“Би өөрийнхөө хүсэл мөрөөдлөөр театртаа ажилд орсон. Гэтэл өнөөдөр миний цалин амьдралд минь хүрэлцэхгүй, ажлынхаа хажуугаар барилгын ажил хийж, ачаа буулгаж, төмс хурааж байна. Тиймээс би энэ театраасаа гарч өөр ажил хийхээр өргөдлөө өгч байна” гэх залуу уран бүтээлчийг Б.Эрдэнэжаргал гэдэг. Тэрбээр Үндэсний урлагийн их театрын морин хуурч. Түүнтэй цөөн хором ярилцсанаа хүргэе.
-Таны хувьд театртаа хэдэн жил ажиллаж байгаа вэ. Ямар шалтгаанаар ажлаас гарах өргөдлөө өгч байгааг нь асууж болох уу?
-Миний хувьд театртаа 2019 оноос хойш дөрөв дэх жилдээ морин хуурч хөгжимчнөөр ажиллаж байна. Театрын уран бүтээлчид маань сая ээлжийн амралтаа авч дуусаад, ажилдаа орж байна. Өнөөдөр Уран сайхны зөвлөлийн даргатай уулзаад ажлаас гарах өргөдлөө өглөө.
Би 765 мянган төгрөгийн цалин авдаг. Миний амьдрал сарын цалин маань хаана ч хүрэлцдэггүй. Ажлынхаа хажуугаар, шөнө оройн цагаар давхар ажил хийдэг.
Би бакалавр, магистртайгаа нийлээд 10 жил хөдөлмөрлөж, суралцаж байж хөгжимчин болсон. Энэ театртаа өөрийн хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөж, ажилд орж байсан. Манай байгууллага улсдаа үндэсний урлагийг сурталчилж буй хамгийн том байгууллага. Энэ хамт олноороо үргэлж бахархдаг. Гэтэл би 10 жил хөгжимчнөөр сурчихаад, мөнгө олохын тулд барилга нурааж, вагоноос ачаа буулгаж, төмс хураах гэх мэт ажил хийж, арайхийн амьдралаа залгуулж байна. Тийм болохоор би өөр ажил хийхээр ажлаас гарах өргөдлөө багшдаа өгч сууна.
-Зарим уран бүтээлчдийн зүгээс удирдлагын зан характер, харилцахад хүндрэлтэй гэсэн байсан. Ийм асуудал байгаа юу?
-Миний хувьд ямар нэгэн асуудал байхгүй. Цалин хөлсний асуудал маш хүндрэлтэй байгаа. Амьдралд хаана ч хүрэхгүй цалинг яаж ч хичээгээд дүүргэж болохгүй шүү дээ. Би театраасаа гараад хүүхдүүдэд морин хуур хөгжим заах боломжтой.
Ердөө гуравхан хүүхдэд хичээл заахад нэг сарын цалинтай болно.
Би долоо хоногт хоёрхон удаа хичээл заахад л хангалттай. Элдэв төрийн тоглолт, өглөөнөөс орой болтол гадуурх тоглолт гээд цаг наргүй байдаг. Ингээд л харьцуулахад маш хэцүү.
-Сүүлийн үед театрын боловсон хүчин дутмаг байгаа гэдгийг уран бүтээлчид хэлж буй. Театрын хувьд боловсон хүчин хэр байгаа вэ?
-Ер нь театрт маань доод тал нь гурваас дээш жил ажилласан уран бүтээлчид ажилладаг. Монгол Улсын консерваториос шаталсан сургалтаар суралцаж, Морин хуурын чуулга, Үндэсний урлагийн их театр гэсэн ажлын байрны сонголттой байдаг. Сүүлийн жилүүдэд энэ чиглэлийн боловсон хүчин дутмаг болсон.
Энэ нь цалин хөлстэй шууд холбоотой. Морин хуурч хөгжимчид энд ажилласнаас Өвөр Монгол руу очиж ажилласан нь дээр гэж бодох нь бий.
-Уран бүтээлчид гадаадад ажиллах боломж хэр байдаг бол?
-Уран бүтээлчид гадаадад ажиллах боломжтой. Гэхдээ тийм боломж хүн болгонд олдохгүй. Өөрөө сайн судалж, хичээсний үр дүнд тийм боломж гарч ирнэ. Миний хувьд гэр бүлээрээ гадаадад ажиллаж амьдрах талаар судалж байгаа.
Н.БУЯНБААТАР: "ТАМГАГҮЙ ТӨР" ЖҮЖИГТ ТЕАТРЫН БҮЖИГЧДИЙН 50 ХУВЬ АЖИЛЛАХ БОЛОМЖТОЙ
Ингээд Үндэсний урлагийн их театрын Уран сайхны удирдагч,Ерөнхий удирдаач Н.Буянбаатарын байр суурийг хүргэе. Тэрбээр урлагтаа 45 жил “буг, ад” болтлоо чин үнэнчээр хүчин зүтгэж ирсэн уран бүтээлчийн хувьд салбарынхаа болж бүтэхгүй асуудалд эмзэглэж, санаа зовниж явдгаа хэлж байв.
-Үндэсний урлагийн их театрын зарим уран бүтээлчид ажлаас гарах өргөдлөө өгч байна гэлээ. Учир шалтгааныг тайлбарлаж болох уу. Удирдлага, уран бүтээлчдийн хооронд ямар нэгэн асуудал үүссэн үү?
-Надад өнөөдрийн байдлаар хоёр хөгжимчин ажлаас гарах өргөдлөө өглөө. Би хэвлэлд ярилцлага өгснөөс хойш “Муу л бол хойд талын хар овоохой” гэгчээр зарим нь над руу чиглэж байх шиг байна. Миний хувьд нэг их эмзэгээр хүлээж авахгүй байгаа. Өнөөдөр соёл урлагийн салбар тэр дундаа мэргэжлийн урлагийн байгууллагын боловсон хүчний асуудал доод цэгтээ хүрсэн. Ганц манай байгууллага бус Дуурь, бүжгийн эрдмийн театрын симфони найрал хөгжим, Улсын филармонийн симфони найрал хөгжим гээд улсад гурван том найрал хөгжим бий. Энэ гурван байгууллагын суурь нь энэ найрал хөгжим дээр нь тогтож байдаг. Тэр оркестр нь дугарч байж сонгодог дуурь, балет, бүжгийн жүжгээ тоглоно шүү дээ. Энэ суурь мэргэжилтэнг 11-16 жил сургаж байж, сая дээд боловсролтой буюу бакалавртай мэргэжлийн хөгжимчин болж төгсдөг.
Үргэлжлүүлээд гадаадын их дээд сургуульд магистр, докторын зэрэг хамгаалж ажилладаг. Ингэхээр 15-20 жил суралцаж, мэргэжлийн хийлч, төгөлдөр хуурч, морин хийлч болдог. Ийм их цаг хугацааг зарцуулж, мэргэжлээ эзэмшчихээд улсынхаа нэг номерын театрт ажиллахад цалин хөлс, нийгмийн асуудал хэцүү байна. Сүүлийн жилүүдэд маш олон уран бүтээлч ажлаас орж, гарч байна. Зарим нь тэр чигээрээ мэргэжлээ сольж байх жишээтэй.
-Таны хувьд уран бүтээлчидтэй зүй бус харилцаж байсан уу?
-Миний хүмүүжил бол нэлээд зарчимч. Хүн байх ёстой газраа байсан шиг байж, хийх ёстой ажлаа хийсэн шиг хийх ёстой гэж боддог. Өнөөдөр хэн ямар албан дээр байна. Тэр хүн үүрэг хариуцлагаа ухамсарлаж, өөрөөсөө хамаарах үүргээ биелүүлэх ёстой. Миний ажлын шаардлага одоогийн цаг үед хоцрогдсон гэж зарим нь хэлж байх шиг байна.
Би хууль дүрмийн дагуу тавих шаардлагаа тавина. Гэтэл манай зарим уран бүтээлчид шөнийн цагаар дуудлагын жолоочоор ажиллаж, өглөө ажлаа хийж чадах уу. Би удирдаач хүн учраас ажлын шаардлагаа тавина. Шууд түс тас хэлчихнэ. Энэ байдал өнөөгийн залууст таалагдахгүй байхыг үгүйсгэхгүй ээ.
-Танай театрт хэчнээн хөгжимчин ажиллах ёстой вэ. Одоо хэдэн уран бүтээлч ажиллаж байна?
-Манайх 64 уран бүтээлчийн бүрэлдэхүүнтэй байх ёстой. Улсын филармони, Дуурь, бүжгийн эрдмийн театрт мөн төдий тооны уран бүтээлчид байх ёстой. Гэвч одоо 50 хүрэхтэй үгүйтэй л байна. Хөгжимчин дотроо олон янз. Төрөл болгоноороо дагнан тоглоно. Хөгжимчин хүн бүгдийг тоглодог гэсэн ойлголт байхгүй. Энэ застав бүрдэж байж, дугарах ёстой оркестроороо номоороо дугарна. Маш энгийнээр хэлбэл, амьд хөгжмийн хамтлагт соло, басс гитарчин, бөмбөрчин гээд таван хүн байх ёстой шүү дээ. Тэгж байж нэг хамтлаг гэж ярьдаг. Ийм байдалтай олон жил явж ирлээ.
Сая 2020 оноос л Соёлын яамтай боллоо шүү дээ. Ер нь сүүлийн 30 жил мэргэжлийн урлагийн бодлогод анхаараагүй явж ирснийг хэн ч хүлээн зөвшөөрнө.
Маш олон хүний хүч хөдөлмөр нийлж, нэг уран бүтээл төрөн гардаг гэдгийг тооцоолохгүй байна. Гэтэл боловсон хүчний дутагдалд орчихоор үйл ажиллагаа нь хэвийн явах нөхцөл боломжгүй болж, доголдолд орж байна. Яг бодит байдал бол энэ мэргэжлийн урлаг гэдэг юмыг төр хаячихсантай л холбоотой юм.
-Зөвхөн театрын хөгжимчид ажлаас халагдах өргөдлөө өгч байгаа юм уу?
-Мэргэжлийн хөгжимчид хамгийн удаан сурч, хамгийн удаан жил ажилладаг хүмүүс. Харин бүжигчид, дуучид 20 жил ажиллаад тэтгэвэртээ гарчихдаг. Хар нялхаасаа хөгжимчин мэргэжлээр суралцаж, төгсөхөд ажлын байр, нийгмийн баталгаа нь байхгүй болохоор мэргэжлээ сольж байна. Эсвэл цаг нар багатай, арай ахиу цалинтай ажил хийж байна.
-Ер нь театрын уран бүтээлчид хэдээс хэдэн төгрөгийн цалин авч байна вэ. Сүүлийн үед цалин хөлс нь нэмэгдсэн үү?
-Засгийн газрын тогтоолоор төрийн үйлчилгээ, соёл урлагийн төв театрын хөгжимчин, дуучин, бүжигчид 466-895 мянган төгрөгийн цалин авдаг. Нийгмийн даатгал, хүн амын орлогын татвараа авна.
Манай байгууллагын уран бүтээлчдийн 60 хувь нь 766 мянган төгрөг, үлдсэн 40 хувь нь 895 мянган төгрөгөөр цалинжиж байна.
Үйлчилгээний ажилчид бүр бага цалин авна. Манай театрын албан ёсны орон тоо 189 хүн байдаг. Үүний 140 нь цэвэр уран бүтээлчид байдаг. Мөн 64 хүний бүрэлдэхүүнтэй найрал хөгжим, 39 бүжигчинтэй, 50 орчим хөгжимчинтэй үйл ажиллагаагаа явуулж байна.
-“Тамгагүй төр” жүжгийн бэлтгэлтэй холбоотойгоор театрын төлөвлөгөө алдагдаж байна гэсэн. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Ямар ч хүн уран бүтээл хийж болно. “Тамгагүй төр” жүжиг сайхан уран бүтээл. Хамгийн гол нь урьдчилсан төлөвлөгөө гаргаж, улсын байгууллага учраас харилцан хамтран ажиллах гурван талт гэрээ хэлцэл хийх ёстой. Тэнд хүн ажиллаж байгаа учраас анхнаасаа нөхцөл нь тодорхой байсан бол өөр хэрэг. Гэнэт ийм шийдвэр гарлаа. Нондин театрын уран бүтээлчид бүх зүйлээ зогсоож, тайзаа чөлөөлсөн. Энэ жил бас гэнэт шийдвэр гаргаж, бидний төлөвлөсөн ажлууд өөрчлөгдөж байна.
Уг нь дөрөвдүгээр сард “Тамгагүй төр” жүжгийг Өвөр Монголд тоглоно гэж байсан юм. Уран бүтээлчдийн ээлжийн амралтаар тоглолт хийж байгаа бол амралтын хугацаанд уран бүтээлчид ямар гэрээ хийх нь тэр хүний асуудал.
Гэтэл ажил эхлэхэд ганц манай театр биш Драм, Дуурь, бүжгийн театрын төлөвлөгөөнд өөрчлөлт орж байгаа юм байна. Бид өөр байгууллага дээр үйл ажиллагаа явуулна. Өөр байгууллага маань бас өөрийн гэсэн үйл ажиллагаатай байх жишээтэй.
-Театрын хэчнээн уран бүтээлч “Тамгагүй төр” жүжигт оролцдог юм бэ. Уран бүтээлчид театраасаа хальж, гадаадад тоглолт хийх нь сайн хэрэг биш үү?
-Манай 39 бүжигчин бүрэн бүрэлдэхүүнээрээ энэ жүжигт оролцдог. Уг нь 48 хүний орон тоотой юм. Өнөө л боловсон хүчний асуудал. Энд байгаа бүх уран бүтээлчдийг тэр жүжигт ажиллуулахаар манай байгууллагын ажил орхигдоно шүү дээ. Театрын зүгээс ажилчдадаа цалин өгнө.
Мөн ажлын бус цагаар ажиллуулсан цалин хөлсийг тухайн студийн зүгээс өгдөг юм шиг байна лээ. Уран бүтээлчдийг гадаадад тоглохыг ерөөсөө үгүйсгээгүй ээ.
Ганцхан урьдчилж ярилцах хэрэгтэй шүү дээ. Энэ намар уран сайхны зөвлөлөөрөө ярилцаад бүжгийн жүжиг тавихаар төлөвлөсөн байсан. Гэвч энэ бүхэн өөрчлөгдөх юм шиг байна.
-Тэгэхээр үлдсэн уран бүтээлчид энэ хугацаанд хэрхэн ажиллах вэ?
-Нэгэнт ийм болж байгаа учраас зохицуулалт хийх байх. Манайх жуулчдад зориулсан тоглолтоо хийнэ. Миний хэлээд байгаа бүжгийн жүжигт бол өөрчлөлт орж таарах байх. Тэгэхээр бид бүжиггүй, дуу, хөгжмийн талын уран бүтээл рүүгээ шилжих байх.
Манай театрын бүжигчдийн 50 хувийг “Тамгагүй төр” жүжигт авч ажиллуулж болно. Өөр бусад хамтлагийн чөлөөт уран бүтээлчидтэй хамтран ажиллаж, сургаж авч болно шүү дээ.
Гэрэл зургийг Б.Эрдэнэбилгүүн
Холбоотой мэдээ