“Их-7” бүлэг Хойд Солонгосыг цөмийн зэвсгээс ангижруулах уриалга гаргасан. Уг уриалгыг Хойд Солонгосын Гадаад хэргийн сайд шүүмжлээд, “Их-7”-ийн бүлэг бол АНУ-ын ноёрхлыг баталгаажуулах хэрэгсэл гэжээ. “Их-7” Пёньяны язгуур эрх ашигт халдсан ямар нэгэн үйлдэл хийх л юм бол бид тодорхойгүй, хүчтэй хариу арга хэмжээ авна гэж Хойд Солонгосын Гадаад хэргийн сайд Чой Сон Хуй хэлсэн.
Мөн тэрбээр “Их-7”-г хувиа хичээсэн цөөхөн хэдэн орноос бүрдсэн хаалттай бүлэглэл гэсэн байна.
“Их-7”-ийн удирдагчид энэ сард Японд уулзахдаа Умардын саяхан хийсэн баллистик пуужингийн туршилтыг буруушаасан. Ирэх сард Хирошимад мөн бүлгийн дээд хэмжээний уулзалт болох юм. Энэ уулзалтын үеэр ч бас Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийн талаар дахин хэлэлцэх төлөвтэй байна.
АНУ-ын сүрдүүлэгтэй холбоотойгоор бид цөмийн зэвсэг бүтээхээс өөр аргагүй болсон гэж Хойд Солонгос тууштай нотолж буй. Тийм ч учраас өнгөрсөн оны эхэн үеэс хойш Хойд Солонгос 100 орчим пуужин харваад байна. Гэхдээ АНУ, Өмнөд Солонгос нь хамтарсан цэргийн сургуулилалтаа Умард руу довтлох зорилготой үйл ажиллагаа биш гэж мөн мэдэгдсэн. Холбоотнуудын хамтарсан агаарын сургуулилалт ирэх долоо хоногт ч үргэлжлэх тул Хойд Солонгос дахин зэвсгийн туршилт хийх төлөвтэй байна.
Хойд Солонгост НҮБ-аас 11 удаагийн хориг арга хэмжээг аваад байна. Эдгээр хориг арга хэмжээ нь Хойд Солонгосын эдийн засгийг боомилж байна гэж Ким Жон Ун удаа дараалан мэдэгдсэн.
Эх сурвалж: AP
Холбоотой мэдээ