"Намд бэлнээр хандив өгч, авбал эрүүгийн хариуцлагатай"

Хуучирсан мэдээ: 2023.04.24-нд нийтлэгдсэн

"Намд бэлнээр хандив өгч, авбал эрүүгийн хариуцлагатай"

"Намд бэлнээр хандив өгч, авбал эрүүгийн хариуцлагатай"

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатартай Улс төрийн намын тухай хуулийн талаар ярилцлаа. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Улс төрийн намын тухай хуулийн төсөл өргөн барьж, УИХ-аар хэлэлцэх нь зүйтэй гэж дэмжсэн юм. 


-Өмнө нь хэд хэдэн удаа өргөн баригдсан боловч УИХ-ын босгыг давж чадаагүй Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-д өргөн бариад байна.  Иргэд, олон нийт, эрдэмтэн судаалчдын үг, үзэл бодлыг хэрхэн тусгав?

-Монгол Улс Улс төрийн намуудын  тухай хуулийг 1990 онд анх баталж байсан. Үүнээс 15 жилийн дараа буюу 2005 онд одоогийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа Улс төрийн намын тухай хуулийг батлан гаргасан. Энэ цагаас хойш дахин 18 жилийн дараа Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-д өргөн барьлаа. Энэ хугацаанд Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа хуулийн зөвлөхөөрөө ахлуулсан ажлын хэсэг гаргаж, хуулийн төсөл боловсруулж, тухайн үед УИХ-д суудалтай намуудын төлөөлүүдийг багтааж хуулийн төсөл боловсруулаад  УИХ- д оруулж ирсэн боловч хэлэлцэх эсэхийг шийдэж чадаагүй унасан. Дараа нь 2012-2016 онд С.Баярцогтоор ахлуулсан ажлын хэсэг гарч хуулийн төсөл боловсруулсан боловч харамсалтай нь босго даваагүй. Дараа нь 2017 онд С.Бямбацогт гишүүнээр ахлуулсан Улс төрийн намын хульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал яригдсан боловч парламентад өргөн баригдаагүй.  Нэг ёсондоо өнгөрсөн 18 жилийн турш Улс төрийн намын тухай хуулийн төсөл парламентад орж ирэх хэд хэдэн оролдлого хийсэн боловч парламентын босго даваагүй.Хуулийн төслийг өнгөрсөн оноос эхлэн улс төрийн намууд,  ард иргэдээр хэлэлцүүлж эхэлсэн. Ерөнийхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлсэн даруйдаа Улс төрийн намын тухай хуулийн төслийг шинэчилсэн найруулгаар болловсруулах ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэгт улс төрийн намын тухай хуулиар судалгаа хийдэг эрэмдэн судлаачдаас гадна парламентад  суудалтай, суудалгүй намуудын төлөөлөл оролцсон ажлын хэсэг байгуулсан. 2022 оны тавдугаар сарын 3-нд Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 35 намаас санал авахаар хуулийн төслийг хүргүүлсэн. Үүнээс хойш улс төрийн намуудтай хамтарч болон дангаар 10 гаруй удаагийн хэлэлцүүлэг зохион байгуулж, улс төрийн намуудаас хоёр удаа саналыг бичгээр авч, саналыг нь тусгалаа.

 Нэг ёсны энэхүү хуулийн төслийг олон талаас нь хэлэлцүүлж, санаал авсны дараа УИХ-д өргөн мэдүүлсэн.

Улс төрийн намын тухай хуулийн төсөл 7 бүлэг, 46 зүйлтэй. Зүйл заалт нэг бүрийг амьдралд ойр, хөрсөндөө буусан хийдэл багатай болгохын тулд өмнөх хуулийн төсдүүдээс ялгаатай, онцлог зүйл юу байв?

-Улс төрийн намын тухай хуулийн төслийг боловсруулахдаа хэд, хэдэн зарчмын зүйл дээр анхаарал хандууллаа. Нэгдүгээрт, улс төрийн намуудыг хариуцлагажуулах чиглэлээр томоохон заалт  орууллаа. Нэг ёсны улс төрийн нам нь Монголын төлөөллийн ардчиллыг хэрэгжүүлэх, Монголын төрийг байгуулахад оролцдог гол Үндсэн хуулийн субьект учраас улс төрийн намаа хариуцлагажуулж, улс төрийн намууд ёс зүйтэй зөв хүмүүс дэвшүүлэхээс эхлээд хөгжлийн бодлогод нийцсэн бодлогын санаачлага дэвшүүлдэг,  санхүү үйл ажиллагаа нь нээлттэй ил тод байх чиглэлээр олон заалт орууллаа. Хоёрдугаарт, улс төрийн намыг бодлогын институци болгон төлөвшүүлэх шаардлага тулгарч байна. Нэг ёсны улс төрийн намууд, хөгжлийн бодлогоороо хоорондоо өрсөлддөг, үнэт зүйл, үзэл баримтлал , улс орны хөгжлийн асуудлаар ард түмнээ соён гэгээрүүлдэг чиг үүрэгтэй байх ёстой. Тийм учраас бодлдого чиглэл рүүгээ  анхаарал хандуулж, ажилладаг байх чиглэл рүү заалтууд тусгаж өглөө. Гуравт, улс төрийн намуудын санхүүжилтийг нээлттэй, ил тод болгох шаардлага байна. Авлига хээл хахууль хууль бус үйлдлийг таслан зогсоох, хөрөнгө мөнгөтэй холбоотой асуудал яригдаж байгаа үед санхүүжилтийг ил болгох нь нэн чухал байгаа. Тийм учраас улс төрийн намууд санхүүгийн  тайлан гаргадаг, хуулийн этгээдээс , иргэнээс авах хандивын хэмжээг нь зааж өглөө.

Ингэснээр санхүүжилт ил тод шилэн болж, авилаг хээл хахуультай тэмцэж байгаа тэмцэлд дэвшил гарна гэж үзэж байна. Дөрөвт, улс төрийн намуудаар дамжуулж иргэд хүсэл зоригоо илэрхийлдэг учраас хүйсийн тэгш харьцааг зааж өглөө.

Мөн шийдвэр гаргах төвшинд оролцоо бага байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон бусад нийгмийн бүлгийн төлөөллийг тусгах асуудлыг тодорхой зааж өгсөн. Тавдугаарт, улс төрийн намын дотоод ардчиллыг бэхжүүлэх чиглэл рүү энэ удаагийн хуульд тодорхой зааж өгсөнөөрөө онцлог.

-Улс төрийн намуудын нэр хүнд шалдаа буучихсан байгаа ийм үед төрөөс санхүүжилт олгох асуудал олны анхаарлын төвд байна. Хэдийгээр УИХ-д суудалтай улс төрийн намуудад төрөөөс дэмжлэг үзүүүлэх асуудал шинэ зүйл биш боловч иргэд энэ талаар анхааралтай ажиглаж байна. Яг хэдий хэмжээний санхүүжилт, ямар тохиолдолд олгох вэ?

Улс төрийн намуудыг төсвөөс санхүүжүүлж байгаа нь шинэ зүйл биш дээ.  Тухайлбал, 1990 оноос хойш Монгол Улсын төсвөөс улс төрийн намуудад тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлж ирсэн. Дэлхийд ч ийм жишиг бий. Дэлхийд улс төрийн намын санхүүжилтийн хоёр хэлбэр байдаг. Европын загварт төсвөөс дэмжлэг үзүүлж, эргээд хариуцлага ярьдаг. Эдийн засгийн бүлэглэл,  томоохон олигархи бүлэглэлийн хамааралыг багасгах, улс төрд мөнгөний оролцоог багасгах зорилготой Европ загвар гэж байдаг. Улс төрийн нам нь мөнгөн урсгалаа ард иргэдийг соён гэгээрүүлэхэд зарцуулдаг. Үзэл баримтлалаа сурталчлах чиглэлтэй. Хоёр дахь нь Америк загвар гэж байдаг. Хувийн аж ахуй нэгжүүдээс өгсөн хандив дээр түшиглэдэг. Тэгвэл бид энэ удаад Европ загварыг голчлон авсан. Түүнчлэн хуулийн төсөлд төрөөс улс төрийн намд өгч буй санхүүжилтын зарцуулалт, тайлан, хяналтыг цогцоор авч үзэхээр тусгалаа. Монгол Улс шиг хүн ам цөөтэй, геополтитикийн амаргүй нөхцөд байдаг улс орны хувьд улс төр рүү мөнгө дагасан хууль бус үйлдлүүд ихээхэн гардаг. Тиймээс улс төр дахь мөнгөний хамаарлыг багасгах бодлого баримтласан. Одоо хэрэрэгжиж байгаа хуульд улс төрийн намууд 2019-2022 он хүртэл дөрвөн жилийн хугацаанд төсвөөс ойролцоогоор 20 гаруй тэрбум төгрөгийн дэмжлэг авсан байна. Тухайлбал, сонгогчдын парламентад өгсөн саналтай уялдуулж санхүүжилт өгөх заалт оруулсан. Сонгогчдоос санал авч чадахгүй бол тухайн нам ард түмний дэмжлэггүй байна гэсэн үг. Нийт сонгогчдын хоёроос дээш хувийн санал авсан намд санхүүжилт олгоно гэж заасан. Мөн төсвийн санхүүжилтийн зарцуулалт, зориулалтыг ч хуульчилж өгсөн.

-Өнгөрсөн хугацаагд хичнээн улс төрийн намуууд хоёр хувийн босгыг давсан бэ?

-Сүүлийн дөрвөн удаагийн сонгуулийн үр дүнг авч үзвэл энэхүү босгыг давах нам цөөхөн байна. Тухайлбал, 2012 оны УИХ-ын сонгуулиар МАН, АН, МАХН, “Шударга ёс эвсэл”, Иргэний зориг гэсэн  дөрвөн нам сонгогчдын нэг хувийн,  2016 оны УИХ-ын сонгуулиар МАН, АН, МАХН, Тусгаар тогтнол- Эв нэгдлийн эвсэл болон Бүгд найрамдах нам тус бүр 1 хувийн босго давжээ. Харин 2020 оны сонгуулиар нэг хувийн босгыг 4-5 нам давсан байна. Тиймээс 36 нам бүгдээрээ санхүүжилт авна гэж ойлгож болохгүй.Төсвөөс авсан санхүүжилтаасаа зардлынхаа 15 хувийг бодлого боловсруулах судалгаанд, 15 хувийг иргэдийн соён гэгээрүүлэх улстөрийн боловсролд, 20 хувийг нийгмийн тодорхой бүлгүүдийг дэмжихэд зарцуулахаар зааж өгөх жишээтэй. Зардлын тайланд аудит оруулах, олон түмний өмнө нээлттэй хэлэлцэх зэрэг өөрчлөлт орж байна. Сонгуульд оролцохгүй намууд бас байна. Ийм намыг идэвхгүй болгох, улмаар татан буулгах арга хэмжээ авахаар төсөлд туссан. Хэрэв сонгогчдын нэг хувийн санал авбал төсвийн шууд бус дэмжлэг олгоно хэмээн заасан. Үүнд, МҮОНРТ-ээр намынхаа мөрийн хөтөлбөр, хөгжлийн бодлого, үзэл баримтлалаа сурталчилж улиралд нэг удаа 30 минутын нэвтрүүлэг цацах боломж олгож байна. Мөн жилд нэг удаа төрийн, төрийн өмчийн хороодод хурлаа үнэ төлбөргүй хийх боломж олгож байгаа.

Харин хоёр хувийн босго давсан улс төрийн хүчинд сонгогчдын авсан саналыг нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 0.5 хувиар үржүүлж олгоно.

"УЛС ТӨРИЙН НАМУУДЫН ДОТООД АСУУДЛЫГ НЭЛЭЭД НАРИЙВЧЛАН ЗААЖ ӨГСӨН"

-Улс төрийн намуудын дотоод үйл ажиллагаа руу хэт орсон, намынхаа дүрэм, журмаар шийдэж болохуйц зүйл заалтуудыг хуульчилж өгөх шаардлага байсан уу?

-Улс төрийн намтай холбоотой шүүмжлэл сүүлийн үед маш их өрнөж, нийгэмд болж бүтэхгүй байгаа олон асуудлыг улс төрийн намын төлөвшилтэй холбон тайлбарлаж байна. Энэ чиглэлээр судалгааны тайлангууд ч цөөнгүй гарч байгаа. Тийм учраас бид улс төрийн намуудыг хариуцлагажуулах, улс төрийн намуудыг бодлогын институт болгож төлөвшүүлэх чиглэл рүү хуулийн төслийн гол агуулгыг чиглүүлсэн.Улс төрийн намуудын дотоод ардчиллыг төлөвшүүлэх, баталгаажуулах чиглэлээр нэлээн олон заалт орсон. Ялангуяа улс төрийн нам төлөөллийн төв болон гүйцэтгэх, хяналтын байгууллагатай байх, энэ байгууллагууд нь тодорхой хугацаанд хурлаа хийдэг, их хурлаа дөрвөн жилд нэг удаа заавал хийдэг байх гэх мэтчилэн нарийвчилсан заалтуудыг оруулж өсөн. Тэгэхгүй бол 30 жилийн хугацаанд нэг гэр бүл улс төрийн нам байгуулсан, үүсгэн байгуулсан хурлаасаа хойш хурал хийж үзээгүй намууд ч байна. Тийм учраас энэ улс төрийн намуудын дотоод асуудлыг нэлээн нарийвчлан зааж өгсөн. Хэрвээ улс төрийн нам хуульд заасан хугацаандаа хурлаа хийхгүй, дотоод ардчиллаа хангахгүй байвал сонгуулийн төв байгууллага тухайн улс төрийн намыг идэвхгүй хэлбэр лүү шилжүүлж, цаашдаа татан буух хүртэл арга хэмжээ авах хариуцлагын тогтолцоог оруулж өгсөн. Хурлаа хугацаанд хийхгүй бол нэг удаа сануулна, жилийн хугацаа олгоно. Үгүй бол намыг нь идэвхгүй хэлбэрт оруулж, зөрчлөө арилгахгүй бол татан буулгана.

-Улс төрийн намуудад иргэд, аж ахуйн нэгжүүд хандив өгөх нэрээр нам дотор өөр өөрийн нөлөөллийг тогтоодог. Хандивын хязгаарыг тогтоож өгсөн хэдий ч хууль нарийсахаар хулгай нарийсдаг гэдэг шиг бэлэн бусаар хандив өгөх зэрэг зөрчил илэрсэн тохиолдолд ямар хариуцлага хүлээлгэх вэ?

-Иргэн, аж ахуйн нэгжүүдийн хандивын хязгаарлалтыг хатуу хийж өгсөн. Нэг ёсондоо мөнгөтэй хүн улс төрд ордог, хандив нэрээр намуудад захиалга өгдөг, сүүлдээ нэг хүн, компанийн ашиг сонирхлыг илэрхийлдэг халаасны намууд ч бий болсон. Намын санхүүжилт ил тод байхаас гадна төсвөөс өгч буй мөнгөний зарцуулалтын зориулалтыг хүртэл нарийвчлан зааж өгсөн.  Хандив нэрээр өгч буй авлига, хээл хахуулийг зогсоох, нэг хүний эсвэл хэсэг бүлэглэлийн нам байхыг хязгаарлаж, дотоод ардчиллыг бэхжүүлэх, хариуцлагажуулахад анхаарсан. Улс төрийн үйл ажиллагааны зардлыг багасгах, намд өгч буй хандивыг тодорхой болгох заалтууд орсон. Нэг хуулийн этгээд эцсийн өмчлөгчөөрөө 27 сая төгрөг буюу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 50 дахин нэмэгдүүлсэн байдлаар,  хувь иргэн улс төрийн нэг намд нийлбэр дүнгээрээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 12 дахин үржүүлсэн буюу 6 сая төгрөг хүртэл хандивлах боломжтой. Улс төрийн нам нэг данстай, тэр нь шилэн байна. Эцсийн өмчлөгчөөр хандивыг тооцно. Өмнө нь эцсийн өмчлөгч охин компани, өөрийн эзэмшигч, өмчлөгч аж ахуй нэнгжээр дамжуулж, жилд хэдэн ч удаа хандив өгч болдог байсан бол одоо зөвхөн эцсийн өмчлөгчөөр хязгаарлан, жилд нийлээд 27 сая төргрөгт багтана гэж ойлгох хэрэгтэй. Тийм учраас хандив эрс багассан.

Хэрэв  бэлнээр  хандив, мөнгө өгсөн санхүүгийн зөрчил гаргавал, зөрчил гарсан хөрөнгийн хэмжээг гурав дахин үржүүлж, улсын орлого болгох арга хэмжээ авна.

Мөн Зөрчлийн болон Эрүүгийн хуулиар хариуцлага тооцохоор болж байна. Цаашид намын мөрийн хөтөлбөрүүд улсын хөгжил, мөрийн хөтөлбөртэй ч уялдуулж явна. Тэгэхгүй бол нэг хүн өглөө нэг тоо бодоод, хорвоо дэлхийг Монголд байгуулах гэж байгаа мэт аашилж, Монгол Улсын эдийн засаг дийлэхгүй хэмжээний амлалт өгдөг байдлыг  хориглож байгаа. Энэ удаагийн хуулийн нэг амин сүнс нь улс төрийн намын санхүүжилтийг нээлттэй, ил тод, хяналтыг сайжруулахад шинэ орчин үүсгэнэ.

 -Улс төрийн намын бүртгэлийн асуудал нэлээд ээдрээтэй түвшинд хүрсэн. Цаашид энэ тал дээр ямар ахиц дэвшил гарах вэ?

-Одоогийн хуулиар улс төрийн нам байгуулах процесст нэлээн өндөр шаардлага тавьж, бүртгэчихээд цаашдын үйл ажиллагааг хяналтгүй орхидог. Тиймээс намуудын өдөр тутмын үйл ажиллагааг хянан зохицуулж байх төрийн байгууллага байх ёстой гэж үзсэн. Сонгуулийн төв байгууллага энэхүү  хяналтыг тавих нь зохимжтой гээд тус байгууллагын  чадавхийг нэмэгдүүлэхээр заалт оруулж ирсэн. 2021 оныг хүртэл хэрэг хянан шалгах ажиллагааны журмаар намыг бүртгэж ирсэн. Өөрөөр хэлбэл, гурван шүүгчийн  саналаар намыг бүртгэх, эс бүртгэхийг шийдэж иржээ.

Энэхүү хуулийн өөрчлөлтөөр Сонгуулийн төв байгууллагад өргөдлөө гаргасны дараа тодорхой шаардлагыг хангасан гэж үзвэл Улсын дээд шүүхэд шилжүүлж,  нийт шүүгчийн хуралдаанаар намыг бүртгэх, эс бүртгэх асуудлыг шийдэхээр тусгаж байна. Улсын Дээд шүүхийн шийдвэр гарснаас хойш Сонгуулийн төв байгууллага намыг бүртгэсэн гэрчилгээг тав хоногийн дотор гаргаж өгөх ёстой гэж тусгасан.

Намыг бүртгэх үйл ажиллагаанд  Улсын бүртгэлийн байгууллага оролцохгүй болсон. Эцэст нь хэлэхэд, улс төрийн намын хатуу гишүүнчлэлийн бодлогыг халахыг зорьж байна. Намын гишүүдийг гишүүн, дэмжигч гишүүн, сонгуульт гишүүн гэж ангилсан. Тухайлбал, татвараа төлдөг, намын дотоод сонгуульд санал өгөх эрхтэй бол улс төрийн намын гишүүн гэж үзнэ. Харин намын үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог, татвар төлөхгүй бол дэмжигч гишүүний ангилалд хамаарна. Түүнчлэн иргэдийн эвлэлдэн нэгдэх эрх чөлөөнд хөндлөнгөөс шахалт үзүүлдэг байдлыг хаах тусгайлсан бүлэг оруулж өгсөн.  УИХ-ын сонгуулийн тухай хууль, Улс төрийн намын тухай хуулиуд “хүйн холбоотой”. Тиймээс  зарим зохицуулалт нь уялдаа холбоотой учраас нөхөгдөөд явах боломжтой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж