Гудамжны хоолоор ихэвчлэн залуу үеийнхэн үйлчлүүлж байна

Хуучирсан мэдээ: 2023.04.25-нд нийтлэгдсэн

Гудамжны хоолоор ихэвчлэн залуу үеийнхэн үйлчлүүлж байна

Гудамжны хоолоор ихэвчлэн залуу үеийнхэн үйлчлүүлж байна

"Битлз"-ийн талбайн баруун зүүн талаар өнгө өнгийн хоолны бүхээгүүд байршжээ. Зэргэлдээ сандлууд дээр хоол идэх хүмүүсийн дийлэнх нь өсвөр насныхан. Залуус дараалал үүсгэн зогсож, хөл хөдөлгөөн ихтэй аж. Бүхээг бүрд нэгээс хоёр хүн хурдан шаламгай үйлчилж харагдана. Зарагдаж буй хоолны дийлэнх нь солонгос хоол. Гартаа үдэн, догбуги барьсан хүмүүс ч цөөнгүй.

Томоохон улс орон бүр өөр өөрсдийн гудамжны хоолны соёлтой байдаг. Энэхүү хоолны соёл Монгол Улсад хожимдож буюу сүүлийн жилүүдэд дэлгэрч байгаа билээ. Энэ чиглэлийн үйлчилгээ хэр түгээмэл мөн Монголд хөгжих нөхцөл бүрдсэн эсэхийг сурвалжиллаа.

Өмнөх онд гудамжинд байрласан хоолны газрууд  маргаан дагуулж тусгай эрх шаардан, хөөгдөх зэрэг асуудлууд гарч байсан. Энэхүү асуудлаас үүдэн Нийслэлийн удирдлагуудын зүгээс бизнес эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжийг бүхий л байдлаар дэмжин ажиллахаа мэдэгдэж, оны босгон дээр 74 төрлийн худалдаа, үйлчилгээ эрхлэхэд тусгай зөвшөөрөл шаардахгүй болсон. Нийслэлийн нийтийн эзэмшлийн зам, талбайд хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйн стандарт, шаардлагыг хангасан хоол, хүнсний худалдаа, үйлчилгээ эрхлэгч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад үйл ажиллагаагаа чөлөөтэй эрхлэх боломж олгон, дэмжиж ажиллахыг нийслэлийн бүх шатны байгууллага, албан тушаалтнуудад үүрэг болгосон юм. Ингэснээр стандарт, шаардлага хангасан гудамжны хоолны үйлчилгээг нийслэлийн нутаг дэвсгэрийн хаана ч чөлөөтэй эрхлэх боломж бүрдсэн. Тэгвэл бодит байдал дээр энэ журам хэр  биеллээ олж байгаа эсэхийг лавлахад үйлчилгээ эрхэлж буй тогооч Д.Наранцэцэг “Манай худалдан авагч нар дийлэнх нь залуу үеийнхэн байдаг. Өглөө болон оройн цагаар ачаалал их, дугаарлан зогсох тохиолдол бий. Гудамжны хоол гэдэг нь нүдэн дээр хоол хийх урлаг. Өдөр бүр шинэ хүнс ашиглаж хийдэг. Эрүүл мэндийн хувьд онцгой анхаардаг учир нь гадаа зардаг болохоор хурдан муудах эрсдэлтэй байдаг” гэлээ. Монголчуудын хоолны онцлогт тохируулан соусаа тусгайлан өөрөө хийдэг байна.  Хэтэрхий их халуун ногоо идвэл ходоодонд аюултай. Тиймээс зөөлөн соус тохируулан хийдэг аж. Мөн сурагч нарт зориулан үхрийн жигнэж болгосон сэндвич хийдэг гэнэ. Тус сэндвичийг оюутан, сурагчдаас гадна өглөө эрт ажилдаа яараад явж байгаа хүмүүс ч авдаг аж.

Тэрбээр “Сүхбаатар дүүргийн хоол, үйлдвэрлэл үйлчилгээний хэлтэст хүсэлтээ өгөөд зөвшөөрөл авсан. Үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх гэж байгаа иргэдэд хүнд сурталгүй, харьцангуй амар хялбараар зөвшөөрөл олгосон. Ulaanbaatar.mn-д шаардлагатай зураг, мэдээллээ оруулаад зөвшөөрөл авах боломжтой” гэв.

Хоол хүнс гэдэг бол хүний хамгийн чухал хэрэглээ. Тийм учраас хэн дуртай нь хоол хүнсний салбарт бизнес эрхлэх боломжгүй. Хамгийн гол нь мэргэжлийн тогооч гэдэг их хариуцлагатай мэргэжил гэдгийг онцолж байлаа. Дугаарлан зогсох иргэн Д.Гэрэл “Найзуудаараа анх сонирхож идэж байсан. Монголчууд гадаа зарагдаж байгаа зүйлийг бохир заваан гэсэн туйлширсан үзэлтэй байдаг. Миний хувьд харин ч эрүүл харагддаг. Нүдэн дээр хийгээд өгддөг болохоор амар байдаг. Тийм болоод ч тэр үү байнгын үйлчлүүлэгч болсон”гэх.

Өдрийн 16:00 цагт хөдөлгөөн улам нэмэгдэж үзэгдэнэ. Дугуй унаж, бөмбөг тоглож буй хүүхдүүдийн дуу тодорч хотын нэгэн өдөр дуу шуутай үргэлжилсээр.

Худалдан авагчдын дийлэнх нь сонирхон авдаг бөгөөд үүгээр дамжуулан Монголд Солонгос хоолны соёл илүү дэлгэрч байгааг хэллээ.Үйлчилгээ эрхлэгч Б.Мөнхтуяа “ Үйл ажиллагаагаа эхлээд гурав хонож байна. Солонгос улсад энэ чиглэлээр ажилладаг байсан болохоор Монголдоо оруулж ирсэн. Далайн гаралтай хоолны материалаа Саруул зах, бусад шаардлагатай бүтээгдэхүүнээ Барс захаас авдаг. Далайн гаралтай хоолны материалууд бүгд Монголд орж ирдэг болохоор бэрхшээл гардаггүй” гэв.

Догбуги, үдэн, шарсан чихэрлэг төмс, шарсан өндөг, хясаа, шарсан сам хорхой зэрэг хоол зарагддаг. Хүүхдүүд догбуги, үдэнийг түлхүү сонирхон авдаг аж. 12:30 аас 07:00 цагийн хооронд хүний хөдөлгөөн тасардаггүй. Өглөө бүр тогтмол ирдэг үйлчлүүлэгчидтэй болсон талаараа олзуурхан ярив.

Тэрбээр “Бидэнд үйл ажиллагаа явуулахад  нэгих шаардлага тавьдаггүй. Хог оо өдөртөө хоёр гурван удаа цэвэрлээд, орой гарахдаа хог оо шалгаж гарах мөн бохироо өөрсдөө хариуцаад хаядаг газар нь хаяж, ойр тойронд чанга дуу чимээ гаргахгүй бусад хүмүүст саад болохгүй байх зэрэг энгийн шаардлага тавьдаг. Гудамжны хоол зарахад хүндрэлтэй зүйл байхгүй. Хүмүүс гоё хүлээж авч, яг мэддэг юм шиг идэж байгаад баяртай байна, Цаашдаа мөн чихэрлэг төмсийг өглөө болгон идэж заншаасай хэмээн зарж байгаа. Учир нь чанаад эсвэл жигнэж идвэл гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулж өгдөг. Тиймээс солонгос хүмүүс өглөө бүр идэж хэвшсэн байдаг”гэв. Ажлын өдрүүдээс илүү амралтын өдрүүдэд ачаалал ихтэй байдаг аж. Хоолны үнийн хувьд харилцан адилгүй үнэтэй. Мянган төгрөгөөс эхлээд 10 мянган төгрөгийн хооронд зарагддаг аж.

Байнгын үйлчлүүлэгч өсвөр насны охин “Гадаа зарж байгаа болохоор тийм ч сайн эрүүл ахуйн шаардлага хангаж чаддаг гэж бодохгүй байна. Гэхдээ гоё амттай болохоор авахгүй байж чаддаггүй” гэлээ. Төв талбай дээр мөн гудамжны хоол зарагдаж байх бөгөөд ялгаатай нь хуушуур, кимбаб, бургер зэрэг түлхүү байх аж. Ганц нэг хүмүүс ирж үнэ асуух ч дийлэнх нь сонирхолгүй зөрж одно.

Тогооч Д.Мөнхнасан “ Хэдий гудамжны хоол монголд дэлгэрч өмнөх үеэ бодвол хүмүүс харьцангуй мэддэг болжээ. Гэвч бид өөрсдийн гэсэн амттай, өөрсдийн гэсэн гудамжны хоолыг зохион бүтээх ёстой. Гадаадын жуулчид ирэхэд бид аль нэг улсын хуулбар мэт байж болохгүй. Энэ гудамжны хоолны соёлыг илүү сайн хөгжүүлэх хэрэгтэй” гэлээ.

Гудамжны хоолны хэрэглээний талаар лавлахад дийлэнх нь түцэнд зарагддаг түргэн хоолтой андуурч хариулна. Энэхүү хоол нь өөрийн гэсэн онцлогтой. Монголд хууль хяналтын байгуулаагаас зөвшөөрөл олгогдсон. Энэ төрлийн үйл ажиллагаа явуулахад нээлттэй боловч гудамжны хоолны газрууд дутмаг байгааг иргэд онцолж байлаа.

Өнөөдөрт зориулж бэлтгэж ирсэн хоолны материалуудаа дуусган оройн 19:00 цагт сүүлийн хоолны бүхээг хаалгаа барьж, амтат хоолны үнэр иргэдийн хөдөлгөөнд уусан алга болно.

Д.Нямхүү

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж