Их Британийн хүнсний дэлгүүрүүдэд үнэ нь хямдарсан бараа бүтээгдэхүүн нэг ширхэг ч алга. Талх, сүү, бяслаг, элсэн чихэр, цай гээд өдөр тутмын хүнсний бүтээгдэхүүний үнэ 1977 оноос хойш хамгийн өндөр өсөлтийг үзүүлээд байна. Чеддар бяслаг, цагаан талх, гахайн махан хиам зэрэг зарим нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүний үнэ л гэхэд сүүлийн нэг жилийн хугацаанд зарим дэлгүүрт 80 хүртэл хувиар өсчээ. Энэ нь инфляцийн үндсэн түвшингээс найм дахин өссөн үзүүлэлт юм.
Элсэн чихрийн үнэ л гэхэд сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд байгаагүй дээд түвшиндээ хүрсэн буюу 42.1 хувиар өсчээ. Энэ нь Бразил, Энэтхэт цаг агаарын таагүй байдал нүүрлэж, ургац муудсантай холбоотой.
Амьжиргааны өртгийн хямрал эрчим хүчний үнийн өсөлтөөр эхэлж байв. Хий, цахилгааны үнийн өсөлтөөс улмаар дэлгүүрийн лангуу руу шилжээд буй нь энэ. Хүнс болон согтууруулах бус төрлийн ундааны инфляци 19.1 хувьд хүрсэн гэх өнгөрсөн долоо хоногийн мэдээ засгийн газрыг донсолгож байна.
Орлогынхоо дийлэнх хувийг хүнс болон бусад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнд зарцуулдаг дунджаас доогуур түвшний өрхүүдийн хувьд энэ нь асар ихээр нөлөөлөх юм. Амьжиргааны өртгийн хямралаас ч өмнө Их Британид 4.7 сая хүн хүнсний хямралд нэрвэгдсэн тул хүнсний банкуудад хандахаас өөр аргагүйд хүрээд байв.
Ерөнхий сайд Риши Сунак дараагийн сонгуулиас өмнө хийх таван үндсэн зорилтынхоо нэгээр инфляцийн бууралтыг нэрлэсэн. Тодруулбал, энэ онд инфляцийг хоёр дахин бууруулна гэж Сунак амлажээ. Гэвч Сунакын засгийн газар Британид нүүрлээд буй хүнсний хямралыг шийдвэрлэх гарц олсон шинж тэмдэг алга байна. Ерөнхий сайд супермаркет дахь бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс илүү бага эмч, сувилагч нарын цалинд санаа зовж байна.
Өнгөрсөн долоо хоногийн инфляцийн үзүүлэлтийг харахад амьжиргааны өртөгийн хямралын дахин нэг шинэ үе эхэлж байж болзошгүй байна.
Эрчим хүчний үнийн өсөлт тэнгэрт тулсан ч гэлээ нэмж өсөхгүй байгаа нь сайшаалтай. Гэсэн хэдий ч хүнсний бүтээгдэхүүний үнэ яг эсрэг чиглэлд явж байна. Тиймээс эрх мэдэлтнүүд шийдлийг эрж хайж, өрхүүдийг хэрхэн дэмжих вэ гэдэгт анхаарлаа хандуулах шаардлагатай болжээ. Их Британийн эрх баригчид хүнсний хангамжийн сүлжээг төдийлөн анхаардаггүй гэж үзэж байна.
Хүнсний үнийн өсөлтийн гол шалтгаан нь дайнаас болж бордоо, улаан буудай, ургамлын тос зэрэг гол түүхий эд тасалдсантай холбоотой. Сүүлийн саруудад хүнсний бүтээгдэхүүний бөөний үнэ огцом унасан. Гэсэн ч тариаланчид болон хүнс үйлдвэрлэгчид урт хугацааны тогтмол гэрээгээр худалдан авалт, борлуулалтаа хийж байгаа нь энэ салбарыг аврахад улам хэцүү болж байгаа аж.
Их Британийн банк инфляцийг барьж чадаагүй, дандаа буруу таамаглал гаргасан гэх шүүмжлэл байдаг. Газарзүйн хувьд ойрхон, эрүүл ахуйн чанар стандарт нь өндөр, түргэн шуурхай зэрэг хүчин зүйлээс хамаараад Их Британийн хувьд хүнсний бүтээгдэхүүнээ Европын холбооноос импортлох нь хамгийн зөв сонголт байдаг. Гэтэл Европын холбооноос импортлохгүй бол хүнсний үнэ 20 хувиар буурна гэж Британийн улстөрч Жэйкоб Рийс Могг таамагласан нь алдаатай байсан.
Угтаа бол аливаа өөрчлөлтийг үл харгалзан британичуудын хэрэглэж буй хүнсний бүтээгдэхүүний тэн хагас нь дотоодын үйлдвэрийнх байдаг аж. Гэвч засгийн газар дотоодын үйлдвэрлэлээ дэмжих тал дээр зохистой арга хэмжээ авахгүй байгааг тариаланчид хэлж буй. “Brexit” нь ажиллах хүчний хомсдлыг улам бүр нэмэгдүүлсэн. Тодруулбал, улирлын чанартай хөдөө ажиллах хүч, чадварлаг боловсон хүчин Их Британид дутагдалтай байгаа бөгөөд засгийн газар энэ асуудалд анхаарлаа хандуулах хэрэгтэй гэж хүнс үйлдвэрлэгчид үзэж байна.
Их Британиас гадна Герман, Швед зэрэг оронд ч хүнсний үнэ өндөр байна. Үндсэндээ Европын холбооны орнуудад хүнсний үнэ ижил түвшинд өсч байгаа гэхэд болно.
Дайны хажуугаар дажин гэгчээр тариаланд нөлөөлсөн эрс тэс цаг агаар, урьд хожид тархаж байгаагүй өргөн цар хүрээтэй шувууны ханиад, супермаркетуудын үнийн хөөрөгдөл, хүнс үйлдвэрлэгчдийн ашиг хонжоо хайсан хандлага зэрэг зүйл Их Британи дахь хүнсний хямралын асуудлыг улам хурцатгаж байна.
Сайн мэдээ гэвэл НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын индекс оргил үеэсээ 32.8 пунктээр буурчээ. Энэ мэтчилэн дэлхийн хэмжээнд хүнсний бөөний үнэ харьцангуй буурч байгаа тул Их Британид ч бас удахгүй буурна гэж найдаж байна.
Эх сурвалж: THE GUARDIAN