Хуучирсан мэдээ: 2023.04.20-нд нийтлэгдсэн

Улаанбаатар хот, 2023 оны 4 дүгээр сарын 20

2023 оны 4 дүгээр сарын 10, 13-ны өдрүүдэд Форум Ази болон Хүний эрх, хөгжлийн төв ТББ-уудаас Улаанбаатар, Сайншанд хотуудад хэвлэлийн бага хурал хийж, “Хүсэл мөрөөдөл тоосрон замхрах нь” нэртэй, 2022 онд Дорноговь аймгийн Даланжаргалан, Хатанбулаг болон Улаанбадрах сумдад хийсэн судалгаа гэх ажлын үр дүнгээ танилцуулжээ.

Энэхүү судалгааны гэх ажлын тайлан нь шалган нягталсан баримт нотолгоонд үндэслээгүйн дээр бодит байдлыг мушгин гуйвуулсан, мэргэжлийн бус, бусад оролцогч талуудын байр суурь, судалгаа, мэдээллийг үл хайхран зөвхөн цөөн хэдэн хүний дам яриа, ор үндэсгүй мэдээлэлд үндэслэн ураны эрэл хайгуул, олборлолттой холбоотойгоор олон нийтийг айдаст автуулахыг оролдсон  агуулгатай баримт болсонд Монгол улсын төрийн өмчит “Мон-Атом” ХХК, Франц улсын Орано группийн хамтарсан  “Бадрах Энержи” ХХК-ийн зүгээс харамсаж байна.

Уг төрийн бус байгууллагуудаас хэвлэлийн бага хурал дээр хийсэн мэдэгдэл нь манай хамтарсан компанийг үндэслэлгүйгээр буруутгаснаас гадна компанийн үйл ажиллагаанаас үүдэн хүрээлэн буй орчин, хүн, малын эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл бий болсон мэт илт худал мэдээлэл агуулснаараа хамтарсан компанийн ажил хэргийн нэр хүндэд халдсан, Монгол Улсад уул уурхайн шинэ салбар хөгжихөд саад болохын зэрэгцээ эгэл жирийн малчдын амьжиргааны эх үүсвэр болсон малыг үнэгүйдүүлсэн үйлдэл боллоо гэж бид үзэж байна.

Үг хэлэх эрх чөлөө бүхий нээлттэй нийгмийн нэгэн хариуцлагатай оролцогчийн хувьд “Бадрах Энержи” компани нь үнэн бодит, шалган нягталсан мэдээллийг олон нийтэд хүргэх эрхээ хэрэгжүүлэн энэхүү мэдэгдлийг хийж байна.

“Бадрах Энержи” ХХК-ийн үйл ажиллагаанд мэргэжлийн байгууллагуудаас жил бүр төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг тогтмол хийж ирсэн. Түүнчлэн, үе үеийн Засгийн газраас байгуулагдсан ажлын хэсгүүд бүхий л чиглэлээр хяналт шалгалт хийн тухай бүр дүгнэлтүүд гаргасан байдаг. Дүгнэлтүүдээс товч дурдахад:

  • 2013 онд Ерөнхий сайд Н.Алтанхуягийн захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлтэд: “Дорноговь аймгийн Сайншанд сумын Зүүнбаян, Улаанбадрах сумын Аргалант багийн зорилтот бүлгийн иргэдэд хийсэн үзлэг шинжилгээгээр хүний эрүүл мэндэд ионжуулагч цацраг болон хүнд металлын нөлөөллөөс үүдэлтэй өвчлөл, эмгэг өөрчлөлтүүд илрээгүй”.
  • 2020 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнийн тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн тайланд: “Дорноговь аймаг халдварт, халдваргүй өвчний гаралт, малын зүй бус хорогдлоор 2012 оноос хойш хугацаанд улсын дунджаас ихгүй байна”.
  • 2021 онд Шинжлэх ухааны академийн ажлын хэсгийн дүгнэлтэд: “Хүн, малын ундны усны худгуудын усанд усанд фтор, хүнцэл, ураны агуулга өндөр, ундны усны стандартын шаардлага хангахгүй байгаа нь энэ газар нутгийн хөрс чулуулагт эдгээр элементүүд дэлхийн дунджаас ихээр агуулагдаж байгаатай холбоотой …”.
  • 2021 онд Галба-Өөш Долоодын сав газрын захиргааны захиалгаар хийж гүйцэтгэсэн усны аудитын тайланд: “Шинжилгээний дүн мэдээг харьцуулан үзэхэд Зөөвч-Овоо туршилтын үйлдвэр ашиглалтанд орсноор газрын доорх усны нөөц, чанарт гарсан ноцтой өөрчлөлт одоогоор байхгүй байна”.

Дээр дурдсан дүгнэлтүүдийг гаргахад улсын байцаагч, төрийн захиргааны албан тушаалтнуудаас гадна шинжлэх ухааны харьяа байгууллагын эрдэмтэн, судлаачид оролцон ажилласныг тэмдэглэж байна. Төрийн байгууллагуудын хяналт, шалгалт болон олон улсын хөндлөнгийн судалгааны үр дүнд компанийн үйл ажиллагаатай холбоотойгоор байгаль орчин болон хүн, малын эрүүл мэндэд ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлээгүй гэсэн нэг ижил дүгнэлтэд хүрч байсан билээ.

“Бадрах Энержи” ХХК нь үйл ажиллагаандаа олон улсын шилдэг туршлага, стандартыг баримтлан ажилладаг  бөгөөд байгаль орчин, эрүүл мэнд, хөдөлмөрийн аюулгүй байдлын онцсайн үзүүлэлтүүдээрээ бахархдаг. Тус компани үйл ажиллагаагаа бүрэн нээлттэй, ил тод зарчимд нийцүүлэн явуулж, Монгол Улсын төрийн байгууллага, орон нутаг болон иргэний нийгмийн төлөөллүүдтэй идэвхитэй хамтран ажиллаж ирснийг тэмдэглэхэд таатай байна.

Цаашдаа төрийн бус байгууллагуудаас “Бадрах Энержи” ХХК-тай холбоотой аливаа мэдээллийг түгээхдээ албан ёсны хяналт шалгалт, шинжилгээгээр тогтоогдсон, үнэн зөв мэдээлэлд үндэслэн, сайтар нягталсны үндсэн дээр олон нийтэд түгээж байхыг хүсье.

 

“Бадрах Энержи” ХХК

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг,

1-р хороо, Жамьян гүний гудамж-9,

ICC цамхаг, 8-р давхар

 

 

Утас: +976- 70110475 (103)

http://www.badrakhenergy.com/MNG/

https://www.facebook.com/badrakhenergy/

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж