УБТЗ энэ оны эхний улиралд 8,1 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 29,8 хувиар илүү байна. Энэ амжилт нь сүүлийн арван жилд үзүүлж байгаагүй амжилт юм. Энэ нь ковид цар тахлын хүндрэл арилж, манай экспорт, импортын гол гарц болох Замын-Үүд–Эрээн боомтын галт тэрэг солилцоо нэмэгдэж байгаатай холбоотой юм. Дөрөвдүгээр сар гарснаас хойш Замын-Үүд – Эрээн боомтын өргөн царигийн төмөр замаар хятадын талд өдөр бүр тогтмол 15 галт тэрэг өгчээ. УБТЗ-ын зүгээс галт тэрэг солилцоог нэмэгдүүлэхийн төлөө хөрш орнуудынхаа төмөр замуудтай идэвхтэй ажилласны үр дүнд энэ оны хоёрдугаар сард хятадын талтай хоногт өргөн царигаар 14 галт тэрэг солилцож байсныг 15 болгож нэмэгдүүлэхээр албан ёсоор тохирсон юм. Цаашдаа УБТЗ энэ эрчээрээ ажиллавал ковид цар тахлын өмнө тогтоосон түүхэн амжилтаа эвдэж, 2023 онд 32 сая тонн ачаа тээвэрлэх боломж байгааг харуулж байна.
Холбоотой мэдээ