Хуучирсан мэдээ: 2023.04.25-нд нийтлэгдсэн

С.ЗОРИГ ба ЗОРГО

С.ЗОРИГ ба ЗОРГО

ТЭНЭГ ЗОРИГ

2000 оны мөрийн хөтөлбөртөө “С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлнэ” гэж үнэмлэхүй олонх болж байсан МАН/Тухайн үеийн МАХН. Тэр үед МАН гээч нэр ардчилсан хувьсгалд оролцсон лам болох Д.Баасан ламын мэдэлд байсан бөгөөд тэрбээр учир битүүлгээр нас барсан/ гурван шатны шүүхээр амийг нь хөнөөсөн алуурчид гэж тогтоосон нөхдийн хэргийг 23 жилийн дараа хэрэгсэхгүй болгов. Тэрхүү амлалтаа биелүүлэх Хууль зүйд сайдаар тухайн үед Ц.Нямдоржийг сонгосон юм. Тохуурхалтай нь Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарын мэдэгдсэнээр С.Зоригийг хөнөөсөн хэрэг дахиад тэгээс эхлэх нь. Нэгэнт хэргийг нь хэрэгсэхгүй болгосон учраас Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг цагаатгах эсэх нь цаг хугацааны л асуудал буй за. Үүний зөвтгөлийг тэтгэвэртээ гарсан Ц.Нямдорж Төрийн ордонд гарч ирж хийсэн. Ингэхдээ нэг хачин жигтэй үг унагасан нь “Захиалагчийг олоогүй байж захиалгаар хүн алсан гээд шийтгэсэн” гэв. Энгийн логикоор бодвол алуурчныг тогтоож гэмээнэ захиалагчийг илрүүлэх ажил ар араасаа хөвөрнө. Ийм учгийг прокурорынхон ч учирлаж л байлаа. Монголын мөрдөгчид зохион байгуулалттай олон арван хэргийг илрүүлж байсан арвин түүхтэй ч энэ хэргийг анхнаас илрүүлэхгүй сонирхол байсан гэлтэй. Хэргийг газрын тусгаарлуулаагүйгээс эхлээд хэн дуртай нь орж гарсан гээд дутуу дулимаг олон зүйл бий. Харин МАН-д төр, нийгмийн зүтгэлтнүүдийг хэлмэгдүүлж, нугачин дарж, хороож ирсэн түүх бас арвин. Монголын удирдагчид эмчлүүлэх элдэв шалтгаанаар хойшоо дуудагдаад эцсийн амьсгалаа татсан түүх олон бөгөөд тэдний заримынх нь шарил ч ирээгүй нь үнэн.

Нэгэн сонин давхцал нь С.Зоригоос 13 жилийн өмнө МАХН-ын Төр хорооны нарийн бичгийн дарга, Улс төрийн товчооны гишүүнээр ажиллаж байгаад нутаг заагдаж, хэлмэгдсэн Д.Төмөр-Очирыг аравдугаар сарын 2-3 шилжих шөнө хөнөөөсөн байдаг ч эл хэрэг илрээгүй.  МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчооны 1985 оны тавдугаар сарын 3-ны хуралдаанд МАХН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Батмөнх “Ц.Лоохууз, Д.Төмөр-Очир нар өөрсдийгөө хотод шилжүүлэх асуудлыг Төв хороонд тавьж гүйсэн” гэдгийг онцлоод намын шийдвэр дээр хатуу зогсохыг анхааруулсан байдаг.

Д.Төмөр-Очир агсны гэргий/Монголын анхны одон оронч/ С.Нинжбадгар   хожим “Үхсэн буурын толгойноос амьд ат айна” гэгчээр айгаад л байсан юм байна лээ. Тэгээд л аминд нь хүрсэн. Намайг хот руу өвчтэй ахыгаа дагаад ороод ирсэн хойгуур, гэртээ ганцаараа байж байхад нь тийм юм болсон…  Тэр өдөр Дархан бүр сул болчихсон. Ганцхан дарга л байсан. Бусад нь байгаагүй. Прокурор нь ч байдаггүй. Сэргийлэхийн дарга нь ч тэр өдөр солигдсон, гэрт ч хүн байхгүй ийм л эгзэгтэй цаг байсан даа…” гэсэн байдаг. Гэтэл эл хэргийг илрүүлэх нь байтугай өнөөг хүртэл таг дарж ирсэн нам С.Зоригийг хөнөөсөн хэрэгтнүүдийг олох нь юу л бол. Харин ингэж хэлээд олонх болсон түүх бол бий.

ЗОВНИЛ

С.Зоригийн хэргийн сэжүүр олдлоо. Илэрлээ гэхэд хамгаас түрүүнд эсэргүүцдэг. Хүн хэлмэгдүүлэх вий гэж шударга хүний дүрээр гарч ирдэг хүн бол Ц.Нямдорж. Д.Энхбат агсныг баривчлан авчрах үед тэр Хууль зүйн сайд байсан. Гэсэн хэр нь энэхүү үйл ажиллагаанд Б.Хурцыг буруутгадаг бол Ц.Нямдорж нэр цэвэр үлддэг. Гэтэл хэрэгт сэжиглэн хүчээр авчирсан Д.Энхбат агсны өмгөөлж байсан Л.Санжаасүрэнг 1,6 жил хорьсон төдийгүй өмгөөлөх эрхийг нь хассаныг Х.Тэмүүжин сайд болмогцоо сэргээж байв. Товчхондоо энэ хэргээр Ц.Нямдоржийн эсрэг дуугарсан “этгээд” ямар нэгэн байдлаар буруутдаг жишиг бий. Баримт, нотолгоо, гэрч, сэжигтэн юу ярих нь чухал бус Ц.Нямдоржийн дур зоргын асуудал мэт.

Ж.Батзандан, Л.Болд мэтээр С.Зоригийг хөнөөсөн хэргээр ял авагсдыг эрүүдэн шүүсэн баримтыг ил болгуулж дөнгөсөн тэрбээр анх удаагаа талбайд өлсгөлөн зарлаж буй хүнтэй нүүрээ далдалж, зүсээ хувирга уулзсан нь 2021.03.27-ны ням гариг байсныг гэрэл зураг гэрчилдэг.

Эл өдөр Сүхбаатарын талбайд С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт яллуулсан Т.Чимгээгийн ах майхантай өлсгөлөн зарлаж байсан бөгөөд Ц.Нямдорж ЗГХЭГ-ын даргын хувиар бус энгийн хүний хувиар очиж уулзсан нь гэрэл цохиулсан.

ТЕГ-ын дарга асан Б.Хурцын “Ц.Нямдоржийн ойрын хүн нь Б.Сомномдаржаагийн ээжтэй утсаар ярихдаа Б.Хурцыг бид нар нэг юм зайлуулчихлаа шүү. Одоо та нар гишгээд өгөөрэй” гэж хэлж байсан тухай бичлэг байна гэдэг мэдээлэл надад ирж байсан” гэдэг нь ор үндэслэлгүй зүйл биш гэдэг нь эндээс харагдана.

ЗАХИАЛАГЧИЙН “ЗААВАР”

С.Зоригийг хөнөөсөн хэргийг ярих тоолонд Ц.Нямдорж үгүйсгэгч эсвэл чиглүүлэлгчийн байр сууриас ханддаг нь сонин. Өнгөрсөн долоо хоногт хэрэг хэрэгсэхгүй болох үед гарч ирэхдээ “Би Хууль зүйн яаман дээр очихдоо дээр нь зогсчихдог” байсан гэснээс үзвэл харъяа байгууллагын ажилд шууд болон шууд бус утгаараа оролцож байснаа хэлээд байх шиг. Тагнуул, цагдаагийн сургуулийг нийлүүлэхээр оролдож, тусгай албадын боловсон хүчний нууцлалыг эрсдэлд оруулах  санал гаргаж зүтгүүлж байсан хүн бол бас л энэ хүн. Түүнийг нь УИХ-ын гишүүн агсан М.Батчимэг эсэргүүцээд эцэст “Хятадын тагнуул” гэж нэр зүүсэн нь гунигтай.

Хэрэвзээ хэргийн захиалагч нь амь сэрүүн буй бол энэ хэргийг аль болох бүдгэрүүлж, өөрийнх нь хэргийн сэжмийг олсон хүн болгоны эсрэг арга хэмжээ авах нь мэдээж. Тиймээс хэргийг илрүүлсэн бол аль болох хэрэгсэхгүй болгох талаас нь ажиллана.

Тэр ажлаа ч сайн хийж байх шиг байна. Хэрэг гарвал хэргийн материалыг хэрэгтэй хэсгээ ил болгож шуугиан тариад бусдыг нь “нууц” үгээр халхалах нь хэнд ашигтай байна вэ гээд бодвол эл хэргийг нууцаас гаргана гэж амласан эрх мэдэлтнүүд яагаад таг болсон нь ойлгомжтой болох шиг.

Хачирхалтай нь, яллагдагч нар эрүүдэн шүүлтийн золиос болсон хохирогч болохыг шүүх бус улстөрчид эхлээд зарлаад, дараа нь гурван шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгоод прокурорт буцаан прокурор нь хэрэгсэхгүй болголоо гээд зарлачихсан.

Хэргийг гарах үед хажууд нь хараад байсан хүн бол С.Зориг агсны гэргий Б.Булган. Энэ хугацаанд түүнийг гэрчийн хамгаалалтад авч байсан бол Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээг яллагдагчаар татсаны дараа шинээр үүссэн нөхцөл байдлын улмаас сэжигтэн болгосон. Түүнийг бас л тодорхой хугацаанд хамгаалалтад авсан эсвэл сэжиглэсэн нь мэдэгдэхгүйгээр хорьж, эрүүдэн шүүсэн бичлэгийг УИХ-ын гишүүн асан Л.Болд нар ил болгосон. Бас л ойлгомжгүй асуудал үүссэн билээ. Өнөөдөр Ж.Батзандан, Л.Болд нар хаана, ямар ажил хашиж явааг харвал тэд хийсэн ажлынхаа хөлсийг авсан мэт хардлага төрнө. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Т.Чимгээг суллуулах ажиллагааг мартагдах шахсан коммунист засгийн үеэс тэмдэглэж тогтсон Мартын-8-наар эхлүүлснийг бид санах хэрэгтэй. Хууль зүйн дэд сайдаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн Б.Энхбаяр яг тэр өдөр “С.Зоригийн хэрэг тойрсон асуудлыг заримдаглаад байлгүй нууцаас бүрэн гаргаасай. 3 жилийн өмнө Ц.Нямдорж ХЗДХ-ийн сайд байхдаа л энэ хэргийн захиалагчтай холбож дэд сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчих, тэгчүүл яахчгүй гэх юм ярьж байсан” гэж жиргэж байв.

Одоо бидэнд асуулт байна. Гурвын гурван шатны шүүгч нар юунд үндэслэж ял оноов. Гэм буруутайг нь тогтоосон шүүгч нар гэмгүй хүнийг ялласан юм бол хариуцлагаа хүлээх ёстой. Гэхдээ энэ хэргийн учгийг олох гэсэн оролдлого болгонд Цэндийн Нямдорж гарч ирж үгүйсгэдэг нь ямар учиртай вэ? Б.Хурцын хардаад байгаачлан тэр өөрөө захиалагчтай холбоогүй юм бол, хамгийн их мэддэг юм бол яагаад хэргийг илрүүлэхгүй байна вэ? Гэм буруутай гэж үзсэн хуулийнхан ёс суртахууны хариуцлагыг өөртөө үүрүүлээд өргөдөл өө өгөх үү, өөрсдийгөө буруугүй гэдгийг нотлох уу? Хэрэг дахиад шинээр эхэллээ. Захиалагчийг илрүүлэх нь байтугай хөнөөсөн алуурчид ч замхарав. Хэргийг биш Ц.Нямдоржийн үг, үйлдлийг анзаарууштай. Түүний зоргоор л асуудал шийдэгдэж байна.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ТэнэглэлТэнэглэл
8
ЗөвЗөв
3
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж