С.Оюун: Хавтаст хэргийг уншихад итгэл үнэмшил төрөөгүй

Хуучирсан мэдээ: 2023.04.20-нд нийтлэгдсэн

С.Оюун: Хавтаст хэргийг уншихад итгэл үнэмшил төрөөгүй

С.Оюун: Хавтаст хэргийг уншихад итгэл үнэмшил төрөөгүй

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны төрсөн өдөр өнөөдөр /2023.04.20/ тохиож, хамтран зүтгэгчид нь хөшөөнд нь цэцэг өргөсөн бол төрсөн дүү С.Оюун мөн хөшөөнд нь хүндэтгэл үзүүлж,  цэцэг өргөлөө. Энэ үеэр сэтгүүлчдийн асуултад дараах хариулт өглөө.


-Прокуророос Б.Содномдаржаа, Т.Чимгээ, Ц.Амгаланбаатар нарыг хэрэгт холбогдолгүй гэж үзэн, хэрэгсэхгүй болгосныг та юу гэж үзэж байна вэ?

-Энэ өдөр бол С.Зориг ахын маань төрсөн өдөр. Харамсалтай нь, төрсөн өдөр болгоноор нь хэргийн талаар ярьдаг.  Гадаадад амьдарч байгаа болохоор цөөн хоногоор Монголдоо ирээд байна. Хэргийг хэрэгсэхгүй болгосныг өчигдөр сонссон. Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг энэ хэрэгт холбогдолгүй гэж хэрэгсэхгүй болгосон нь зөв гэж бодож байгаа.

2016 оны есдүгээр сар бил үү, аравдугаар сард “хэрэг шүүх рүү явах гэж байна, танилц” гээд хэргийн материалтай танилцаж байсан. Анхнаасаа огт итгэл үнэмшил төрүүлээгүй тул энэ тухайгаа би хэлж байсан.

Хэргийг төрийн нууцад аваад, шүүх хуралдаан хаалттай болж байсан учраас эсэргүүцээд оролцоогүй. Гэхдээ итгэл үнэмшилгүй байна гэдгээ хэлж байсан. УИХ-ын Тусгай хяналтын дэд хороонд энэ хэргийг нууцын зэрэглэлээс гаргах ёстой гэдгийг хэлж байсан.

Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг шоронд орсныг хэлмэгдсэн гэж боддог. Харамсалтай нь, энэ хэрэг гурван шатны шүүхээр ороод батлагдсан.

Хэргийг нууцаас гаргах асуудлыг өмгөөлөгчөөрөө дамжуулан тавьж байсан. Гурван жилийн өмнө хэргийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд нууцаас гаргах тухай тогтоол гарсан ч бүрэн хэрэгжээгүй. Энэ тогтоолыг бүрэн хэрэгжүүлэх ёстой.

Хоёрдугаарт,  энэ хэргийг илрүүлж чадахгүй олон жил явлаа. Сүүлдээ бид /ар гэрийнхнийх нь хувьд / хэрэг үйлдсэн хүнийг нь олохгүй юм аа гэхэд бусдыг бүү хэлмэгдүүлээсэй гэж санаа зовж байсан.

-Б.Содномдаржаа нарыг энэ хэрэгт буруутган, анхан шатны шүүхээс ял өгөхөд нь та бүхэн байр сууриа илэрхийлж байсан уу?  

-Анхан шатны шүүх хуралдааны шийдвэр гарсны дараа эргэлзэж байгаагаа мэдэгдэж, мэдэгдэл гаргаж байсан. Давж заалдах шатны шүүх хуралд манай ах оролцохоор орсон ч хаалттай хийх болсныг нь эсэргүүцээд суугаагүй, гарч ирж байсан.  Бүх шатны шүүх хуралд манай өмгөөлөгч оролцож ирсэн.

Энэ хэрэг илрэхгүй 25 жил боллоо.  Бидний хувьд насан туршдаа л гомдолтой байна. Хэрэгтнийг буруу илрүүлээд хүмүүсийг хэлмэгдүүлэх юм бол жинхэнэ хэрэгтэн нь дарагдана.  Хэрэг илрээсэй гэж дотроо үргэлж л боддог. Хэргийг шалгах ажиллагаа цаашдаа ч зогсохгүйгээр үргэлжилж, илрүүлэхийн төлөө явах ёстой.

Ах маань төр нийгмийн зүтгэлтнээс гадна ардчиллын лидер байсан хүн.  Ийм том хар толбо ардчиллын түүхэнд шийдэгдэхгүй үлдэж болохгүй.

Энэ хэрэгт Олон улсын парламентын холбоо анхаарал хандуулахын хажуугаар Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг хоригдсон байхад төлөөлөгч нь Монголд ирээд “итгэл үнэмшилгүй байна” гэдгийг мэдэгдэж байсан. Вэб сайт дээр нь ч энэ тухай мэдээлэл тавигдсан.

Энэ хэрэг буруу явж байна, шударгаар урагшлах ёстой, хэлмэгдүүлэлт байж болохгүй гэдэг дээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нар тууштай явсанд би дотроо их баяртай байдаг.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ЗөвЗөв
8
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж