. Сүүлийн үед Улаанбаатар хотод шатаж байгаа автобуснууд дандаа араасаа, мотороосоо шатаж байна. Энэ нь моторын халуунд хатуурч, муудсан цахилгааны утасны массаас болж байгаа гэсэн үг. Тэгэхээр иргэд аюултай, баталгаагүй тээврийн хэрэгслээр үйлчлүүлж байна. Хүн эндэх нь цаг хугацааны асуудал ч байж мэднэ. “Эрдэм транс” ХХК өөрсдийгөө Монголын нийтийн тээврийн том компани гэж өргөмжилж хохироод байна гэдэг боловч нийтийн эрх ашгийг үл тоож, хууль зөрчин мөнгө угаадаг л компани байгаа юм.
-Үлдсэн 17 компани дээр нь ийм асуудал байхгүй гэсэн үг үү?
-Байхгүй. Бид 2001, 2002 оноос нэг гараанаас адилхан л эхэлсэн. “Эрдэм транс” биднээс хол дээр, том компани болсон. Гэтэл нийтийн тээвэр ашиг олдог газар биш, үйлчилгээний байгууллага. Зардлаа орлогоороо нөхнө. Ямар менежмент, бодлого гарна түүгээр зохицуулагддаг салбар. Энэ компани бол ямар ч даргыг худалдаж авдаг. Аль ч дарга хүрч шаардлага тавьдаггүй. Хэрвээ энэ компанийн тавьсан гаралт нэхэх гэх мэт шаардлагыг хэн нэгэн дарга биелүүлэхгүй бол хохирогч болоод л гараад ирдэг. Яг үнэндээ Тэдний нэхээд байгаа Шарга морьтоос Нарантуулаар тойрсон урт маршрут ямар ч хэрэггүй. Нийтийн тээврийн маршрутын бүтэц, систем нь өөрөө хурдан, хүртээмжтэй, цагийн хүснэгтийн дагуу явж байх ёстой. Тэд өнөөдөр Шарга морьтоос Долоон буудал хүртэл нэг автобусыг 10 км хурдтай мөлхүүлдэг. Энэ нь мөнгө идэх арга. Яагаад гэвэл цаг тутамд нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлсэн нэр зүүж цагийн орлого авахыг л хүсч байна гэсэн үг. Бүр тодруулбал, нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлснийг нь бусад үзүүлэлтээр бус зөвхөн цагаар буюу 60 минут тутамд нь мөнгө өгдөг зохицуулалттай болгочихсон юм. Бидний зүгээс аль болох хурдан маниавер хийж иргэддээ хүртээмжтэй байя гэсэн санаачилга гаргаад ажил болгох гэвэл эд нар шууд эсэргүүцдэг. Бүр дайсан нь болно.
-Хөгжиж, томорсон компанидаа та нар атаархаад байгаа юм биш биз?
-Нийтийн тээврийн салбар 2015 оноос смарт системд шилжсэн. Автобус компаниуд орлогоо кондуктороор авдаг байхад тухайн чиглэлийнхээ орлого зарлагыг тухайн компани өөрсдөө тооцоод явж болдог байсан. Смартад орсноор аль компани нь илүү олон тойрог хийж, олон хүнд тээвэрлэснээрээ бус олон цаг явснаараа орлого авдаг болчихсон. Хүнгүй ч байсан автобус нь хотын зам дээр мөлхөж л байвал орлого аваад л байна гэсэн үг. Иргэдийн хүлээлт, хүртээмж, үйлчилгээ авах эсэх нь хамаагүй компани орлогоо олсоор л байна. Нийтийн тээврийн газрын барьж байгаа бодлого миний үйлчилгээ үзүүлэх чиглэлтэй зөрчилдөж эхэлсэн. Дээрээс нь жолооч нарт асар их бэлэн мөнгө хувьдаа авч иргэдэд үйлчлэх сонирхолгүй болгож мөнгөний сонирхлыг нь өдөөгөөд өгчихсөн. 2015 оноос хойш смарт систем хэрэглээнд нэвтрээд найман жил болчихсон байхад автобус дотор бэлэн мөнгөний хайрцаг байхгүй байх жишээтэй. Нууцгүй хэлэхэд, автобусаар смарт картгүй хүмүүс маш их үйлчлүүлдэг. Тэр хүмүүс мөнгөө жолоочид л өгнө. Тэр мөнгө жолоочийн орлого л болно. Энэ дутагдлуудыг нь засч, залруулахгүйгээр хотоос компаниудад мөнгө өгөөд л байдаг. Зардлын санхүүжилт нэрээр. Тэгэхээр би жишээ нь тэр компанид атаархсандаа биш бодлого зөрчилдчихөөд байгаа юм. Хоёрдугаарт би хэзээ ч ашиг олохын тулд ашиглагдахаа байсан автобусны он засч байгаагүй. Энэ маань би жил бүр автобусаа шинэчилж, иргэдэд хүрч үйлчлэхийг хичээж байсан гэсэн үг. Цаашдаа буюу эдийн засгийн болоод бусад хямрал нүүрэлсэн энэ үед шударга бизнес явуулах боломжгүй болсон учраас би энэ бизнесээс гарсан. 2000 оны үеийн компаниудаас аль нь хаашаа яаж явсан бэ гэдэг нь надад хамаагүй. Миний тавьдаг шаардлага юу вэ гэвэл он битгий засаач ээ, бүгд жигд хөгжье, бүгд нэгдэж иргэдэд хүртээмжтэй, тав тухтай үйлчилгээ үзүүлье, стрессгүй ажиллья л гэсэн. Бидний үнэт зүйл бол автобус биш жолооч. Гэтэл зарим компанийн үнэт зүйл нь автобус нь. Ингээд нэг салбарт нэг бодлогоор ижил үйлчилгээ үзүүлдэг компаниудын бодлого нь зөрчилдөхөөр энэ салбар хөгжих боломжгүй болж байгаа юм.
-Таны энэ ярьж буй асуудлууд шийдвэрлэгдэхэд тийм хүндрэлтэй зүйл үү. Яг яагаад нийтийн тээврийн компаниудад тулгамдаж буй энэ мэт асуудлууд улам ужгираад байна вэ?
-“Эрдэм транс” компанид хууль үйлчлэхгүй. Би эрх барьж байгаа намаас нь эхлээд бүхий л шатны дарга нарт асуудлыг танилцуулсан бичиг өгсөн. Нэг нь ч авч хэлэлцээгүй. Сүүлд нь би тэр хүнтэй онгоцны буудал дээр таараад “Яагаад он засаад байдаг юм бэ. Бүгдээрээ энэ бизнесийг гоё хийе. Хамтдаа шударга, зөв ажиллаж, хөгжье” гэхэд “Энэ цаг үед ингэж л явдаг юм. Чи ч гэсэн он засаач” гэж байх жишээтэй. Тэгэхээр нь би “Уучлаарай. Би тийм хүн биш ээ” л гэсэн.
-Ер нь автобусны насжилтыг яаж тооцож байгаа юм?
-Солонгост найман жил болгоод заазалдаг. Манайх 12 жил гэж байгаа. Тэгэхээр солонгосчууд 3-4-хөн жил ашиглаж байгаа автобусаа хэзээ ч хуучин автобусны үнээр зарахгүй болж таарч байгаа биз. Бид Солонгосоос автобус авдаг 2-3 суваг л бий. Нэг удаа 2009 оны 13 автобус байна авах уу гэдэг санал орж ирсэн. Бүх арлын дугаар, бичиг баримттайгаа орж ирж байгаа юм. Биднийг авахгүй ээ гэж байхад “Эрдэмс транс” авсан. Гэхдээ 2014 он болгоод л оруулаад ирсэн байх жишээтэй. Тухайн үед холбогдох хүмүүст нь худлаа гэдгийг нь нотолсон бичгийг би өгсөн. Хэзээ ч шалгаж асуудлыг залруулаагүй.
-Автобусны мэдээллийг өөрчлөөд Монголд оруулж ирэхэд Гаалийн байгууллагаас эхлээд маш олон дамжлага дамжих ёстой. Энэ бүх процессийг хэрхэн гаталдаг юм бол?
-Хилийн мэргэжлийн хяналт гэж байсан ч татан буугдсан. Ер нь хилээр оруулж ирэхдээ нэг Гаалийн байцаагчид 300 мянган төгрөг өгдөг гэсэн яриа байдаг юм. Гаалийн байцаагч нь хэзээ ч арлын дугаарыг нь очиж харахгүй. Зүгээр л гаалийн мэдүүлгийг нь хараад сууж байдаг. Он зассаныг нь яаж тодорхойлдог вэ гэвэл Монгол Хюундайд ажилладаг байсан Баянаа гэдэг билүү тэр ажлаасаа халагдаж байх жишээтэй. Он зассан гэдгийг нь гаргаад л тэр шүү дээ. Хоёрдугаарт Мэргэжлийн хяналтын шалгалт орсон. Он засчихсан байна гэдэг асуудал нь яригдсан. Тэр байцаагчид нь арга хэмжээ авагдсан. Эдний компаниар оролдлоо гээд. Зөвхөн энэ компанийн он зассан гэдэг асуудлыг судалж сэдэв хамгаалаад Монгол Улсын зөвлөх инженер болчихсон хүн байна. Тэр баримтуудыг устгачихаагүй л бол Мэргэжлийн хяналтын архивт байх ёстой. Эрүүгийн цагдаагийн газар ороод нотолчихсон. Жишээлбэл 2010 оны автобусны шифр яаж бичигддэг юм, 2009 оных нь ямар байдаг юм гэдгээс нь эхлээд бүгдийг нь судалсан. Энэ асуудал хаана очиж цэг тавигдсан бэ гэвэл Креминалист шинжилгээний хүрээлэн дээр. Тэндээс Монголд зассан гэж тогтоогдохгүй байна гэсэн тодорхойлолт гаргуулаад болоо. Тэр хүний гар үнэхээр урт. Өнөөдөр автобусныхаа урд бичсэн логог нь хараад үнэхээр инээд хүрч байна. Жолоочийн нэг цагийн ажлын хөлсийг 2015 онд зургаан мянга 500 төгрөг байна гэж баталсан. Тэгэхэд эднийх 2018 он хүртэл нэг цагийн дөрвөн мянган төгрөгөөр жолоочийн цалинг өгсөн. Тэгчихээд цалин нэмсэн нь бидний буруу юу гэсэн лоозон өлгөчихсөн л явж байна. Энэ компани хууль зөрчилгүй жолоочийнхоо цалинг шийдвэрийн дагуу өгч, автобусныхаа оныг засаагүй бол биднээс ялгарах юмгүй нөхцөлд өнөөдөр байж байна. Амь тээхийн тулд хууль бус үйлдэл хийж эхлээд тэрэндээ лав орчихоод байгаа юм. Би 25 жил энэ салбарт бизнес хийгээд худал хуурмагт гүйцэгдээд больж байхад шударга бус үйлдэл хийсэн нь улам өнгө ороод гэрэл гэгээтэй яваад өгч байна. Бид түлшний үнийг буулгая, цалингаа нэмье гэх мэтээр нийтийн эрх ашгийн төлөө акц өрнүүлэхэд “Эрдэм транс” ХХК хэзээ ч нэгдэж байгаагүй.
-Нийтийн тээвэр цаашид ямар алхам хийх ёстой юм?
-Эдийн засаг, бодлого, системийн хувьд үнэхээр хэцүү. Төлөвлөлтөөс эхлээд бүгд буруу. Аль цэг дээр хүний урсгал нэмэгдэж байна. Цагаа яаж тохируулах вэ, аль цэг дээр хөдөлгөөний урсгал нэмэгдэж хурд удааширч байна вэ, яаж зохицуулах вэ гэдэг судалгааг компани өөрөө хийж явах ёстой. Энэ судалгааны дүгнэлтээр гарсан шийдвэр дор хаяж 4-5 жилийн настай байхаар хийгдэх ёстой. Эд нар ашиггүйдээ өнөөдөр гомдол гаргаад байгаа юм биш. Хот алдагдалд орж байна гэж сэтгэл гаргасан ч юм биш. Автобус нэмж оруулаад л мөнгө авах гээд байгаа юм. Энэ мөнгийг нь НИТХ баталчихсан байдаг. Нэг автобусны машин цагийн зардал тэд байна гээд. Гэтэл ахиад автобус нэмж оруулбал түүнийхээ мөнгийг сорж авахаар байгаа биз. Зүгээр л сувдаг сэтгэл. Нэмж хэлэхэд Улаанбаатар хотын төвд нийтийн тээврийн терминал байхгүй болчихсон. Өмнө нь Бөмбөгөр захын энд Улаанбаатар хотоос баруун зүгт явдаг том терминал байлаа. Барилгын яамны дэргэдэх Туул яармаг дээр урд зүгийн автобус цуглардаг байсан. Амгалан өртөөн дээрээс зүүн захын үйлчлүүлэгчдийг тээвэрлэдэг том терминал байсан. Одоо нэг ч терминал байхгүй. Буянгийн Жагаагаас эхлээд бужигнасан нь өнөөдөр ийм байдалд хүргэлээ.
-Нийтийн тээврийн салбарын хөгжилд тээг болж буй томоохон хүчин зүйл нь “Эрдэм транс” ХХК гэж хэлэх гээд байна уу?
-Өмнө нь нийтийн тээврийн компаниудын бүх зовлон нэг байсан. Орлогогүй бол орлогогүй, бензингүй бол бензингүй. “Эрдэмс транс” хууль зөрчиж хэтэрхий монополь болоод ирсэн чинь нийтийн тээврийн компаниудын нэгдмэл чанар алдагдаж дотоод асуудлаа шийдвэрлэж чадахаа больсон. Том автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбоон дээрээ ч юм уу нэгдээд асуудлаа шийдвэрлэе гэхээр “Эрдэм транс” хойшоо суучихдаг. Бидний даалгавар өглөө гараад 12 рэйс хийх ёстой. Гэтэл зургаа тойроод цаг дуусчихаж байгаа юм. Энэ нь автобус явахгүйдээ биш төлөвлөлт нь буруу байгаа учраас автобус мотор нь асаалттай ажлаа хийхгүй гудамжинд зогсоод байна ш дээ. Шуурхай үйлчилгээ, үйлчилгээний хүртээмж шууд алга болсон гэсэн үг. Үүнийг шийдье гэж нийтийн тээврийн компаниуд нэгдэж чадахаа больчихсон. Бас нэг зүйлийг нэмж хэлэхэд автобус үйлчилгээний төрийн өмчит баазууд бол сонгуульд ялсан намын шагналын тасаг болчихсон. Бид парк шинэчлэл хийх гээд Хятадын үйлдвэрлэгчидтэй уулзах гэхээр төрийн өмчит компанийн удирдлагууд бидэнтэй хамт уулзахгүй заавал өөрсдөө тусдаа уулзалт хийнэ гэдэг. Ард нь юу байна вэ гэвэл зүгээр л ашиг сонирхлын зөрчил л байх жишээтэй.
Холбоотой мэдээ