Сурвалжлага: Богд ууланд иргэд “болздог” болжээ

Сурвалжлага: Богд ууланд иргэд “болздог” болжээ

Сурвалжлага: Богд ууланд иргэд “болздог” болжээ

Богд ууланд нар дөнгөж тусах хэдий ч уулчид, амрагчид хэдийнэ ууландаа гарчээ. Хаврын салхи сэвэлзэж, уул анир гүмхэн оршино.

Цэнхэр өнгийн спорт загварын цүнх үүрч, нарны шил зүүн, тамирын хувцас өмссөн, хоёр гартаа таяг тулсан тэрбээр ууланд алхаад гурав дахь жилийнхээ нүүрийг үзэж байгаа аж. Энэ спортоор хичээллэснээр өөрийн дотоод хүнээ илүү сайн мэддэг болсон тухайгаа ярив.

Уулын хормойн цас  хайлж , хуучин зам шалбаагт дарагдаж зэргэлдээ шинэхэн жимээр иргэд цувран алхах. Өглөөний 07.00 цагаас эхлэн ууланд Богд ууланд алхах хүмүүс эрс ихэслээ. Зориулалтын хувцастай, тогтмол алхдаг болов уу гэмээр хүмүүс цөөнгүй. Найз нөхдөөрөө амарч, алхахаар ирсэн иргэд газар тухлан сууж өглөөний цайгаа ууж үзэгдэнэ. Уул өөд мацах тэд элдвийг хуучлах нь чихэнд сонсогдох. Эзнээ даган ийш тийш харайн гүйж орчинтой танилцах ноход ч бас өглөө салхилж дэггүйтнэ. Хүзүүвчнээс нь унжсан урт улаан оосортоо ороогдон бүдэрч унах ч нэрээ сонсон годхийн харайлган босно. Өглөө салхинаас өөр аниргүй байсан уулын энгэрт бага үдийн үед хүүхдүүдийн инээд цангинаж, тоглож наадсан хүмүүсийн яриа, дуу хөгжим эгшиглэнэ.

Дугуй цагаан орчмын тохижилтыг өнгөрсөн оноос Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-аас хариуцан ажиллаж байгаа.  Өмнө нь энэ газарт нурж ойчих дөхсөн хэдэн шавар гэр байрладаг, амрах нэрээр иргэдийн архиддаг оромж байсан. Тиймээс тэдгээр шавар гэрүүдийг нураахад олон нийт талархан хүлээж авсан юм. Тохижилтын  гүйцэтгэгчээр нь “Цагаан нуур” ХХК ажиллаж байгаа билээ. Тохижилтын ажил уг нь 2022 оны  аравдугаар сарын 15-нд бүрэн дуусах ёстой байсан боловч одоогоор бага сага ажил үлдээд байгаа аж.  Учир нь, угтах хэсэг болон машины зогсоолын зам талбайн ажил хийгдэж тоос боссон үзэгдэнэ.

Өнгөрсөн хугацаанд Ар зайсангийн гудамжнаас Дугуй цагаан хүртэлх амралт, аяллын жим дагасан амралтын цэг гэсэн дөрвөн км урттай газрыг тохижуулах ажлыг хийжээ. Ингэхдээ Дархан цаазат газрын байгалийн хэв шинж, төлөв байдал, хөрс, ус, ургамал, амьтны аймгийн онцлог, хүний үйл ажиллагаанд өртөх зэрэг байдал зэргийг харгалзан, байгалийн материал ашиглан тохижуулснаа албаны хүн хэлсэн юм. Үнэхээр ч өнгөний шийдэл нь байгалийн өнгө уусаж шинээр байршуулсан тоглоомын талбай, амрах хэсэг зэрэг нэмэлт зүйлийг яг л байгалийн мэт тодорч үл үзэгдэнэ.

“.. Ээж ээ миний хадаасыг харсан уу? Эсвэл таны үүргэвчинд байна уу” гэх найм орчим насны охин газар сууж жижигхэн улаан үүргэвчээ уудалж үзэгдэнэ. Охин “Би аав ээжтэй ууланд гарах дуртай. Ууланд гүйж, тоглоход чөлөөтэй байдаг” гэв.

Гав ганцаараа, бодолд дарагдан алхах  20 орчим насны залуу “Би ууланд алхаад нэг жил болж байна. Гэхдээ тогтмол биш ч сардаа 2-3 удаа алхдаг. Дандаа ганцаараа ирдэг. Ууланд ганцаараа байх амар санагддаг. Сэтгэл санаа хэцүү үедээ юм бодоод алхахад дотор онгойгоод сайхан болдог. Хотын амьдрал хөл хөдөлгөөн ихтэй яарч сандарч, цаг хугацаатай уралдсан хүмүүс байдаг. Тийм орчинд байхад дагаад яг тийм болчихдог. Тайван унтаж амрах байсан ч яг л нэг юмнаас хоцроод байгаа мэт сэтгэлийн шаналгаатай. Тиймээс уулан дээр гараад юм бодоод суух сайхан амралт болдог” гэлээ.

Дугуй цагаан руу явах замд уулын таяг барин өөд өөдөөсөө харан ярилцан зогсох хоёр хүнтэй тааралдав. Тэд Монголын явган алхалтын холбооны гишүүд бөгөөд хүмүүс нь 10 цагт цуглах байтал цагаа андууран эрт ирсэн учир бусдаасаа түрүүлээд алхаж байгаагаа хэллээ. Тэд

“Долоо хоногт хагас бүтэн сайнд байнга ууланд алхдаг. Тэтгэвэртээ гарсан учраас хаяадаа гурав дахь өдөр алхчихдаг. Сүүлийн таван жил алхаж байна. Байнга алхсаар байгаад сурчихсан болохоор ерөөсөө өнждөггүй. Ууланд алхсанаар эрүүл мэндэд ач холбогдолтой. Миний хувьд 130 кг жинтэй байсан. Одоо 98-102 кг-ын хооронд хэлбэлзээд явж байна. Алхсаар байгаад байх ёстой жиндээ ороод хөнгөн болдог юм байна. Хүн хөгширч үхдэггүй, хөшиж үхдэг гэдэг дээ. Өглөө 5:00 цагт босоод 6:00 цаг гэхэд энд ирчихсэн байдаг. Зуны улиралд байнга алхдаг. Харин өвлийн улиралд цаг агаараа харж байж алхдаг. Цас бороотой үед хамаагүй  алхаж болохгүй. Хүнтэй цуг эсвэл олон хүнтэй газраар алхах хэрэгтэй. Ууланд алхаж байгаад нэг залуу хөлөө хугалчихсан байсан. Энэ мэтчилэн аюул осол, гэмтэл бэртэл тохиолдвол туслах хүн хэрэгтэй. Ядаж л түргэн дуудахад доороос ирээд авчихдаг. Зам талбайн хувьд асуудал байхгүй. Ууланд алхаж байгаа хүн өөрөө л аюулгүй байдал, бэлтгэлээ сайн хангах хэрэгтэй” гэлээ.

Байнга ууланд алхдаг хүний цүнхэнд юу байгааг сонирхвол тэрбээр усны сав, аяга, гутлын хадаас, анхны тусламжийн цүнх, наалт, бээлий, ээлжийн солих өмд, суух дэвсгэр, холбооны хантааз зэргийг гаргаж үзүүлэв.

Эрэгтэй “Ууланд гарах дуртай ч амраад суух газар, хүүхдүүдээ тоглуулах тоглоомын талбай их хэрэгтэй байсан мөн цэвэр агаарт тоглож наадах тэгш талбай их өгүүлэгдэж байсан. Одоо бол их амар болсон. Хүүхдүүд ууланд удаан алхаж чаддаггүй ядардаг. Хамт явах дургүй байдаг. Тоглоомын талбайтай болсноор дуртай ирдэг болсон” гэлээ.

Цааш явах замд аялагчдад хэрэгтэй бүхий л зүйлсийг зарж харагдана.  Шинэхэн алхагч нар андашгүй, замд таарсан модны мөчир олж таяг болгон ашиглажээ. Харин тогтмол алхдаг хүмүүс мөн андашгүй, зориулалтын таяг, гутал хувцастай алхдаг аж.

Уулын энгэр хэсэгт хайлсан цас хөлдөж зам халтиргаатай болж алхагчдаас ихээхэн болгоомж шаардана. Зориулалтын гуталгүй хүмүүс нэг нэгнээсээ зуурч, хад бараадан болгоомжтой алхах бол гуталдаа зориулалтын хадаастай, таягтай хүмүүс юу ч болоогүй мэт зөрж өнгөрнө. Сургуулийн хүүхдүүд ангиараа ууланд алхалт хийж агаарлаж явах нь цөөнгүй. Спикерээр дуу тавиад дагаж дуулан бусдын анхаарлыг татна. Багш нь тэдэнд болгоомжтой явахыг анхааруулан таяг тулан түрүүнд алхах ч байнга эргэн харж хүүхдүүдээ нягтлан харна.

Замд хогийн сав нэг ч тааралдсангүй. Хүний гутлын мөрнөөс өөр нэмж бас хасагдах зүйлгүй бүх зүйл байгалиараа харагдана. Тавиад алхмын зайтай таних тэмдэг бүхий салбар байршуулжээ.  Тус бүр дээр болгоомжтой явах мөн мод хугалж гэмтээхгүй, хогоо хаяхгүй байхыг сануулан бичжээ.

Ууланд алхагч Л.Бадамгэрэл “Ууланд хогийн сав байдаггүй нь таалагддаг. Хогийн сав тавьчихвал хүмүүс ойр орчимд нь бөөн хог хаячихна. Зарим нь хийсээд энэ тэрүүгээр нэг тараад сөрөг нөлөө ихтэй. Бариад өгссөн шиг ээ, буухдаа аваад л буудаг байх хэрэгтэй гэж бодож байна” гэлээ.

Уулын хойморт модны үзүүрт асар барьж залуус гитар тоглон дуулан үзэгдэнэ. Зорьж очвол coffee, халуун уух зүйлээр үйлчилж ил гал дээр шорлог хийж зарж байгаа аж. Залуус амралтын өдрүүдээр ууланд өөрсдөө дуртай зүйлээ хийж амардаг. “Энэ хийж байгаа зүйлээсээ айхтар ашиг хардаггүй зүгээр л дуртай зүйлээ хийж байгаа минь сайхан байдаг” гэлээ. Алхахаар зорьж ирсэн хүмүүс бүгд бяцхан богцонд идэх зүйлсээ бэлдэж ирсэн байдаг тул бэлэн идэх зүйл зарж байгаа хүн цөөн аж. Уулын бэлд тэрэг түрсэн ээж хүү хоёр хуушуур, халуун цай аваарай хэмээн орилж үзэгдэнэ.

Өдрийн 13 цагт хөл хөдөлгөөн улам ширүүсэж, эрт ирсэн хүмүүс буцаж дараагийн хүмүүс зөрөлдөн наашилна. Богдхан уулын амралт эцсийн зогсоолд 72 дугаарын жижиг автобус хүн буулган мөн л төдий хэмжээний хүн авч одно.

 

Д.НЯМХҮҮ, Э.ХУЛАН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
28
ЗөвЗөв
5
ХахаХаха
3
ГайхмаарГайхмаар
3
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

СОНИРХОГЧ 2023-04-24 66.181.189.246

УНААГАА ЗАРСАН. ЯАЖ ОЧДОГ ЮМ БОЛОО,? ХОТЫН ТӨВ ЦИРКЭЭС? МӨН ТЭР АЯЛАЛЫН ТАЯГ УУЛНЫ ПҮҮЗ ЭНЭ ТЭРИЙГ ХААНААС АВБАЛ ТОХИРСОН ҮНЭТЭЙ БАЙДАГ БОЛ?

Avatar

Ц 2023-04-24 59.153.115.146

хогны уутаа авч яваад хогоо хийгээд бууж ирээд ялгаж хаяж бмаар юм даа..байгалиа хайрлахнь үүрэг шүү..

Avatar

Нэргүй 2023-04-24 66.181.177.27

Боловсорлын сайд Энхамаглан Хүрхрээгийн амыг СкайРесортоороо хаачихаад , газрын талбөрөө ч төлдөггүй нэг олигарх улс төрч уулруу гарц гаргаж өгөөсэй

Avatar

зочин 2023-04-24 192.82.64.167

Бидний 3 гэр бүл энэ ууланд 12 дахь жилдаа алхаж байна. Хог хаягдал болохоор юм авч явдаггүй, хог хаях шаардлагагүй, сүүлийн 10 жилд аялал жуулчлал, тохижилт нэрээр дугуй цагааныг их сүйтгэсэн.Унаган байгалаараа хичнээн гоё байсныг бодоод харамсдаг. Одоо тохижуулахдаа цемент бага хэрэглэж, ногоон талбайг бага шиг сүйтгээсэй дээ.

Avatar

ЗОЧИН 2023-04-24 66.181.180.129

ТОХИЖИЛТЫГ ХАРСАН. МАШ МУУ МАТЕРИАЛААР НАСГҮЙ ЮМ ХИЙСЭН БАЙНА ЛЭЭ. ХЭДЭН ААДАР БОРООНД УРСААД ЯВЧИХ ЗАМ. ЧАНАР МУУТАЙ ТАЙЗ ЗАССАН БАЙСАН. ЗҮГЭЭР Л БАНЗААР. ИЙМ БАНЗ БОРООНД ХЭДЭН САР БОЛООД ӨГӨРШИНӨ. ХОЁРЫН ХООРОНД ХИЙСЭН ТОХИЖИЛТ НЬ БАРИГДАЖ ДУУСАХААСАА ӨМНӨ ЭВДРЭЭД ДУУСНА. БОДИТ БАЙДЛЫГ БИЧЛЭЭ ШҮҮ. ЦАГ ХУГАЦАА УДАХГҮЙ ХЭЛЭЭД ӨГНӨ.

Avatar

Нэргүй 2023-04-24 43.242.242.59

Одоо Туул гол дагуу сайхан мараад суух газрыг тохижуулах нь чухал байна. Ялангуяа машины зогсоолыг ихээр байгуулах шаардлагатай байна. Тэгвэл гэр бүлээрээ салхинд гарах боломж бүрдэнэ. Нийслэлчүүдийг салхинд гарах аятай нөхцөл бүрдүүлж өгсөн хүмүүст баярлаж байна

Avatar

Жаргалсайхан 2023-04-24 66.181.161.6

Юм хийгээчээ.нэг их тэнэсэн улс байхын.Мөнгө нэхээл тэнээд байх

Avatar

зочин 2023-04-24 202.131.245.69

ихэнх нь хүчээр буюу байгууллагаас цаг бүртгэнэ, цалингаас нь хасна гэх мэт дарамтйн доор л очдог ю байна лээ. цөөхөн хүмүүс л сайн дураараа салхилж алхдаг.

Avatar

Нэргүй 2023-04-24 202.131.225.197

Юу ярьж байгаагаа ойлгож байна уу?

Avatar

зочин 2023-04-24 202.131.245.69

ойлгож байгаа. үнэн ш дээ, дүүргийн биеийн тамирын хороод гээд хэдэн хүмүүс ажил зохион байгуулсан болж амралтын өдөр дөхөхөөр зар тарааж уул хад, амралтын газраар зугаалга, салхилалт, өдөрлөг гэх мэт янз бүрийн нэр өгөөд явуулдаг ш дээ. сайн удраараа явахгүй гэхээр бөөн харала зүхэл занал болдог. нийслэл, дүүргийн төрийн байгулулагуудын ажилтнуудаас асуу.

Avatar

Нэргүй 2023-04-24 202.55.188.103

мэдээд хэлээд байна өмхий оркоо

Avatar

Нэргүй 2023-04-24 66.181.161.81

Удахгүй ягааны ой болох биз.

Avatar

Нэргүй 2023-04-24 202.131.225.197

Яана даа. Яаж ийм сөрөг байж чаддаг байна аа.

Avatar

Нэргүй 2023-04-24 66.181.161.81

Юу нь сөрөг байхав дээ. Иргэд Туулын шугуйг л гэхэд юу болголоо доо? Богд уулаад иргэд алхдаг болсонд үнэндээ баярлах юм алга.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж