НЭМЭЛТ:
Хөгжлийн банкнаас "Бэрэн" ХХК-д олгосон зээлтэй холбоотой асуудлаар өнөөдрийн шүүх хуралдаанд 30 хүн мэдүүлэг тайлбар өглөө. Нийтдээ 37 хүнийг тус компанид зээл олгоход нөлөөлсөн үндэслэлээр буруутгаж буй аж. Өнөөдрийн шүүх хуралдаанд 37 хүнээс 30 нь тайлбар мэдүүлэг өгсөн тул үлдсэн долоон хүн нь ирэх долоо хоногийн Даваа гаригт үргэлжлэх шүүх хуралдаанд тайлбар мэдүүлэг өгөх боллоо. Шүүх хуралдаан ирэх долоо хоногийн Даваа гариг/2023.04.24/-ийн 08.30 цагт үргэлжилнэ гэдгийг хуралдаан даргалагч мэдэгдэн, өнөөдрийн хуралдааныг өндөрлүүллээ.
Сануулахад, энэхүү Хөгжлийн банкны гэх шүүх хуралд 80 хүн, дөрвөн хуулийн этгээд холбогдон яллагдагчаар татагдаад байгаа юм. Шүүх хуралдаан өнгөрсөн Даваа гаригт буюу дөрөвдүгээр сарын 17-нд эхэлсэн. Таван өдөр шүүх хурал үргэлжиллээ. Шинэ долоо хоногт шүүх хурал мөн таван өдөр үргэлжлэх төлөвтэй байна.
НЭМЭЛТ:
Хөгжлийн банкнаас “Бэрэн” ХХК-д олгосон зээлтэй холбоотой шүүх хуралдаан үргэлжилж байна.
“Бэрэн” компанид олгосон зээлтэй холбоотой асуудлаар ХҮН-ын даргаар ажиллаж байсан Б.Найдалаа мэдүүлэг өглөө. Тэрбээр Хөгжлийн банкны хараат бус гишүүнээр 2010-2014 оны хооронд ажилласан байна. Тухайн үеийн хуулиар Хөгжлийн банкны хараат бус гишүүнээр Банкны холбоог төлөөлж ажиллажээ. Энэ талаараа Б.Найдалаа “Банкны холбооноос нэр дэвшүүлж, Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнээр ажилласан. Ажиллах хугацаандаа ямар нэг хууль, журам зөрчөөгүй, хувийн итгэл үнэмшлээр ажилласан. Прокурорын яллаж байгаа дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй. Миний хувьд ямар нэг улстөрч юм уу, Хөгжлийн банкны захиралтай холбоо хамаарал байхгүй. Төсөл эрсдэлтэй гэдгийг мэдсээр байж, “Бэрэн” компанид зээлийн санхүүжилт олгохыг зөвшөөрсөн санал өгсөн гэж буруутгаж байгаа. Энийг зөвшөөрөх боломжгүй. Эрсдлийн дүгнэлт гаргаж өгсөн хүний хувьд. Яагаад гэвэл прокурор ямар баримт нотолгоогоор зээл эрсдэлтэй, ТУЗ-ийн гишүүд мэдэж байсан гээд мэдээд байна вэ. “Бэрэн” компанид олгосон зээлүүдээс 2014 оны хоёрдугаар сарын 14-нд олгосон зээл нь надад хамаатай, нөгөө хоёр зээл нь хамааралгүй.
Тухайн үед бид энэ зээлийг олгохын тулд бүтэн зургаан сар судалсан. УИХ, Засгийн газраас баталсан тогтоолын хүрээнд олгосон зээл. Мэргэжлийн судалгааг нь ч хийсэн. Зээлдэгч муу зээлийн түүхгүй байсан. Шинжээчийн дүгнэлтээр эхний зээл зориулалтын дагуу ашиглагдсан. Үйлдвэр нь ашиглалтад орсон. Олгосон зээлд буруу байгаагүй.
Хоёрдугаарт, тухайн үеийн Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг буруутгах ямар ч үндэслэл байхгүй. Яагаад гэвэл зээл олгох шийдвэрийг Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөл биш Зээлийн хороо гаргадаг. Тухайн үед судалгаа, мэдээлэлд үндэслэн, мэргэжлийн итгэл үнэмшлээр л ажилласан. Мэдсээр байж гэдэг нь утгагүй. Яллах дүгнэлт үндэслэлгүй, ялгаж салгаад үнэн мөнийг нь тогтоогоод цагаатгаж өгнө үү” гэлээ.
Мөн энэ асуудалтай холбоотойгоор Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн мэдүүлэг өглөө. Тэрбээр 2012-2014 онд Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан бөгөөд мөн л “Бэрэн” компанид зээл олгох шийдвэрт нөлөөлсөн үндэслэлээр татагдан иржээ.
Д.Цогтбаатар: Дүгнэлтийг нарийн бичиг ураад, зээл олго гэсэн
НЭМЭЛТ:
Хөгжлийн банкнаас “Бэрэн” ХХК-д олгосон зээлтэй холбоотой шүүх хуралдаан үргэлжилж байна.
Энэ асуудалтай холбоотойгоор Д.Цогтбаатар мэдүүлэг өглөө. Тэрбээр “Би анх 2016 онд Хөгжлийн банкинд ахлах мэргэжилтнээр ажилд орж байсан. Дараа нь Хөгжлийн банкны Санхүүжилт хөрөнгө оруулалтын эрсдлийн үнэлгээний газрын дарга болсон.
“Бэрэн” ХХК-ийн зээл хүссэн хүсэлтийг судалж үзээд “Зээл олгохыг дэмжихгүй байна” гэдэг дүгнэлтийг анх Зээлийн хороогоор хэлэлцүүлсэн. Тэгэхэд “Зээл олгох эсэх нь хэлтсийн асуудал биш, эрсдлээ тодорхойлох ёстой” гэдэг чиглэл өгдөг байсан. Энэ хүрээнд бид холбогдох удирдлагаас юм уу, мэргэжлийн холбоодоос өгч байгаа үүрэг даалгаврыг биелүүлэх ёстой гэж үзээд холбогдох засваруудыг хийж байсан. Ингэхдээ боломжгүй зүйлийг нь дүгнэлт дээрээ бичдэг байсан.
“Бэрэн” компанийн тухайд “Барилга угсралтын ажил нь 50 шахам хувьтай байна. Зээл олгоход эрсдэлтэй, татгалзаж байна” гэдэг дүгнэлт гаргасан. Тэгэхээр нарийн бичиг дүгнэлт ураад “Энийг дэмжиж зур гэнэ ээ гээд удирдлагаас өгсөн чиглэлийн дагуу татгалзаж зурж болохгүй юм байна гээд дэмжиж зурсан. Намайг “Бэрэн” ХХК-иас гадна долоон төсөлд буруутган, яллагдагчаар татсан. Зээл олгосон компаниудын удирдлага болоод ажилтан, албан хаагчдаас нь хэнийг нь ч би танихгүй. Мэргэжлийнхээ дагуу, удирдлагаас өгсөн чиглэлийн дагуу л ажлаа л хийж байсан. Цагаатгах байх гэдэг үүднээс мэдүүлгээ” өглөө гэв.
“Зээлийг хулгайтай адилтгаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй”
Хөгжлийн банкны дэд захирал асан Б.Чойжилжалбуу: Монгол Улсын Хөгжлийн банкны чөлөөт мөнгөн хөрөнгийг оновчтой удирдах чиг үүрэгтэй ажиллаж байсан. Хөгжлийн банкийг хүнд үйлдвэр, хөнгөн үйлдвэрийг хөгжүүлэх зорилгоор байгуулдаг. “Бэрэн” компанийн хувьд үүссэн нөхцөл байдал нь гадаад, дотоод хүчин зүйлтэй холбоотой байх.
Нарийн ширийн мэдээллийг мөрдөх байгууллагад хэлсэн учраас энэ шатанд өгөхгүй байхаар шийдвэрлэлээ.
Д.Дэлгэрсайхан “Банкны ситсемд би 26 жил ажилласан. Зээл гэдэг маань хулгай биш. Зээл бол активын солилцоо. Зээлийнхөө төлбөрт хүү төлж байгаа. Зээлийг хулгайтай агаар нэгэн зүйл гэж үзэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй.
Хөгжлийн банкны хувьд зээл олгохдоо хоёр ангилдаг байсан. Нэгдүгээрх нь барилгын зээл буюу хот төлөвлөлтийг сайжруулах, агаарын бохирдол бууруулах. Хоёрдугаарх нь, экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох зээлд зээл олгодог байсан.
“Бэрэн”-гийн хувьд зээл олгоход бодлогын хувьд хоёр шаардлагыг хангаж байсан. Учир нь, импортыг орлож байсан, гэр хорооллыг дахин төлөвлөх гэдгээрээ бодлогын хувьд дэмжлэг хүлээж байсан.
Намайг зээлийн удирдлагын хороонд орж, санал өгсөн гэж буруутгаж байгаа. Гэтэл зээлийн хорооноос шийдвэр гаргаагүй, дүгнэлт л гаргасан. Ийм, ийм нөхцөл хангагдсан учраас зээл олгоход татгалзах зүйлгүй гэж саналаа өгсөн. Зээл олгох эрх үүрэг надад байгаагүй” гэлээ.
Шүүх хуралдааны үдээс өмнөх хуралдааныг завсарлуулаад байна. Шүүх хуралдаан 14.00 цагаас үргэлжилнэ.
НЭМЭЛТ:
“Бэрэн” ХХК-тай холбогдох асуудлыг шүүж байна
Хөгжлийн банкны зээлдэгчтэй холбоотой шүүх хурал өнөөдөр /2023.04.21/ тав дахь өдрөө үргэлжилж байна. Уг шүүх хуралдаанаар Хөгжлийн банкнаас зээл авсан “Бэрэн” ХХК-тай холбоотой асуудлыг хэлэлцэж буй.
Энэ асуудалтай холбогдуулж, Хөгжлийн банкинд хуульчаар ажиллаж байсан Т.Пүрэвсүрэн тайлбар өгч байна. Тэрбээр “Би 2018-2021 онд Хөгжлийн банкинд хуульчаар ажилласан. Надтай холбож буй асуудал нь “Бэрэн” ХХК ийн 2018 оны эргэлтийн хөрөнгийн зээлтэй холбоотой асуудалд хууль зүйн дүгнэлт гаргасан гэж үзсэн. Миний хувьд ажил үүргийнхээ хүрээнд зээл хүссэн хуулийн этгээд, иргэний бичиг баримтад хууль эрх зүйн дүгнэлт гаргах, гэрээ боловсруулах, баримт бичиг боловсруулах үүрэг хүлээж байсан. Хөгжлийн банкнаас жилд 100-150 дүгнэлт боловсруулж гаргадаг байсан. Миний хувьд 40 орчим хувийг нь боловсруулж гаргасан. Намайг хууль зүйн дүгнэлтийг буруу гаргасан гэж буруутгадаг. Гэхдээ би 2018 онд 35 дугаартай дүгнэлтийг боловсруулсан ч хянасан хүн нь Сод-Эрдэнэ захирал. Тухайн үед “Бэрэн” групп нэмэлт зээл хүсэхэд 101 тэрбум төгрөгийн барьцаа хөрөнгөтэй байсан. Барьцаагаараа зээлээ төлөх боломжтой гэж үзсэн. Зээлтэй байна уу, үгүй юу гэдгийг зөвхөн Монголбанк л хянах боломжтой. Тэр хүрээндээ энэ асуудлыг хянуулахаар төв банк руу баримтуудыг нь илгээж, ирсэн мэдээллийнхээ хүрээнд дүгнэлт гаргасан” гэлээ.
Гэр хорооллыг дахин төлөвлөх хүрээнд бага, дунд орлоготой иргэдийг орон сууцжуулах төсөл хэрэгжүүлэхээр "Бэрэн" ХХК нь Хөгжлийн банкнаас зээл авсан юм байна.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ