Зээлээ төлөөгүй ЖДҮ-чид!

Хуучирсан мэдээ: 2023.04.25-нд нийтлэгдсэн

Зээлээ төлөөгүй ЖДҮ-чид!

Одоогоос дөрвөн жилийн өмнө Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авсан нэр бүхий 49 улстөрчийг зарлаж байв. Эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж хэдэн саяас хоёр тэрбум хүртэлх төгрөгийн зээл авсан асуудлаар шалгагдаж байсан хүмүүсийн зарим нь одоог хүртэл зээлээ төлж барагдуулаагүй хэвээр. Засгийн газраас хэрэгжүүлж буй "5Ш" ажиллагааны хүрээнд shilen.gov.mn сайтад тавигдсан Жижиг дунд үйлдвэрийг дэмжих сангийн зээлийн мэдээллийг ашиглан дараах хэний ямар компани зээлээ төлж барагдуулаагүй болохыг нэгтгэн хүргэж байна.

ХОЁР ТЭРБУМЫН ЗЭЭЛ АВАХ БОЛОМЖ ОЛГОСОН ЭТГЭЭД ЯЛ АВСАН Ч КОМПАНИУД ӨРӨӨ ТӨЛСӨНГҮЙ

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан (ЖДҮХС)-гийн захирлаар ажиллаж байсан О.Мөнгөнцэцэгт холбогдох хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх түүний гаргасан хүсэлтийн дагуу хялбаршуулсан журмаар өнгөрсөн 2022 оны дөрөвдүгээр сарын 11-нд шийдвэрлэсэн. Тэрбээр, “Алтай групп” буюу “Алтай констракшн” компанийн хамааралтай “Блю скай стар”, “Кореасан са”, “Төгс шим”, “Рояал кроун”, “Буйр лейк тур” ХХК тус бүрт хоёр тэрбум төгрөгийн зээл авах боломжийг бүрдүүлж, давуу байдал олгосон гэх үндэслэлээр ялласан. Улмаар түүнд нийтийн албанд томилогдох эрхийг нь тодорхой хугацаагаар хасаж, 13 сая төгрөгөөр торгох ял оноосон юм. Гэхдээ дээрх нэр бүхий компаниуд авсан зээлээ одоо ч төлөөгүй байна. Эдгээрээс онцолбол, “Кореасан са” ХХК-нд нүүрсний хэрэгт холбогдоод байгаа 7,3 тэрбум тодотголтой С.Батдөлийн төрсөн ах С.Баттулга хувь эзэмшдэг байна. Тус компани 2016 онд буудай рапс тариалалтаар хоёр тэрбум төгрөгийн зээл сангаас авч байжээ.

Дараагийн өртэй аж ахуй нэгжүүд бол “Алтай констракшн” компанийн хамааралтай “Блю скай стар" ХХК зэрэг. Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатын найз гэгддэг  Х.Бат-Эрдэнэ“Алтай констракшн”-ы  хамаарал бүхий таван компаниараа дамжуулан ЖДҮХС-гаас 10 тэрбум төгрөгийн зээл авсан байдаг. Тодруулбал, “Блю скай стар”, “Буйр лэйк тур”, “Кореасан са”, “Рояал кроун”, “Төгс шим” компани тус бүр хоёр тэрбум төгрөг тус тус авчээ.

“Блю скай стар" ХХК саалийн үнээний ферм зориулалтаар зээл авсан бол “Төгс шим” ХХК нь мал аж ахуй, махны чиглэлээр хоёр тэрбумыг зээлжээ. Ашиг орлого болоод группын хэмжээний үйл ажиллагааг бодвол тус өрүүдээ төлөх хугацаа, боломж байсан нь тодорхой. 2020 онд хэвлэлд нээлттэй болсон мэдээллээс харахад дээрх зээл авсан компаниуд барьцаа хөрөнгөө удаа, дараа өөрчилсөн нь “Алтай групп”-ын захирал Х.Бат-Эрдэнэ өөрийн танил талаа ашиглаж, давуу байдлаар зээл авсан гэхэд хангалттай үндэслэл болоод байгаа юм.

БАРЬЦААЛАН ЗЭЭЛДҮҮДЭХ ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЭЛДЭГ "МӨНГӨНБЭРС" ХХК

ЖДҮ-ийг хөгжүүлэх зорилгоор зээл авч мартуулсан удаах компани бол "Мөнгөнбэрс" ХХК. 2006 оноос хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ авсан тус аж ахуй нэгж үндсэн дөрвөн чиглэлд үйл ажиллагаа явуулдаг байна. Тодруулбал, худалдаа зуучлал, барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ, барилгын засал чимэглэл, хаяг зар сурталчилгаа. 5105277 регистрийн дугаартай тус компанийн эцсийн өмчлөгч нь Банзрагчийн Одсүрэн. Авсан зээлийн зарцуулалтыг химийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл гэжээ. Гэхдээ тухайн үйл ажиллагаатай холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл олдсонгүй.

ГУРИЛАН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭХЭЭР ЗЭЭЛ АВСАН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН КОМПАНИ

1,9 тэрбум төгрөгийн гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэх зээл авсан "Алтай Трэвел Бюро" ХХК нь 2016 онд байгуулагдсан даруйдаа ЖДҮХС-гаас зээл авчээ. Цэндийн Батхуяг иргэний өмчлөлд байдаг тус компани зээлээ зориулалтаар ашигласан мэдээлэл олдоогүй ч одоо аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа нь хэвээр байна. Одоогоос долоон жилийн өмнө үндсэн дөрвөн чиглэлд үйл ажиллагаа явуулахаар УБЕГ-ын хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлжээ.

  • Гадаад худалдаа
  • Аялал жуулчлал
  • Бэлэг дурсгалын зүйлс худалдаа
  • Хүнсний дэлгүүр бөгөөд хуулийн этгээдийн бүртгэлийг 2016 оны арваннэгдүгээр сарын 4-нд авсан байна.

Тус компанийн танилцуулгад Дорнод аймгийн Халх Гол сумын нутагт байрлах Буйр нуурын эрэг дээр BUIR LAKE COMPLEX RESORT жуулчны үйлчилгээний цогцолборын төслийг хэрэгжүүлж эхлүүлсэн бөгөөд 2017 оны зургадугаар сараас үндсэн үйл ажиллагаагаа эхлүүлэн ажиллаж байгаа гэжээ. Мөн Алтай трэвел бюро ХХК нь Монголын зүүн бүсийн аялал жуулчлалын хөгжлийг эрчимтэй дэмжих цаашлаад зүүн бүсийн хил орчмын болон хил дамнасан аялал жуулчлалыг хөгжүүлэх үйл ажиллагааг зогсолтгүй хийж байгаа аж. Үйл ажиллагаа нь өргөжсөн ч гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр авсан зээлээ төлөөгүй нь сонирхолтой.

МАЛ АЖ АХУЙ ЭРХЛЭХ ЗЭЭЛ АВСАН МАХГҮЙ ААН-ҮҮД

2018 онд 1,6 тэрбумын зээл авсан иргэн С.Болдын өмчит "Сэлши-Үүр" ХХК. 2008 онд хүнсний дэлгүүрийн үйл ажиллагаагаар эхэлж байсан тус компани 10 жилийн дараа махны үйлдвэрлэл рүү шилжсэн байна. Улмаар 2020 онд барилгын засвар, газар тариалн эрхлэх, бөөний худалдаа, мал аж ахуйн салбар руу оржээ.

Дараагийн онцлох зээлдэгч бол "Онгиболд" ХХК. Гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг тус аж ахуй нэгж саалийн үнээний фермийн аж ахуй эрхлэхээр 2014 онд 1,5 тэрбумын зээл авсан аж. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан (ЖДҮХС)-гийн захирал асан Б.Баттүвшин тус сангийн захирал, Төсөл сонгон шалгаруулах комиссын нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа эрх мэдлээ урвуулж, Ш.Эрдэнэболдын үүсгэн байгуулсан “Онгиболд” компаниар дамжуулан ЖДҮХС-гаас 1.5 тэрбум гаруй төгрөгийн зээл авсан байдаг. Ингэхдээ зээл авах шаардлага хангаагүй байхад 2014 оны аравдугаар сард “Төсөл сонгон шалгаруулах комисс”-ын хуралдаанаар хэлэлцүүлж, “Монгол фермер” төслийг хэрэгжүүлэхээр дээрх мөнгийг “Онгиболд” ХХК-ийн “Голомт” банкан дахь дансанд шилжүүлэн өгчээ. Улмаар уг зээлийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсныг АТГ-ынхан шалгаж тогтоосон байдаг. Гэхдээ зээл мөн л төлөгдөөгүй.

ЗОРИУЛАЛТЫН БУС ЗЭЭЛДЭГЧ "МММЭК" ХХК

ЖДҮХС-гаас зээл авсан аж ахуй нэгжүүдийн ихэнх нь үндсэн үйл ажиллагааны чиглэлээс тэс өөр зүгт зарцуулах санхүүжилт авсан байдаг. Энэ нь иргэдийн хардах эрхийн хүрээнд харвал ашиг сонирхол, албан тушаал, танил талаа урвуулан ашигласан гэгдэх хангалттай үндэслэл. Гадаад худалдаа, уул уурхайн тоног төхөөрөмжийн худалдаа эрхэлдэг "МММЭК" ХХК бол үүний нэг жишээ. Нэмэлт болон сүлжмэлийн хувцас үйлдвэрлэхээр жижиг дунд үйлдвэрийг дэмжих сангаас 2016 онд 1,5 тэрбум төгрөгийн зээл авсан. Тус компанийн бүртгэл Шагдарын Мөнхбат, Намжилжавын Болд нарын нэр дээр бүртгэлтэй. 2010 онд улсын бүртгэлд бүртгүүлсэн тус аж ахуй нэгж 2014 онд Нийлэг композит барилгын материалын үйлдвэрлэл төслөөр Чингис бондоос санхүүжилт авахыг хүсч байжээ. Улмаар тус хүсэлт амжилтгүй болж, ЖДҮХС-гаас зээл горилж авч чадсан байна.

Гадаад худалдаа, газар тариалан эрхэлдэг ч мал амьтан өсгөх 1,5 тэрбумын зээл 2013 онд авсан "Алтантал ланд" ХХК. Сүрэнгийн Туул гэх иргэний тус аж ахуй нэгж нь 2012 онд үйл ажиллагаа явуулж эхэлжээ.

ЖДҮХС-ГААС ЗЭЭЛ АВСАН УИХ-ЫН ГИШҮҮДИЙН ХАМААРАЛТАЙ ААН-ҮҮД Ч ЗЭЭЛЭЭ ТӨЛӨӨГҮЙ

2019 онд news.mn сайт "ЖДҮ-чид мөнгө угаасан байж болзошгүй ББСБ-уудаа нуужээ" гарчигтай нийтлэлд тухайн үед тус зээлд нэр холбогдсон 49 гишүүний зарлаж байсан. Тэгвэл одоо доорх компаниудаас зээлээ төлөөгүй аж ахуй нэгжүүдийг онцолж байна. Өнөөдрийг хүртэлх хугацаанд зээлээ төлөөгүй, үлдэгдэлтэй улстөрчидтэй хамааралтай компаниуд.

  1. "Тангадбадмаараг" ХХК сүү сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэх санхүүжилтийн 100 саяас төлөгдөөгүй 61,8 сая төгрөг,
  2. Иргэн Ц.Тэрбиш мал аж ахуй, махны чиглэлээр авсан 113 сая төгрөг, бетон хийцийн үйл ажиллагаанд авсан 35 сая төгрөгийн зээл,
  3. Ноос ноолуурын чиглэлээр зээл авсан Анхням Алтансүх төлөгдөөгүй 20 сая төгрөг,
  4. Иргэн Батцэцэг Алтангэрэл сүү сүүн бүтээгдэхүүний 14 сая төгрөгийн үлдэгдэл,
  5. Иргэн Д.Батболд модон бусад эдлэл үйлдвэрлэлийн чиглэлээр авсан 30 сая төгрөгийн зээл,
  6. "Азийн говь" ХХК-ийн 311 сая төгрөг,
  7. "аргалантын хур" ХХК-ийн саалийн үнээний фермийн чиглэлээр авсан 545 сая төгрөг,
  8. "Баруун зүүн эх сувилал" ХХК 97 сая төгрөг,
  9. "Дархан Эрдэнэ мах комбинат" ХХК 533 сая төгрөг,
  10. "Саруул хангай чөлөөт бүс" ХХК мал аж ахуй, махны чиглэлээр авсан 636 сая төгрөг,
  11. Иргэн Ууганбаяр Шинэбаатар мод тарих, ой хамгаалах чиглэлд авсан 26 сая төгрөг,
  12. Иргэн Б.Оюунцэцэгийн даавуун торны үйлдвэрлэлд авсан 35 сая төгрөг,
  13. Иргэн Б.Анхбаяр- 90 сая төгрөгийн зээл,
  14. Иргэн Түмэннаст Гончигзав гутал үйлдвэрлэлд авсан 8,6 сая төгрөг,
  15. "Хатан хармаг" ХХК хүнсний бусад бүтээгдэхүүний үйлдвэрлэлд авсан 200 сая төгрөг,
  16. "Цант Алтай" ХХК- саалийн үнээний фермийн чиглэлд авсан 702 сая төгрөг,
  17. "Ширээт онон" ХХК зоорийн аж ахуй эрхлэх 622 сая төгрөг,
  18. "ЖБГУ" ХХК цогц цэвэрлэгээ үйлчилгээ үзүүлэх 300 сая төгрөг,
  19. "Нью аниверса" ХХК цахилгаан тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл 358 сая төгрөг,
  20. "Хас говь транс" ХХК мал аж ахуй махны чиглэл 950 сая төгрөг,
  21. "Өгөөдэй Ази" ХХК хуванцар үйлдвэрлэлийн чиглэлээр 429 сая төгрөг,
  22. Иргэн Н.Пүрэвсүрэн мод бэлтгэх чиглэлээр 50 сая төгрөгийн зээл,
  23. "СОНЭ" ХХК мал аж ахуй махны чиглэлд 403 сая төгрөг,
  24. "Асена" ХХК сүү сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлд 146 сая төгрөгийн зээл,
  25. "Хаганат" ХХК арьс шир боловсруулах үйл ажиллагаанд 79,9 сая төгрөг,
  26. "Пример инвестмент" групп 444 сая төгрөг,
  27. "Асрал" ХХК хүнс хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд 1,4 тэрбум төгрөгийн зээл,
  28. "Эмийн үйлдвэр" ХХК эмийн үйлдвэрлэлд 1,2 тэрбум төгрөгийн зээл,
  29. "Путь" ХХК мод тарих, ой хамгаалах 232 сая төгрөг,
  30. Иргэн Мөнхдөл Мэндбаяр тариалан эрхлэх 118 сая төгрөгийн зээл,
  31. "Өв сор хангай" ХХК арьс шир боловсруулах 700 сая төгрөг,
  32. "Дорнод гурил" ХХК гурилын үйлдвэрт 484 сая төгрөг зэрэг компаниуд дээрх тооны зээлийн үлдэгдэлтэй байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
10
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж