Сургууль, цэцэрлэгийн хүрэлцээгүй байдал улаанбаатарчуудын “шүдний өвчин” болоод удаж буй. Эцэг эхчүүд хүүхдээ цэцэрлэгт бүртгүүлэхээр хонон өнжин дугаарладаг байсныг болиулж, цахим бүртгэлд шилжсэн. Энэ нь цэцэрлэг, сургууль хангалттай болсон гэсэн үг биш юм. Өнгөрсөн жилийн өдийд Улаанбаатар хотын хэмжээнд цэцэрлэгийн насны 148 мянган хүүхэд амьдарч байна. Үүнээс 73 хувь нь цэцэрлэгт хамрагдаж, үлдсэн 27 хувь цэцэрлэгт хамрагдаж чадалгүй үлдсэн байдаг.
Хүүхдээ харьяаллын дагуу гэртээ ойр сургууль, цэцэрлэгт хамруулахаар нүдээ ширгэтэл хүлээж буй эцэг, эхчүүд ч цөөнгүй. Гэтэл улсын төсвийн хүндрэлтэй холбоотойгоор он дамнан баригдаж байгаа ч ашиглалтанд орохгүй хойшилсоор байгаа сургууль, цэцэрлэгийн барилга олон байна. Учрыг нь захиалагч талаас тодруулбал “Төсөв мөнгө байхгүй” гэх. Харин барилгын гүйцэтгэгч компаниудтай холбогдоход “Санхүүжилтийг нь шийдвэл гэрээний хугацаанд ашиглалтанд оруулах боломжтой” гэдэг хариултыг өгөх аж.
Нэг дүүргийн жишээ татвал, Хан-Уул дүүрэгт 2023 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн зургаан сургууль, есөн цэцэрлэгийн төсөвт өртөг 62.556 сая төгрөг. Харин энэ онд санхүүжих дүн ердөө 16.124 сая төгрөг буюу 25,7 хувь болж байна. Иймд эдгээр цэцэрлэг, сургуулиуд 2023 онд ашиглалтад бүрэн орж, үүд хаалгаа нээхгүй нь ээ.
“ТӨСВИЙН ТОДОТГОЛООР 540 ТЭРБУМЫН САНХҮҮЖИЛТ 340 ТЭРБУМ ТӨГРӨГ БОЛТЛОО БУУРСАН”
Энэ талаар Боловсролын ерөнхий газрын Хөрөнгө оруулалтын хэрэгжилт, зохицуулалтын газрын ахлах мэргэжилтэн Н.Амарбаяраас тодруулав. Тэрбээр “Улсын төсөв хүндрэлтэй байгаа. Хоёр ч удаа тодотгол хийж, нийт 540 тэрбум төгрөгийн санхүүжилт 340 тэрбум төгрөг болтлоо буурсан. Жишээ нь Хан-Уул дүүргийн 20 дугаар хороонд барьж буй 240 ортой цэцэрлэгийн барилгад энэ онд улсаас 100 сая төгрөг тусгасан байна. Ийм бага санхүүжилттэй учраас 2024 оны төсөвт нэмэлт санхүүжилтийг тусгахаар байна. Ирэх жилийн төсөвт үлдэгдэл санхүүжилтийг тусгах саналыг Сангийн яаманд хүргүүлсэн. Одоо хийж буй сургууль, цэцэрлэгийн барилгуудаас 2024-2025 онд шилжих 96 төсөл байна..” гэдэг мэдээллийг өглөө.
Сангийн яамнаас 2023 оны төсөвт шинэ хөрөнгө оруулалт эхлүүлэхгүй өмнөх онуудад эхлүүлсэн хөрөнгө оруулалтаа дуусгах бодлого барьснаар 2023 онд нийт төслийн 78 хувийг ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Үүнд, 86 сургууль, 36 дотуур байр, 103 цэцэрлэг, 62 эмнэлгийн барилга ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байдаг. Гэвч бодит байдал дээр үүнээс олон сургууль, цэцэрлэгийн барилга цагтаа ашиглалтад орохгүй байх магадлалтай.
“БАРИЛГЫН АЖИЛ СААДГҮЙ ҮРГЭЛЖЛЭХ БОЛОМЖТОЙ Ч САНХҮҮЖИЛТГҮЙ АЖЛУУД БАЙНА”
Хан-Уул дүүрэгт улсын төсвийн хөрөнгөөр барьж буй нийт 300 хүүхдийн ортой 71, 145 дугаар цэцэрлэгийн хоёр барилга санхүүжилтгүйн улмаас барилгын ажил нь зогсчээ.
Энэ талаар тус дүүргийн Төлөвлөлт, гүйцэтгэл, удирдлагын хэлтсийн дарга Л.Отгонбаяраас тодруулахад “Энэ жил хоёр цэцэрлэгийн барилга барих төсөв нь бүрэн тусгагдаагүй. Гэхдээ барилгын гүйцэтгэгч компани боломжоороо ажлаа хийж байгаа ч энэ жилдээ багтаж ашиглалтад орох боломжгүй байна. Зарим сургууль, цэцэрлэгийн барилгын санхүүжилт нь бага төсөвлөснөөс ирэх 2024 оны төсөвт нэмж тусгахаас өөр аргагүй байдалтай байна. Захиалагч тал буюу Боловсрол, шинжлэх ухааны яам гүйцэтгэгч компанитай тохиролцон, ажлаа гүйцэтгэж, ирэх 2024 онд санхүүжилтээ авах боломжтой.
Гүйцэтгэгч компанид санхүүгийн нөөц бололцоо байвал барилгын ажлаа хийж дуусгаж болно. Төсвийн хүндрэлтэй холбоотойгоор зарим нэг барилгын санхүүжилтийг бүрэн тусгаж чадаагүй. Энэ оны улсын төсвийг батлахдаа хуучин баригдсан барилгуудаа барьж дуусгах бодлогоор төсөв баталж, бүрэн биш 78 хувь нь дуусгахаар болсон. Үлдэгдэл 20 гаруй хувьд нь ганц нэг сургууль, цэцэрлэгийн барилга орж, ажил нь дуусалгүй үлдэж байгаа. Барилгын ажил нь саадгүй үргэлжлэх боломж бүрдсэн хэдий ч төсөвт тусгаагүй ажлууд байгаа” гэв.
Хан-Уул дүүрэгт өдрөөс өдөрт хүн ам өсөн нэмэгдсээр 239.035 хүн амтай, 64.071 өрхтэй болсон байна. Үүнийгээ дагаад байшин хороолол, барилга байгууламж нэмэгдэж, сургууль, цэцэрлэгийн хүртээмжний асуудал нэн тэргүүний тулгамдсан асуудлын нэг болсон.
ЭНЭ ОНД 31 СУРГУУЛИЙН БАРИЛГА, 29 ЦЭЦЭРЛЭГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Боловсролын ерөнхий газрын мэдээллээр 2023 оны улсын төсөвт шинээр барилга байгууламж барих төсвийг огт тусгаагүй. Нийтдээ 399 барилгын төсөлд 1.6 их наяд төгрөгийн төсөв баталсан. Үүнээс санхүүжилт нь 529.8 тэрбум төгрөг байна. Үүнээс 368 барилга байгууламж, 21 их засвар, 16 тоног төхөөрөмж, нэг техник эдийн засгийн үндэслэл гэсэн юм.
Өнгөрсөн 2022 оны улсын төсөвт нийт 77 барилга байгууламжийг ашиглалтад оруулсан. Үүнээс 23 сургууль, 33 цэцэрлэг ашиглалтад орсон байна. Бусад нь спорт заал, дотуур байр болон тохижилтын ажлууд гэсэн үг.
Харин 2023 онд тоо нь буурчээ. Нийт 74 барилга байгууламж ашиглалтад оруулахаар төлөвлөснөөс 31 сургуулийн барилга, 29 цэцэрлэг ашиглалтад оруулахаар ажиллаж байна гэдгийг албаныхан онцлов.
“Энэ жил ашиглалтад оруулахаар төлөвлөж буй 74 барилга байгууламжийн төсвийг 2023 оны улсын төсөвт тусгасан. Одоо байгаа санхүүжилтээр ашиглалтад орох бүрэн боломжтой. Зарим нь 2018 оноос эхтэй төслүүд ч байгаа. Цар тахлын нөхцөл байдлаас хамаарч 2019, 2020, 2021 онд барилгын салбарын компаниуд үнийн өсөлт, тээвэр ложистикийн хүндрэлд орсон. Гэхдээ УИХ-ын 88 дугаар тогтоолоор нийтдээ 196 төсөл арга хэмжээнд бараа материалын өсөлтийг олгож байна. Ингэснээр ямар ч байсан барилгын материалын зөрүүг авч чадаж байгаа” гэдэг тайлбарыг Боловсролын ерөнхий газрын Хөрөнгө оруулалтын хэрэгжилт, зохицуулалтын газрын ахлах мэргэжилтэн Н.Амарбаяр өглөө.
Иргэдийн амьдралд тулгамдаж буй чухал асуудлыг улсын төсвөөр шийдэж чадахгүй бол авлига, албан тушаалын хэргээр хурааж авсан мөнгөөр шийдье гэдэг саналыг ч зарим эцэг, эхчүүд хэлж байна.
Холбоотой мэдээ