Шүүхийг сонсч, сонжсон ТАВАН ӨДӨР

Хуучирсан мэдээ: 2023.04.24-нд нийтлэгдсэн

РЕДАКЦИЙН ЗУРВАС

Шүүхийг сонсч, сонжсон ТАВАН ӨДӨР

Шүүхийг сонсч, сонжсон ТАВАН ӨДӨР

…Би Монголд ирж банкинд ажилд орсондоо харамсч байна. Харин түүний оронд 1300 еврогийн аяга угаагч хийж байсан нь дээр байж. Юун эх орон, хөгжил дэвшил

…зээл бол хулгай биш

…зээлийг хулгайтай адилтгаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй

… би амьдралдаа улс төрийн албан тушаал хашиж байгаагүй…

Ийм тайлбар хэлээд зогсох залуучуудыг хараад улс даяараа харамсч сууна. Хэн нэгэн даргын шийдвэрээр эсвэл улстөрчийн шийдвэрээр зээл олгох шийдвэр гаргасныхаа төлөө яллуулж байгаа хүн байхад өөрийн эрх мэдэл, давуу талаа ашиглаад зээл авсан хүмүүс ч өнөөдөр өөрийгөө өмгөөлж, хамгаалж, гэм буруугүй гэдгээ тайлбарлаж, цагаатгуулахыг хүссэн таван өдөр.

Засгийн газраас Хөгжлийн банкнаас зээл аваад төлөөгүй аж ахуй нэгжийг зарласнаас хойш жил гаруй хугацаа өнгөрч, өнөөдөр шүүх хурал нь бидний нүдэн дээр, олны өмнө хийгдэж байна. Энэ хэргийн шүүх өнөөдөр зургаа дахь өдрөө болно.

Хөгжлийн банкны гэх шүүх хуралд 80 хүн, дөрвөн хуулийн этгээд холбогдон яллагдагчаар татагдаад байгаа юм.  Шүүх хуралдаан өнгөрсөн Даваа гаригт буюу дөрөвдүгээр сарын 17-нд эхэлсэн байдаг бөгөөд Монголын түүхэнд хамгийн олон оролцогчтой, хамгийн дуулиантай дээрээс нь хамгийн их анхаарлын төвд болж байна.  УИХ-ын даргын захирамжаар дэд хороо байгуулагдаж, сонсгол хийж, УИХ шүүх шиг ажиллаж байна гэж шүүмжилж байсан бол энэ хэрэг өнөөдөр жинхэнэ утгаараа шүүгдэж байна.

Таван өдөр болж буй шүүх хурлын танхимд хамгийн их зөрчигдөж буй зүйл бол хүний эрх. Үг хэлэх, өөрийгөө өмгөөлөх эрх энд ноцтой зөрчигдөж байна. Учир нь хүн бүрт тодорхой цаг өгч, зөвхөн тэр хугацаанд баригдаж буруутгагдаж буй этгээдүүд үгээ хэлж, илэрхийлж байна. 80 хүн багадаа нэг өмгөөлөгчтэй гэж бодоход 80 хүн үг хэлнэ, буруугүй эсэхээ нотлох эрхтэй.

Гэвч энэ эрхээ хангаж чадахгүй байна гэх үг өдөр бүр үргэлжилж, өвдөх эрхгүй, чөлөө авах эрхгүй гээд олон эрхээ эдэлж чадахгүй байгаагаа дуулгаж буй. Олон нийтийн анхаарлын төвд байгаа дуулиантай хэрэг, түүгээр зогсохгүй холбогдогч нар нь албан тушаал эрх мэдлээ урвуулан ашигласан, зээл олгосон, авсан, үгсэн хуйвалдсан гэдэг зүйлчлэлээр яллуулж байгаа холбогдогч нарын олонх нь эсэргүүцэж, цагаатгахыг шүүхээс хүсч байна.  Зөвхөн гэм буруугийн шүүх хурал учраас энэ бүхэн цаашид ямар хугацаанд үргэлжлэх нь тодорхойгүй ч улс төрийн өнцгөөс харвад ирэх сонгуулийн өмнө дуусгавар болж,  “дайснаа дарсан баатрууд” сонгуульд орох нь гэсэн таамаг бий. Учир нь хөгжлийн банкны хэргээс илүү Засгийн газрын нүүрсний хулгайтай хийх “дайн” илүү их олон нийтийн эрх ашигтай хамааралтай хэрэг боловч нүүрсний хулгайн сонсгол, нүүрсний хулгайтай холбоотой асуудал яаж байгаа нь өнөөдөр ч тодорхойгүй байна. Хоёр УИХ-ын гишүүнийг түдгэлзүүлж, нэгийг нь өөрийнх нь хүсэлтээр чөлөөлснөөр нүүрсний хулгай нам “дарагдах” уу гэсэн хардлага ч олон нийтийн дунд бий болжээ.

Хөгжлийн банкнаас зээл аваад төлөөгүй аж ахуй нэгжүүд зээлээ төлж, түүнийх нь үр шимээр гадаад өрийн дарамтаас гарсан, зээлээ төлөхгүй байсан аж ахуй нэгжүүд төлж эхэлсэн гээд олон давуу тал бий болов. Түүгээр зогсохгүй төрөөс олгож байгаа зээлийг давуу эрхээ эдэлж, танил талаараа авахгүй байх ойлголтыг олон нийтэд, дараа дараагийн төрд ажиллах хүмүүст ч хатуу сануулга болов.

Хөгжлийн банктай холбогдсон хүмүүсийн гэм буруутай эсэхийг хуулийн эцэслэнэ. Гэхдээ гэм бурууг тогтоохын тулд хүний эрх зөрчихгүй, төрд ажиллаж байсан залуучуудаа хэлмэгдүүлчихгүй, цаашид бусдын төрд ажиллах зоригийг мохоохгүйн тулд шүүх шударга, хараат бусаар ажиллах ёстойг ч мөн иргэд хэлж байна. Тэгэхгүй бол Хөгжлийн банкинд ажиллаж байсан бүхэн гэм буруутай, авлигачин гэсэн үг биш, Хөгжлийн банкнаас зээл авсан бүхэн мангас биш гэдгийг ялгаж салгахын тулд хуулийн байгууллага, шүүх ажлаа маш сайн хийх ёстой.

Бид улс даяараа л Хөгжлийн банкны хэргээр амьсгалж, өдөр бүр шүүх хурлыг нүд, чих тавин үзэж, харж, сонсч байна. Тиймээс яллагч тал нь зөвхөн баримт нотолгоонд үндэслэн шүүх ажиллагаагаа явуулж, гэм буруутай нь үгээ хэлж, өөрийгөө хамгаалах эрхээ эдэлж чадаж байж шүүхэд итгэх итгэл сэргэж, хуульт засаглалтай улсад амьдарч байгаадаа итгэх учиртай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж