Дэлхийн банк: Хувийн секторын хөрөнгө оруулалт сул байна

Дэлхийн банк: Хувийн секторын хөрөнгө оруулалт сул байна

Дэлхийн банк: Хувийн секторын хөрөнгө оруулалт сул байна

Улиг болж, хэдийнэ мартагдаж эхэлж байгаа цар тахлаас хойш эдийн засаг дэлхий нийтээр сэргэж байгааг ярьж буй. Гэлээ ч Covid-19-өөс өмнөх түвшинд хүрэхгүй байгааг онцолж байна. Тэгвэл энэ удаад Дэлхийн банкнаас Монгол Улсын эдийн засагт өрнөсөн онцлох үйл явдлуудыг хэрхэн дүгнэсэн тайлангаас онцолъё. Өнгөрсөн онд олон орны санхүүгийн зах зээлийн нөхцөл байдал чангарч, шатахуун, хүнсний үнэ өсч, Хятад-Монголын хилийн боомтуудын хязгаарлалт оны эхний хагаст үргэлжилсэн ч Монголын эдийн засаг сэргэсэн гэж Дэлхийн банкнаас дүгнэжээ.

Тодруулбал, эдийн засгийн өсөлт 2021 онд 1.6 хувь байсан бол өнгөрсөн онд 4.7 хувьд хүрч, улмаар бодит дотоодын нийт бүтээгдэхүүн /ДНБ/ цар тахлын өмнөх түвшнээс давсан байна. Гэсэн хэдий ч эдийн засаг цар тахлын сөрөг нөлөөллөөс бүрэн ангижраагүйг мөн онцолжээ. Учир нь ДНБ-ий түвшин цар тахлын өмнөх хандлага буюу цар тахалгүй үед хүрч болох байсан түвшнээс доогуур хэвээр байна.

Эдийн засгийн өсөлтийг экспортын хурдацтай сэргэлт, тогтвортой хэрэглээ тодорхойлсон бол хувийн секторын хөрөнгө оруулалт сул хэвээр байгааг ч мөн тус тайланд дурджээ. Хятадын хилийн боомтуудын хязгаарлалтаас шалтгаалан 2022 оны эхний хагас жилд буурч байсан экспорт хилийн хориг саад суларч эхэлснээр жилийн хоёрдугаар хагаст огцом өссөн. Ингэснээр өрхийн орлого сэргэж, цар тахлын үед үүсгэсэн хуримтлалаа хэрэглэж эхэлсэн нь хувийн хэрэглээг дэмжсэн гэж үзсэн байна.

Харин хувийн секторын хөрөнгө оруулалт буурсан нь үйлдвэрлэлийн орц, завсрын хэрэглээний өртөг нэмэгдсэн, банкнуудын зээлийн эрсдэл даах сонирхол буурсан, гадаадын шууд хөрөнгө оруулалт саарсан зэрэгтэй холбоотой гэж.

Мөн импортын барааны үнэ нэмэгдэж, тээвэрлэлтийн зардал өссөн ч импортын эрэлт өндөр байсан нь эдийн засгийн сэргэлт, төсвийн томоохон хөрөнгө оруулалтын төслүүд хэрэгжиж байсантай холбоотой болохыг онцолжээ. Энэ бүхнээс харвал Монголын эдийн засаг хүнд байгаа ч өнгөрсөн жилүүдэд өсөлт гарсан нь сайшаалтай.

НҮҮРСНИЙ ОЛБОРЛОЛТ НЭМЭГДСЭН Ч УУЛ УУРХАЙН САЛБАРЫН НИЙТ ҮЙЛДВЭРЛЭЛ БУУРЧЭЭ

Малын тоо толгой нэмэгдэж, үйлчилгээний салбар сэргэсэн нь эдийн засгийн өсөлтийг нийлүүлэлт талаас тайлбарлажээ. Харин, нүүрсний олборлолт нэмэгдсэн ч уул уурхайн салбарын нийт үйлдвэрлэл буурсан байна. Онцолбол цаг агаарын таатай нөхцөлөөс шалтгаалан хөдөө аж ахуйн салбарын өсөлт сүүлийн долоон жилийн дээд түвшинд хүрчээ. 2023 оны өвөл хүндэрч болзошгүй гэх хүлээлтэд тулгуурлан мал нядалгаа нэмэгдсэн нь хөдөө аж ахуй болон боловсруулах салбарын өсөлтийг махны үйлдвэрлэлээр дамжуулан нэмэгдүүлсэн аж. Цар тахалтай холбоотой хязгаарлалтууд суларсан нь үйлчилгээний салбарт сэргэлт авчирсан болохыг мөн тусгаж. Уул уурхайн салбарт бий болсон нэмэгдэл өртөг 2021 онтой харьцуулахад буурсан нь Оюутолгойн зэсийн баяжмал дахь зэс, алтны агууламж буурснаар тайлбарлаж буй. Харин хилийн боомтуудын үйл ажиллагаа хэвийн болсноор нүүрс олборлолт эрчимжиж цар тахлын өмнөх түвшинд хүрчээ.

Эдийн засаг сэргэснээр ажил эрхлэлт нэмэгдэж, ажилгүйдлийн түвшин буурсан ч ажиллах хүчний оролцоо цар тахлын өмнөх түвшинд хүрээгүй байна.

Аж, ахуйн нэгжүүдэд ажлын байраа хадгалж, авч үлдэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор 2021 оноос олгож байсан хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөр алгуур дуусгавар болсон ч эдийн засгийн сэргэлтийн ачаар ажил эрхлэлт нэмэгдэж, ажилгүйдлийн түвшин 2000 оны дунд үеэс хойших хамгийн доод түвшинд хүрсэн. Нөгөөтээгүүр, ажиллах хүчний оролцооны түвшин 2021 онтой харьцуулахад бага зэрэг сайжирсан ч цар тахлын өмнөх түвшнээс доогуур хэвээр байгааг дурдсан байна.

ҮНИЙН ДАРАМТ, ВАЛЮТЫН ХАНШИЙН СУЛРАЛ ИНФЛЯЦЫГ НЭМЭВ

Нийлүүлэлтийн сүлжээний доголдол, эрчим хүч, хүнсний бүтээгдэхүүний импортын үнийн дарамт, валютын ханшийн сулрал зэрэг нь инфляцыг нэмсэн. Хэрэглээний үнийн индексээр хэмжигдсэн инфляцын түвшин 2022 онд дунджаар 15.2 хувьтай байв. Нэг талаас Оросын Украиныг эзлэн түрэмгийлэх явдал, Хятад-Монголын хилийн боомтуудын үйл ажиллагааны доголдлоос үүдэн ялангуяа 2022 оны эхний хагаст шатахуун, хүнсний бүтээгдэхүүний нийлүүлэлт тасалдаж, импортын үнэ өссөн нь инфляцыг нэмэгдүүлсэн гэж Дэлхийн банкнаас үзжээ. Нөгөө талаас хэрэглээний сагсан дахь бүтээгдэхүүн, үйлчилгээний тал орчим хувийг импортын бараа бүтээгдэхүүн бүрдүүлдэг тул гадаад валютын ханш чангарсан нь дотоодын бараа үйлчилгээний үнэ өсөхөд нөлөөлсөн байна.

2022 оны хоёрдугаар хагасаас импортын үнийн өсөлт саарч эхэлсэн ч энэ хугацаанд үйлдвэрлэлийн зардал нэмэгдэж эхэлсэн нь инфляц саарах хурдцыг бууруулсан. Түүнчлэн төсвийн зардал өндөр түвшинд хадгалагдаж, хувийн хэрэглээ хурдтай сэргэсэн нь хэрэглээний үнийг эрэлт талаас нь өсгөх хүчин зүйл болсон юм.

Хэдийгээр эдийн засгийн төлөв байдал сайжирч байгаа ч банкнуудын болгоомжлох хандлага хэвээр буй. Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн томоохон хөтөлбөрүүд хумигдаж эхэлсэн нь зээлийн өсөлт 2022 онд огцом саарах нэг шалтгаан болсон. Мөн  активын чанарын үнэлгээг (AQR) хийлгэсний дараа хувьцаагаа олон нийтэд санал болгох үүрэг хүлээсэн банкнууд зээл олгох үйл ажиллагаандаа илүү хянамгай болж, үнэлгээний дараагаар тайлан тэнцэлдээ зарим шаардлагатай залруулгыг хийжээ.

Чанаргүй зээлийн хэмжээ дорвитой буурахгүй байгаа нь банкнуудын зээл олголтыг (ялангуяа эрсдэлтэй салбаруудад) хязгаарласан байна. Улмаар, банкнууд гол төлөв цалин, тэтгэвэр, хадгаламжаар барьцаалсан эрсдэл багатай зээл олгох сонирхолтой болсон.

Үнийн өсөлт, инфляцын хүлээлт хурдацтай нэмэгдэж, гадаад тэнцвэргүй байдал өргөжин тэлсэн тул Төв банк бодлогын хүүгээ сүүлийн долоон жилийн дээд түвшинд хүргэж, макро зохистой бодлогын арга хэмжээ авсан гэж үзсэн байна. Төв банк бодлогын хүүг таван удаагийн шийдвэрээр нийт долоон нэгж хувиар нэмэгдүүлэн 2022 оны арванхоёрдугаар сард 13 хувьд хүргэсэн юм. Гэвч Засгийн газраас хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрүүд хэрэгжүүлсэн нь мөнгөний бодлогын төлөв чангарч, улмаар дотоод эрэлтийг зохистой түвшинд хумих зорилготой бодлогын нөлөөг сулруулж байв. Мөнгөний бодлогын төлөвийг чангатгахын зэрэгцээ гадаад эх үүсвэрт тогтоох заавал байлгах нөөцийн хувь хэмжээг бууруулсан нь хөрөнгийн дотогшлох урсгал, төгрөгийн ханшийг дэмжих нөлөө үзүүлсэн. Дээр бичсэнчлэн инфляц нэмэгдэхэд олон хүчин зүйл нөлөөлсөн байна.

ТӨСВИЙН ОРЛОГЫН ГҮЙЦЭТГЭЛ ХУРДТАЙ СЭРГЭСЭН

Монгол Улсын төсвийн зарлага тогтмол өндөр түвшинд байж ирсэн ч орлогын гүйцэтгэл энэ онд хурдтай сэргэснээр төсвийн тэнцэл бага зэрэг сайжирсныг Дэлхийн банк тайландаа тусгажээ. Төсвийн орлого бүрдүүлэлт 2022 онд сайжирсан нь эдийн засаг, хөдөлмөрийн зах зээл сэргэж, гадаад худалдааны холбогдолтой орлого өссөний илрэл. Харин төсвийн зарлагын ДНБ-д эзлэх хувь бага зэрэг буурсан ч цар тахлын өмнөх үетэй харьцуулахад үлэмж өндөр түвшинд хэвээр байна. Зардал ийнхүү өндөр түвшинд хадгалагдаж ирсэн нь төсвийн хөрөнгө оруулалт, тэтгэвэр, цалингийн зардлын өсөлт болон хүүхдийн мөнгө хөтөлбөрт зарцуулсан эх үүсвэр (2022 онд ДНБ-ий 2.8 хувь)-тэй холбоотой гэжээ. ДНБ-д эзлэх улсын өрийн хувь хэмжээ 2022 онд бага зэрэг буурсан ч Монгол Улсын Хөгжлийн банкны санхүүгийн эмзэг байдал, төрийн эзэмшлийн “Эрдэнэс Тавантолгой” компанийн Хятадын төрийн компаниудтай байгуулсан нүүрсний офтейк гэрээнүүдтэй холбоотойгоор үүсч  болзошгүй өр, төлбөр зэрэг нь төсвийн эрсдэлийг нэмэгдүүлэхээр байгааг мөн тусгаж.

Үүнээс гадна экспорт 2022 онд мэдэгдэхүйц өссөн ч импортын эрэлт болон үнэ зэрэгцэн нэмэгдсэн нь төлбөрийн тэнцлийн хурцадмал байдлыг даамжруулсан байна.

Түүхий эдийн үнэ өсч, хилийн боомтуудын үйл ажиллагаа хэвийн болсноор нүүрсний экспорт хурдацтай сэргэж, экспортын орлого 2022 онд өссөн. Харин Украин дахь Оросын эзлэн түрэмгийллийн нөлөөгөөр импортын хүнс, эрчим хүчний үнэ өссөн, хилийн боомтуудын доголдлоос үүдэн тээврийн зардал нэмэгдсэн, өрхийн орлогын өсөлттэй холбоотой импортын эрэлт мэдэгдэхүйц нэмэгдсэн, улсын болон төрийн өмчит компаниудын хөрөнгө оруулалтын төслүүдтэй холбоотойгоор хөрөнгө оруулалтын барааны импорт нэмэгдсэн зэрэгтэй холбоотойгоор импортын зарцуулалт экспортоос ихээхэн давжээ. Урсгал тэнцлийн алдагдал тэлж, хөрөнгийн дотогшлох урсгал саарч, төв банкнаас төгрөгийн ханшийг хамгаалахын тулд их хэмжээний валютын интервенц хийсэн нь гадаад валютын улсын нөөц буурахад хүргэсэн байна. Гадаад валютын улсын нөөц 2022 оны эцэс гэхэд 3.4 тэрбум ам.доллар (импортын 3.1 сарын хэрэгцээг хангахуйц) болж буурсан болохыг Дэлхийн банк Монголын эдийн засагт өрнөсөн үйл явдлуудын хүрээнд дүгнэжээ. Тус тайлангаас харвал цар тахлын өмнөх нөхцөлд Монгол Улс бүрэн шилжээгүй ч ололттой тал олон болохыг онцолжээ. Өөрөөр хэлбэл бүрэн биш хэдий ч хангалттай хэмжээнд хүрсэн байна. Харин цаашид тулгамдаж буй сорилтуудыг давж эдийн засгаа бусад улстай ижил түвшинд сэргээх гаргалгааг эрэлхийлэх нь чухал бизээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж