Хятадын дарга Ши Жиньпин, Бразилын ерөнхийлөгч Лула нарыг энх тайвныг дэмжих аливаа хүчин чармайлт гаргахаасаа өмнө Украинд айлчилж, бодит байдлыг нүдээр үзэх хэрэгтэй гэж Европын холбооны Гадаад бодлогын тэргүүн Жозеп Боррелл хэллээ. Хятад болон Бразилын хэн хэн нь өөрсдийгөө дайнд зуучлагч болох боломжит улс гэж тодорхойлсон. Гэвч тэдний санаачлагыг барууныхан Оросын талыг барьсан, бүрэн бус санаачлага гэж шүүмжилж буй.
Люксембургт болсон Гадаад хэргийн сайд нарын уулзалтын дараа Жозеп Боррелл дээрх уриалгыг дэвшүүлсэн. "Энх тайвныг уриалж буй хэн бүхэн газар дээрх аймшигтай нөхцөл байдлыг хараасай гэж би хүсч байна. Би ч бас энх тайвныг уриалж байна. Сүүлийн үед Хятад, Бразилаас санаачлага гарлаа. Найдвартай бөгөөд шударга хүчин чармайлт гаргахын тулд Украины талтай ярилцаж, дайнд нэрвэгдсэн хүмүүсийн нүдээр түрэмгийллийг хараад үзэх хэрэгтэй" гэж тэр хэлэв.
Хятадын танилцуулсан 12 зүйлт энхийн төлөвлөгөөнд дайн, довтолгоо зэрэг үгийг хэрэглэхээс зайлсхийж, оронд нь хямрал гэдэг үгийг ашиглажээ. Мөн хүйтэн дайны сэтгэлгээ болон шууд бус хориг арга хэмжээнээс татгалзахыг уриалсан байв. Барууныхны төдийлөн сайшаагаагүй уг энхийн төлөвлөгөөг Бразилын ерөнхийлөгч Лула таатай хүлээж авсан. Тэрбээр АНУ болон Европын холбоог Украинд зэвсэг нийлүүлснээрээ дайныг улам өдөөсөн гэж буруушаасан билээ.
ОХУ-ын бүрэн хэмжээний довтолгоо эхэлснээс хойш Ши ч, Лула ч Украинд айлчлаагүй. Европын удирдагчид Ши Жиньпинийг Зеленский рүү ядаж утсаар яриач гэж ятгасан боловч тийм юм болоогүй.
"Болж байгаа үйл явцыг тодорхой ойлгох хэрэгтэй. НҮБ-ын дүрмийг зөрчиж, өөр улс руу довтолсон түрэмгийлэгч нь байна, түрэмгийллийн хохирогч нь ч байна. Дайнд хоёр талыг адилхан буруутгасан ийм хандлагыг Европын холбоо хүлээн зөвшөөрөх боломжгүй. Түрэмгийлсэн, түрэмгийлүүлсэн хоёр нэг байр сууринд байх боломжгүй, тиймээс л бид Украиныг дэмжиж байгаа. Хятад улс НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүний хувьд НҮБ-ын дүрмийг хамгаалах үүрэгтэй" гэж Боррелл хэлжээ.
Эх сурвалж: EURONEWS