Энэтхэг улс энэ оны дундуур хүн амын тоогоороо Хятадыг гүйцэж, дэлхийн хамгийн олон хүн амтай улс болно гэдгийг НҮБ өчигдөр гаргасан тайландаа дурджээ. НҮБ-ын ‘Дэлхийн хүн амын төлөв байдлын тайланд дурдсанаар Энэтхэгийн хүн ам энэ онд 1 тэрбум 4 сая 286 мянгад хүрэх бөгөөд энэ нь Хятадаас даруй 2.9 сая хүнээр давах тооцоолол гарчээ. Хятадын хүн ам энэ онд 1 тэрбум 4 сая 257 мянгаар тоологдож байна. Гэтэл АНУ нь 340 сая хүн амаар гуравдугаарт нэрлэгджээ.
Энэтхэгээс хүн амын тоогоороо олон жил давуу явж ирсэн ч Хятад улсад сүүлийн 60 жилд анх удаа 2022 онд хүн амын тоо буурсан юм. Хоёр оронд хүн амын өсөлт тодорхой хэмжээгээр буурч байгаа ч Энэтхэгийг бодвол Хятад улсад илүү хурцадтай байна.
Хятад улсад хүн амын тоо буурах болсон нь олон шалтгаантай ч хэдэн арван жил үргэлжилсэн хүүхдийн тоог хязгаарлах бодлого голчлон нөлөөлсөн. Нөгөө талд Энэтхэг нь илүү залуу хүн амтай бөгөөд төрөлт өндөр байгаагийн дээр сүүлийн 30 жилд нярайн эндэгдлийг дорвитой бууруулж чаджээ.
Энэтхэг улс хүн амын тоогоор дэлхийг тэргүүлэх нь 2020 оны сүүлчээр тодорхой болж эхэлсэн юм. Гэхдээ Энэтхэг улс нь 10 жил тутмын хүн амын тооллогоо 2011 онд хийх байсан ч цар тахлын улмаас хойшлуулсан. Үүнээс үүдэн Энэтхэг улсын хүн амын тоог нарийн тогтоох боломжгүй байгаа бөгөөд дээрх тоо хэзээ ч өөрчлөгдөж болно гэж НҮБ-ын албаныхан мэдэгджээ. Тиймээс Энэтхэг хүн амын тоогоороо энэ оны дундуур дэлхийг тэргүүлнэ гэж таамагласан аж.
ЭХ СУРВАЛЖ: THE WEEK, REUTERS
Холбоотой мэдээ