Оросын баячууд өнгөрсөн нэг жилийн хугацаанд баялгаа 152 тэрбум ам.доллараар нэмэгдүүлсэн гэж "Форбс" сэтгүүлд бичжээ. Орос улсад албан ёсны 110 тэрбумтан байгаа нь өнгөрсөн оныхоос 22-оор нэмэгдсэн байна. "Форбс" сэтгүүлийн Оросын хэвлэлд дурдсанаар, 2022 оны жагсаалт гарах үед тэдний нийт хөрөнгө 353 тэрбум ам.доллар байсан бол 505 тэрбум ам.доллар болж нэмэгджээ.
Хэрэв "DST Global"-ын үүсгэн байгуулагч Юрий Милнер, "Револют"-ийг үүсгэн байгуулагч Николай Сторонский, "Freedom Finance"-ийг үндэслэгч Тимур Турлов, "JetBrains"-ийн үүсгэн байгуулагч Сергей Дмитриев, Валентин Кипятков нар Оросын иргэншлээсээ татгалзаагүй бол жагсаалт илүү урт үргэлжлэх байсан гэж Форбс мэдээллээ. Дайн эхлэхээс өмнөх 2021 онд Оросын тэрбумтнуудын нийт хөрөнгө 606 тэрбум ам.доллар байв.
ОХУ-аас хөрш Украинд дайн эхлүүлсний дараа барууны орнуудаас орчин цагийн хамгийн хатуу хориг арга хэмжээнүүдийг Москвагийн эсрэг тавьж, баячуудыг нь хар жагсаалтад оруулсан.
Барууны хориг арга хэмжээний дарамтад Оросын эдийн засаг 2022 онд 2.1 хувиар агшсан ч газрын тос, металл болон бусад байгалийн баялгаа дэлхийн зах зээлд тэр дундаа Хятад, Энэтхэг, Ойрхи Дорнодод борлуулах боломжтой хэвээр байгаа.
Олон улсын валютын сан энэ сард Оросын эдийн засгийн өсөлтийг 2023 онд 0.3-иас 0.7 хувь болгон өсгөсөн ч 2024 оны төсөөллөө 2.1-аас 1.3 хувь болгон бууруулж, ажиллах хүчний хомсдол, барууны компаниудыг дүрвэсэн нь тус улсын эдийн засагт сөргөөр нөлөөлнө гэж үзжээ.
Оросын эдийн засгийн амин сүнс болсон Уралын нефтийн үнэ 2021 онд 69 ам.доллар байсан бол 2022 онд дунджаар 76.09 ам.доллар болсон. Бордооны үнэ өнгөрсөн онд мөн өндөр байсан.
Бордоогоор баяжсан Андрей Мельниченко Форбес сэтгүүлээс 25.2 тэрбум ам.долларын хөрөнгөтэйгөөр Оросын хамгийн баян хүнээр шалгарсан. Түүний хөрөнгө өнгөрсөн оныхоос хоёр дахин өсчээ.
Дэлхийн хамгийн том паллади болон цэвэршүүлсэн никель үйлдвэрлэгч "Норникель"-ийн ерөнхийлөгч бөгөөд хамгийн том хувьцаа эзэмшигч Владимир Потанин 23.7 тэрбум ам.долларын хөрөнгөөр Оросын хоёрдугаарт бичигджээ.
Ган үйлдвэрлэгч "NLMK"-ийг хянадаг, өнгөрсөн жил Оросын хамгийн баян хүнээр шалгарсан Владимир Лисин 22.1 тэрбум ам.долларын хөрөнгөөр жагсаалтын гуравдугаарт бичигджээ.
ЭХ СУРВАЛЖ: REUTERS
Холбоотой мэдээ