Эрх баригчид УИХ-д үнэмлэхүй олонх байгаа кнопоо ашиглан, парламентын гишүүдийн тоог 152-т хүргэдэггүй юм гэхэд 100-руу дөхүүлж, батлах нь тодорхой боллоо. Энэ тохиолдолд УИХ-д шинэ танхим шаардлагатай.
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан “УИХ-ын гишүүдийн тоо нэмэгдэж, 152 болбол нэг өрөөнд хоёроор нь суулгаж болох байлгүй дээ” гэдэг тайлбар хийсэн ч Төрийн ордноос парламентыг тусад нь гаргах асуудал яригдаж эхэлжээ.
Гэхдээ шинээр байгуулах хотод парламентын ордныг барих уу, утаатай нийслэлдээ барих уу гэдэг шийдэл эцэслэгдээгүй байна.
Судлаачдын хувьд шинэ хот байгуулахад асар их хөрөнгө шаардах тул Улаанбаатар хотдоо парламентын шинэ ордноо барих нь цаг хугацаа алдахгүй оновчтой шийдэл болно гэдэг зөвлөмж өгч буй гэх.
Үнэндээ ч шинэ хот байгуулах нь амаргүй. Гарын таван хуруунд багтах төрийн өмчит их сургуулиудаа Багануур дүүрэгт шилжүүлж чадалгүй 10 гаруй жилийг үдсэн улс шинэ хот байгуулахад 100 жил ч зарцуулж магадгүй. Иймээс Улаанбаатар хотынхоо гэр хороололд парламентын шинэ ордноо баривал агаар, хөрсний бохирдлоо бууруулахаас эхлээд ужгирсан олон асуудлыг шийдвэрлэх нэг шийдэл болж мэдэх юм.
Учир нь, УИХ, Засгийн газраас нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр өнгөрсөн 20 шахам жилд “утаагүй зуух”, “сайжруулсан түлш”, “эрчим хүчний шөнийн хөнгөлөлт” зэргээр хэдэн их наяд төгрөгтэй тэнцэх хөрөнгө цацсан ч үр дүн гараагүй. Шалтгаан нь агаарын бохирдол үйлдвэрлэж буй гэр хорооллыг барилгажуулж чадаагүйтэй холбоотой.
Хэдийгээр нийслэлээс гэр хорооллыг барилгажуулах зорилгоор инженерийн шугам сүлжээг бий болгон, дэд бүтцийг татсан ч газрыг нь эдийн засгийн эргэлтэд оруулж чадахгүйгээс 600 тэрбум төгрөг үхмэл хөрөнгө болж, шороонд булагдсан тухай Улаанбаатар хотын асуудал хариуцсан сайд Ж.Сүхбаатар халаглаж буй. Тэгэхээр парламентын ордныг хамгийн их агаарын бохирдол үүсгэж буй бүсэд баривал гэр хорооллыг барилгажуулах ажил гэрлийн хурдаар гялалзах боломж байна. Байршлын хувьд хаа ч байж болно. Баянхошуу, Ханын материал, Шар хад, Толгойт, Хайлааст гээд нэрлэвэл олон газар бий.
Хэдэн жилийн өмнө Нийслэлийн Засаг даргаар Э.Бат-Үүл ажиллаж байхдаа Улаанбаатар хотын захиргааг Ханын материалд барих шийдвэр гаргахад тухайн газар үнэд орж, барилгажилт ч овоо эрчимжсэн. Зорилго нь агаар, хөрсний бохирдлыг шийдэхэд чиглэж байв. Харамсалтай нь, 2016 онд Засгийн эрх солигдож, Улаанбаатар хотын захирагчаар Су.Батболд томилогдсоноор дээрх шийдвэрийг хүчингүй болгон, Яармагийн дэнжид хотын захиргааг бариулснаар Ханын материал орчмыг Каннам дүүрэг болгох төлөвлөгөө бүтэлгүйтсэн.
Одоо харин энэ алдааг залруулах боломж эрх баригчдад гарч ирж байна.
Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар “2040 он хүртэл нийслэлийг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд гэр хорооллын 120 мянган айлыг орон сууцжуулахад 36.3 их наяд төгрөг шаардлагатай тооцоо гарсан” гэж мэдэгдсэн. Үүнд гадаадын хөрөнгө оруулалт, мөн хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татаж чадсан нөхцөлд төрд ирэх ачааллыг бүрэн бууруулж чадна.
Ер нь төрийн захиргааны нэг томоохон барилга Улаанбаатар хотын аль ч хэсэгт баригдсан тухайн газрынх нь үнэлгээ өсдөг гэдэг нь Хан-Уул дүүрэгт баригдсан хотын захиргааны барилга харуулсан.
Харин одоо агаар, хөрсний бохирдлыг бууруулах үндсэн зорилготойгоо уяж, энэ асуудлыг шийдвэрлэвэл гэр хорооллын 220 мянган яндангийн тоог бууруулах бололцоо бүрэн байна. Энэ нь цаад агуулгаараа Монголын зовлон болсон агаарын бохирдол, ажилгүйдэл, ядуурал, хорт хавдар зэрэг олон асуудлыг шийдвэрлэх гарц болно.
Г.ХОРОЛ