Э.Бат-Үүл: Гүтгүүлсэн хохирлоо 25 тэрбумаар үнэлж, нэхэмжилнэ

Хуучирсан мэдээ: 2023.04.20-нд нийтлэгдсэн

Э.Бат-Үүл: Гүтгүүлсэн хохирлоо 25 тэрбумаар үнэлж, нэхэмжилнэ

Э.Бат-Үүл: Гүтгүүлсэн хохирлоо 25 тэрбумаар үнэлж, нэхэмжилнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч асан Э.Бат-Үүл 25 тэрбум төгрөг нэхэмжлэхээ мэдэгдээд байна.

Энэ тухайгаа тэрбээр “Зоригийг бүрэлгэсэн хэрэгт намайг санаатайгаар гүтгэн холбогдуулсан олон жилийн бузар улстөрөөс, өөрт учирсан хохиролоо 25 тэрбумаар үнэлж хуулийн дагуу нэхэмжлэнэ! Би ингэх эрхтэй!!!” гэж нүүр номын хуудсаараа дамжуулан мэдэгдлээ.

Дэд бүтцийн сайд С.Зоригийн амь насаа алдсан хэрэгт Э.Бат-Үүлийг холбогдуулан, гүтгэсэн улс төр олон жил явсан. Ингэхдээ УИХ-ын сонгууль дөхөх бүрд энэхүү улс төр эрчимждэг байв. Хуулийнхан ч Э.Бат-Үүлийг дээрх хэрэгт холбогдуулан шалгасан ч нотлогдоогүй юм.

Мөн Улаанбаатар хотын захирагч асан Э.Бат-Үүл 2021 оны тавдугаар сард “С.Зоригийг бүрэлгэсэн хэргийг илрүүлэхэд би дэмжлэг үзүүлмээр байна. Намайг зөндөө байцаасан, гэхдээ хэргийг хэрэгсэхгүй болгосон. Энэ хэргийг битгий яриарай гэсэн, би ярьдаггүй. Энэ хэргийг өнөөдрийг хүртэл мухарлаж чадахгүй байгаа нь хуулийн байгууллага ажлаа хийж чаддаг эсэх асуудал хөндөгдөнө. С.Зоригийн хэргийг нууцаас гаргавал бүх зүйлийг яримаар байна шүү дээ. Намайг зөндөө гүтгэсэн, шоронд хүртэл аваачиж хийсэн. Гэхдээ С.Зоригийн хэргээр биш хүн зодсон гэж хорьсон байдаг. Тэр нь хэрэгсэхгүй болохоор С.Зоригийн хэрэгтэй холбоод шалгаж эхэлсэн. Би С.Зоригийн хэрэгтэй холбоотой олон зүйлийг ярьмаар байна. Энэ хэргээ хурдан нууцаас гаргаач” гэж мэдэгдэж байв.

МАН 2016 оны УИХ-ын сонгуульд ялалт байгуулан, Засгийн эрхийг авснаас хойш Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Ц.Нямдорж “С.Зоригийн амь насаа алдсан хэргийг нууцаас гаргана, нууцаас гаргасан” гэж мэдэгдэж ирсэн ч энэ хэргийг одоог болтол нууцын зэрэглэлээс гаргаагүй байгаа юм.

Улаанбаатар хотын захирагч асан Э.Бат-Үүл мөн "Би тултал нь явж заргалдаж байгаад МАН-аас хохирлоо гаргуулна. Тэгээд, тэр мөнгөнийхөө нэг хэсгээр нь Ардчилсан намын дэргэд баруун төвийн улстөрчдийг бэлтгэдэг, Зоригийн нэрэмжит Академи байгуулах олон жилийн мөрөөдлөө хэрэгжүүлнэ!

Зоригийг хөнөөсөн алуурчдыг олохоос илүүтэй, түүний амь насны хэргээр улс төр тоглосон Нямдорж тэргүүтэй МАН-ын новшийн бузар явдлыг хараад нөхрийнхөө өмнөөс 25 жил гол харлаж харуусч явсан юм. Боловсрол хомс нийгэм ямар амархан тархиа угаалгаж явдгийг хараад гол харлаж харуусч явсан юм. Тэгээд, өнгөрсөн хойноо ч "зовж дуусаагүй" Зоригтоо зориулан Академи босгохоор мөрөөддөг болсон билээ! Тэр Академи босох өдөр ирнэ ээ!
Өнөөдөр Зоригийн төрсөн өдөр өө‼️" хэмээн нүүр номоороо дамжуулан мэдэгдлээ. 

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ХахаХаха
12
ТэнэглэлТэнэглэл
9
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж