"Дүрэмд суурилсан дэг журам"-ынхаа дагуу Барууны орнууд неолиберал үзэл суртлыг дэлхийн хөгжлийн албан ёсны сургаал мэт тулган, "зэрэг нэмэх"-ийг эрмэлзэж байна. Гэвч уг сургаалыг дагая гэвэл НҮБ-ын баримт бичгүүдэд тусгагдсан олон улсын харилцааны нийтлэг, нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээг үл тоомсорлох болно. Үүний үр дүнд Дэлхийн дийлэнх хэсгийн эрх ашгийг үл тоомсорлоно гэсэг үг юм.
Уг сургаалын дагуу олон улсын бодлогын гол агуулга нь Барууны орнуудын өөрсдийгөө бусдаас илүү, онцгой буюу түүхэн давуу байдалтай гэх мэдрэмждээ тулгуурлан явуулж буй "авторитар дэглэмүүд"-тэй тэмцэх тэмцэл хэмээн тайлбарлаж байна. Мөн уг сургаалыг дагагчид нь сүр дуулиантай боловч хоосон уриа лоозонгуудыг маш идэвхтэй ашигладаг. Бодит байдал дээрээ өнөөх "эгш эрх", "эрх чөлөө" зэрэг нь Барууны орнуудын ашиг сонирхол эхлэх газар дуусгавар болдог.
Шалгууруудын тодорхой бус байдал нь улс орнуудын «ардчилсан» мөн чанарыг Вашингтонд хэр хэрэг үнэнч байгаагаар нь тодорхойлох боломжийг олгодог. Хүний эрхийг өөрсдийн «либерал» аргаар тайлбарлан сурталчлах нь бусад орны дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцох шалтаг болоод удаж байна. Югослав, Афганистан, Ирак, Ливи гээд «ардчиллыг экспортолсон» жишээ олон байгаа. Харин ийнхүү «ардчиллыг экспортолсны» үр дүнд хаана ч жирийн иргэдийн амьдрал дээрдсэнгүй.
Нээлттэй зах зээл болон хөрөнгө, технологийн чөлөөт хөдөлгөөн нь либерал эдийн засгийн үндэс гэж тунхагладаг ч Барууны эрх ашгийн тухай яриа дэлгэмэгц зах зээлийн эдийн засгийн "сургааль"-ууд нь тэр дороо мартагддаг. Тухайлбал, америкчууд нэгэн цагт Дэлхийн худалдааны байгууллагад өөрсдийнх нь тогтоосон дүрмээр Хятадтай өрсөлдөх нь ямар ч ирээдүйгүй гэдгийг ухаармагц уг байгууллагын шугамаар маргаан зохицуулах механизмыг халсан. Оросоос авах газрын тос, байгалийн хийн босго үнийг тогтоох санаачилга нь мөн зах зээлийн механизмыг үгүйсгэж буйн тод жишээ юм. Оросын Холбооны Улсын Төв банкны алт, валютын нөөцийг царцаасан нь өмчийн халдашгүй байдлын зарчмыг зөрчсөн хэрэг мөн билээ. Түүнчлэн улс төрийн шалтгаантай эдийн засгийн хориг арга хэмжээнүүдийн улмаас бизнесийн эрх чөлөө алдагдаж байна.
Дэлхийн байгаль орчны хөтөлбөрийг боловсруулах үйл явц нь мөн неолиберал парадигмтай уялдаж байна. Хортой үйлдвэрүүдээ ядуу буурай, эсвэл хөгжиж буй орнууд руу нүүлгэсэн Барууны орнууд тэдэнд байгаль орчныг хамгаалах өөрсдийн хатуу стандартуудаа тулгаж, элдэв хийсвэр шалтаг тоочин хөгжлийн эх үүсвэрээс нь салгаж байна. Үүний зэрэгцээ Барууны засгийн газруудын өдөөсөн эрчим хүчний хямрал нь тэднийг өөрсдийг нь уур амьсгалын бодлогоо зөрчихөд хүргэж байна. Европт мазут болон нүүрсний хэрэглээ өсөн нэмэгдэж байгаа нь тэдний "нүүрстөрөгчийн төвийг сахисан байдал"гэгчийг нь үгүй болгож байна.
Аман дээрээ "үг хэлэх эрх чөлөө"-ний зарчмыг сурталчилж буй Барууны орнууд нь үнэн хэрэг дээрээ "цахим авторитаризм"-ыг хэрэгжүүлж байна. Мэдээллийн технологийн аварга компаниуд, олигархи бүлгүүд болон засгийн газрууд нь олон нийтийн ухамсарт хяналт тавьж, өөрсдөд нь ашигтай сэдвүүдийн талаарх олон нийтийн бодлыг загварчилж, тэр дундаа түүхэн ой санамжийг өөрчлөх гэж оролдож байна. Алтернатив дуу хоолойг дарахын тулд далд цензурийг ашиглаж, өөрсдөд нь таалагдахгүй байгаа хуудас, аккаунтуудыг контентынх нь хамт устгаж байна. Энэ бүхэн нь үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг бүдүүлгээр зөрчиж байгаа явдал юм.
Өнөөдөр барууныхны тулгаж буй "ардчилсан" болон "либерал" үнэт зүйлс нь 1948 оны Хүний эрхийн түгээмэл тунхаглал, 1975 оны Хельсинкийн Төгсгөлийн акт болон бусад олон улсын баримт бичгүүдийн хүрээнд Орос болон бусад улс орнуудын дагаж мөрдөхөөр гарын үсэг зурсан зүйлс огтхон ч биш гэдэг нь хэнд ч ойлгомжтой байна.
Холбоотой мэдээ