Монголын ХАР ХАЙРЦАГ!

Хуучирсан мэдээ: 2023.04.24-нд нийтлэгдсэн

Монголын ХАР ХАЙРЦАГ!

Монголын ХАР ХАЙРЦАГ!

Монгол, Польш  олон зүйлээрээ адилхан. Газар нутгийн байршлын  их гүрнүүдийн геополитикийн түшиц газар болдгоороо хоёр улсын туулсан түүх, амссан зовлон ижилхэн. Нэгэн цагт ЗХУ-аас де-юре хамааралтай явсан хоёр улс нэг жилийн наана, цаана социалист системээс ардчилсан тогтолцоонд шилжсэн байдаг.

Газар зүйн байршлаараа Польш нь төв Европт, Монгол нь төв Азид оршдог. Үүх, түүх талаасаа монголчууд манжийн дарлалд 200 жилийг,  польшууд Австри-Унгарын эзэнт гүрний эрхшээлд 150 гаруй жилийг өнгөрөөсөн байна. Польш улс дэлхийн нэгдүгээр дайны дараа тусгаар тогтнолоо эргүүлэн олж авсан ч, харамсалтай нь  дэлхийн II  дайны өмнө тус улсыг Герман, Орос тохиролцооны дагуу хуваан эзэлсэн байдаг. Харин  1945 онд ЗХУ-ын нөлөөнд орсноор Польш коммунист засаглалд 44 жилийг үджээ.  Тэгвэл Монгол нь ЗХУ-ын үед де юре улс явсан, 1990 онд ардчилал ялах хүртэл  Москвагаас  монголчуудыг удирддаж ирсэн.

Хорьдугаар зуунд социалист улс байсан Польш, Монгол XXI зуунд парламентын засаглалтай, ардчиллыг алтан гадас хөгжлийн зүгээ чигээ болгож явна. 1989 онд Польш улс коммунист дэглэмээ халж, шинэ Үндсэн хуультай болсноос яг нэг жилийн дараа Монголд ардчилсан хувьсгал ялж байсан аж. Ингэхдээ монголчууд польшчуудаас суралцаж, тэндхийн ардчиллыг үлгэр жишээ болгож ирснийг Варшавын их сургуулийн монгол хэлний тэнхимийн багш, монгол судлаач Ян Рогала 2019 онд baabar.mn-д өгсөн ярилцлагадаа онцолсон байна. Сонирхуулахад, Польшийн эв санааны нэгдлийн төлөөлөгчид 1990 оны зун Монголд ирж, ардчилсан хөдөлгөөнийхөнд туслаж байсан гэх. Социализмын үед ч  Польштой тогтоосон дипломат харилцаа нь монголчуудын нүдийг нээж, Европын соёл, иргэншлээс суралцахад нь багагүй нөлөөлсөн гэдэг.

Социалист системээс ардчилсан тогтолцоонд шилжиж, эдийн засаг нь ижилхэн ганзагын наймаан дээр  боссон ч, 1990 оноос хойш Польш асар хурдацтай хөгжиж, дэлхийн хамгийн аюулгүй, амьдрахад тааламжтай улсын нэг болж чаджээ. Харамсалтай нь, Азийн ардчиллын баян бүрд гэгдэж явсан Монгол Улс нэг гараанаас хөдөлсөн атал агаарын бохирдлоороо дэлхийд нэгд, ардчиллын индексээр дэлхийд 77-д жагсч байна.

Социалист орон байхдаа эхлүүлсэн дипломат харилцаа нь 73 жилийн түүхтэй Польшийн Ерөнхийлөгч Анджей Дуда гэргийн хамт Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Улаанбаатарт зочилж буй агаад энэ нь Төрийн тэргүүний хүрээнд хийж буй арван жилийн дараах айлчлал юм.

Улс төрийн харилцаа  нь хэвийн хөгжиж буй хэдий ч эдийн засгийн хамтын ажиллагаа нь царцмал, 1950 оноос хойш хоёр улсын худалдааны эргэлт өнгөрсөн 2022 оны байдлаар 98.3 сая ам.долларт болж өссөн нь чамлахаар үзүүлэлт. Польшоос Монголын зах зээлд нийлүүлдэг голлох экспорт нь машин механизм, тавилга, жимс, жимсгэнэ, хүнсний болон гоо сайхны бүтээгдэхүүнүүд бол Монголоос тус улс руу экспортолдог голлох бараа нь ноос, ноолуурыг тус улс руу нийлүүлж байна.

Өнгөрсөн 2022 онд Польшийн гадаад хэргийн сайд Монголд айлчлахдаа "Тавантолгой" ДЦС, түүний дэд бүтцийн бүтээн байгуулалтад хамтран ажиллах ямар боломж байгааг сураглаж байсан. Тэгэхээр Засгийн газраас зарласан Шинэ сэргэлтийн бодлогод тусгагдсан дэд бүтэц, эрчим хүчний төслүүдэд Польшоос хөрөнгө оруулалт татах боломж бидэнд, хөрөнгө оруулалт хийх тэдэнд хүсэл тэдэнд байна гэсэн үг. Статистикаас харвал Монголын мянга гаруй иргэн тэнд, Польшийн 27 иргэн энд ажиллаж амьдардаг байна.

Энэхүү айлчлал нь эдийн засгаас гадна эмзэгшиж буй ардчиллын хувьд ихээхэн ач холбогдолтой, Орос-Украины дайнд түдгэлзсэн байр суурьтай явж ирсэн Монголд НАТО-гийн гишүүн орны төрийн тэргүүн ирж байгаа нь гадаад харилцааны хувьд нэр төрийн хэрэг юм.

Орос-Украины дайнд Монгол Улс  төвийг сахисан байр сууринаас хандаж ирсэн бол Польш нь  НАТО-гийн гишүүн орнуудаас Украинд зэвсэг нийлүүлсэн анхны улс болж байв.  Тус улсын зүгээс Украинд зэвсэг нийлүүлээд зогсохгүй дайнаас дүрвэсэн 10 сая хүнийг эх орондоо хүлээж авсан байна. Дашрамд дурдахад, энэ сарын эхээр Украины ерөнхийлөгч Зеленский Варшавт айлчлах үеэр Анжей Дуда түүнд Цагаан бүргэд одонгоо гардуулсан гэдэг. Монгол албан ёсным айлчлал хийхээр гэргийн хамт хүрэлцэн ирж буй Ерөнхийлөгч Анжей Дуда нь ардчилсан үзэлтэн агаад эдийн засагтаа эерэг өөрчлөлтүүдийг авчирсан гэж ард иргэддээ үнэлэгддэг улстөрч аж.

Дээр дурдсанчлан хоёр улсын ижилсэл цөөнгүй, жишээ нь Польш, Монгол хоёул  парламентын засаглалтай, засаглалын бүрэн эрхийн хугацаа нь дөрвөн жилээр хэмжигддэг.  Ялгаатай нь Польшийн парламент хоёр танхимтай, Монголын парламент нэг танхимтай.  Польш нь сонгуулийн холимог тогтолцоотой агаад сеймийн гишүүдийг пропорциональ, сенатын  гишүүдийг мажоритар системээр сонгодог байна.  Монгол найман удаагийн сонгуулийн зургааг нь мажоритори тогтолцоогоор 1990, 2012 оны парламентын сонгуулийг пропорциональ системээр явуулж байсан юм.

Ийнхүү, ардчилсан орны Төрийн тэргүүн нарын Улаанбаатарт хийх уулзалтаар юу тохирч, ямар гэрээ хэлэлцээ үзэглэх нь гадаадын болон дотоодын улс төрийн анхаарлыг ихэд татаж буй нь лав. Геополитикийн хувьд Польш гэдэг чинь НАТО, НАТО гэдэг чинь бараг Америк шүү дээ. Тэр утгаараа хойд, урд хоёр хөршийн зүгээс Польш, Монголын удирдагчид ганцаарчилсан уулзалтаар юу ярихыг чих тавин анирдаж суугаа нь мэдээжийн хэрэг.

Олон улсын улс төр шатах нүүхдээ яг адилхан. Шатарт гурван нүүдлийн цаадахыг харсан нь хождог. Улс төрд ч гурван нүүдлийн цаадахыг харсан холч ухаан хэрэгтэй. Гадаад бодлого нь тэг зогсолттой, гадаад харилцаа нь хязгаарлагдмал, хойд хөршөөс өөр "ах"-гүй ур хөрштэйгөө анти харилцаатай явсан нэг үеийг бодвол Монгол Улс дэлхийн шатрын өрөг дээр нэгдмэл хийгээд идэвхтэй тоглолт хийж буй сайны дохио.  Өнгөрсөн оноос сэргэж эхэлсэн, олон тулгуурт гадаад бодлогын хүрээнд Монголд цөөнгүй зочид айлчилсны дотор НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерриш болон Хятад, Орос, Япон, Өмнөд Солонгосын Гадаад харилцааны сайд нар багтсан. Тэгвэл ирэх намар Ромын пап ламтан Франциск Монголд айлчлахаар болсон гэх мэдээтэй зэрэгцээд Францын ерөнхийлөгч Э.Макрон  ирэх сураг битүүхэн дуулдаж байна.

Энэ удаагийн айлчлал нь хэлбэр талаасаа хуучны анд, нөгөө талаар үнэт зүйл нэгт /ардчилагч/ нөхөр нь олон жилийн дараа Монголд зочилж буй мэт харагдавч үнэндээ агуулгын хувьд түүхэн ач холбогдолтой үйл явдалд тооцогдох нь тодорхой.  Айлчлалын гол зорилго, геостратеги, ардчилал, аюулгүй байдлыг нь баталгаажуулж буй ач холбогдлыг нь үнэлбэл тэрбум мод, “Шинэ сэргэлтийн бодлого”, “Хүнсний хангамжийн аюулгүй байдал”, “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд хамтран ажиллах асуудал ердөө “хачир” төдий юм. Үндсэндээ, туурга тусгаар улсын хувиар хүндэтгэн зочилж буй  Польшийн ерөнхийлөгчийн айлчлал гадаад талдаа Монголын хувьд томоохон сурталчилгаа болно.  Хамгийн гол нь нэг нь эдийн засгаараа дэлхийд хоёрт, нөгөө нь цөмийн зэвсгээрээ дэлхийд дээгүүрт бичигддэг хөршүүдтэй жижиг улсад НҮБ, НАТО дараалан айлчлал хийж байгаа нь нэг ёсондоо Монголын  гадаад бодлогын “хар хайрцаг” гэхэд бодит байдлаас хол зөрсөн дүгнэлт болохгүй биз ээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ХөөрхөнХөөрхөн
13
ЗөвЗөв
12
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж