Тагнуулын ерөнхий газар/ТЕГ/-ын дарга асан Б.Хурцаас дараах тодруулгыг хийлээ.
-С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэргээр ял эдэлж байсан Б.Содномдаржаа, Т.Чимгээ, Ц.Амгаланбаатар нарт холбогдох хэргийг прокуророос хэрэгсэхгүй болголоо. Энэ үйл явдал болонгуут Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Ц.Нямдорж гарч ирж, мэдэгдэл хийлээ. Та энэ асуудалд ямар байр суурьтай байна вэ?
-Энэ хэрэг бол намайг ТЕГ-ын даргаар томилогдохоос өмнө буюу Улсын ерөнхий прокуророор Д.Дорлигжав, ТЕГ-ын даргаар Б.Ариунсан байх үед шалгаж байсан. Ажил авангуут тухайн хэрэг шилжиж ирсэн л асуудал. Б.Эрдэнэбат прокурор тухайн хэрэгт хяналт тавьж, ажиллаж байсан.
Энэ хэргийг нууцын зэрэглэлээс гаргаж өгөөч ээ гэдэг хүсэлтийг би олон удаа тавьсан, гаргаж өгдөггүй. Шоронд хоригдож байхдаа ч би эхнэр, хүүхдээрээ дамжуулан энэ хэргийг нууцын зэрэглэлээс гаргаж өгөөч ээ гэж тухайн үеийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гурван гишүүнд хүсэлтээ уламжилж байсан.
Б.Хурц нарын хэрэг гээд ярьдаг, энийгээ нууцын зэрэглэлээс гаргачихвал бүх зүйл тодорхой болно.
Нийгэмд өнөөдөр юу ярьж байна гэхээр хүнийг эрүүдэн шүүсэн гэж ярьж байна.
Би хатуухан хэлчихье, хоёр хоригдол нэг камерт байхдаа хэргээ яриад, задлаад зодолдоод байгаа асуудал. Жинхэнэ эрүүдэн шүүлт гадуур ямар байгаа билээ. Ц.Нямдоржийг сайд байхад энэ олон жил цагдаагийн байгууллага, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн байгууллагад эрүүдэн шүүлт гэдэг юм аюултай төвшинд байсан.
Ц.Нямдорж өчигдөр гэнэт гарч ирсэн нь улс төрийн хэрэг. Улс төрийн хэрэг гэдэг нь тодорхой болчихлоо. Тэтгэвэртээ гараад гэртээ хэвтэж байсан өвгөн гэнэт гарч ирээд шоу хийгээд. Мөн үү. Хэрэг явдал дуусах болоогүй бүх юмны эхлэл ч байж магадгүй.
-Алуурчныг нь тогтоосон байхад энэ хэргийг хэрэгсэхгүй болгож байгаа үйл явдал нь захиалагчийг илрүүлэхгүй гэсэн улс төрийн зорилго байж болох уу?
-Ж.Батзандан, Ц.Нямдорж хоёр 2017 оны аравдугаар сард ээлжилж гарч ирээд “Б.Хурцыг ажлаас нь хусахад хоёр долоо хоногийн дараа хэргийн захиалагчийг зарлана” гэсэн биз. Та нар санаж байгаа, бичлэг ч бий. Өнөөдөр хэдэн он билээ, захиалагч нь хаана байгаа юм, тэд нар яаж мэдээд байгаа юм. Мөн үү?.
-Хэрэг үйлдсэн хүмүүсийг нь холбогдолгүй болгож, хэргийг нь хэрэгсэхгүй болгохоор энэ хэрэг нэлээн төвөгтэй байдалд орчих шиг?
-Та нар анхааралтай хараарай. Миний хэлж байсан зүйл л болоод байгаа. Хэргийг мөрдөж байсан ажлын хэсгийг биднээс хойш тараасан. Миний сонссоноор ажлын хэсгийг дахиад ч тараасан. Ц.Нямдоржийн нэг арга байдаг байхгүй юу. “Энэ энд зогсоогүй ээ, тэр гурав дахь, дөрөв дэх байшингийн ард байгаа” гэж чиглэл өгч, будилуулдаг. Тэгээд ажлын хэсгийг тараалгадаг.
Та бүхэн дүн шинжилгээ хийх ёстой. Энэ үйл явдал хаашаа явж байна, төр засаг яах гээд байна, гадны нөлөө нь ямар байна. Урд, хойд хөрш ямар нөлөөтэй байна. Бүх зүйл дээр дүн шинжилгээтэй хандах ёстой. Зөвхөн энэ хэрэг дээр ярихад Ц.Нямдорж гэж хүн хувийнхаа асуудлыг намынхаа асуудал болгосоор ирлээ. Маш сайн тоглогч байхгүй юу.
Би өмнө нь Ц.Нямдоржийн “Эрдэнэт” үйлдвэрт 42 сая ам.долларын шахаа хийсэн баримтыг дэлгэхэд нэг ч хэвлэл гаргаагүй. Энэ хэвлэлүүдтэй хаалтын гэрээ хийж чадаж байгаа. Хоёрхон амбаартай гэдэг ч агуу мөнгөтэй хүн шүү. Энэ хүн бол аюултай тоглогч.
Би хардаж байгаа, Ардын намын өнөөгийн удирдлагыг шантаажилж, шахаж, энэ хэргийг хэрэгсэхгүй болгох юм руу шахсан байх.
Гэхдээ Ц.Амгаланбаатар нарын олон хүүхэд шатаасан хэргийг яах гэж байгаа юм, гурван шатны шүүхийн шийдвэрийг яах гэж байгаа юм. Гүйцэтгэх ажиллагааны материалыг яагаад ил болгохгүй байгаа юм. Би ойлгохдоо нэлээн олон цагийн бичлэг байгаа гэж ойлгож байгаа.
Би хэдийгээр тагнуулын байгууллагыг тухайн үед удирдаж байсан ч хэрэгт оролцож болдоггүй, нөлөөлж болдоггүй хуультай. Хуулийнхаа хүрээнд л ажилласан.
Энэ хэргийг манай тагнуулын байгууллага дээр удирдаж байсан ажлын хэсэг гэж байсан. Миний өмнө байсан хүмүүс удирдаад аваад явж байсан. Би байгууллагын даргын хувьд төлөвлөгөөг нь баталдаг. Төлөвлөгөөг нь баталж өглөө гэж ял авсан.
Хууль зүйн сайдаар Ц.Нямдорж ажиллаж байхдаа цагдаа, хилийн цэргийн төлөвлөгөө баталж байсан. Тэр үед хоёр цагдаа хүн амины хэрэг хийсэн. 60 гаруй настай өвгөнийг алсан. Хүн алчихаад байхад ял аваагүй, юун эрүүдэн шүүх. Хилийн цэрэг дээр офицер нь цэргээ буудаад алсан. Цагдаагийн сургуулийнхан нь зугаалганд явж байгаад аваарт ороод хоёр хүн нас барсан. Хэн ч ял аваагүй. Төлөвлөгөөг Ц.Нямдорж баталж байгаа. Ц.Нямдорж тэр байгууллагын төлөвлөгөө баталсан гэдгээрээ энэ пакт дээр үндэслэвэл надаас 10 дахин ял авах ёстой.
Ухаад үз, Ц.Нямдоржийн үед ямар олон хүн эрүү шүүлтэнд орж, тулгуулж байлаа. Эрүү шүүлт хийх гээд өөрөө сандал гадаадаас оруулж ирж байсан хүн.
Гэтэл өчигдөр ардчилал, хүний эрх яриад гэнэт гарч ирдэг. Ажлаа хийчихээд гарч ирдэг. Баахан хүнийг бужигнуулчихаад өөрөө од болж гарч ирдэг.
-Хэргийг хэрэгсэхгүй болгонгуутаа нотлох баримтуудыг алга болгох ч юм уу эрсдэл үүсч болох уу?
-Магадлалтай байж болно. Гэхдээ энэ хэрэг дээр ажиллаж байсан хүмүүс бүгд амьд байгаа.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ