Шинэ паспорт авсан хоёр иргэн Хятад руу зорчсон ч хил зөрчигч болсон талаар мэдээлэл өчигдөр /2023.04.23/ цахим хуудаст гарсан. Энэ талаар холбогдох албаныхнаас тодрууллаа.
Гадаад паспортын серийн дугаар нь зөрснөөс хилийн шалгах хэсэгт асуудалд орсон иргэний бичсэнээр "Монгол Улсын гадаад пасспорт ийм загвартай боллоо шүү, сери дугаар нь ийм боллоо шүү гэдгийг бусад улс орон руу мэдэгдээгүйгээс болж олон цагийн турш байцаагдаж хил зөрчигч болох шахлаа. Хилээр орж ирсэн пасспортын дугаар, үзэсгэлэнгийн мандатанд бүртгүүлсэн дугаарын сери дээр E болон PE гэсэн үсэг зөрүүтэй байгааг Хятадын гадаадын иргэн харьяатын газар тэр дор нь илрүүлчихэж. Бүр эрэн сурвалжилж байгаад үзэсгэлэн дээрээс хоёр мөрдөн байцаагч таван цагдаагаар бүслүүлэн баривчлагдлаа. За тэгээд пасспорт гаргаад ирсэн үзэж хараагүй паспорт байна л гэж байна. Улмаар хуурамч бичиг баримтаар хил нэвтэрсэн гэж үзэн нэлээн удаан шалгалаа. Ёстой хэлтэй, Хятадад хуулийн сургууль төгссөн тулдаа л хэл амаа зөв ойлголцож, учир начираа тунгаалцаж, албаны сайт дээрх мэдээг харуулж, ярьж, учирлаж байж суллагдах. Хэлгүй нутаг нэгтнүүд маань ингэж баригдсан бол яах байсан бол гэж бодохоос аймар. Муу найзыг маань бүлтэлзүүлээд бүсэлчихсэн, гар хөлнөөс нь зулгаачихсан эвгүй байхад нь л гүйж очлоо. Ер нь энэ шинэ загварын паспортоос болж гадаадад аялаж буй цөөнгүй Монголчуудад маань нэг бус асуудал тулгарч байна. Паспорт захиалчихаад хэвлэгдэхээс өмнө тийз, мандат захиалгаа хийсэн олон хүмүүс байна. Тэд нар бүгд И-МОНГОЛИА лавлагаагаараа захиалсан. Манай хоёр ч ялгаагүй. Лавлагаан дээр E серитэй гарч ирчихээд яг хэвлэгдэхдээ PE серитэй гарч ирснээс болж бидэнтэй нэг нислэгээр Хөх хотоос нисэх байсан долоон монгол иргэн онгоцондоо сууж чадалгүй үлдсэн. Хувь иргэний хариуцлага бус, төр засгийнхаа эс үйлдэхүй, гадаад дотоод харилцаагүй байдал, дотоод зохион байгуулалтгүй байдлаас болж монголчууд хүний нутагт хохирч байна" гэсэн юм.
ГХЯ: ГАДААД ПАСПОРТ ШИНЭЧИЛСЭН ТАЛААР БҮХ УЛСАД МЭДЭГДСЭН
Гадаад харилцааны яамнаас тодруулахад "паспорт шинэчилсэн мэдээллийг олон улсын иргэний агаарын байгууллага болон гадаадын улсуудад мэдэгдсэн. Манай гадаад паспорт нууцлалын зэрэглэл багатай, зарим улсын гааль дээр чип нь уншдаггүй тохиолдол гардаг байсан. Харин сүүлд гарсан цахим паспорт нууцлалын зэрэг өндөр, хамгийн сүүлийн үеийн технологийг ашигласан. Мөн гадаад паспорт шинэчлэгдсэн мэдээллийг гаднын холбогдох байгууллагад өгсөн.
ГХЯ дээр шинэчилсэн паспорттой холбоотой гомдол ирээгүй" гэлээ.
Тиймээс паспортын шинэчлэлтэй холбоотойгоор ноот бичиг илгээгүйгээс болж, саатуулагдсан тохиолдол байхгүй бөгөөд иргэдээс гомдол ирээгүй гэдгийг онцолсон юм.
УБЕГ: ТУХАЙН ИРГЭД ХУУЧИН ПАСПОРТООРОО ТИЙЗ ЗАХИАЛСАН
Улсын бүртгэлийн ерөнхий газраас өгсөн мэдээллээр цахим хуудаст мэдээлэл нийтэлсэн иргэд тийзээ захиалахдаа хуучин өөр дээр байсан E дугаараараа захиалсан байсан. Тухайн иргэн эндээс явахдаа лавлагаагаа хуучин E сери дээрээ аваад явчихсан хүмүүс юм билээ. Харин PE серийн хувьд Гадаад харилцааны яамнаас паспортын шинэчлэлийн талаар мэдээллийг улс орнууд руу илгээсэн. Хэрвээ хүчингүй байсан бол огт хил нэвтрэхгүй шүү дээ. Хил нэвтрээд явж байхад үүсэн асуудал байгаа юм. Үүсээд байгаа асуудлаар хувь иргэнтэй холбогдож, асуудлыг тодруулна.
Тухайн иргэд гадаад паспортоо захиалчхаад тийзээ захиалсан байгаа юм. Гадаад паспорт захиалаад энд хэвлэгдсэн тохиолдолд PE сери нь паспортод бичигдэж явдаг. Гэтэл энэ хүмүүс хуучин E сери дээрээ тийз болон бичиг баримтуудаа захиалж, лавлагаа авсан.
Уг нь хэвлэгдсэн л бол хуучин E серийн паспорт хүчингүй болж шинэ PE сери нь мэдээллийн санд орж ирдэг. Манайх тухайн хүмүүстэй холбогдож байгаа. Ямар учраас Монгол Улсын иргэний баримт бичгийг хуурамч гэж олон нийтэд түгээсэн болохыг холбогдож, шийдвэрлэнэ.
Холбоотой мэдээ