Зүүн Евразийн тал нутгийн нүүдэлчдийн анхны эзэнт гүрний нэг болох Хүннү гүрнийг байгуулахад тухайн үеийн элит эмэгтэйчүүд, магадгүй гүнж нар чухал үүрэг гүйцэтгэсэн гэж судлаачид онцолж байна.
Монголчуудын эртний өвөг дээдсийн нэг байж болзошгүй Хүннүгийн эзэнт гүрэн МЭӨ II зуунаас МЭ 1-р зуун хүртэл одоогийн Казахстанаас Монгол хүртэлх Төв Азийн ихэнх хэсгийг захирч байсан.
Гэвч Хятадын түүхийн зарим бүртгэл болон булшлагдсан шарилын эртний ДНХ-д үндэслэсэн хийсэн сүүлийн үеийн генетикийн судалгааг эс тооцвол хүннүчүүдийн талаар бага мэдээлэл байдаг гэдгийг Мичиганы их сургуулийн археологич Брайан Миллер мэдэгдэв. Тэрбээр "Live Science" вэбсайтад өгсөн ярилцлагадаа, "Энэ бол генетикийн маш олон төрлөөс бүрдсэн эзэнт гүрэн байсан" гэдгийг онцолжээ. Брайан Миллер бол өмнөд Алтайн нурууны бэл, эзэнт гүрний хилийн ойролцоо орших Хүннүгийн булшнаас олдсон шарилын генетикийг судлах шинэ судалгааны гол зохиогчдын нэг юм. Тус судалгаа "Science Advances" сэтгүүлд энэ дөрөвдүгээр сарын 14-нд нийтлэгдсэн.
НҮҮДЭЛЧДИЙН ГҮНЖ НАР
Хүннүгийн хоёр оршуулгын газарт хийсэн ДНК-ийн шинжилгээгээр хамгийн том булшинд оршуулсан хүмүүс нь орчин үеийн Монголын дунд хэсэгт орших Хүннү гүрний голомтоос гаралтай эмэгтэйчүүд байсан нь тогтоогджээ. Эмэгтэйчүүдийг булшны үнэт эдлэл, гоёл чимэглэлийн алтан диск, хүрэл тэрэг, морины хэрэгсэл зэрэгтэй хамт оршуулсан байв.
Гэвч жижиг булшны үлдэгдлийн эртний ДНК нь генетикийн хувьд олон төрөл байсан нь эдгээр хүмүүс ихэвчлэн эзэнт гүрний алс хязгаар буюу Хар тэнгисийн бүсээс Зүүн Монгол хүртэлх нутгаас ирсэн болохыг харуулжээ. Энэхүү олдвор нь Хүннү гүрнийг захирч байсан элит гэр бүлүүд орон нутгийн элитүүдтэй улс төрийн эвслийг бэхжүүлэхийн тулд эмэгтэйчүүдээ хилийн чанад руу илгээсэн байх магадлалтайг харуулж байна. Харьцангуй алслагдсан бүс нутгийн улс төрд оролцож байсан эдгээр элит эмэгтэйчүүдийг л онцгой байдлаар оршуулдаг байсан гэж Брайан Миллер тэмдэглэв. Өөрөөр хэлбэл тэд эзэнт гүрнийг захирч байсан эзэн хааны овгийн төлөөлөгчид юм.
Эдгээр элит эмэгтэйчүүд насан туршдаа өндөр эрх ямба эдэлж байсан нь оршуулгад нь ч харагддаг гэнэ. Үүнээс харвал тэд зөвхөн холбоо тогтоох гэрлэлтийн хэрэгсэл биш улс төрийн тоглоомонд идэвхтэй оролцогчид байсныг харуулах аж.
ЭРТНИЙ ЭЗЭНТ ГҮРЭН
Хүннүгийн талаарх мэдээллийн гол эх сурвалж нь тэднийг Хятадын хойд болон баруун хилийн дагуух харийн дайсан гэж үзсэн Хятадын тэмдэглэлээс гаралтай. Үнэхээр ч Хүннү гэдэг нэр нь "догшин боол" гэсэн хятад ханзаар илэрхийлэгддэг тул доромжлол гэж үздэг. Хожим нь Хятадын цагаан хэрэм болсон газрын хамгийн эртний бэхлэлтийг Хүннүгийн дайралтыг зогсоохын тулд барьсан гэж үздэг. Эцсийн дүндээ Хүннү нар иргэний дайнаар хуваагдсан. Зарим бүлгүүд нь Хятадын улсуудтай нэгдэж, зарим нь тал нутгийн бусад ард түмэнд эзлэгдсэн.
ЭХ СУРВАЛЖ: LIVE SCIENCE
Холбоотой мэдээ