Шумахертай "ярилцлага хийсэн" эрхлэгч ажлаасаа халагджээ

Хуучирсан мэдээ: 2023.04.23-нд нийтлэгдсэн

Шумахертай "ярилцлага хийсэн" эрхлэгч ажлаасаа халагджээ

Шумахертай "ярилцлага хийсэн" эрхлэгч ажлаасаа халагджээ

Формула-1-ийн долоон удаагийн аварга Михаэль Шумахертэй хиймэл оюунаар бий болгосон “ярилцлага” нийтэлсэн Германы сэтгүүлийн эрхлэгчийг ажлаас нь халжээ. "Die Aktuelle" сэтгүүлийн зүгээс тамирчны гэр бүлийнхнээс уучлал гуйсан байна. 

Шумахер 2013 оны арванхоёрдугаар сард цанын баазад гулгаж байгаад осолдож, толгойдоо хүнд гэмтэл авснаас хойш олон нийтийн өмнө гараагүй. Тэрбээр  ослын дараа комд орсон бөгөөд гэр бүлийнхэн нь 2014 оны есдүгээр сард  гэрт нь гаргаж, эрүүл мэндийн байдлыг нь нууцалж байгаа. 

Гэтэл "Die Aktuelle" сэтгүүл "Михаэль Шумахер, анхны ярилцлага" гэсэн гарчигтайгаар инээмсэглэсэн зургийг нь эхний нүүрэнд тавьж, нийтэлсэн байна.  Энэхүү нийтлэлийг "charatcter.ai" хэмээх хиймэл оюун ухааны программ ашиглан бүтээсэн бөгөөд энэ программ нь Шумахерын эрүүл мэнд, гэр бүлийнх нь тухай "эшлэл"-ийг зохиомлоор гаргажээ. Тодруулбал, "Би багийнхаа тусламжтайгаар ганцаараа зогсч, бүр удаан алхаж чадна. Эхнэр, хүүхдүүд маань миний хувьд адислал. Тэдэнгүйгээр би үүнийг даван туулахгүй байх байсан. Мэдээжийн хэрэг, тэд энэ бүхэн хэрхэн болсонд маш их гунигтай байдаг. Тэд намайг дэмжиж, миний талд бат зогсч байна" гэж Шумахер хариулсан мэтээр бичсэн байна. 

Харин Шумахерийн гэр бүлийнхэн тус сэтгүүлийн эсрэг хуулийн дагуу арга хэмжээ авахаар төлөвлөж байгаагаа өнгөрсөн Баасан гаригт мэдэгдсэний дараа  хэвлэн нийтлэгч нь уучлалт гуйсан байна. "Энэ амтгүй, төөрөгдүүлсэн нийтлэл хэзээ ч гарах ёсгүй байсан. Энэ нь бидний болон манай уншигчдын хүсэн хүлээдэг сэтгүүлзүйн стандартад огт нийцэхгүй. 2009 оноос хойш тус сонинд ажиллаж буй ерөнхий редактор Энн Хоффманн өнөөдрөөс эхлэн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө" гэж Funke медиа группын гүйцэтгэх захирал Бианка Похлманн хэлэв.

Өдгөө 54 настай Шумахер 1994, 1995 онд  "F1"-ийн дэлхийн жолоодлогын аварга цолыг хоёр удаа хүртсэн бол 2000-2004 онд Ферраригийн төлөө тав дараалан түрүүлж байжээ.

Шумахерын хүү Мик одоогоор "F1"-д  Мерседес багийн нөөц нисгэгч юм.

2021 оны "Netflix" баримтат кинонд Шумахерын эхнэр Коринна "Бид гэртээ хамт амьдарч байна. Бид эмчилгээ хийдэг. Бид түүний биеийг тэнхрүүлж, тав тухтай байлгахын тулд чадах бүхнээ хийж, түүнд бидний гэр бүл, бидний холбоог мэдрүүлэхийн тулд чадах бүхнээ хийдэг. Бид амьдралаа үргэлжлүүлэхийг хичээж байна. Түүний хэлдэг байснаар хувийн амьдрал хувийнх байх ёстой. Хувийн амьдралаа үргэлжлүүлэн эдлэх нь маш чухал. Үүний тулд бид түүнийг үргэлж хамгаалах болно" гэж ярьж байв.

ЭХ СУРВАЛЖ: ВВС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХарамсалтайХарамсалтай
5
ЗөвЗөв
4
ХөөрхөнХөөрхөн
4
ГайхмаарГайхмаар
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж