С.Бямбацогт: Миний дүү нарын ажил амьдралыг надтай холбох шаардлагагүй

Хуучирсан мэдээ: 2023.04.24-нд нийтлэгдсэн

С.Бямбацогт: Миний дүү нарын ажил амьдралыг надтай холбох шаардлагагүй

С.Бямбацогт: Миний дүү нарын ажил амьдралыг надтай холбох шаардлагагүй

ЗТХ-ийн сайд С.Бямбацогт өнөөдөр /2023.04.24/-ний өдөр мэдээлэл хийлээ.


Тэрбээр "Намайг нэр бүхий хүмүүс холбогдох байгууллагаар шалгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлж мэдээлэл хийлээ. Шалгуулж, хардаж, шүгэл үлээж болно. Хамгийн гол нь захиалгатай хүнийг гүтгэж, хууль бус , буруу ташаа мэдээлэл тарааж болохгүй. Олон жил яригдаж, улиг болсон зурагдсан пянз шиг сэдвээр намайг харлуулж, гүтгэж, мэдээлэл өгч байгаад харамсаж байна.

Тухайлбал, намайг ЗТХ-ийн сайдаар томилогдоод зарим авиа компаниудад давуу эрх олгосон гэх асуудал яригддаг. Харин ч сайдаар томилогдоод өмнө нь сайд дангаараа шийддэг, хүлээгддэг, гацдаг байсан агаарын нислэгийн томилгоог лебиралчилсан. Үүний үр дүнд олон чиглэлд нисэх боломжтой болсон. Гадаадын нислэгийн үнэ тариф ч хямдарсан. Түүнчлэн дотоодын нислэгийг сэргээх тал дээр Монгол Улсын Засгийн газар анхаарч ажиллаж байгаа. Магадгүй хоёр компани нислэг үйлддэг байсныг нэг болгосон бол би хэн нэгэнд давуу эрх олгосон болж таарна. Гэтэл дотоодод нислэг үйлддэг хоёрхон компани байсныг дөрөв болгож тоог нь нэмэгдүүлж, тарифыг нь бууруулах бодлого баримталж байна. Гэтэл "Аэро Монголиа", "Хүннү эйр" гэсэн компанид давуу эрх олгосон гэж мэдээллийг мушгин гуйвуулж байна.

Хоёрдугаарт, намайг "Говь", "Гоёо" компаниудад хувьцаа эзэмшдэг. "Говь" компанийг Хөгжлийн банкнаас зээл авахад нөлөөлж, дэмжлэг үзүүлсэн гэпэг асуудал ярьж байгаа. Говь компани 22500 гаруй хувьцаа эзэмшигчтэй түүний нэг нь би. Тухайн компани Хөгжлийн банкнаас зээл авахад би нөлөөлөх боломжгүй. Өмч хувьчлалын үеэс цэнхэр, ягаан тасалбарын хувьцаатай. Түүнийгээ эзэмшээд явж байгаа.  "Эрдэнэс Тавантолгой" компани хоёр сая гаруй  хувьцаа эзэмшигчтэй. Түүний нэг нь би. Иргэн бүр 1072 хувьцаа эзэмшдэг. Тус компани зээл авахад хувьцаа эзэмшигч бүр нь нөлөөлдөг гэж болохгүй.  Мөн Хөгжлийн банкнаас цементийн үйлдвэрийн зээл авахад нөлөөлсөн гэж байна. Ховд аймагт баруун таван аймгийг цементээр хангах үйлдвэр ашиглалтад орсон. Хөгжлийн банкны шалгалтаар  тус банкнаас авсан зээлүүдээс хамгийн чанартай, зориулалтын дагуу зарцуулсан, ямар нэгэн байдлаар хууль зөрчөөгүй зээл байна гэдгийг нотолсон. Хэрэв би нөлөөлсөн бол хамгийн өндөр хүүтэй, хамгийн хүнд нөхцөлтэй зээл авахгүй байсан. Нийт санхүүжилтийн 30 хувийг зээлээр, 70 хувийг хөрөнгө оруулах компаниуд санхүүжүүлээд  барьсан. Тус цементийн үйлдвэр баригдснаар баруун бүсийн цементийн үнэ Улаанбаатар хотод борлуулагдаж байгаа үнээс ч хямд байна.  Энэ бүтээн байгуулалт баруун бүсийн иргэд орон сууцанд амьдрах, хашаа байшингийн үнэ буурахад нөлөөлөх үр дүнтэй бүтээн байгуулалт болсон.

Баруун бүсийн бахархал болсон бүтээн байгуулалтыг харлуулж байгаад харамсаж байна.

Дараагийн асуудал бол Чойрын дэд станц концессийн гэрээтэй холбоотой асуудлыг ярьж байна. Н.Алтанхуягийн Засгийн газрын үед буюу 2014 концессийн тендер зарласан. Монгол Улсын өмнөд бүсийг Төв, Дорноговь, Дундговь, Өмнөговь, Хэнтий аймгийг эрчим хүчний дутагдлаас гаргаж, эрчим хүчний найдвартай хангамжаар хангахын тулд төрд мөнгө байхгүй учраас хувийн хэвшлийнхэн өөрийнхөө хөрөнгөөр бариач ээ гэсэн санал тавьсан. Уг саналыг БНХАУ-ын хоёр, Монголын нэг компани буюу миний хамаарал бүхий компани гэгддэг “Алтай трест” компани хүлээж авч гүйтэтгэсэн байдаг. Ингээд 2014 оноос хойш хоёр жил гаруйн хугацаанд тендер шалгаруулалт нь явагдаад 2016 онд гэрээ хийгдэж 2017,2018 онд ажлаа хийж дуусгаад санхүүжилтыг нь авсан. Энэ асуудлаар би өөрийгөө холбогдох байгууллагуудад шалгуулсан.  АТГ-аас 2022.08.28-ны өдөр Хөгжлийн банкнаас цементний үйлдвэр барихаар авсан зээлд С.Бямбацогт хамааралгүй гэдгийг шалгаж тогтоосон. Мөн 2017 оны есдүгээр сард АТГ болон Улсын прокурорын газарт гомдол гаргаж концессийн гэрээнд холбоотой байгаа эсэхээ шалгуулахад УЕП-оос 2017 онд хэрэг бүртгэл нээхээс татгалзах тухай шийдвэр гаргаж ямар ч нөлөөгүй гэдгийг тогтоосон. Үндсэндээ холбогдох байгууллагуудаас аль хэдий нь шалгаад холбогдолгүй гэдгийг нь тогтоочихсон улиг болсон асуудлаар намайг гүтгэж байна гэв.

Би зургаан дүүтэй. Айлын том хүүхэд. Зургаан дүүгээс нэг нь төрд ажиллаж байна. Тав нь хувийн хэвшилд ажиллаж байгаа. Тэд хүн юм чинь хууль зөрчихгүй, хулгай хийхгүй ажил амьдралаа аваад явж байгаа. Тэдний үйл ажиллагааг надтай холбох гээд байх нэг их шаардлагагүй юм. Улс төрчийн хамаарал бүхий этгээд гэхээрээ төрд ажиллаж болохгүй, эсвэл хувийн хэвшилд бизнес эрхэлж болохгүй гэдэг байж таарахгүй. Үндсэн хуулиар олгогдсон хүний эрх гэж бий. Энэ эрхийг хамаагүй хязгаарлаж болохгүй. Тэр хүмүүсийн явуулж байгаа үйл ажиллагааг надтай холбож харлуулж болохгүй. Би дүү нарыгаа “Тендерт битгий ор. Надтай холбоод ажиллаж болохгүй байна” гэдгийг байнга ярьдаг.

Сүүлийн таван жилийн хугацаанд надтай хамаарал бүхий этгээд болох дүү нар минь төртэй холбоотой бизнес хийсэн зүйл байхгүй.

Төрөөс нэг ширхэг ч тендер аваагүй. Тендерт орох эрх нь нээлттэй ч ах нь улстөрч учраас аваагүй. Намайг УИХ-ын гишүүн болохоос өмнө барилга байгууламж, авто замын тендерт оролцдог байсан. Одоо оролцохоо больсон. Гэтэл энэ бүхнийг нийлүүлж байгаад 50 гаруй тэрбум төгрөгийн тендерт оролцсон байна гэх мэт 10 жилийн өмнөх асуудлыг гаргаж ирж ярьж байгаа. Энэ асуудлыг 2015 онд шалгуулж байсан. Бүх зүйлийг баримтаар харуулж няцаалт хийлээ. Санаатайгаар гүтгэж, харлуулахаа одоо зогсоо гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж