МАН: Цалин, тэтгэвэр нэмэх судалгааг яаравчлахыг үүрэгдэв

Хуучирсан мэдээ: 2023.04.24-нд нийтлэгдсэн

МАН: Цалин, тэтгэвэр нэмэх судалгааг яаравчлахыг үүрэгдэв

МАН: Цалин, тэтгэвэр нэмэх судалгааг яаравчлахыг үүрэгдэв

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдрийн /2023.04.24/ хуралдаанаараа цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх шаардлага үүссэн гэж үзжээ.  Энэ асуудлаар Хөдөлмөрийн нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа мөн танилцуулга хийсэн юм байна.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн энэ талаар “Өнгөрсөн жилүүдэд Засгийн газар төрийн албаныхны цалин хөлсийг нэмэгдүүлсэн ч ялгавартай нэмсэн. Үүнээс болж зөрүү их үүссэн. Тэр дундаа улс төрийн бага тушаалын албан хаагч, төрийн нийтлэг үйлчилгээний алба, соёлын салбарынхны цалин бусад төрийн албан хаагч нарын цалингаас их доогуур байгааг анхаарч, зөрүүг багасгах. Хоёрдугаарт, инфляцтай уялдуулж цалин, тэтгэврийг нэмэх шаардлага үүсч байгаа. Гуравдугаарт, салбар хооронд цалингийн зөрүү их байгааг өөрчлөх шаардлагатай гэж үзсэн. Энэ асуудлыг Засгийн газар судалж, оруулж ирэх ёстой. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан ажлын хэсэг цалин хөлс нэмэгдүүлэх чиглэлээр судалгаа хийж буй юм билээ. Тиймээс энэ асуудлыг яаралтай судалж, бүлэгт танилцуулахыг чиглэл болгосон.

Дөрөвдүгээрт, Засгийн газар цалин, тэтгэвэр нэмэхэд хөрөнгийн эх үүсвэр ямар байна вэ, хэзээнээс нэмэх боломжтой вэ гэдгийг судалж, УИХ-д оруулж ирнэ” гэлээ.

УИХ Засгийн газраас өргөн мэдүүлсэн Төмөр замын тээврийн тухай болон хамт өргөн мэдүүлсэн төслийг хэлэлцэж байгаа бөгөөд ажлын хэсгийг ахалж ажиллаж буй УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ мэдээлэл хийлээ.

Тэрбээр “УИХ-аар Төмөр замын тээврийн тухай /шинэчилсэн найруулга/  болон хамт өргөн мэдүүлсэн төслүүдийг хэлэлцэж байна.  Төмөр замын салбарт анх  1946 онд хэлэлцээр хийгдэж, 1949 онд анхны төмөр зам баригдсан. Түүнээс хойш монголчууд төмөр замын үйлчилгээг авч эхэлсэн түүхтэй.  Харин Төмөр замын хууль нь 2007 онд анх батлагдсан. Уг хуулийг шинэчлэх зайлшгүй шаардлага үүссэн. Зах зээл нь ч өөр болсон, өрсөлдөөн ч бий болсон, төр, хувийн хэвшлийн аж ахуй нэгж ч олон болсон.

Хуульд орж байгаа нэг том өөрчлөлт нь, төмөр замын суурь бүтэц эзэмшигч, төмөр замын тээврийн үйл ажиллагаа эрхэлж байгаа компани нь тусдаа байхаар зааж өгсөн. Хуульд орж байгаа энэхүү өөрчлөлтийг дагаад “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг нь тээвэрлэгч болон суурь эзэмшигч байхаар болж хоёр компани болж хувирах ёстой.  Өрсөлдөөн нээлттэй байх, зах зээлийн үед тэгш хүртээмжтэй байх зохицуулалт тусгасан.

Монгол Улс 1900 орчим км төмөр замтай байсан. Сүхбаатараас- Замын-Үүд хүртэлх гол магистрал төмөр зам байсан.  Сүүлийн жилүүдэд  Тавантолгойгоос-Зүүн баян, Тавантолгойгоос-Гашуун сухайт,  Зүүн баян-Хангийн төмөр замыг барьснаар шинээр 897 км төмөр замтай болсон.  Одоогоор нийтдээ 2800 гаруй км төмөр замтай болсон.

Энэ хуульд нэн тэргүүнд  төр болон хувийн хэвшлийн төмөр замын харьцааг уялдуулах ёстой. Зам тээвэр хөгжлийн яамны харьяа Төмөр замын агентлаг бий болно. Агентлаг нь төмөр зам хоорондын харьцааг зохицуулах  хууль болон бусад хэрэгжилтийг хянаж явна.

Австрали улсад нэг чиглэл рүү таван компани таван зам тавьсан асуудал байдаг. “Энэ замыг би өөрийн хөрөнгөөр тавьсан учраас өөр компаниар тээвэр хийлгэхгүй” гэдэг асуудал үүссэн байдаг. Тийм учраас энэ уялдааг зохицулах шаардлагатай гэж үзэн, агентлаг байгуулахаар зааж өгсөн.

Монголын төмөр замыг хөгжүүлээд явж байгаа. Шинэ компани үүсээд нэлээд хэдэн жил болчихлоо. Гэтэл Монголын төмөр зам дээр байгаа хөдлөх бүрэлдэхүүнийг Улаанбаатар төмөр зам тээвэрлэлт хийлгээгүй. “Машинис нь шаардлага хангаагүй, Тээврийн хөдлөх бүрэлдэхүүн нь стандарт хангаагүй, Манай зам дээгүүр явах шаардлага хангаагүй” зэргээр хааж боосон зүйл гарсан. Урьд өмнө нь Улаанбаатар төмөр зам гэдэг ганцхан суурь эзэмшигч компани байсан бол өнөөдөр дөрвөн суурь ээзмшигч компанитай болсон. Төмөр замын тээврийн үйл ажиллагаа эрхэлж байгаа 4-5 компани шинээр бий болсон.

Одоогоор 12 мянга гаруй хөдлөх бүрэлдэхүүн бүртгэлтэй байгаагаас 50 орчим хувь нь хувийн хэвшилд харьяалагддаг.  Тэгэхээр төр болон хувийн хэвшлийн тээврийн үйл ажиллагаа явуулах, эрх тэгш явуулах зэрэг томоохон зохицуулалт орж ирсэн. Нэн тэргүүнд тээвэрлэлтийн тарифыг зохицуулах асуудал орсон.  Улаанбаатар төмөр замын тээврийн тариф буюу нүүрсний тээвэр дээр төр хязгаарлалт тавьж ирсэн.

Тээврийн үнийг нэмбэл эрчим хүчний үнэд нөлөөлнө гэдэг утгаар тарифыг барьж байдаг. Тиймээс энэ хуульд төмөр замын тарифын аргачлалыг тухайн төмөр замын асуудал хариуцсан сайд батлахаар, тарифыг тухайн төмөр замын байгууллага гаргаж өгнө. Тариф нь бодитой юу гэдгийг төрийн захиргааны байгууллага буюу тарифын зөвлөл хянана. Орон тооны бус тус тарифын зөвлөл нь судалгаа хийх, дүгнэлт гаргах эрх үүрэгтэй ажиллах юм. Өөрөөр хэлбэл, хэн нэгэн монофоль эрх эдлэхгүй, хэн нэгэн нь хааж боохгүй, тарифыг өндөр өсгөхгүй гэсэн зөвлөмж гаргаж өгнө.

Төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд төмөр зам барьж байгаа. 1 км нь 1.5 сая ам.доллараар баригдсан. Зах зээлийнх нь үнэ 2-3 сая ам.доллар хүрч байгаа, түүнээс дээш ч байгаа. Төмөр замыг концессоор барьсан тохиолдод тухайн тарифаа нэмэхгүй байх, концесс эзэмшигч нь оруулсан хөрөнгөө олж авахын тулд тээвэр хийх боломжийг нь нээх, концессын үйл ажиллагаа хийхэд нээлттэй байх талаар нь хуульд зааж өгсөн.

Баруун босоо төмөр зам, зүүн тийшээ явсан төмөр замын асуудал яригдаж байна. Уул уурхайн компаниуд бүтээгдэхүүнээ экспортод гаргадаг төмөр зам нээх бололцоо ч бий. Энэ бүхнийг зохицуулсан хууль УИХ-аар  хэлэлцүүлээд явж байна” гэлээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
3
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж