Өмнөд Солонгосын "Realmeter" нэртэй судалгааны байгууллага өнгөрсөн долоо хоногт Хойд Солонгосын заналхийлэлтэй тэмцэх зорилгоор цөмийн зэвсэгтэй болохыг дэмжих үү гэж иргэдээс асуужээ. Нийт 1008 хүн судалгаанд оролцсоноос 56 хувь нь цөмийн зэвсэгтэй болохыг дэмжинэ гэж хариулсан байна. Мөн Юн Сук Ёл, Жо Байден нарын уулзалтын үеэр энэ асуудлыг хэлэлцэх хэрэгтэй гэжээ. Харин үлдсэн 40.8 хувь нь цөмийн зэвсэг бүтээхийг дэмжихгүй гэж хариулсан.
Цөмийн зэвсэгтэй болохыг яагаад дэмжиж байгаа вэ гэж асуухад 45.2 хувь нь "Хойд Солонгосын цөмийн заналхийллийг бид сөрж зогсох ёстой" гэж хариулжээ. Дэмжихгүй байгаа хүмүүсээс яагаад гэдгийг нь асуухад 44.2 хувь нь "Хэрвээ Сөүл цөмийн зэвсгээр хөөцөлдөх юм бол дэлхийн хориг арга хэмжээнд өртөх болно" гэсэн байна.
Дашрамд дурдахад, Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сук Ёл өнөөдөр АНУ-ыг зорьж байна. АНУ, Өмнөд Солонгос хоёр орны эвслийн 70 жилийн ойг тохиолдуулж уг айлчлалыг хийж буй. Түүнчлэн Хойд Солонгосын цөмийн болон пуужингийн заналхийлэл өндрийг аваад буйтай ч холбогдоно. Айлчлал зургаан өдөр үргэлжлэнэ.
Эх сурвалж: YONHAP
Холбоотой мэдээ