“Ирээдүйн яам” гэх шинжлэх ухааны уран зөгнөлт төрлийн ном байдаг. 2020 оны шилдэг борлуулалттай номуудын нэг уг зохиолыг Ким Стэнли Робинсон бичсэн. Тус номд Энэтхэгийн аагим халуун цаг агаарын улмаас сая сая хүн нас барж буй тухай өгүүлдэг.
“Тэнгэр яг л атомын бөмбөг мэт улаарахад түүнээс гарах халуун агаар нь нүүр алгадаж, нүд хорсгоно. Бүх зүйл наранд шарсан мэт улбартан, шаргалтаж, нүд сохлом гялтагнана. Агаар гэхээсээ илүү халуун усны газар шиг л байх учир ус байлаа гээд ямар ч нэмэргүй. Хүмүүс урьд хожид байгаагүй хурдацтайгаар үхэж байна” гэж тус номд бичсэн байдаг.
Энэхүү дистопи романы гол санаа бол дэлхийн дулаарал алсдаа нэг төрлийн аймшиг болох вий гэсэн анхааруулга юм.
Энэтхэгийн Махараштра мужид энэ долоо хоногийн эхээр хэт халсаны улмаас 12 хүн нас барав. Мөн засгийн газраас зохион байгуулсан гадаа арга хэмжээнд оролцсон олон хүн эмнэлэгт хүргэгдлээ. Энэтхэг бол хамгийн их халдаг орнуудын нэг. Халуун өдрүүдийн тоо мэдэгдэхүйц хэмжээгээр олширч, улмаар 2050 он гэхэд агаарын хэм хоёроос дөрөв дахин нэмэгдэх төлөвтэй байна. Хэт халалт таамаглаж буйгаас ч эрт нүүрлэж, илүү удаан бөгөөд тогтвортой үргэлжилж магадгүй.
Цаг уурын агентлагийн таамаглаж буйгаар энэ жилийн хэт халалт тавдугаар сарыг дуустал үргэлжлэх аж. Энэтхэг улсад агаарын дундаж хэм 1901-2018 оны хооронд 0.7 орчим хувиар өссөн. Мэдээж өсөлтийн шалтгаан нь тодорхой хэмжээгээр цаг уурын өөрчлөлттэй холбоотой. Түүнчлэн 1992-2015 оны хооронд халууны улмаас 22 мянга гаруй хүн нас барсан гэх харамсалтай тоо бий. Мэргэжлийн хүмүүсийн үзэж байгаагаар нас барагсдын тоо бодит байдал дээр үүнээс ч олон байх магадлалтай.
“Гэвч энэтхэгчүүд хэт халалт болон түүний ач холбогдол, үр нөлөөг бүрэн ойлгохгүй байна” гэж Гужаратад төвтэй Нийтийн эрүүл мэндийн хүрээлэнгийн захирал Дилеп Маваланкар хэллээ.
Энэ нь зарим талаараа нас баралтын мэдээллээ зохих ёсоор бүртгэж чадахгүй байгаатай холбоотой аж.
Ахмедабад хотод 2010 оны тавдугаар сард 800 хүн халууны улмаас нас барсан. Энэ үед Дилеп Маваланкар төсөөлснөөс ч олон хүн хэт халалтын уршигаар нас барж буйг мэджээ. 800 хүний үхэл нь өмнөх жилүүдтэй харьцуулахад хамгийн өндөр үзүүлэлт байсан юм. Судлаачид тухайн үед хотуудад хэчнээн хүн нас барсан, агаарын хэм нь хэд байсныг харьцуулж, улаан түвшний анхааруулга гаргасан. Халууны анхааруулга нь дотроо гурван түвшинтэй. Улаан түвшний анхааруулга гэдэг нь тус бүс нутагт агаарын хэм 45-аас дээш гарсан гэсэн үг юм.
Үүний дараа Дилеп Маваланкар хэт халалттай холбоотой төлөвлөгөөг гаргасан. Ийм төлөвлөгөө Энэтхэг улсын хэмжээнд анх удаа гарсан нь энэ юм. 2013 оноос албажин хэрэгжсэн энэ төлөвлөгөө нь аль болох гэртээ байх, гадуур гарахдаа ус сайн уух, бие муудвал эмнэлэгт хандах зэрэг энгийн хэдэн зүйлтэй байжээ. Гэхдээ энэхүү төлөвлөгөөг хэрэгжүүлж эхэлснээр 2018 он гэхэд халуун, хуурай уур амьсгалтай хотуудад бүх төрлийн шалтгаант нас баралтын тоо 30 хувиар буурсан байна.
Харамсалтай нь энэ долоо хоногт бараг саяуулаа халуун наран дор гадаа цугларч арга хэмжээ зохиосныг үзвэл иргэд энэ төлөвлөгөөг одоо мартсан бололтой. Тухайн үеийн гэрэл зургуудаас харахад толгойдоо алчуур ороосон, шүхэр барьсан хүн тун ховор байжээ.
Судлаач Адитиа Валиатхан Пиллай болон Таманна Далал нарын хийсэн шинэ судалгаагаар маш олон алдаа дутагдал илэрсэн байна. Тухайлбал, хэт халалттай тэмцэх төлөвлөгөөний ихэнх зүйл нь хөдөө орон нутгийн нөхцөл байдлыг бодолцоогүй байсан. Мөн хэт халалтын тухай мэдээллийг хүргэхдээ чийгшил зэрэг бусад хүчин зүйлийг харгалзан үздэг эсэх нь тодорхойгүй. Тиймээс илүү автоматжуулсан цаг уурын станцтай болох хэрэгтэй гэж судлаачид үзжээ.
Түүнчлэн хэт халалтын төлөвлөгөөнд эмзэг бүлэг, зорилтот бүлгийнхэнд чиглэсэн зүйл бараг байхгүй байгааг тогтоожээ. Гадаа, халуун наранд ил байж хөдөлмөр эрхэлдэг фермер, барилгын ажилчид, мөн жирэмсэн эмэгтэйчүүд, өндөр настан, хүүхдүүд хэт халалтад хамгийн их өртдөг. Энэтхэг ажилчдын бараг дөрөвний гурав нь барилга, уул уурхай зэрэг ажил эрхэлдэг. Тиймээс хүнд хөдөлмөр эрхэлснээр тэдний биеийн цусны эргэлт улам л нэмэгдэж, өөрийгөө сэрүүцүүлж чадахгүйд хүрдэг.
Хэт халалтын үеийн төлөвлөгөө нь санхүүжилт муутай, хуулийн үндэслэл дутмаг, хариуцлагагүй, ил тод бус байгааг мөн илрүүлсэн. Хангалттай тоогоор мод тарих, барилгын халуун дулааныг тохируулахын тулд дизайны зөв зүйтэй шийдэл ашиглах зэрэг зүйлийг хэт халалтын үеийн төлөвлөгөөнд дурдсан байсан. Гэтэл эдгээрийг хийж хэрэгжүүлэхэд санхүүжилт багагүй хэрэгтэй.
Ахмедабад хотод хийсэн судалгаагаар өвчтөнүүдийг эмнэлгийн доод давхар луу шилжүүлэх зэрэг энгийн шийдэл нь үр дүнтэй болохыг тогтоосон. Мөн хэт халалтын үед ажилчдыг ажилд гаргахгүй байх хэрэгтэй.
“The Lancet” эрүүл мэндийн сэтгүүлд нийтэлснээр, 2000-2004, 2017-2021 онуудад хэт халалтын улмаас нас барсан хүний тоо 55 хувиар өсчээ. Мөн хэт халалтын улмаас 2021 онд энэтхэгчүүд 167.2 тэрбум ажлын цагаа алдсан. Цаашилбал, тус улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 5.4 хувьтай тэнцэхүйц хэмжээний орлогоо алджээ.
Албаныхныг арга хэмжээ авахыг хүлээхээс илүүтэй иргэд өөрсдөө хэт халалтад ач холбогдол өгөх хэрэгтэйг судлаачид онцолж байна. Дели хотод агаарын хэм 50 хүрэх нь тийм ховор сонин тохиолдол биш. Гэтэл 50 хэмийн дулаантай үед маш цөөхөн хүн шүхэр ашигладаг ажээ.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ