Түгжрэл, утаа, тоосжилт, ногоон байгууламж, дугуй, явган хүний зам гээд Улаанбаатарт асуудлаас их зүйл алга. Форум, хурал зөвлөгөөн бүрээр шийдэл, шинэ санааны талаар хэлэлцдэг ч танилцуулга, бичвэр хэлбэрээсээ бодит ажил хэрэг болж байгаа нь тун цөөхөн эсвэл үр дүн нь иргэдэд төдийлөн таатай санагдахгүй аж.
Нийслэлчүүд өдөрт түгжрэлд хамгийн багадаа хоёр цагийг зарцуулдаг гэх тооцоо бий. Үүний шийдлийг олох гэж Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах Үндэсний хороог хүртэл байгуулж, ихээхэн ач холбогдол өгч байна. Тус хорооныхон ч олон арга туршиж үзэж байгаагийн нэг нь автозамын нэгдүгээр эгнээгээр зөвхөн нийтийн тээвэр зорчихоор зохицуулж, тусгаарлах хаалт тавьж байгаа юм.
Нийтийн тээврийн тусгаарлах хаалтыг аль хэдийнэ байршуулж эхэлсэн бөгөөд эхний ээлжинд Энхтайваны өргөн чөлөөг сонгожээ. Үүгээр автобус саадгүй, чөлөөтэй зорчих гэнэ. Тус шийдлийн талаар Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн захирал Ч.Батзоригоос тодруулахад “Эхний ээлжинд нийтийн тээврийн тусгаарлах хаалтыг Энхтайваны өргөн чөлөөнд байршуулж байна. Дараа нь Наадамчдын өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөөнд байршуулах болно. Нийт найман байршилд түр хугацаанд хаалт байршуулах болно. Өнгөрсөн жил цагдаагийн тусламжтай нэгдүгээр эгнээг чөлөөлөхөд үр дүнтэй байсан. Цаашдаа нийтийн тээврийн тусгай эгнээг бий болгоно” гэсэн юм.
Засгийн газрын тогтоолын дагуу 2022-2024 оныг хүртэл дунд хугацааны зорилтын хүрээнд 420 тэрбум төгрөгөөс доошгүй төсвийг түгжрэлийн асуудлыг шийдэхэд зарцуулахаар болсон. Анхны төсөв нь 2022 онд батлагдсан гэсэн үг. Өөрөөр хэлбэл, нийслэлийн төсөв дээр 411 тэрбум төгрөгийг санхүүжүүлэхээр тусгасан гэж Ч.Батзориг захирал ярьж байв. Энэ хүрээнд нийт дөрвөн бүлэг, 12 төсөл арга хэмжээний багц ажлыг хийж гүйцэтгэнэ. Одоогоор 286 худалдан авалт хийгээд байгаа ажээ.
Ерөнхийдөө түгжрэлийг бууруулах хүрээнд гол ба туслах замд 49 тэрбум, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд 47 тэрбум, газар чөлөөлөхөд 46 тэрбум, автобусны парк шинэчлэлд 54 тэрбум, бүтээн байгуулалтын найман багц ажилд 41 тэрбум төгрөг зарцуулсан. Өөрөөр хэлбэл, 420 тэрбум биш, 237 тэрбум төгрөгийн санхүүжилт гарчээ. Томоохон бүтээн байгуулалтын ажлууд он дамнан үргэлжилж байгаа. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн оны ажлуудаа энэ жил гүйцээх юм. Үүн дээр эхний ээлжид 187 тэрбум төгрөгийн санхүүжилт хэрэгтэй гэдгийг Засгийн газарт танилцуулсан гэж Ч.Батзориг ярив.
Таван шараас Офицеруудын ордон хүртэлх төв зам дагуу нэгдүгээр эгнээний нийтийн тээврийн тусгаарлах хаалт нь 906 сая төгрөгөөр хийгдэж байна.
Тэгвэл нэгдүгээр эгнээг тусгаараж, нийтийн тээвэр зорчих нь ямар давуу талтай вэ? Энэ талаар хотын дарга Д.Сумъяабазар “Эхний ээлжинд Энхтайваны өргөн чөлөөний нэгдүгээр эгнээг бүрэн чөлөөлж, хаалт хийлээ. Автобус чөлөөтэй явна. Өмнө нь цагдаагийн хүчээр хяналтыг сайжруулахад автобусны дундаж хурд 18 км/цаг орчим байснаа 12-13км/цаг орчим болж нэмэгдсэн. Автобус хүлээх хугацаа ч багасч байсан” гэж тайлбарлажээ.
Харин нэгдүгээр эгнээг тусгаарлан нийтийн тээврийг явуулж буй талаар иргэд дараах байр суурьтай байна.
“Би автобусаар зорчдог. Энэ шийдэл нь үр дүнтэй гэж үзэж байна. Өмнөхөө бодвол түгжрэл багассан. Машин ч багасч, автобус их явдаг болсон юм шиг санагдсан”.
“Автобусанд олон хүн зорчдог, олон хүний эрх ашиг байдаг учир хаалт хийх нь зөв. Хүн бүр л одоо машинтай болчихсон. Үнэхээр л түгжрэлээс айж байгаа бол нийтийн тээврээр зорчиж болно ш дээ. Тэгэхээр автобус нэгдүгээр эгнээгээр саадгүй зорчих нь зөв”.
“Ер нь нэгдүгээр эгнээгээр зөвхөн автобус явснаар хичээлдээ, ажилдаа хоцрох асуудал гарахгүй. Илүү амар байгаа. Автобусыг нэгдүгээр эгнээгээр тусгаарлаж явсан нь үр дүнтэй болов уу гэж бодож байна”
Холбоотой мэдээ