“IEM Rio 2023” тэмцээний сүүлийн өдөр өчигдөр/2023.04.23/ тохиож, аварга баг тодорлоо. Финалд “Team Vitality” болон “Heroic” багууд учраа таарсан. “Team Vitality” хагас шигшээ шатанд “Cloud9”-ийн эсрэг гайхалтай эргэн ирж, ялалт байгуулсан бол “Heroic”-ийн хувьд “NAVI”-д боломж олголгүй, 2-0 гэсэн харьцаатай хожсон билээ. Энэхүү тэмцээнд Азийг төлөөлөн оролцсон Монголын "The Mongolz" баг 9-12 дугаар байрт шалгарч, 5 мянган ам.долларын эзэд болсон юм.
Финалын тоглолт санасныг бодвол удаан үргэлжлээгүй бөгөөд “Vitality” 2-0 гэсэн харьцаатай ялалт байгуулж, “IEM Rio” тэмцээний аваргаар тодорч, 100 мянган ам.доллар, “IEM Cologne” тэмцээний эрх хүртжээ.
Тоглолтын дараа “Herioc”-ийн “cadiaN” ярихдаа “Бид өмнө нь Риод финалд хожигдсон ч дараагийн тэмцээндээ түрүүлж байлаа. Одоо гэртээ харьж, бэлтгэлээ хийгээд Парист юу болохыг харцгаая” гэжээ.
Парисын Мэйжор ирэх сард эхэлнэ.
Харин “Vitality”-ийн гол хүн, “IEM Rio 2023” тэмцээний “Үнэ цэнтэй тоглогч”-оор тодорсон “ZywOo” Матью Хербо дараах зүйлсийг ярьжээ.
–MVP хүртсэнд тань баяр хүргэе. “Heroic”-ийн эсрэг гайхалтай тоглолтыг үзүүллээ. Сэтгэгдлээсээ хуваалцаач?
-Сайхан байна. Хүн бүр л өөрсдийн тоглолтоо гаргаж, багаараа сайн тоглолоо. Тэд зарим үед эргэн ирсэн ч бид тоглолтын туршид бууж өгсөнгүй. Бид хүчирхэг сэтгэл зүйтэй гэдгээ харуулж, тэмцэж чадлаа. Сайхан тоглолоо.
–Энэ таны 14 дэх MVP цом, лангийн тэмцээний найм дахь шилдгийн шагнал. Мэйжорын өмнө ийм тоглолт үзүүлнэ гэдэг юу илтгэж байна вэ?
–Мэдээж энэ надад өөртөө итгэх итгэл, гайхалтай мөчийг авчирч байна. Тэмцээн эхлэхийн өмнө “MVP”-ийн талаар бодож байсангүй. Гэхдээ л сайн тоглолтоо харуулж, сайн багийн хамтрагч байхыг хичээсэн. Үнэхээр сайхан байна.
–Spinx, та хоёр тэмцээний туршид гайхалтай байлаа. Харин финалд багаараа сайн байлаа. Энэ талаар?
-Энэ олон зүйлийг өгүүлж байна. Надад дээр ирэх дарамт ч бага байлаа. “Би л сайн байх ёстой” гэж бодох хэрэггүй байлаа. Зөвхөн би ч гэлтгүй манай багийнхан үе бүрт сайн байсан учир сэтгэл санаа сайхан байна.
-Удахгүй Мэйжор эхлэх гэж байна. Өмнөх алдаагаа давтахгүйн тулд юу хийх хэрэгтэй вэ?
-Бид өмнөх алдаагаа давтана гэж бодохгүй байна. Одоо сайхан амарч, шууд бэлтгэлдээ оролгүй алдаануудаа харах болно. Сайн амарч, юу бидэнд хэрэгтэй вэ гэдгээ судлах болно. Бид Мэйжорын талаар нэг их бодохгүй ээ. Амралт л бидэнд одоогоор хамгийн хэрэгтэй зүйл гэж бодож байна.
Холбоотой мэдээ