"Хоёр орны харилцааг ард иргэдийнхээ сайн сайхны төлөө шинэ төвшинд гаргана"

Хуучирсан мэдээ: 2023.04.25-нд нийтлэгдсэн

"Хоёр орны харилцааг ард иргэдийнхээ сайн сайхны төлөө шинэ төвшинд гаргана"

"Хоёр орны харилцааг ард иргэдийнхээ сайн сайхны төлөө шинэ төвшинд гаргана"

НЭМЭЛТ: 

Монгол Улсад төрийн айлчлал хийж буй Бүгд найрамдах Польш улсын Ерөнхийлөгч Анджей Дуда, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нар ганцаарчилсан уулзалт хийж, мөн албан ёсны хэлэлцээ хийсний дараа мэдээлэл хийлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.ХҮРЭЛСҮХ:

Эрхэм хүндэт Ерөнхийлөгч Анджей Дуда, энд хуран цугласан хэвлэлийн төлөөлөгч та бүхэнд энэхүү түүхэн өдрийн мэндийг  өргөн дэвшүүлье.

Монгол Улсад төрийн айлчлал хийж буй Бүгд найрамдах Польш улсын Ерөнхийлөгч Анджей Дудатай албан ёсны хэлэлцээ хийлээ. Албан ёсны хэлэлцээ өндөр ач холбогдолтой, чухал үр дүнтэй боллоо. Манай хоёр улс төрийн тэргүүний төвшинд 5-10 жилийн давтамжтай харилцан айлчлал хийж ирсэн юм. Өмнөх айлчлалаас 10 жилийн дараа Ерөнхийлөгч Анджей Дуда айлчилсан нь хоёр орны харилцааны түүхэнд тодоор бичигдэж, хоёр орны уламжлалт найрсаг хамтын харилцаа өргөжин хөгжихөд түүхэн ач холбогдолтой, бат бөх байр суурь болно гэдэгт итгэж байна.

Бид хэлэлцээний үеэр сүүлийн гурван жилд тохиож буй дэлхийн улс орнуудын өмнө тувлгамдаж буй Covid-19 цар тахал, олон улсын харилцаа геополитикийн ээдрээтэй нөхцөл байдлаас үүдэлтэй нийгэм, эдийн засгийн томоохон сорилтуудын үр дагавар,  нөхцөл байдал шийдлийн талаар ярилцаж, хүндрэл бэрхшээлийг хамтын хүч чармайлтаар даван гарна гэдэгтээ санал нэгдлээ.

Польш улс нь манай улсын гуравдагч хөрш, дотно түншийн нэг бөгөөд хүндрэл бэрхшээлтэй цаг мөчид манай хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа тасралтгүй, идэвхтэй өрнөж ирсэн түүхтэй юм. Тухайлбал, Польш улс Монгол Улсад суух Элчин сайдын яамаа сэргээх шийдвэр гаргаж,  төрийн айлчлалын үеэр албан ёсоор нээж байгаад бид бүхэн баяртай байна.

Мөн хоёр улсын парламент, Засгийн газар,  төрийн байгууллагууд, иргэд, бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчдийн хоорондын харилцаа идэвхтэй өрнөж, хоёр орны худалдааны эргэлт сүүлийн гурван жилийн дотор 2 дахин нэмэгдсэн байна.

Польш улс 1990 оноос өмнө манай улсын Дархан, Чойбалсан хотуудад тоосог, шохойн үйлдвэр, Улаанбаатарт хөнгөн бетон үйлдвэр, мод боловсруулах комбинат, Хархоринд дулааны цахилгаан станц зэрэг олон үйлдвэр, цех байгуулж өгснийг бид мартаагүй бөгөөд байнга талархаж байдаг юм. Тиймээс хоёр орны хамтын ажиллагааны гол чиглэл болох худалдаа эдийн засгийн хөрөнгө оруулалтыг эрчимтэй нэмэгдүүлж, тогтвортой хөгжлийг тэтгэсэн томоохон бүтээн байгуулалт, зам тээвэр, боловсрол, геологи, уул уурхай, байгаль орчин, соёл урлаг зэрэг олон салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхээр тохиролцлоо.

Мөн хоёр орны урт хугацааны хөгжлийн зорилтыг уялдуулж, хүнсний хангамж аюулгүй байдал, тэрбум мод үндэсний хөтөлбөрийн хүрээнд хамтран ажиллаж, харилцан ашигтай төсөл хөтөлбөрийг хөдөө аж ахуй, байгаль орчин, геологи уул уурхайн салбарт хэрэгжүүлэхээр санал нэгдлээ.

Хүний эрх, эрх чөлөг дээдэлсэн нээлттэй, олон тулгуурт энх тайванч бодлогыг эрхэмлэдэг Монгол Улсын хувьд ардчилсан нийгмийн үнэт зүйлээ хамгаалах, бэхжүүлэх, харилцан ашигтай хамтын ажиллагааг бүс нутагтаа хөгжүүлэхийг эрмэлзэж буй Польш улсын байр суурь бодлогыг хүндэтгэж, НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхээ дахин нотоллоо.

Польш улсын Ерөнхийлөгчтэй энэхүү төрийн айлчлалын үеэр хийсэн бидний яриа хэлэлцээ, харилцан тохиролцсон ажлууд олон улсын хамтын нийгэмлэгийн зорилтыг хэрэгжүүлэхэд төдийгүй манай хоёр орны хөгжил цэцэглэлт, нийт ард иргэдийн сайн сайхны төлөө шинэ төвшинд гаргана гэдэгт итгэлтэй байна. Эрхэм хүндэт Ерөнхийлөгч Анджей Дуда таныг манай сайхан оронд тавтай морилохыг хүсье.

"Польш улс ховор элемент, ашигт малтмалыг хайх, олборлох, судлахад хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ" 

Польш улсын Ерөнхийлөгч АНДЖЕЙ ДУДА: 

Ноёд хатагтай нар аа, энэхүү айлчлал нь маш өндөр ач холбогдолтой. Айлчлалын бүрэлдэхүүнд манай улсын парламентын дээд орлогч дарга, Засгийн газрын танхимын зарим гишүүн, мөн Хөрөнгө оруулалтын агентлагийн дэд орлогч дарга хүрэлцэн ирлээ. Өнөөдөр бид дөрвөн гэрээнд гарын үсэг зурсан. Ирээдүйд хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлнэ.

Ялангуяа манай сонирхлыг татаж буй салбаруудад хамтран ажиллана. Тэр дундаа уул уурхай, ашигт малтмал олборлох салбарт хамтын ажиллагаагаа хөгжүүлнэ гэж найдаж байна. Гарын үсэг зурсан гэрээнүүд нь хоёр улсын уул уурхайн салбарыг хөгжүүлэх төсөл юм.

Өнөөдөр бизнес форум болж байна.  Түүнд зэс олборлох компанийн төлөөлөл ирсэн. Тэд зэс хайлуулах үйлдвэртэй учир энэ чиглэлээр монголчуудтай хамтран ажиллах боломжтой гэж найдаж байна.

Бид ганцаарчилсан уулзалтын үеэр улс төрийн харилцаа, Covid-19 цар тахал, Оросоос Украин руу хийж буй түрэмгийллийн талаар санал солилцлоо.

Монголын геополитикийн нөхцөл байдлыг бид сайн ойлгож байна. Манай Польш орон ч бас өөрийн гэсэн геополитикийн бодлоготой. Бид Монголын статусыг сайн ойлгож байгаагаа дахин нотолмоор байна.

Монголоос Украинд үзүүлсэн хүмүүнлэгийн тусламжийг өндрөөр үнэлж байгаа. Манай улс Украинаас дүрвэгчид хүлээн авсан. Ноён ерөнхийлөгч өө, танай зүгээс ч мөн дэмжлэг үзүүлснийг сонсоход таатай байна. Украины ард түмэнд үзүүлсэн хүмүүнлэгийн тусламжид дахин дахин талархлаа илэрхийлмээр байна.

Ноён ерөнхийлөгч өөрийн оронд хэрэгжүүлж буй төслийн хүрээнд хөдөөгийн хүүхдүүдэд зориулсан тусгай боловсролыг дэмжих хөтөлбөр эхлүүлжээ. Манай хоёр орон боловсрол, шинжлэх ухааны чиглэлд хамтран ажиллаж ирсэн туршлагатай. Монголоос манай оронд олон оюутан очиж, мэргэжил эзэмших боломжтой болж байгаа. Манай Польшийн сургуулиудад суралцан төгсвөл хамгийн сайн эмч, Элчин сайд болно гэж хэлж болно. Тэд манай хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагаанд ихээхэн хувь нэмрээ оруулах юм.

Өнөөдөр бид Польшийн Элчин сайдын яамыг албан ёсоор нээж байгаад баяртай байна. Манай улсын Элчин сайдын яам бүрэн эрхтэй болж, Консулын үйлчилгээ бас явуулах болно. Манай улсын Элчин сайдын яамыг 2021 онд сэргээснийг сонсоод баяртайгаар хүлээн авсан.

Монгол орон бол сайхан үзэсгэлэнтэй орон. Мөн ашигт малтмалаар баян орон. Иймд эдийн засгийн чиглэлээр хамтын ажиллагааны боломж их бий. Манай зүгээс ховор элементийн болон онцгой чухал хэрэгцээтэй ашигт малтмалыг олборлох, хайгуул хийх, судлах, хамтын ажиллагаагаа хөгжүүлэхээр сонирхож байна. Энэ тухайгаа ноён Ерөнхийлөгчтэй дэлгэрэнгүй ярилцаж, хэлэлцсэн.

Их сургуулиудын хамтын ажиллагаа, ялангуяа байгаль орчин, ойжуулалт, цөлжилтийн талаар хамтран ажиллаж, монгол оюутнуудыг сургахад бэлэн байна.

"Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнд өөрсдийн хувь нэмрийг оруулахдаа таатай байх болно.

Бизнес форум зохион байгуулагдаж байна,  өндөр үр дүн гарна гэж найдаж байна.

Ноён ерөнхийлөгчийг би Польш улсад урьсан. Варшаваас манай сайхан үзэсгэлэнтэй газруудыг үзнэ гэж найдаж байна. Намайг халуун дулаан, чин сэтгэлээр хүлээн авсанд дахин баярлалаа, ноён Ерөнхийлөгч өө хэмээв.

НЭМЭЛТ: 

Төрийн айлчлалын хүрээнд дараах баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа

Олон улсын автотээврийн харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд найрамдах Польш улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт Монголын талаас Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт, Польшийн талаас Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кшыштоф Бойко,

Бэлийн булаг, задгай булаг дахь молибден, гянтболд судлах төсөл хэрэгжүүлэх тухай Монгол Улсын Үндэсний геологийн алба, Бүгд найрамдах Польш улсын Геологийн хүрээлэн-Үндэсний геологийн алба хоорондын гүйцэтгэлийн гэрээнд Монголын талаас Үндэсний геологийн албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Уянга, Польшийн талаас Геологийн хүрээлэнгийн орлогч дарга Анджей Глушыньски,

Мал эмнэлгийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Мал эмнэлгийн ерөнхий газар, Бүгд найрамдах Польш улсын Мал эмнэлгийн хяналтын ерөнхий газар хоорондын Харилцан ойлголцлын санамж бичигт Монголын талаас Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Алтансүх, польшийн талаас Онц Бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кшыштоф Бойко,

Хамтран ажиллах тухай Монгол Улсын Архивын ерөнхий газар, Бүгд найрамдах Польш улсын Төрийн архивын удирдах газар хоорондын Харилцан ойлголцлын санамж бичигт Архивын ерөнхий газрын дарга С.Энхбаатар, Польшийн талаас Төрийн архивын удирдах газрын ерөнхий захирал Павел Петшык,

Хамтран ажиллах тухай Монгол Улсын Шинжлэх ухааны академи, Бүгд найрамдах Польш улсын Варшавын их сургууль хоорондын хамтын ажиллагааны хэлэлцээрт Монголын талаас Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч Д.Рэгдэл, Польшийн талаас Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кшыштоф Бойко нар гарын үсэг зурав.

Польш улсын Ерөнхийлөгч АНДЖЕЙ ДУДА:

1972 онд Польш улсын Краков хотод төрсөн. Ягеллонийн их сургууль төгссөн. “Польшийн захиргааны эрх зүй дэх хуулийн ашиг сонирхол” сэдвээр докторын зэрэг хамгаалсан. Парламент дахь “Хууль ба шударга ёс” бүлгийн зөвлөх, Сангийн дэд сайд, Ерөнхийлөгчийн Тамгын газарт Төрийн нарийн бичгийн орлогч дарга, Краков хотын зөвлөлийн гишүүн, Сеймийн гишүүн, Европын Парламентын гишүүнээр ажиллаж байсан. 2015-2020 онд БНПУ-ын Ерөнхийлөгчөөр ажиллаж байгаад 2020 онд дахин сонгогдсон.

Гэргий АГАТА КОРНХАУЗЕР-ДУДА: 

1972 онд Краков хотод төрсөн. Ягеллонийн их сургууль төгсч, магистрын зэрэг хамгаалсан. Герман хэлний багш, герман хэлээр ярьдаг орнуудын сургуулиудын оюутан солилцооны хөтөлбөрийн ахлагч зэрэг ажил хийж байсан.

Польш улс нь Зүүн Европын улс дундаа хамгийн том банк санхүүгийн тогтолцоотой 

БНПУ нь анх НҮБ-ыг байгуулсан 51 улсын нэг бөгөөд 1999 онд НАТО, 2004 онд Европын Холбооны гишүүн, 2007 онд Шенгений орны нэг болсон. Тус улс хуучин социалист орнуудтай харьцуулахад эдийн засгийн хамгийн их өсөлттэй орон юм. Хөдөө аж ахуй, хүнд машин механизм, хүнсний үйлдвэрлэл болон аялал жуулчлалын салбарыг бодлогоор дэмжиж, эдийн засгаа эрчимтэй солонгоруулж чадсан.

Экспортын голлох бүтээгдэхүүн нь машин механизм, тавилга, хүнс, гоо сайхны бүтээгдэхүүн болон хувцас, гутал. Зүүн өмнөд буюу Зүүн Европын улс дундаа хамгийн том, банк, санхүүгийн тогтвортой тогтолцоотой юм.

Польш-Монголын бизнес форум болов 

Төрийн айлчлалын хүрээнд өнөөдөр Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, Бүгд найрамдах Польш улсын Хөрөнгө оруулалт, худалдааны агентлаг хамтран Польш-Монголын бизнес форумыг “Шангри-Ла” зочид буудалд зохион байгууллаа.

Бизнес форумд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Польш улсын Ерөнхийлөгч Анджей Дуда нар оролцов.

Ерөнхийлөгч Анджей Дуда хэлсэн үгэндээ, харилцаа өргөжин хөгжиж, худалдааны эргэлт нэмэгдэхийн хэрээр тус улсын аж ахуйн нэгжүүдийн Монгол Улсыг сонирхох сонирхол өсөн нэмэгдэж байгааг тэмдэглэв.

Польш улс нь Монгол Улс руу хийж байгаа бараа бүтээгдэхүүний экспортын хэмжээгээрээ Европын Холбооны улсад тэргүүлж байгаа орны нэг гэдгийг хэлэв.

Цаашид уул уурхай, ашигт малтмал,  геологи, байгаль орчин зэрэг салбарт хөрөнгө оруулж, харилцан ашигтай хамтран ажиллах боломжтойг онцолж, 2024 онд Улаанбаатар хотноо үйл ажиллагаагаа эхлэх Консулын хэлтэс худалдаа, эдийн засгийн харилцааг хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэж үзэж байгаагаа хэлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, уул уурхай, геологи, соёл, боловсрол, байгаль орчин, банк, санхүү, цахим худалдааны салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлж, харилцан ашигтай томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэх шинэ боломж нээгдэж байгааг тэмдэглэв.

Монгол Улс эдийн засгаа сэргээх бодлогын хүрээнд хоёр хөршөөс гадна “Гуравдагч хөрш”-ийн оролцоог нэмэгдүүлж, эдийн засгаа төрөлжүүлэх, олон тулгуурт, зохистой бүтэцтэй болохыг зорьж байгааг хэлэв.

Цаашид хөрөнгө оруулалтын бодлогоо улам тодорхой болгож, тогтвортой, тууштай, “Итгэлтэй, найдвартай, удаан хугацааны түнш байх” зарчим баримтлан, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, бизнес, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах чиглэлээр цогц шинэчлэл хийж байгааг онцлов.

Мөн Польш улсын бизнес эрхлэгчдийг Монгол Улсад бизнес эрхэлж, хөрөнгө оруулан, харилцан ашигтай хамтран ажиллахыг урилаа.

Бизнес форумд Польш улсын 23 аж ахуйн нэгжийн 31 бизнес эрхлэгч, Монгол Улсаас 350 гаруй бизнес эрхлэгч оролцож, худалдаа, хөрөнгө оруулалт, бизнесийн боломжуудыг эрэлхийлэхийн зэрэгцээ ганцаарчилсан уулзалт хийн, түншийн харилцаа тогтоолоо.

Польш улсын аж ахуйн нэгжүүд сүү, сүүн бүтээгдэхүүн, мах, махан бүтээгдэхүүн, эрүүл мэнд, эмнэлгийн тоног төхөөрөмж, мэдээлэл технологи, эрчим хүч, барилга, ажил зуучлал зэрэг чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байлаа.

Монгол Улс, Польш улсын худалдааны эргэлт жил ирэх тусам нэмэгдэн,  сүүлийн гурван жилийн хугацаанд худалдааны эргэлт хоёр дахин өсөж, 100 сая ам.долларт хүрсэн.

Олон улсын автотээврийн харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Польш улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулсан нь худалдаа болон дамжин өнгөрөх тээврийн өртөг зардал буурах, цаг хугацаа хэмнэх зэрэг олон эерэг үр дүн авчирна

Мөн Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, Монголын бизнесийн зөвлөл болон Польш улсын Хөрөнгө оруулалт, худалдааны агентлаг хооронд хамтран ажиллах тухай Санамж бичиг байгуулсан нь бизнес эрхлэгчдийн харилцаа, холбоог гүнзгийрүүлэх ач холбогдолтой юм.

Польш улсын экспортын хэмжээ 343,8 тэрбум евро. /машин, тоног төхөөрөмж, химийн бүтээгдэхүүн, хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, металлурги/.

Импортын хэмжээ 363,7 тэрбум евро. /машин, тоног төхөөрөмж, химийн бүтээгдэхүүн, эрдэс бодис/.

Гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ нь 3,7 тэрбум евро юм.

Польш улсын Ерөнхийлөгчийг угтан авах ёслол болов

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Монгол Улсад төрийн айлчлал хийж буй Польш улсын Ерөнхийлөгч Анджей Дуда, гэргий Агата Корнхаузер-Дуда нарыг хүндэтгэн, албан ёсоор угтах ёслол өнөөдөр /2023.04.25/ Д.Сүхбаатарын талбайд боллоо.

Ерөнхийлөгч Анджей Дуда, гэргий Агата Корнхаузер-Дуда нарыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэгийн хамт угтан авлаа.

Мөн энэхүү угтан авах ёслолд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг болон Монгол Улсад суугаа АНУ, Австрали, Канад, Япон, Энэтхэг, БНСУ, Казахстан зэрэг улсуудын Элчин сайдууд оролцов.

Төрийн айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Польш улсын Ерөнхийлөгч А.Дуда нар албан ёсны хэлэлцээ хийж, уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааны өргөн хүрээний болон олон улсын харилцааны зарим асуудлыг хэлэлцэнэ.

Уулзалт, яриа хэлэлцээний үеэр Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа 2050”, дунд хугацааны “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгасан томоохон зорилтууд, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, “Ерөнхийлөгчийн илгээлт 2100” хөтөлбөрийн хүрээнд польшийн талтай хамтран ажиллах талаар ярилцана.

Түүнчлэн хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэл, дэд бүтэц, боловсрол, соёл зэрэг салбарын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр санал солилцоно.

Айлчлалын хүрээнд Олон улсын авто тээврийн харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр болон худалдаа, хөрөнгө оруулалт, шинжлэх ухаан, архив, геологи, мал эмнэлэг зэрэг салбарын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурах юм.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж