ТОЙМ: С.Зоригийг хөнөөсөн хэргийн хувьд хуулийн байгууллагын ноцтой алдаа

Хуучирсан мэдээ: 2023.04.22-нд нийтлэгдсэн

ТОЙМ: С.Зоригийг хөнөөсөн хэргийн хувьд хуулийн байгууллагын ноцтой алдаа

ТОЙМ: С.Зоригийг хөнөөсөн хэргийн хувьд хуулийн байгууллагын ноцтой алдаа

Ньюс агентлаг долоо хоногийн онцлох ярилцлагуудаа тоймлон хүргэж байна.


"БИ ХАР МАШИНЫ ҮР ДҮНД ЭРГЭЛЗДЭГГҮЙ"

УИХ-ын гишүүн Ц. Туваантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Улс төрийн хоёр том намаас Сонгуулийн тухай хуулийн төслийг өргөн бариад байна. Ардчилсан намаас өргөн барьсан Сонгуулийн тухай хуульд онцлог ямар ямар өөрчлөлт оруулсан бэ?

-МАН болон АН-аас өргөн барьсан хоёр хуулийн төсөлд адил төстэй зүйлүүд бий. Тухайлбал, хоёулаа холимог тогтолцоог дэмжсэн. МАН-ын хувьд пропорциональ болон мажоритор тогтолцоогоор сонгох гишүүдийн тоо адил тэнцүү буюу 50:50 гэж харж байгаа бол Ардчилсан нам 48:28 гэж санал болгож байна. Мөн эмэгтэйчүүдийн квотыг нэмэгдүүлэх асуудал дээр хоёр нам хоёулаа санал нэгдэж буй. Өргөн барьсан хуулиудыг нэгтгэж ажиллах, ажлын хэсэг дээр нэлээд олон зүйл тодорхой болох болов уу. Шат шатны сонгууль явагдахад иргэд, сонгогчдын санал ямар нэгэн луйвар булхайгүй байх ёстой. Мөн нэрсийн жагсаалтыг хэн, яаж гаргах, хурууны тэмдэг, тэмдэглэгээ гэх мэт процессын шинжтэй нэмэлт, өөрчлөлтүүд ороод явах байх.

-Сонгуулийн үр дүн олон нийтэд ил болсны дараа санал тоолох хар машинтай холбоотой элдэв хардлага нийгэмд үүсдэг. Хар машиныг олон улсын аудитаар оруулах, эсвэл бүх саналыг гараар давхар тоолох гэх мэт процессын асуудлыг хэрхэх вэ?

-Хар машины лиценз энэ оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болно гэж ойлгож байна. Тийм учраас баталгаат хугацааг нь сунгах асуудал хөндөгдөх байх. Миний хувьд хар машины тооллогын үр дүнд тодорхой хэмжээнд итгэдэг. Санамсаргүй аргаар сонгуулийн үр дүнгийн тодорхой хэсэгт давхар гараар тоолоход үр дүн нь таардаг. Нэг ёсондоо хар машины үр дүнд эргэлздэггүй. Харин сонгуулийн хэсгийн хороо бүр дээр өгч байгаа иргэдийн нэрсийн жагсаалтыг цөөн цөөнөөр нь гаргаад, сонгогч саналаа өгөхөөр очиход нэрийг нь шүүж гаргадаг. Энэ асуудал дээр хардлага байгааг нуухгүй. Монгол Улсын нийт сонгогчдын нэрсийн жагсаалтаас түүж авахгүй болохоор хүн ам ихтэй аймгийн төвүүд, Улаанбаатар хотод, өөрөөр хэлбэл бие биеэ сайн танихгүй газарт царцаа нүүлгэж, нэг хүн олон дахин санал өгөх нөхцлийг бүрдүүлж байна уу гэж харддаг. Тиймээс тооллогыг саналын хуудас, хар машины үр дүнг нэгтгэж тоолох биш, хэсгийн хороодод санал өгч байгаа иргэдийг ерөнхий том жагсаалтад давхцаж байгаа эсэхийг шалгаж тогтоохыг чухал гэж үздэг.

-Монгол Улсын иргэн бүр сонгох, сонгогдох эрхтэй учраас санал хураах өдөр өөр өөрсдийн байгаа байгаа газраасаа санал өгөх боломжоор хангагдахаар тусгагдсан. Энэ зүйл заалт таны яриад байгаа царцааны нүүдлийг нэмэгдүүлэх юм биш үү?

-Сонгууль бол өрсөлдөөн. Тийм учраас томоохон пүүс компанитай хүмүүс ажилчдаа өөр өөрийн нэр дэвшиж байгаа тойрог руугаа хуулийн хугацаанд шилжүүлэх тохиолдол байдаг. Энэ удаагийн хуульд тусгасан гол өөрчлөлт бол иргэн Дорж Улаанбаатар хотын харъяатай боловч санал хураах өдөр Дорнод аймагт ажлаар, аяллаар явж таарсан бол, түүнчлэн гадаадад аялж амьдарч байгаа иргэд харъяаллынхаа дагуу пропорциональ буюу намын жагсаалтаар орж ирэх хүмүүст саналаа өгөх боломжийг нээж өгч байгаа юм. Үүнийг би зөв гэж бодож байна. Тухайн хүн Монгол Улсад дахин давтагдахгүй, цор ганц учраас тухайн хүний нэрийг ерөнхий нэрсийн жагсаалтаас хайж гарган ирж чадаж байгаа тохиолдолд иргэд хаанаас ч санал өгөх боломж нээгдэнэ.

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу


"МОНГОЛ УЛС ЗЭСИЙН САЛБАРТ ГОЛ ТОГЛОГЧ БОЛНО"

Санхүү, эдийн засгийн их сургуулийн багш, доктор Ж.Дэлгэрсайхантай ярилцлаа.

-Дэлхийн эдийн засагт тодорхой бус байдал өндөр хэвээр байна. Төв банкуудын мөнгөний хатуу бодлогын нөлөө глобал эдийн засагт ч хүчтэй илэрч буй. Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ нэмэгдүүллээ. Энэ бүхэн Монгол Улсын эдийн засагт хэр нөлөөлөх бол?

-Бид дэлхийн эдийн засгаас хамааралтайгаа нэлээн дээр мэдсэн. Монгол Улсын эдийн засаг дэлхийн эдийн засагтай уул уурхайн салбараар дамжиж, хүчтэй хамааралтай байдаг. Бид нийт экспортынхоо 90 орчим хувьд уул уурхайн бүтээгдэхүүн экспортолдог. Уул уурхайн бүтээгдэхүүн өөрөө дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал, эдийн засгийн гол бүсүүдийн өсөлттэй нэлээн нягт холбоотой. Тэр агуулгаар Монгол Улсын эдийн засаг дэлхийн эдийн засагтай холбогддог. 2023 оны дэлхийн эдийн засгийг ерөнхийдөө тийм ч өөдрөг бусаар харж байх шиг байна. Дөнгөж сая Олон улсын валютын сан дэлхийн эдийн засгийн хүлээлтээ бага зэрэг бууруулж, 2.8 хувиар өснө гэж үзэж байх шиг байна. Өмнө нь 3 орчим хувьтай, 0.1 нэгжээр бууруулна гэж тооцож байсан. Дэлхийн эдийн засагт инфляцийн дарамт, нийлүүлэлтээс бий болсон үнийн өсөлтийн асуудал хурцаар тавигдаж, үүний эсрэг төв банкууд мөнгөний хатуу бодлогоо үргэлжлүүлсээр байна. Таны дурдсан Холбооны нөөцийн сан мөнгөний бодлогынхоо хүүг нэлээд өндөр 5 хувь орчимд аваачлаа. Энэ нь долларын эрэлт, хүү, зардал нэмэгдэх агуулгаараа нэлээд сөрөг үр дагавартай байна.

-Гэхдээ дэлхийн эдийн засагт бидэнд нөлөөлөх харьцангуй эерэг зүйлс бий болов уу?

-Тийм ээ. Уул уурхайн бүтээгдэхүүний үнийн түвшин харьцангуй өндөр байна. Ялангуяа зэс, нүүрсний үнэ дээр оны төгсгөл хавьд бага зэргийн бууралт ажиглагдсан. Дээрээс нь дэлхийн эдийн засгийн төлөвийг бууруулахаар боловч бидний эдийн засгийн худалдааны гол түнш БНХУ-ын эдийн засгийн өсөлтийг нэлээн өндөр хувиар өсгөж таамаглаж байна. Энэ хугацаанд “Тэг ковид” бодлогоосоо БНХАУ татгалзсантай холбоотойгоор тус улсын эдийн засаг 5 хувиар давж өсөх хүлээлттэй байна. Энэ утгаар нь харвал, дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал таатай бус байгаа боловч бид өөрсдийн зүгээс хүчин чармайлтаа бүрэн гаргаж чадвал БНХАУ-ын эдийн засгийн идэвхжилтэй холбоотойгоор Монгол Улсын эдийн засагт сөрөг нөлөөлөл нь саармагжих, бага байх бололцоо байна. Энэтхэг улсын эдийн засгийг өмнө таамаглаж байснаас харьцангуй өндрөөр үнэлж байна. Одоогоор дэлхийн эдийн засагт хөгжиж буй орнуудад эдийн засгийн тэлэлт хурдтай явж байгаа хоёр том улс бол БНХАУ, Энэтхэг улс гарцаагүй мөн. Нөгөөтэйгүүр, Европ бүс, АНУ-ын эдийн засгийн түвшинг харьцангуй бууруулсан таамаглал бий. Тийм учраас ерөнхийд нь дүгнэвэл, Орос-Украины дайнтай холбоотой хурцадмал байдлын улмаас үүсэх эрсдэлийг эс тооцвол Монгол Улсын хувьд тааламжгүй, тийм хүчтэй сөрөг нөлөөлөл 2023 онд байхгүй юм уу даа гэж би хувьдаа бодож байна.

-Монголбанк эдийн засгийн өсөлтийн төсөөллийг 2023 онд 4.0 хувьтай байхаар тоцоолсон. Азийн хөгжлийн банк Монгол Улсын эдийн засгийн өсөлт 2023 онд 5.4 хувь хүрч, 2024 онд хурдсах хүлээлттэй байгаа талаар мэдээлсэн. Таны хувьд Монголын эдийн засгийн өсөлтийн талаар ямар төсөөлөлтэй байна вэ?

-Монголбанкны таамаг саяхандаа шинэчлэгдээгүй таамаг байгаа болов уу. Миний хувьд эдийн засгийн өсөлтийг 2022 оны эдийн засгийн суурь дээрээсээ эдийн засгийн идэвхжил харьцангуй хурдассан жил байх болов уу гэсэн хүлээлттэй байна. Ялангуяа оны эхний улирлын эдийн засгийн гүйцэтгэлийг харвал бидний хувьд харьцангуй нааштай нөлөөллүүд байна. Хөдөө аж ахуйн салбар, үйлчилгээний салбарууд 2022 оны төгсгөл, 2023 оны эхэнд харьцангуй сайн байна. Гадаад худалдааны салбарт, уул уурхайн салбарын гүйцэтгэл харьцангуй өндөр байна. Эдийн засгийн өсөлт гэдэг зүйлд Монгол Улсад үндсэн хамаараад байгаа суурь салбар болох уул уурхай, худалдаа үйлчилгээний салбар байна. Дээрээс нь хөдөө аж ахуй тодорхой жин дардаг. Энэ гурван салбар дээр нэлээн эерэг нөхцөл байдал ажиглагдаж байна. Нэг сөрөг зүйл байгаа нь, гуравдугаар сарын эдийн засгийн тоон мэдээгээр хөдөө аж ахуйн салбар, ялангуяа мал аж ахуйн хувьд мал төллөлтийн байдал өмнөх жилүүдээс хүчтэй буурсан байдалтай байна. Гэхдээ дөрөвдүгээр сарын байдлаар өмнөх оныхтой харьцуулахад хэрхэн өөрчлөгдөх нь харагдах байх. Тиймээс эдийн засгийн өсөлтийг 5-аас дээш хувьтай байна гэсэн таамаглалтай хувьдаа санал нэг байна. Энэ жил уул уурхайн бүтээгдэхүүний гарц нэлээн боломжийн байх шинжтэй. Оны эхний гурван сард бид 10 гаруй сая тонн нүүрс экспортоллоо. Бид олон зүйлийг хийх шаардлагатай боловч харамсалтай нь богино хугацаанд бидний эдийн засагт тулгуур болж, бидний хүлээлтийг тодорхойлдог үндсэн хүчин зүйл нь уул уурхайн салбар мөн. Уул уурхайн салбар дотроо нүүрсний экспорт бидний эдийн засгийн нөхцөл байдлыг ихээхэн тодорхойлж байна. Өмнөх оны эдийн засгийн өсөлт хүлээлтээс давсан нь ч үүнтэй шууд хамааралтай.

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу


Б.ГАЛДАА: С.ЗОРИГИЙГ ХӨНӨӨСӨН ХЭРЭГ ЗАХИАЛАГЧГҮЙ БАЙХ БОЛОМЖГҮЙ

Харлаж шатсан балгас, эвдэрч хэмхэрсэн эд зүйлс, хаа сайгүй хөглөрөх чулуу, цус болсон алчуур, хагарсан шил, цонх… Төв талбай руу орох замуудын уулзваруудад хуягт байрлуулж, бүрэн зэвсэглэсэн дотоодын цэргийнхэн хамгаалалтад гарчээ. Бүгд л ямар нэгэн айдастай… Хэргийн газар дээр тэд очсон ч цагдаагийнхан “Ямар нэгэн бүлэг этгээдүүдийн хийсэн ажил” гэж хэргийн газарт оруулсангүй. Гэхдээ ингэж ул мөрийг нь балласан байж мэдэх ч хэрэг явдал ингэж хэлснээр нам дарагдсангүй. МҮОНТ-ийн мэдээгээр Улсын нэгдүгээр төв эмнэлгийн эмч, сувилагчид болсон явдлын талаарх ярих агаад тэдний ярианд “Хар машинтай хүмүүс зугтаж буй иргэдийг хөөн буудаж байсан” тухай цочирдуулав. Хууль зүйн сайд Ц.Мөнх-Оргил цагдаагийн алба хаагчид галт зэвсэг хэрэглээгүй гэж яриандаа онцолно. Ингэж долдугаар сарын 1-нд цагдаа нар иргэд рүү гал нээсэн хэргийг дарахыг оролдож, хэргийн ул мөрийг баллуурдахыг завдсан ч чадаагүй билээ. Эрх баригчид арилжааны телевиз, радио, сонин, сэтгүүлийг Онц байдал тогтоон зогсоож, МҮОНРТ-ийг ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн алба бүрэн хяналтдаа авч, зөвхөн нэг талын эх сурвалжтай мэдээллийг л түгээх болов. Гэхдээ тэдний таамаглаагүй нэгэн зүйл болсон нь хэвлэл мэдээллийн сайтууд тэр үед хэвлэлд тооцогдоогүй байсан учраас боомилж чадсангүй. Хэргийн ул мөрийг бүдгэрсэн хойно Прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албаныхан ажилдаа орсон ч боломжийнхоо хэрээр цагдаагийн албан хаагчдыг таван хүний амь нас үрэгдсэн хэрэгт буруутайг нотлох баримтуудыг цуглуулж чадсан юм. Гэвч өнөөдөр шатсан намын байрны суурин дээр шинэ ордон сүндэрлэж, өнчин хүүхдүүд, үрээ алдсан эх, бэлэвсэрсэн бүсгүйчүүд, өөрөөсөө өмнө хүүгээ алдсан эх төр засагт итгэх итгэлээ алдаад хоцорчээ.
Монгол Улс энэ хэргээс үүдэн иргэдийнхээ амь насыг анх удаа үнэлэхийг оролдсон төдийгүй 50 сая төгрөгөөр ар гэрийнхнийх нь амыг хаахыг оролдсон юм. Болох явдлыг гэрийнхээ ханын цаасан дээр зурж байсан бяцхан жаал өнөөдөр эрийн цээнд хүрчээ. Энэ хэрэгт буруутгаж хэдэн зуун залуусыг канондсон тогтоолоор ялласан бол холбогдсон албан тушаалтнууд Өршөөлийн хуульд хамрагдаад өнгөрсөн билээ. Тухайн үед үүргээ гүйцэтгэж яваад эрүүл мэндээрээ хохирсон албан хаагч өвчин нь даамжирсаар саяхан хорвоог орхижээ… Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, шүүгч, прокурор, цагдаа, тагнуулын байгууллагын ажилтны үйлдсэн гэмт хэргийг шалгадаг байсан Прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албыг ч татан буулгаж, АТГ-т нэгтгэсэн. Энэхүү албыг Монгол Улсын гавьяат хуульч Б.Галдаа удирдаж байгаад тэтгэвэртээ гарсан юм. Түүнээс хойш нэг жилийн дараа энэ албыг АТГ-ын дэргэд шилжүүлсэн билээ…

-Б.Галдаа гуай таны удирдаж байсан алба өнөөдөр алга. Ор мөрийг нь хайвал АТГ-ын алба, хэлтэс болчихсон. Иргэд өнөөдөр шударга ёсыг хамгийн ихээр нэхэж байна. Цагдаа, шүүх, прокуроруудыг захиалгаар ажилладаг, улстөрчдийн нөлөөнд автсан, хууль ялгавартай хэрэгжиж буй тухай бид ам уралдан ярьж байна. Одоо хамгийн их хэрэгтэй, бүр бие даасан том бүтэцтэй байгууллага байх ёстой газар нь танайх байсан юм биш үү. АТГ-ын албан тушаалтнуудын хэргийг шалгадаг байсан албыг тэдний нэгж болгоод, өөрсдийнх нь мэдэлд аваачаад тавьчихаар хэр зохимжтой юм бэ?

-Монгол Улсын Ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах алба арав гаруй жилийн настай байж дээ. Улстөрчдийн хүсэл сонирхолд энэ албыг байлгах шаардлагагүй гэж үзсэн гэж боддог. Гэнэтийн л явдал болсон доо. Өөрийн чинь хэлснээр, нийгмийн захиалгын дагуу байгуулагдсан байгууллага шүү дээ. Хууль, цагдаагийн салбарт үйлдэгдэж буй гэмт хэргийн нөхцөл байдалд дүн шилжилгээ хийж, мөрдөн шалгадаг онцлогтой байгууллага. Монгол Улсын мөрдөн байцаах албаны түүхэнд хамгийн анхны бие даасан, хараат бусаар үйл ажиллагаа явуулах чиг үүрэгтэй байгуулагдсан газар нь Прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах алба юм. Цөөхөн хүнтэй ч чадан ядан үндэсний хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж байсан. Адармаатай олон саадтай тулгарч байсан ч үүргээ гүйцэтгэж чаддаг байсан. Бичиг цааснаас өөр багаж, хэрэгсэл байхгүй, гүйцэтгэх ажиллагаа явуулах эрхгүй хэр нь боломжийн хэмжээнд үүргээ гүйцэтгэсэн.

-Тухайн цаг үеийг харахаар их сонин үйл явдал давхцсан байдаг. Хууль зүйн сайдаар ажиллаж байсан Х.Тэмүүжин цагдаагийн цолд өөрчлөлт оруулсан. Энэ нь эцэстээ салбарынхан нь түүнийг янз бүрийн шалтгаанаар түлхэн унагах асуудал болж хувирсан. Яг энэ үед хууль, эрх зүй, гэмт хэргийн ертөнцийг хамгийн их мэддэг цагдаа, шүүгч, прокурор, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нарыг шалгадаг байгууллагыг нь татан буулгасан. Ингээд АТГ-д нийлүүлсэн. Өнөөдөр АТГ ямар эрх мэдэлтэй болсныг зөвхөн энэ байгууллагын үйл ажиллагаатай уяад харахыг оролдоод үзье. Тэд энэ албаараа дамжуулаад шүүгч, цагдаа, прокурор гээд бүгдийг шалгана. Харин өөрийг нь шалгадаг бүтэц алга. Ингэхээр бусаддаа нөлөөлөхгүй гэсэн баталгаа алга. Гэтэл АТГ-ын даргыг Ерөнхий сайд томилно. Улс төрийн нөлөөллөөс ангид байх боломж энэ тохиолдолд байх уу?

-Тогтолцооны асуудлыг эргэж харах шаардлагатай. Ялангуяа шүүх, прокурорын байгууллага хуулийн дагуу хараат бусаар үйл ажиллагаагаа явуулах ёстой. АТГ хуулийнхаа дагуу ажиллаж байхад нөлөөлж байна гэхэд бас хэцүү. Нийгмийн сэтгэл зүйг ажихад бүгдэд нь чамлалттай ханддаг болчихлоо. Тохирсон ял шийтгэл оноохгүйгээс эхлээд улстөрчдийн нөлөөнд автаж байна гэхчилэн хардлага сэрдлэг их байна. Иргэд хардах эрхтэй. Бухимдахаар ч юм байна. Хуулийн орчныг сайжруулах ёстой. Сайжруулна гэдэг нь хэргийн оролцогчдыг өмнөхөөс нь дордуулахгүй байх ёстой. Угтаа бол энэ албыг аль нэг байгууллагын дээвэр дор бус бие даасан статустай байлгаж, эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлага байна. Гэхдээ өнөөдөр энэ орчныг бүрдүүлж чадах төлөөлөл байна уу, үгүй юу? Энэ алба үгүй болсноор хоосон орон зай гарах ёсгүй. Мэдээж салбарт сайн, муу хүн бий. Гэхдээ нийтээр нь харлуулах нь тусгүй.

-Та ажлаа хийж байхдаа дараах мэдээллийг өгч байжээ. Арав гаруй жилийн өмнө гэсэн үг шүү дээ. Жилд дунджаар 600-700 орчим гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл хүлээн авч, 300-400 хэрэгт мөрдөн байцаалт явуулж байсан гэж 2010 онд тантай ярилцаж байхад хэлж байсан. Одоо хууль хяналтын хэдэн хүн хэрэгт холбогдож байгааг чөтгөр бүү мэд. Сэрдхиймээр тоо шүү. Одоо харин энэ талаар тодорхой тоо алга. ХЭҮК-оос эрүүдэн шүүхээс эхлээд хууль, хяналтынхан иргэдийн эрхийг зөрчиж буй талаар бишгүй тайлан гаргах юм. Жагсаад явж байсан залууг цагдаа тийрч унагаад, чирээд явж байгаа бичлэг бишгүй л гарсан. Энэ байдал чинь иргэдийг хууль сахиулагчдын эсрэг зогсоход хүргээд байгаа юм биш үү?

-Биднийг ажиллаж байхад голдуу албадлага, хүч хэрэглэсэн явдлаас болоод буруу тийшээ явчихсан хэрэг их байсан. Анх энэ алба байгуулагдахад ажлаас нь түдгэлзүүлсэн 17 хэрэг орж ирж байсан. Сүүлдээ хэдэн зуугаараа нэмэгдсэн. Тухайн үеэс технологи, техникээс эхлээд бүх зүйл өөр шатанд хүрчихлээ. Гэтэл ачааллын стандарт байхгүйгээс асуудал гарч байх шиг. Нэг прокурор гэхэд 200-300 хэрэгт байнга хяналт тавина гэж байхгүй л дээ. Зөвхөн АТГ-т гэхэд хэдэн зуун хэрэг шалгагдаж байна. Түүнээс хэдэн хувь нь шүүх рүү явж байна гэхээр тун бага. Бараг арав хүрэхгүй хувь нь л очиж байна. Бусад хэрэг нь дуулиантай эхэлсэн ч явсаар байгаад чимээгүй болчихдог. Үүнд л олон нийт бухимдаад байна. Үүнийгээ олон нийтэд тайлбарлах ёстой. Хуулийн байгууллагад хэрэг буцаж, хэрэгсэхгүй болгох, шинээр нэмэх зэрэг нь байх асуудал. Дээд шүүх дээр гэхэд 1200 хэргээс 40 орчим хувьд нь өөрчлөлт орж байна. Бас 40 хувийг нь дахин шалгах болж байна. Арав орчим хувь нь хэрэгсэхгүй болчих жишээний. Энэ нь хуулийн байгууллагад алдаа байгааг харуулна. Тэрийг нь дээд байгууллага нь илрүүлээд байгаа хэрэг. Тиймээс гэмт хэргийн шалтгаан нөхцөл, үүсээд буй асуудлыг судалдаг, зөвшилцдөг байдлаар асуудлыг шийддэг болох боломжтой. Дотоод итгэл үнэмшил гэдэгт хуулиар хүлээсэн итгэл үнэмшил мөн үү биш үү гэдэг нь өөр асуудал. Хэргийн явц мөрдөн байцаалтаас маш их хамааралтай.

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж