Шведийг НАТО-д элсэхийг эсэргүүцэн жагсчээ

Хуучирсан мэдээ: 2023.04.24-нд нийтлэгдсэн

Шведийг НАТО-д элсэхийг эсэргүүцэн жагсчээ

Шведийг НАТО-д элсэхийг эсэргүүцэн жагсчээ

Шведийг НАТО-д элсэхийг эсэргүүцэн тус улсын зарим иргэн Бямба гаригт жагсчээ. Жагсаал нийт 17 хотод болсон бөгөөд Стокгольмд л гэхэд 100 орчим жагсагч цугларчээ.

"НАТО бол АНУ-ын дайны машин гэдгээс өөр юу ч биш. Өөрсдийнхөө хэлдэг шиг хамгаалалтын холбоо биш. Энэ бол АНУ-ын хүсэл зоригийг биелүүлдэг байгууллага" гэж нэгэн жагсагч хэлжээ. Шведийн энх тайван, арбитрын нийгэмлэг тэргүүтэй хэд хэдэн байгууллага, улс төрийн намууд жагсаалд оролцсон. Тэд "НАТО-г эсэргүүцэж байна. Цөмийн зэвсгийг эсэргүүцэж байна" гэсэн уриа лоозон барьжээ.

Жагсагчид НАТО-оос гадна "Аврора 23" цэргийн сургуулилалтыг эсэргүүцэв. АНУ, Их Британи, Польш, Норвеги, Эстони, Латви, Литва, Дани, Австри, Герман, Франц, Финланд, Украин гээд нийт 14 орны 26 мянга гаруй цэрэг оролцсон цэргийн сургуулилалтыг дөрөвдүгээр сарын 17-ноос тавдугаар сарын 11-ний хооронд Швед зохион байгуулж байна. Энэ нь сүүлийн 25 жилд зохион байгуулаагүй томоохон цэргийн сургуулилалт юм. "Аврора 23" гэх мэт цэргийн сургуулилалт нь Швед улс НАТО-той улам бүр эвсэж байгааг илэрхийлнэ гэж жагсагчид үзэж байна.

Өөр нэгэн жагсагч "Швед улс төвийг сахисан нь илүү дээр. Шведийн нийгэм, ардчилал, соёлд энэ нь илүү дээр. НАТО бол дайны холбоо учраас Шведийг хүсээгүй мөргөлдөөнд татан оролцуулж ч магадгүй. НАТО-ийн гишүүн болох нь Шведийн татвар төлөгчдөд халтай. Боловсрол, эрүүл мэндийн системд зориулах зардлыг танаж байж батлан хамгаалахын зардлыг өсгөнө гэсэн үг" гэж хэлжээ.

Түүнчлэн Швед улс НАТО-ийн гишүүн болсон тохиолдолд цөмийн зэвсгийн агуулах зорилгоор ашиглагдаж магадгүй гэж жагсагчид үзжээ. "Швед улс нь эртнээс нааш цөмийн зэвсгээс ангижрахын төлөө байсан. НАТО-ийн гишүүн болчих юм бол улстөрчид шийдвэрээ эргэн харах шаардлагатай болж магадгүй" гэж нэгэн жагсагч хэлэв.

Шведүүдийн олонх нь НАТО-д элсэхийн эсрэг байр суурьтай байсан ч Орос, Украины дайнаас хойш энэ үзэл баримтлал нь харьцангуй өөрчлөгджээ. Тодруулбал, шведүүдийн 53 хувь нь НАТО-д элсэхийг дэмжиж байгаа нь өнгөрсөн оны тавдугаар судалгаагаар тодорхой болсон байна. Энэ тоо арваннэгдүгээр сард 67.8 хувь болж нэмэгдсэн. Гэсэн хэдий ч олон дунд цэргийн эвслийн гишүүн байх нь сөрөг үр дагавартай гэж санаа зовж буй хүн цөөнгүй байна.

Эх сурвалж: XINHUA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж