НЭМЭЛТ:
Ардчилсан намын дарга асан С.Эрдэнэ:
-Албан ёсны дарга Л.Гантөмөрт хууль ёсны тамгыг гардуулан өглөө.Ардчилсан намд үүсээд байсан үл ойлголцлыг эцэслэж, АН нэгдмэл нэг удирдлагатай болж, цаашдаа бид эв нэгдлээ бэхжүүлж, улс орны өмнө тулгамдаад байгаа олон сорилт, шалгалитуудыг хамтдаа давна хэмээн зөвшилцлийн санамж бичиг байнгуулж байна. Ардчилсан намын нийгэмд гүйцэтгэх үүрэг, АН-ын хүлээж байгаа хариуцлага бол Монголын ард түмний хүсэн хүлээж байгаа шийдвэр мөн. Ардчилсан намынхан хоорондоо эв зүйгээ олж, эвлэлдэн нэгдэж улс орны өмнө тулгамдаад байгаа асуудлуудыг шийдээсэй гэсэн хүлээлт их байна. Ялангуяа эрх баригчид хэт даварсан, нэг намын дарангуйллыг бий болгосон бусармаг асуудлыг таслан зогсоож чадах цорын ганц улс төрийн хүчин Ардчилсан нам.
Бид ч бас ийм үүрэг хариуцлага хүлээж байгаагаа ойлгож байгаа. Энэ утгаараа намын удирдлагын түвшинд байсан байсан үл ойлголцлыг эцэслэж, цаашид нийгмийн өмнө хүлээх үүрэг хариуцлагаа ухамсарлаж өнөөдрийн шийдвэртэй алхамыг хийж байна.
Эвлэлдэн нэгдэх зайлшгүй шаардлага бидний өмнө байна. Ардчилсанм намын удирдлагын түвшинд бид бие биенээ хүлээн зөвшөөрөх хуулийн хүрээнд нэгдмэл, нэг хүрээнд очиж ажиллах шаардлага зайлшгүй тулгарсан. Ардчилсан намын шинэ даргаар сонгогдсон Л.Гантөмөр ажлаа албан ёсоор хүлээж авч, түүнийг тойроод нэгдмэл нэг цул болж ажиллах зайлшгүй шаардлага байна. Улс орон даяар харж байгаа Ардчилсан намын дэмжигчид, гишүүд энэ үйл явдлыг дэмжиж байгаа гэдэгт итгэлтэй байгаа гэдгээ С.Эрдэнэ илэрхийллээ.
Ардчилсан намын дарга Л.Гантөмөр:
-Монгол Улсад ус агаар мэт хэрэгтэй зүйл бол эв нэгдэл байна. Үл ойлголцлыг бий болгосон хамгийн хүчтэй оролцогч корона байсан. Ардчилсан нам болоод Монголын ардчилал коронад нэрвэгдсэн гэдгийг сануулж байна. Ардчилсан намын дээд шүүхийн бүртгэл хийгдэж түүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгаас гэрчилгээгээ дөрөвдүгээр сарын 07-нд авсан. Бид энэ өдөр Ардчилсан намын 33 жилийн ойн хүрээнд гэрчилгээн дээрээ намын шинэ даргаа бүртгүүлсэн. Өнөөдөр дөрөвдүгээр сарын 20. Энэ өдөр ардчиллын эцэг, ардчиллын удирдагч С.Зориг агсаны төрсөн өдөр тохиож байна.
Энэ өдөр Ардчилсан намын тамга шилжиж ирснээр Ардчилсан нам бүтэн болж байна.
Ардчилсан нам олон ургальч үзлийг шингээж чаддаг улс төрийн хүчин бидэнд үл ойлголцох асуудал гарч байсан. Цаашид ч гарна. Энэ бүхнийг шингээж чаддаг улс төрийн институц байх болно. Ардчилсан нам хүн хөөдөггүй, хүнийг урьдаг. Монголын ард түмэн төрийн гүүр нь болсон улс төрийн хүчин болно гэдгээ илэрхийлж байна. Өнөөдрийг хүртэл тэвчээр гаргаж, Монголын ардчиллыг аврахын төлөө, хамгаалахын төлөө, эрх чөлөөний төлөө тэмцэж ирсэн үе үеийн удирдлагууд, гишүүддээ талархлаа.
С.ЭРДЭНЭ: ТАМГАА Л.ГАНТӨМӨРТ ГАРДУУЛЖ, ХАМТАРЧ АЖИЛЛАНА
Ийнхүү хууль ёсны тамгыг С.Эрдэнэ Л.Гантөмөрт дардас даран баталгаажуулан өргөн барьсан бол Л.Гантөмөр С.Эрдэнэт мөнгөн аяга дүүрэн цагаан идээ алд цэнхэр хадгын хамт гардуулж, цаашдын улс төрийн үйл хэрэгт нь амжилт хүсэж, сайн сайхан бүхнийг хүслээ.
УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд Ардчилсан нам С.Эрдэнэ даргаар удирдуулж ороод ялагдал хүлээсэн. Намаа ялагдал хүлээлгэхэд хүргэсэн Ардчилсан намын удирдлагууд хариуцлага хүлээлж тамгаа УИХ-ын гишүүн Ц.Туваанд хүлээлгэж өгсөн түүхтэй. Харамсалтай энэ үеэс Ардчилсан намыг тойрсон тамга тэмдэг, дарга даамлын маргаан хоёр жил гаруй хугацаанд үргэлжилсэн нь өнөөдөр эцэс болов.
Улсын дээд шүүхийн шийдвэр нэгэнт гарч Л.Гантөмөрийг Ардчилсан намын даргаар албан ёсоор бүртгэсэн боловч тус намын албаны ёсны тамгыг С.Эрдэнэ энгэртээ нуучихаад өгөхгүй байсан юм.
Тэгвэл С.Эрдэнэ өнөөдөр Л.Гантөмөрт албан ёсоор тамгаа гардуулан өгч, хамтарч ажиллах санамж бичигт гарын үсэг зурахаар болсон байна. Мөн АН-ын удирдлагууд болох Л.Гантөмөр, С.Эрдэнэ нар өнөөдөр С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлж, талцаад байсан АН-ын гишүүд нэгдэн нийлж буйгаа илэрхийллээ. Энэ үеэр, АН-ын дарга асан С.Эрдэнэ "Өнөөдөр үндэсний лидерүүдийн нэг С.Зориг агсны төрсөн өдөр тохиож байна. Ардчилал, шударга ёс, эрх чөлөө гээд АН-ын үнэт зүйл, үзэл санааны эцэг болсон энэ хүний төрсөн өдөрт хүндэтгэл үзүүлж, хүндэтгэлийн арга хэмжээг эхлүүлж байна. Бид өнөөдөр АН-ын дотор үүсээд байсан зарим үл ойлголцлын асуудлыг эцэслэж, цэг тавьж, АН нэгдмэл нэг удирдлагатай, нэг зорилготой, цаашид олон чухал асуудлыг шийдэх асуудалд ханцуй шамлан нэгдэн орох үйл явдлыг эхлүүлж байна. Энэ хүндтэй үүргийг хүлээн авч буй АН-ын шинэ сонгогдсон дарга Л.Гантөмөрт ажилд нь амжилт, сайн сайхан бүхнийг хүсье. Ардчилал, шударга ёсны төлөө манлайлан ажиллана гэдэгт итгэж байна. Монгол орон даяар ардчиллыг дэмждэг бүх иргэддээ энэ өдрийн мэнд хүргэе. Шударга ёсны төлөө нэгдэж, тэмцэж ажиллана" гэв.
Гэрэл зургийг Л.Энх-Оргил