Гадаадын улсууд Суданаас иргэдээ татаж авсаар байна

Хуучирсан мэдээ: 2023.04.24-нд нийтлэгдсэн

Гадаадын улсууд Суданаас иргэдээ татаж авсаар байна

Гадаадын улсууд Суданаас иргэдээ татаж авсаар байна

Судан дахь мөргөлдөөн хурцадсантай холбоотойгоор гадаадын улс орнууд иргэдээ болон элчин сайдын яамны ажилтнуудаа эргүүлэн татаж эхлээд байна. Гол нисэх буудлууд хаагдаж, хэд хэдэн нисэх онгоц эвдэрсэн.

Их Британи өчигдөр /2023.04.23/ дипломатчидаа татаж авчээ. Батлан хамгаалахын сайд Бэн Уоллесын мэдэгдсэнээр нүүлгэн шилжүүлэлтийн ажиллагаанд 1200 гаруй цэрэг оролцжээ. Иорданы Агаарын хүчин мөн өчигдөр 343 хүнээ дөрвөн онгоцоор татаж авсан байна. 343 хүний дунд Иорданаас гадна Палестин, Ирак, Сири, Герман улсын иргэд ч байжээ.

АНУ-ын тусгай хүчин Бямба гаригт 100 орчим хүнээ татаж авсны дийлэнх нь Элчин сайдын яамны ажилтнууд байв. Мөн гадаадын улсын цөөн хэдэн дипломатчийг мөн татаж авчээ. АНУ-ын Төрийн департмент Арабын нэгдсэн Эмират болон Туркийн нүүлгэн шилжүүлэх ажиллагаанд нэгдэж болно гэж иргэддээ зөвлөсөн байна. Суданд 16 мянга орчим америк хүн байдаг бөгөөд тэдний олонх нь давхар иргэншилтэй.

Египет улсын хувьд Суданы нийслэл Хартумд байгаа иргэдээ хотоос гарахгүй байхыг сануулсан бол бусад байршилд байгаа иргэдээ буцахад бэлд гэжээ. Египетийн Элчин сайдын яамны нэг ажилтан мөргөлдөөний үеэр буудуулж шархадсан. Түүнчлэн Франц улс иргэдээ татаж авах үеэр нэг хүн шархаджээ. Францын иргэн шархадсан явдалд Суданы арми болон хагас цэрэгжүүлсэн бүлэглэлийнхэн бие биеэ буруутгаж байна.

Гадаадын иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажилд туслуулахаар Швед улс 400 цэргээ илгээх болжээ. Испани улс Ням гаригт 36 иргэнээ татаж авахдаа Португал, Итали, Мексик зэрэг өөр орны 70 орчим хүнийг хамт авсан байна.

Грек, Нидерланд, Бельги, Норвеги, Герман улсууд иргэдээ татаж авахын тулд ажиллаж байна. Турк иргэдийг цуглуулж нүүлгэн шилжүүлэхээр төлөвлөж байсан газарт дэлбэрэлт болсонтой холбоотойгоор ажиллагаар түр хойшлуулжээ. Нидерланд улс 152 иргэндээ зориулж хоёр Геркулес С-130, нэг Эйрбус А330 онгоцоо Иордан руу илгээсэн. Харин Итали улс 140 иргэндээ зориулж Жибути руу цэргийн онгоцууд илгээсэн байна.

Мөргөлдөөн ес дэх өдрөө үргэлжилж байна. Энэ хугацаанд 420 гаруй хүн нас барсан бол 3700 хүн гэмтэж бэртжээ. Газар дээрх нөхцөл байдлаас хамаараад шархадсан хүмүүст эмнэлгийн тусламж үйлчилгээ хүргэхэд хүндрэлтэй байгаа аж. Мөн олон хүн хоол хүнс, усны хомсдолд ороод байна. Тиймээс гадаадын иргэдтэй зэрэгцээд маш олон судан хүн эх орноосоо дүрвэх шаардлагатай болжээ.

Баруун Дарфур мужаас 20 мянга гаруй хүн хөрш Чад руу дүрвэжээ. Тус мужийн хувьд мөргөлдөөн цоо шинэ зүйл биш юм. Энд 2003 оноос хойш мөргөлдөөн үргэлжилж буй бөгөөд 300 мянга гаруй хүн нас барсан гэх тооцоолол байна.

Эх сурвалж: CNN, EURONEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж