"Монгол кино үзэгчдээ доромжилж байгааг хараад урам хугардаг"

Хуучирсан мэдээ: 2023.04.21-нд нийтлэгдсэн

"Монгол кино үзэгчдээ доромжилж байгааг хараад урам хугардаг"

"Монгол кино үзэгчдээ доромжилж байгааг хараад урам хугардаг"

Нялуунаас шулуун нь дээр. “Ээждээ” нь кино гэж нэрлээд театрт гаргаж байгаа нь таван минут үзээд л луйвар шиг санагддаг мөнгө, цагийн хулгай болжээ. Аравхан минутын кинонд ч чамлагдам ядмаг явдлыг 80+ минутын турш ур дүйгүй хэмнэл найруулга, ядмаг болхи хийцлэл, улиг болсон нэг хэмжээст дүрүүд, хүүхдийн сошиал бичлэг аятай сонирхогчийн түвшний жүжиглэлт, орилоон хашхичааныг “драматик харилцан яриа” гэх харанхуй андуурал, сонсголын бэрхшээлтэй хүмүүсийг онцгойлон томилсон гэмээр дууны чанар…” энэ бол кино сонирхогч, нийтлэлч А.Мөнгөний сүүлд үзсэн киноны сэтгэгдлийн хэсэг. Үнэнийг хэлэхэд Монголд түүн шиг үзэгч тун цөөн. Тэр киног кино театрын дэлгэцээр буюу дуу, дүрсний өндөр чанартайгаар зорин очиж, үзээд, өөрт төрсөн санал сэтгэгдлээ бусадтай хуваалцдаг үзэгч.

Кино миний туйлын сонирхол, фэйсбүүк пэйж маань миний бодол мэдрэмжийн орон зай учраас орчин үеийн Монгол киног том жижиг, сайн муу гэлгүй бүгдийг үзэж, тэдний тухай бичихдээ хэзээ ч хэний ч нөлөөнд автаж байгаагүй, зөвхөн өөрийнхөө бодол мэдрэмжээр бичдэг” хэмээн тэр онцлов. Зөвхөн 2022 онд л гэхэд А.Мөнгөн 280 гаруй уран сайхны кино үзжээ. Ингээд түүнтэй ярилцсанаа хүргэе.


-Сүүлийн үеийн бүх киног "намнадаг" нэг хүн гарч ирсэн нь та. Хүмүүст таны кино шүүмжлэл их хүрдэг болсон. Таны юу хийдэг, ямар мэргэжилтэй, хэзээнээс мэргэжлийн "үзэгч" болсныг сонирхох хүн олон байх. Тиймээс А.Мөнгөн гэж хэн бэ?

-Би жирийн нэг кино сонирхогч.  Намайг бага байхад манайх гэр бүлээрээ кино их үздэг байсан. Багадаа нагац ахындаа приставк дээр “Юрийн галавын цэцэрлэг” /Jurassic Park, 1993/-ийг үзээд киноны ид шидийг мэдэрч, бүтэн өдөржин тэр л киног давтаж үзэж байлаа. Би 2019 оноос эхлэн театрт гарч буй Монголын уран сайхны кино бүрийг үзэхийг хичээж, өөрт төрсөн сэтгэгдлээ бичиж байгаа.

Хүмүүс намайг “кино шүүмжлэгч” гэж нэрлэдэг ч би бодол сэтгэлээ бусадтай хуваалцаж байгаа жирийн үзэгч хүн. Кино танд таалагдаж болно, надад таалагдахгүй байж болно. Надад таалагдахгүй байлаа гээд бүх хүмүүс таалагдагүй байна гэсэн үг бас биш.

Арван жилийн өмнө АНУ-д Нью-Орлеансын "Loyola" их сургуульд санхүү, нягтлан бодох бүртгэлээр сурч байхдаа Youtube дээр тоглоомын талаар сэтгэгдлээ хуваалцсан бичлэг хийж, энэ чиглэлийн фэйсбүүк группууд дээр сонирхлоороо бичвэрүүд оруулдаг байсан. Бас кино, видео тоглоомын талаар подкастууд хийж үзсэн. Ингээд медиа чиглэлд дуртай, хүмүүст бодол мэдрэмжээ хуваалцах сонирхолтой гэдгээ олж мэдээд, Монголд эргэж ирснийхээ дараа Монгол Улсын их сургуульд сэтгүүл зүй, олон нийтийн харилцаагаар сурсан. Одоо корпорейт пиарын чиглэлээр ажиллаж байна.

-Таны шүүмжлэлийг уншсан хүмүүсээс ямар реакци ирдэг вэ. Мэдээж хийсэн уран бүтээлийг нь шүүмжлэхээр урлагийнханд таагүй санагдах нь лав. Манай урлагийнхан ер нь эмзэг талдаа шүү дээ?

-Кино нэгэнт үзэх сонирхолтой тул киноны сэтгэгдэл, эссэ бичлэг хийдэг гадаадын Youtuber-үүд үзэж, интернэтийн хэлэлцүүлгүүд их уншдаг байсан. Бичиж эхлэхийн өмнө Монголд зөндөө муу кино үзээд мөнгө цагаа алдсандаа уур хүрмээр санагддаг. Гэтэл хайгаад үзэхэд тэр талаар ярилцаж, бичиж байгаа хэнийг ч би олоогүй. Энэ хэрэгцээ ганцхан надад байдаггүй байх гэж бодоод, чанаргүй монгол киноны тухай ганцаараа стресстээд өнгөрөх биш түүнийгээ илэрхийлэх, өөртэйгөө адил бодол мэдрэмжтэй хүмүүст магадгүй мөнгө, цагаа хэмнэх мэдээлэл болог гээд бичиж эхэлсэн.

Монгол киноны талаар миний хүсч байгаа шиг сайн мууг шулуун хэлдэг, бичдэг хүн байгаагүй учраас  өөрийнхөө хэрэгцээг нөхөж, бичиж эхэлсэн гэсэн үг.

Анх Youtube-ийн бичлэг, подкастуудыг маань мэддэг, сонирхдог цөөн хүн уншдаг байсан. Яваандаа киночид анзаарч “Чи кино хийж үзсэн юм уу”, “Чи юугаа мэддэг юм” гэх мэт түгээмэл үгсээ хэлдэг болсон. Гэтэл тэр “мундаг” бүтээлүүд нь мэргэжлийн биш, чанар дорой байгаа нь над мэт энгийн сонирхогчийн нүдэнд илхэн байна шүү дээ. Дараа нь надад мөнгө санал болгож үзсэн. Бүр шүүхдэнэ ч гэж үзсэн. Харин киночид сошиал дээр бүдүүлэг үгсээр хэрэлдэх нь өөрсдийг нь л унагааж, инээдтэй байдалд оруулахаас цаашгүй гэдгийг анзаарч эхэлдэг болсон нь сайшаалтай. Гэтэл би бичвэрээ хүнд таалагдах гэж, эсвэл мөнгө олох гэж хийдэггүй. Бодол сэтгэлээ илэрхийлэхээр хийдэг учраас орчин үеийн монгол киноны талаар мөнгө санал болгоход авдаггүй, дайралт шүүмжид эмзэглэдэггүй, магтаал сайшаалд ч автдаггүй.

"УРАН БҮТЭЭЛЧИД ҮЗЭГЧИЙН СЭТГЭГДЛИЙГ ХҮЛЭЭЖ АВАХГҮЙ, ЭМЗЭГЛЭДЭГ"

-Хэзээ хэний ямар уран бүтээлий шүүмжлээд хамгийн их дайралт эсэргүүцэлтэй нүүр тулж байв?

-Жилийн жилд олон хүний анхаарлыг татсан Монголдоо “блокбастер” кинонууд нээлтээ хийдэг. Тэдний талаар бичвэр хүмүүсийн анхааралд арай илүү хүрэх нь бий. Бүтээлийнхээ сайн муугийн талаар чин сэтгэлээсээ илэн далангүй ярилцдаг жинхэнэ уран бүтээлчид байхад бичвэрийг өлгөж аваад хэрэлдэж, өөрөө өөрсдийгөө шавартай хутгадаг хүмүүс ч бий. Кино салбарын хатуу “хууль” нь Монголд кино үзэгчид бид монгол киног ч, гадаад киног ч яг л адилхан тасалбарын үнээр худалдаж авч үздэг. Иймд бид зарцуулж байгаа мөнгө, цагтаа хамгийн өндөр чанарыг хүсэх нь зах зээлийн хууль шүү дээ.

Тэр хүсэл хүлээлтийн өнцгөөс сэтгэгдлээ хэлэхэд зарим уран бүтээлчид өөр дээрээ эмзэгээр тусгаж авдаг.

Би зүгээр л кино үзэх дуртай энгийн үзэгч хүн. Энэ үзэгчийн бодол хатуу санагддаг бол энэ нь өөрөө үзэгчдийнхээ итгэл хүлээлтийг 30 гаруй жил хөсөрдүүлж байгаа монгол киночдын буруу. Миний бичвэр бол монгол киноны, монгол киночдын 30 жилийн бүтэлгүйтлийн үр дүн. Чанар дорой бүтээгдэхүүнээс залхсан хэрэглэгчийн хариу үйлдэл.

-Бүгдийг "сөргөөр" харж бичих хэцүү биш үү. Эсвэл үнэхээр Монголын уран сайхны кино бүхэн "хог" байна уу?

-Кино бол урлаг. Урлагийг хүн бүр өөр өөрийнхөөрөө тусгаж авдаг. Өөрөөр хэлбэл, миний үзэж байгаа өнцөг туйлын үнэн зөв гэсэн зүйл үгүй. Миний хувьд хоорондоо уялдаа холбоотой, логик үнэмшилтэй үйл явдалтай, сэтгэл хөдөлгөм дүр хүсдэг учраас тэр өнцгөөсөө түлхүү бичдэг. Өөрийнхөө бодол сэтгэгдлийг л бичиж байгаагаас биш миний бодол зөв, миний бодлоор бод гэж хүчлээгүй шүү дээ. Тэрнээс биш хүмүүс эмзэглээд л заавал “Чам шиг үзэх албатай юм уу”, “Чи хэтэрхий ингээд байна” гээд өөрт нь хэт тулгаад байна гэж ойлгодог. Энэ чинь зүгээр л нэг хүний мэдрэмж, бодол гэдгийг ухаж ойлгодоггүй юм шиг байна лээ.

-Хамгийн сүүлд ямар кино үзэв, хэр таалагдсан бэ?

-Өнгөрсөн жилийн бүртгэлээ харахад урт богино, бүрэн хэмжээний болон олон ангит нийт 280 кино үзсэн байна лээ. Ер нь кино үзэх дуртай болохоороо чөлөөт цаг гарахгүй үедээ өглөө оройн замын түгжээнд, үдийн цайны цагаараа кино үзэж таардаг. Гэхдээ нэг төрөл жанрын кино үзээд байхыг боддоггүй.

Дан америк, эсвэл зөвхөн солонгос гэхгүй хольж сольж үзэхийг зорьдог. Харин театрт нээлтээ хийж байгаа монгол киног үзэж, заавал пэйж дээрээ бичихийг хичээдэг.

-Кино театруудын байнгын үйлчлүүлж, уран бүтээлчдэд хөрөнгө оруулж байна гэсэн үг шүү дээ?

-Тийм. "Өргөө", "Тэнгис", "Prime Cineplex" гурван кино театраар хамгийн их ордог. Үзвэрийн цагаас нь хамаарч хаана орохоо ихэвчлэн шийддэг. Ингээд мөнгөө төлж, цагаа зарцуулсан хүнийхээ хувьд сэтгэгдлээ итгэл үнэмшилтэйгээр, өөрийнхөөрөө хэлдэг. Хаа нэгтэй газраас хулгайгаар үзчихээд “Кино чинь ийм байна” гэх ямар ч утгагүй.

-Та нэгэнтээ Монгол кинонуудын бэлэн болоогүй хоолтой зүйрлэсэн. Яагаад тэр вэ?

-Олон монгол кино муу байна гээд бүх монгол киног муу гэж дүгнэж болохгүй гэж боддог. Миний хүрээллийн хүмүүс монгол киног мөнгө цагийн гарз гэж боддог ч би энэ хэвшмэл ойлголтоо сорихыг хүссэн. Найзууд маань намайг мөнгө, цагаа хий цацаж байгаа галзуу хүн гэж шоолох нь ч бий. Кино урлаг бол олон урлагийн нийлбэр. Амархан жишээ татаж хоолтой зүйрлэе. Хоол хийхэд ногоогоо сайтар арилгаж цэвэрлэхээс эхлээд махыг сайхан амталж бүтэн болгох хүртэл бүх үйл явц чухал. Тэгвэл зарим “хоол”-ны мах нь амттай мөртлөө будаа нь аргуу, зарим нь давс нь таарсан мөртлөө ногоо нь түлэнхий гэх мэт янз бүр байна. Бүх зүйл нь болсон хоол ховор, тал талд сайн муу шинжүүд нь төрөл бүрийн комбинацаар гарч байна гэсэн үг.

Хуучин монгол киночид өсч дэвжих хүсэлгүй, үзэгчдээсээ хоцрогдсон, өсөлт хөгжил зогссон учир тэдний гараас хүнд санал болгохоор хэрэгтэй юм гарахгүй болсон. Тэднийгээ тахин шүтдэг дараа үеийнхэн нь ч харанхуй чигээрээ, энэ багшийн шавь, тэр курсийн ах гээд бие биеэ магтдаг харанхуй хөмөрсөн тогоонд түгжигдсэн.

Харин сүүлийн үед итгэл найдвар төрүүлж байгаа зүйл нь 1990-ээд оны зарим залуу уран бүтээлчид байна. “Бэлчээр”-ийг хийсэн John Sheepskin-нхээс эхлээд “Аав хүү хоёр”-ыг хийсэн Molpedia-нхан гэх мэт залуус гадаад дотоодоос судалж, өөр зүйл, сайн зүйл хийхээр эрэлхийлж байгаа нь мэдрэгдэж, харагдаж байгаа.

Зарим уран бүтээлчдээс мөнгө цагаа нэхэж заргалдмаар санагддаг бол энэ залуусын сошиал дээр оруулж байгаа кинонуудыг үнэгүй үзэж байгаадаа санаа зовмоор, билетийг нь авч дэмжихийг хүсдэг.

-Монголын кино урлаг яавал хөгжүүлье гэвэл юу хэрэгтэй гэж бодож байна. Байнгын үзэгч, бас "шүүмжлэгч"-ийн хувьд ямар бодолтой явдаг вэ?

-Миний хувьд монгол киночдын сэтгэлгээний хоцрогдол, хөгждөггүй зогсонги байдал хамгийн том асуудал байна. Киночидтой ярилцахад сүүлд гарч байгаа гэлтгүй ер нь кино үздэггүй, англи хэлээр А үсэг ч үгүй хүмүүс олон. Оффисын программ, компьютер хэрэглэж мэддэггүй хүмүүсийн талаар гайхмаар сураг ч мэр сэр бий. Ийм хүмүүсээс яаж орчин үеийн үзэгчдийн хэрэгцээ, мэдрэмж, шаардлагад нийцэх бүтээл, бүтээгдэхүүн гарах вэ.

Гэтэл орчин үеийн үзэгчид олон гадаад хэлтэй, шинэ технологийг өдөр тутамдаа ашигладаг, хурууныхаа үзүүрээр шинэ хуучин, дотоод гадаадын шилдэг бүтээлүүдийг шууд үзэх боломжтой байна.

Youtube дээр чанартай бүтээлүүд ч албан ёсны эрхтэйгээр үнэгүй үзэхээр бэлэн байна. Энэ өрсөлдөөнд орчин үеийн монгол үзэгч яагаад хоцрогдсон харанхуй уран бүтээлчдэд мөнгө цагаа өгөх ёстой юм бэ. Орчин үетэйгээ хөл зэрэгцсэн, ур чадвараа дандаа сайжруулдаг, хөгждөг хүмүүст мөнгө цагаа өгмөөр байна, киног нь үзмээр байна.

"МОНГОЛЫН ҮЗЭГЧИД ДЭЛХИЙН ҮЗЭГЧИД БОЛСОН ХАРИН УРАН БҮТЭЭЧИД НЬ ХОЦРОГДООД БАЙНА"

-Монгол кино гэхээр ихэвчлэн хөдөө тал, таван хошуу малыг үзүүлдэг?

-Хэвшмэл байдлаас залхаж байна. Хөдөөний амьдрал үзүүлж, байгалиар “зодож” Монголыг сайн мэдэхгүй олон улсын кино фестивальд явуулна. Эсвэл нэг ийм бүдүүлэг дээрэлхүү атамануудын тухай киног манайхан их хийнэ. Одоо тийм зүйлийг зөв байна, лаг байна гэж боддог хүн байдаг ч юм уу. Одоогийн залуус амьдрахын тулд, амжилт олохын тулд Нью-Йорк, Берлин, Токио, Сөүлийн мундаг залуустай толгойгоороо өрсөлдөх хэрэгтэй болоод байхад жижигхэн байр хотхоны атаман байх сэдэв үзэгчдэдээ тусахгүй, хоцрогдсон санагдаж байна. Бас эхийн сэтгэл гээд хөгжмөөр зодож, үзэгчдийг уйлуулах гээд зүтгэнэ. Гэтэл тэр нь энэ их стресс бухимдлаас гэрэл гэгээ хайж байгаа одоогийн үзэгчдийн үзэхийг хүссэн зүйл мөн ч юм уу, биш ч юм уу. Монголын үзэгчид ч ялгаагүй дэлхийн үзэгчдийн нэг хэсэг. Дэлхийд гарч байгаа шинэ кинонуудыг бид хоцрохгүй зэрэг үзэж байна. Харин уран бүтээлчид хоцрогдоод байна.

-Нэг бодлын та уран бүтээлчдийн эсрэг "дайн" зарлачихсан. Кино бол нэг талаасаа бизнес. Бизнесийг нь шүүмжлээд байхаар хэн ч дуртай хүлээж авахгүй байх?

-Энэ уран бүтээлчдийн эсрэг “дайн” биш. Залхуурлын эсрэг “дайн”. Би кино үзэж байгаа бол чанартай уран бүтээл л үзмээр байна. Хүний мөнгө, цаг хязгаарлагдмал. Миний мөнгө цагийн төлөө Холливуд, Солонгос, Netflix, Amazon, HBO бүгд өрсөлдөж байхад би яагаад залхуурч, хөгжихгүй, тэгсэн мөртлөө адилхан мөнгө нэхээд байгаа зүйлийг авах ёстой юм. Монгол киночдод монгол үзэгчид хэрэгтэй болохоос монгол үзэгчдэд монгол кино ямар ч хэрэггүй болоод байна шүү дээ. Орчин үеийн гадаад хэлтэй, чөлөөтэй аялдаг, боловсорсон үзэгчдэдээ таалагдая, мөнгийг нь авья гэвэл тэр мэдрэмж стандартад нь хүртлээ бүтээлч эрэл хайгуулыг залхууралгүй хиймээр байна. Тэрнээс биш бидэнд харанхуй бүдүүлэг, юу ч судалж мэдээгүй, дууриамал, нүглийн нүдийг гурилаар хуурч аргацаасан кино үзэх хэрэг байхгүй.

-Одоо үзэх гэж "хорхойсч" байгаа ямар кино байна?

-Монголоос тийм кино гэж хэлэхэд хэцүү байна. Жилдээ олон монгол кино нээлтээ хийдэг ч тууштай кино хийж байгаа, арай илүү хөрөнгө оруулалт татсан кинонуудыг “Энэ удаагийн оролдлого нь ямар байх бол” гэж харна. Тэрнээс биш тэр уран бүтээлчийн дараагийн уран бүтээл хэзээ гарах бол гэж догдолж, хүлээдэг хүлээлтийг монгол кино байхгүй болгосон.

-Сонирхоод асуухад, гэр бүлд нь урлагийн хүн байдаг уу?

-Кино үйлдвэрт их олон жил ажилласан хүндтэй уран бүтээлчтэй танилцсан юм. Надаас “Аав ээж, хамаатан саданд нь киноны хүн бий юу” гэж асуув. “Би гэр бүлээсээ кинотой хамааралтай юм хийж байгаа анхны хүн. Би зүгээр л үзэгч” гэдгээ тайлбарлахад тэр хүний харц бага зэрэг урам хугарсан. Монголын урлагийнхныг харахад хоёр, гурав, одоо бүр дөрөв дэх үеийн уран бүтээлчид олон байна. Тэдний дунд зарим үзүүштэй уран бүтээлчид бий. Харин зарим нь авьяас чадлаараа шалгарч хийгээд байна уу, эсвэл аав ээжийнхээ танил тал, хүрээллийг ашиглаж зогсолтгүй кино гаргаад байна уу гэдэг нэг асуудал байна. Холливуудад ч энэ асуудлыг ярьдаг болж. “Nepo-baby”-үүд авьяасгүй мөртлөө танил талаараа дамжуулж муу киногоо хийгээд л байдаг. Урлагийн удамтай байгаад сайн кино гардаг бол монгол кино өнөөдрийнхөө түвшинд унах биш харин ч Азидаа аваргалаад, Холливуддаа сургамжлаад явж байхсан биз.

Урлагийн энэ “цус ойртолт” манай киног мөхөлрүү дагуулж байна уу гэхээс сайн зүйл рүү хөтлөхгүй байгааг монгол киноны өнөөгийн нөхцөл байдал ил харж болно.

Тийм учраас өөр өөр салбарын өөр мэргэжлийн хүмүүс ч оролцож, дуу хоолойгоо илэрхийлж байгаасай. Жишээлбэл, зөвхөн мэргэжлийн нүүр будалтаар мэргэшсэн, үсчин хүн киноны нүүр будалт, үс засалтаар дагнан бичих орон зай байна шүү дээ.

-Монгол кинонд тоглохоо байя гэхэд арын албанд нь ажиллах хүсэл байдаг уу?

-Кино үзэх дуртай тул кино зохиол сонирхоно, уншина бас оролдоно. Кино үзэж байхад энэ киноноос энэ жүжигчин мундаг байлаа, зураач нь сайн ажилласан байна шүү гэж тал тал орцуудыг хардаг. Олон авьяас, нөөц бололцоог цуглуулж, нэгтгэж, баг болгож, киноны санааг бодит байдал болгодог продюсерийн ажил сонирхолтой санагддаг.

-Кинондоо орно гэж ярьдаг шүү дээ. Та сэтгэлд хүрсэн кино үзээдээр догдолж, сэтгэл хөдөлж үздэг вэ?

-Хүн ер нь өөр ертөнц, өөр амьдрал, мэдрэмжийг хайж л кино үздэг, тэрийг олоод сэтгэл ханамж авдаг болов уу. Зарим киног үзээд сэтгэл хөдлөөд бүр нулимс гарчихсан сууж байх нь бий. Сүүлд ямар кино үзэж уйлсан юм бол доо. Хятадын “Нэг секунд” (One Second. 2020) гэдэг кино үзээд уйлсан юм байна. Хятадын соёлын довтолгоонд хэлмэгдээд охиноосоо хагацаж хөдөө цөлөгдсөн хүний тухай гардаг. Тосгон дээр нь тогтмол гаргадаг суртал ухуулгын киноны нэг дугаарт охин нь гарч гэж дуулаад тэр киног хайж хэд хэдэн тосгоноор явж, салхинд хийссэн хальсыг цуглуулж, тосгоноороо хальсаа аварч байгаа талаар гардаг. Охин нь гарсан ганцхан секундыг үзэхийн тулд тэр их үйлийг хийж байгаа аавыг хараад сэтгэл үнэхээр хөдөлсөн.

-Тэгвэл монгол кино үзээд уйлж байв уу?

-Харамсалтай нь үгүй. Харин хөх инээд хүрмээр, “За арай ч дээ” гэсэн хариу үйлдэл гарах нь элбэг. Бас үзэгчдээ тэгэж доромжилж байгааг хараад урам хугардаг.

-Кино болгон амьдралын ухаарал, үнэт зүйлийг өгдөг. Та орон орны кино үздэг, тэр болгоноос юм сурна шүү дээ?

-Цонхоороо гадагшаа харвал бид ямар газар амьдарч байна вэ. Дэлхий ертөнц Улаанбаатарын утаа, хог шороо, замын түгжээ, ядуурал, стрессээс илүү баян шүү дээ. Тэр гоо сайхан, итгэл найдварыг олж мэдрэх гэж бид ном уншиж, Instagram ухаж, кино үздэг. Нэг төрлийн биш янз бүрийн кино үзэхийг хичээдэг. Үзэх кино олдохгүй бол өнгөрсөн жил гарсан шилдэг “Мексик кино”, “Өмнөд Африк кино”, “Хятад кино”, “Герман кино” гээд илэрцүүдийг хайхад үргэлж шинэ сонин зүйл үзнэ. Аргацаасан муу кино хийе гэж эхэлдэг уран бүтээлч байдаггүй гэж би итгэхийг хүсдэг. Гэтэл Монголд хичээхгүй байгаа кино даанч олон.

-Шүүмжийг нь уран бүтээлдээ тусгасан зүйл анзаарагддаг уу?

-Миний ачаар “тэр өөрчлөгдлөө” гэж онцгойлон туссан зүйл үгүй. Үзэгчид киноны сайн мууг нээлттэй бас илүү их ярьдаг болж, түүнийг дагаад монгол кино сайжрахыг харах нь кино сонирхогч хүний хувьд миний хүсэл.

-Таныг монгол киног гадаадын кинонуудтай харьцуулаад бичдэг болохоор хүмүүс нэлээд олон гадаад хэлтэй гэж ойлгодог?

-Би олон гадаад хэлтэй биш ээ. Ардаас гарч ирж байгаа 2000-аад оны хүүхдүүд гурав, дөрвөн хэлтэй байхад би дөнгөж англи, орос хэлтэй хоцрогдож байгаагаа мэдэрч байна. Багадаа орос, англи, ахлах ангидаа турк, Америкт байхдаа испани хэл жаахан судалж байсан. Ашиглахаа больсон тул харамсалтай нь ихэнхийг мартаад эхэлжээ. Англиар чөлөөтэй ярьж бичих ч оросоор одоо кино үзэх хэмжээнд л…

-Японд аялаад ирсэн гэсэн, аялал чинь сайхан байв уу?

-Сая ээлжийн амралтаараа тэнд аялж яваад ирсэн юм. Аялал маань сайхан байлаа. Аяллаар хэзээ ч мэдэхгүй, бодоогүй байсан олон шинэ зүйлийг олж хардаг бас мэдэрдэг.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ О.БОЛОРСУВД

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
108
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж