Нүүрсний хэрэгт холбогдсон хуульч

Хуучирсан мэдээ: 2023.04.25-нд нийтлэгдсэн

76:1

Нүүрсний хэрэгт холбогдсон хуульч

Нүүрсний хэрэгт холбогдсон хуульч

NEWS агентлаг энэ удаагийн 76:1 булангаараа УИХ-ын сонгуулийн тавдугаар тойрог буюу Говь-Алтай аймагт нэр дэвшиж сонгогдсон УИХ-ын гишүүн Шатарбалын Раднаасэдийг танилцуулж байна.


МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн Ш.Раднаасэд нь УИХ-д хоёр дахь удаагаа сонгогдон ажиллаж байна.

Парламентад сонгогдохоосоо өмнө Хууль зүйн яам, Засгийн газрын хэрэг эрхлэх газарт мэргэжилтнээс нь эхлэн шинжээч, референтээр 10 шахам жил ажиллаж, хуулийн төслүүдтэй ноцолдсон нь туршлага болсон уу, хууль тогтоох байгууллагад ажиллахдаа түүртэж байсан удаагүй.

Ер нь парламентад өргөн баригдсан хуулийн төслүүдийн “но”-г олж харж, засч залруулах шаардлагатайг сануулдаг цөөн гишүүний нэг юм. Гэвч эрх баригчдад улсын эрх ашгаас илүү өөрсдийнх нь амбиц, эрх ашиг хамгаас чухал тул сануулгыг нь хүлээж авалгүй хүч түрэн баталсаар ирсэн жишигтэй.

УИХ энэ өдрүүдэд УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Тэрбээр “Пропорциональ систем хэрэгтэй. Гэхдээ намын нэрийн ард мөнгөтэй, бүлэглэлтэй хүмүүс нуугдаж УИХ-д орж ирээд сайд болдог тогтолцоог зогсоох ёстой.  Энэ бүхний ард маш их хэмжээний мөнгө, хулгай явдаг. Хүсэл нь биелэгдэхгүй болохоор Засгийн газраа огцруулна гэдэг. Эл асуудлыг хязгаарлахын тулд намын жагсаалтаар нэр дэвшсэн бол Засгийн газрын гишүүн болохыг хориглоно гэдэг заалт тусгачихвал мөнгө барьж гүйдэг хүмүүсгүй болно” гэдэг байр суурь илэрхийлж буй. Гэвч олонхийн бүлэгт давхар дээл хүсэмжлэх гишүүд олон байгаагаас санал нь дэмжлэг авах боломжгүй юм.

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийг олонхийн бүлэг дэх “ганц сөрөг хүчин нь” гэж ярих нь ч бий.

Авлигатай тэмцэх газар/АТГ/ өнгөрсөн оны арванхоёрдугаар сард нүүрсний хэрэгт нэр холбогдсон улстөрчдийг зарлахад түүний нэр багтсан.

Энэ үед тэрбээр “УИХ-ын сонгуулийн тойрог суллах зорилгоор намаас өгсөн даалгаврын дагуу АТГ нэр зарлалаа. Жинхэнэ хулгайч нар нь сугарч үлдлээ. Эрдэнэс Тавантолгой” ХК-д онц байдал тогтооё гэхэд манай Засгийн газрын 5-6 гишүүн тогтоохгүй гээд хамгаалсан гэсэн. Хулгайгаа л нуух гэж байгаа биз дээ. Нэрийг нь зарлана, шалгуулна. Зүгээр гэмгүй нөхдүүдийг нийгэмд, олны дунд аваачиж яллаад гарна гэж байгаа бол эндүүрэл. УИХ дотор байгаа болон байхгүй 500 гаруй хүн бий. Хүний өөрийн намын. Эд нарын идсэн уусан тухай мэдээллүүдийг хүмүүс бидэнд өгч байна. Идэж уусныг нь зарлаад өгнө. Бэлэн мөнгө нь гэрт нь багтахаа больчихоод алтаар авч хурааж байна гэж байгаа. Хуулийнхны дунд яригдаж байгаа яриа. Чинбат аа/Улсын ерөнхий прокурорын орлогч/, чи үүнийг мэдэхгүй байна гэж байхгүй. Та нар ийм хүмүүсээ гаргаж ир л дээ” гэж чуулганы хуралдааны үеэр мэдэгдэж байв. Гэхдээ тэрбээр одоог хүртэл нэрс зарлаагүй ч Засгийн газрын гишүүнээр ажиллаж байсан, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайхан, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат нар чөлөөлөгдөн, АТГ-т шалгуулж буй.

Нүүрсний хулгайн хэрэгт УИХ дахь МАН-ын бүлгээс нэлээн олон гишүүд хамааралтай тухай ил далдаар их яригдсан ч хуулийнханд шалгуулж буй нь тун цөөн байгаа юм. Иймээс олон нийт Ш.Раднаасэдийг “бөмбөг тэсэлж” ард иргэдийнхээ боломжийг хулгайлж баяжсан улстөрчдийн нэрсийг зарлах хэрэгтэй гэж сануулсаар буй.

Тэрбээр АТГ-т шалгуулсан талаараа “Үзэж харахыг хүссэн бүх л зүйлийг нь үзүүлсэн. Дотуур өмд л тайлж харсангүй. Тавдугаар сарын 1-н гэхэд хариу гарах юм гэсэн. Энэ хугацаанд гурван удаа очиж мэдүүлэг өгсөн. Нэгжлэг хийсэн. Хэнтэй холбож шалгаж байгааг одоог хүртэл ойлгоогүй” гэдэг тайлбар хийгээд буй.

Гэхдээ энэ хэргээс болж, түүнийг Говь-Алтай аймагт дахин нэр дэвших боломжгүй болгож, тойрог сулласан гэдэг яриа газар аваад байгаа.

Өөрөөр хэлбэл, АТГ-аас удахгүй шалгаж дуусах энэ хэргийн мөр нь УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд нь үнэхээр нүүрсний хэрэгт холбогдолгүй байхад нь тойрог суллах зорилгоор гүтгэж үү, эсвэл үнэхээр албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгон, улсад хохирол учруулсан уу гэдгийг эцэслэх юм. Одоогоор АТГ-аас түүнийг нүүрсний хэрэгт холбогдуулан шалгаж байгаа гэдгээс өөр мэдээллийг ил болгоогүй ч "Эрдэнэс  Тавантолгой" ХК-ийн захирлаар ажиллаж байсан Д.Ариунболдтой холбогдуулан шалгах болсон гэдэг мэдээллүүд хэвлэлд гараад удаж буй.

Тэрбээр УИХ-д хоёр дахь удаагаа сонгогдсон энэ үедээ нүүрсний гэх хэрэгт нэр холбогдсон бол анх удаа парламентад сонгогдсон жилдээ ажилд оруулсан хүн нь авлигын хэрэгт холбогдлоо гэдэг дуулианд нэр холбогдож байв.

Тодруулбал, дөрвөн жилийн өмнө АТГ-аас Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын  хэлтсийн дарга Н.Баярсайханы биед нэгжлэг хийхэд 10 мянган ам.доллар оймсондоо нуусан нь баригдаж, дуулиан тарьсан. Хэргийг шалгах шатанд Н.Баярсайхан нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Экспорт, импортын хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга Э.Аззаяагийн хамтаар 21 аж ахуй нэгж, иргэнээс 126 удаагийн үйлдлээр 702 сая төгрөг хахуульд авсан болох нь тогтоогдож, шүүхээс 2 жилийн хорих ял сонссон юм.

Тухайн үед “Н.Баярсайхан авлигаар авсан мөнгөө “Ааяад тэдэн төгрөг, тэдэн хувийг өглөө” гэж тэмдэглэсэн байсан. Ааяа нь түүнтэй хамт сурч байсан УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд юм” гэдэг дуулиан дэгдсэн ч намжсан.

Мөн УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд нь Эрүүгийн хуулийн хөөн хэлэлцэх хугацааг тооцохдоо гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөр дуусгавар болгох заалтыг оруулсан үндэслэлээр буруутгагдаж, намаас хөөгдөхдөө тулж байв.

Гэхдээ тухайн үед энэ асуудлыг Хууль зүйн сайдаар ажиллаж байгаа Х.Нямбаатар, Ц.Нямдорж, Ш.Раднаасэд гурав бие биерүүгээ чихсээр эцэст нь эзэн холбогдогчоор Ш.Раднаасэдийг буруутгаж, МАН-ын Хяналтын хороо түүнийг намаас хөөх шийдвэр гаргасан ч гишүүд нь хамгаалж, тухайн үеийн МАН-ын дарга, Ерөнхий сайд байсан У.Хүрэлсүх үл дэмжиж, намаас гарах Ш.Раднаасэдийн өргөдлийг хүлээн авалгүй хадгалахаар болсон дуулиан дэгдээд намжсан түүхтэй.

Нүүрсний хулгайн хэрэгт нэр холбогдсоныхоо дараа ч тэрбээр “МАН-аас гарахад асуудалгүй, өргөдлөө бичсэн ч болно” гэдэг мэдэгдэл хийсэн ч хэн нэг нь энэ үйлдлийг нь зогсоосон уу, эсвэл өөрөө түр азнахаар шийдсэн үү. Одоог болтол намаас гарах өргөдөл өгөөгүй. Түүгээр ч үл барам МАН-ын Хяналтын хороо өнгөрсөн гуравдугаар сард хуралдаж, нүүрсний хэрэгт нэр холбогдсон гишүүдээ намаас хөөнө гэдэг шуум дэгдсэн ч одоог хүртэл шийдвэрээ гаргалгүй, таг болсон юм.

Ш.РАДНААСЭДИЙН НАМТАР 

 

 ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

  • МУИС-ийн Хууль зүйн сургууль, эрх зүйч

АЖИЛЛАСАН БАЙДАЛ

  • 1998-2000 онд Хууль зүйн яамны Эрх зүйн шинэтгэлийн стратегийн удирдлага, нэгдсэн төлөвлөлтийн газарт мэргэжилтэн
  • 2000-2007 онд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын Хуулийн хэлтэст шинжээч, референт
  • 2007-2009 онд Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга
  • 2009 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөх
  • 2010-2011 онд Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн даргын хуулийн бодлогын зөвлөх
  • 2011-2012 онд Монгол Ардын Намын Намын байгуулалтын хэлтсийн дарга
  • 2012-2014 онд Монгол Ардын Намын Удирдах зөвлөлийн хэрэг эрхлэх газрын дарга
  • 2014-2015 онд Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгийн ажлын албаны дарга
  • 2015-2016 онд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга
  • 2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2016-2019 онд Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга
  • 2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

ШАГНАЛ

  • 2009 онд Алтан гадас одон

ГАДААД ХЭЛ

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
3
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж