"Хөгжлийн банкны 133 зээлдэгч улс төрийн хамааралтай байна"

Live"Хөгжлийн банкны 133 зээлдэгч улс төрийн хамааралтай байна"

18 : 06
2023-4-20

Хөгжлийн банкны төсөл хөтөлбөрийн 74.2 хувь зээлийг зориулалтын бусаар зарцуулжээ

Энхбаяр Нүүрсний хулгайн хянан шалгах түр хороо (17 of 17)

Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар Хянан шалгах үүрэг бүхий түр хорооны тайланг танилцуулж байна. Хянан шалгах түр хорооны дарга УИХ-ын гишүүн Б.ЭНХБАЯР: 

Хянан шалгах түр хороо нь Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн зээл олголт эргэн төлөлтийг явц байдлыг шалгах үүднээс Хөгжлийн банк байгуулагдсанаас хойших хугацааны зээл олголт, эргэн төлөлттэй холбоотой баримт материал болон зээлдэгч ААН, арилжааны банкуудаар дамжуулан олгосон зээлийн материал, зарцуулалттай холбоотой дансны гүйлгээ, төсөл хөтөлбөрийн үр ашиг зэрэг баримт материалыг хамруулан хянан шалгалт хийж гүйцэтгэлээ.

Дараах дүгнэлтийг гаргаж байна. Үүнд:

  1. Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл хөтөлбөрийн хувьд 18.3 хувь нь зориулалтын дагуу буюу зээлийн гэрээнд заасны дагуу зарцуулалтыг хийсэн. 74.2 хувь нь зориулалт бүрэн бус буюу зориулалтын дагуу ашиглаагүй, 7.4 хувь нь зээлийг зуун хувь зориулалт бусаар ашигласан, 0.3 хувь нь нягтлах боломжгүй буюу зээлийг бэлэн зарлагын гүйлгээгээр зарцуулалтыг хийсэн байна.
  2.  Хөгжлийн банкны шууд зээлдэгч 77, арилжааны банкаар дамжуулан зээлдэгч 2542, Засгийн газарт шилжүүлсэн багцын 355 төсөл хөтөлбөрийг гүйцэтгэгч 279 компани, Хөгжлийн банкны охин компаниудаас санхүүжүүлсэн 42 ээлдэгч нийт 3000 гаруй зээлдэгчийн идэвхтэй, идэвхгүй хувьцаа эзэмшигч, өмнөх ба одоогийн гүйцэтгэх удирдлага, эцсийн өмчлөгч нарт бүртгэлтэй хуулийн этгээдийн мэдээллийг, улс төрийн хамаарлын хүрээлэлтэй тулгаж нягтлахад 125 хуулийн этгээд 8 иргэн нийт 133 зээлдэгч улс төрийн хамааралтай байна. Улс төрийн хамааралтай зээлдэгч нар нь Хөгжлийн банкнаас нийтдээ 1.5 их наяд төгрөгийн дүн бүхий зээл авсан байгаа нь тус банкны нийт олгосон 7.5 их наядын зээлийн 20 хувийг эзэлж байна.
  3. Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл хөтөлбөрийг олгохдоо хууль бодлого журмыг хангасан эсэх нийцлийг шалгахад хуулийн зорилттой нийцсэн төсөл 33 хувь, бүрэн бус нийцлэлтэй төсөл 49.5 хувь, нийцээгүй төсөл 17.5 хувийг тус тус эзэлж байна.
  4. УИХ-ын хянан шалгах хороо байгуулагдаж ажилласнаас хойш зээлдэгчид зээлийн эргэн төлөлтөө идэвхжүүлсэн нь 2022 оны дөрөвдүгээр сарын 14-ны өдрөөс 2023 оны гуравдугаар сарын 31-ны өдрийн хооронд нийтдээ 1.8 их наяд төгрөгийн эргэн төлөлт хийгдсэнээс харагдаж байна.
  5. Хөгжлийн банкинд 2011 оноос хойш ажиллаж байсан гүйцэтгэх удирдлагын баг нь мөнгөн хөрөнгийн зохистой удирдлагыг хэрэгжүүлээгүйгээс тухайн үеийн зах зээлийн хүүгийн хэмжээгээр харьцуулан тооцоолоход 120 гаруй тэрбум төгрөгийн алдагдсан боломжийн зардал үүсгэж, банкны ашигт ажиллагаанд сөргөөр нөлөөлсөн байна.

УИХ-ын гишүүн Ш.АДЬШАА:

-Хөгжлийн банкны түр хороо жил гаруй хугацаанд тус банктай холбоотой асуудлыг шалгалаа. Түр хорооны үйл ажиллагаа олон сорилт, шинэ зүйлсийг хууль тогтоох эрх мэдлийн хүрээнд авчрахын төлөө зорьж ажилласан. Нөгөө талаасаа хууль тогтоох эрх мэдлийн хүрээнд, хяналт шалгалтын хуулийн хэрэглээ ямар байдал руу орж байгаа, нотлох баримтын хэмжээнд явах шинэлэг зүйл чинь хууль тогтоох эрх мэдлийг шүүхийн танхим болгосон. Нотлох баримт шинжлэн судлах үйл ажиллагаанд оролцож буй шинжээч нар шинжээчийн эрх үүргийн хүрээнд ажилласан уу, түр хорооны журмаар шинжээчийн шинэ үүрэг хариуцлага байсан уу?

УИХ-ын гишүүн Б.ЭНХБАЯР:

-Ш.Адьшаа гишүүнийг ойлгож байгаа. Гэрчээр дуудагдсан. Ингэж шалгана гэж бодоогүй байх. Зээлийн зарцуулалтыг зориулалтын дагуу зарцуулагдсан уу үгүй юу гэдгийг яаж шалгах байсан бэ? Өөрөөс нь асуух байсан уу. Ам мэдүүлгээр дүгнэж болох байсан уу гэдэг асуулт бий. Энэ бол Монгол Улсын түүхэнд хийгдэж байгаагүй өргөн хүрээтэй шалгалт болсон гэдэг дүгнэлтийг ам бардам хэлнэ. Нэг сая гаруй цаасан материал цугларсан. Түр хорооны сонсгол гурван удаа явагдсан. Нэг сард хийсэн сонсголд гурван сая гүйлгээг шалгасан гэж хэлсэн. Зарим гүйлгээ зориулалт бусаар зарцуулагдсан нь арав дахь гүйлгээгээр илэрч байсан. Дамжсаар байгаад буцаад орж ирж байсан. Данс хөөж л үзнэ. Олон хүн цочирдсон.

Хувь хүний өөрийн ашигт үйл ажиллагааны орлого түүнийгээ хэрхэн зарцуулсантай холбоотой ямар ч эх сурвалж нотлох баримтыг ил болгоогүй. Шинжээчид Хөгжлийн банкны эх үүсвэртэй буюу Хөгжлийн банкнаас гарсан нэг төгрөг болгон хаашаа юу руу оров гэдгээс хөөж шалгасан.

Шинжээчид УИХ-ын хяналт шалгалтын хуулийн дагуу түр хорооноос баталсан удирдамжийн дагуу ажилласан.

УИХ-ын гишүүн Ш.АДЬШАА:

-Зүгээр улс төрийн зорилгоор гэрчээр асуусны төлөө би асуугаагүй шүү Б.Энхбаяр аа. УИХ хууль дээдлэх зарчим хуулийн хүрээнд явагдах ёстой. Түр хорооны дарга шинжээчийн дүгнэлт батлаад явах нь хэр зохимжтойг ярьсан.

Тэрнээс биш айж бачимдаад асууж байгаа юм биш. Авах гээхийн ухаанаар авч үзээрэй.

15 : 48
2023-4-20

ЭТТ-н иргэдийн ногдол ашгийг хэзээнээс хуваарилах вэ?

Ж.Ганбат (2 of 3)

   “Онцгой дэглэмийн хугацааг сунгах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2023.04.18-ны өдөр ирүүлсэн/-ийг хэлэлцэж байна. 

УИХ-ын гишүүн М.ОЮУНЧИМЭГ:

-"Эрдэнэс Тавантолгой" ХК-д БЭТ тогтоосны үр дүнд нүүрсний экспорт 10 сая тонноор өмнөх үетэй харьцуулахад нэмэгдэж, валютын нөөцөд эерэг нөлөө үзүүлж, зарим оффтейк гэрээ ил болсон зэрэг нааштай сайн үзүүлэлт гарсан. Дутсан нүүрсний асуудал олон хүний анхаарал татаж байна. Жижиг тавантолгой юу, том Тавантолгойд уу. Шийдэгдсэн үү? Оффтейк гэрээтэй холбоотой асуудал их чухал. Нэг том гэрээ үлдсэн байгаа юм байна. Энэ яг ямар компанитай хийсэн гэрээ вэ. Алдаатай гэрээ юу, эсвэл цаашдаа явах боломжийн гэж үзэж байгаа юу? Онцгой дэглэмийг дахин сунгахаар орж ирж байна л дээ. Онцгой дэглэмийг ямар байдлаар сунгахаар орж ирж байна вэ?

Өнөөдрийн түвшинд иргэдийн ногдол ашгийг хэзээнээс хуваарилах вэ?

Шадар сайд С.АМАРСАЙХАН:

-Энэ оны хоёрдугаар сард биржээр нүүрсний худалдаа амжилттай зохион байгуулсан. Нийтдээ 416 мянган тонн нүүрсийг борлуулж, 20.9 сая ам.долларын нэмэлт орлого олсон. 224 мянган коксжих нүүрс, 190 мянган тонн эрчим хүчний нүүрсийг борлуулсан. Хоёрдугаарт, "Тавантолгой" ХК, "Эрдэнэс Тавантолгой" ХК хоорондын тусгай зөвшөөрөлтэй талбайд олборлолт хийсэн асуудал эцэслэгдсэн. Өнгөрсөн хугацаанд 258.9 мянган тонн нүүрсний төлбөр болох 13.9 сая ам.долларыг төгрөгт шилжүүлбэл 48 тэрбумын өглөгийг барагдуулж бүрэн шийдвэрлэсэн. Онцгой дэглэм тогтооход ЭТТ 178 нүүрс худалдах гэрээтэй байсан бол үнэлэлт дүгнэлт хийж 101 болгон бууруулсан. Нийтдээ 254.9 тэрбумын зардлын хэмнэлт хийсэн. Энэ мэтчилэн олон асуудал бий. Өнгөрсөн хугацаанд алдаа дутагдал, сахилга батыг сайжруулах ажил хийгдсэн. Цаашдаа олон нийтийн хяналтан дор тус компанийн үйл ажиллагааг сайжруулах, засаглалын оновчтой хэлбэрийг нэвтрүүлэхэд хугацаа шаардлагатай байгаа учраас онцгой дэглэмийг сунгахаар оруулж ирж байна.

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Бүрэн эрхт төлөөлөгч Ж.ГАНБАТ:

-2022 онд ЭТТ 1.3 их наядын ашигтай ажилласан. ЭТТ компанийн 18.4 хувийг нь 2012 оны дөрөвдүгээр сарын 11-нээс өмнө төрсөн 2.5 сая иргэн эзэмшиж байна. 2019 оны ашгийг 2020 онд хуваарилсан юм билээ. Нэг иргэнд 96 мянган төгрөг оногдсон. 2022 оны 1.3 их наядаас ногдол ашиг хуваарилах асуудлыг аудитаар тайлан орж баталгаажсаны дараа ТУЗ-даа танилцуулна. Мөн дөрөвдүгээр сарын 28-ны өдөр хувьцаа эзэмшигчдийн хурал зарлагдсан. Энэ асуудлыг ТУЗ болон хувьцаа эзэмшигчдийн хуралд танилцуулна. Засгийн газар, компанийн зүгээс ногдол ашгийг тараахыг компани өөрийн хүрээндээ шийдвэрлэж явах нь зүйтэй гэсэн байр суурийг баримталж байна.

Компанийн зүгээс нүүрс угаах, баяжуулах төслийг хэрэгжүүлж байна. 2024 долдугаар сард ашиглалтад орно гэж тооцоолж байна. Энэ төсөлд хөрөнгө мөнгө шаардлагатай.

УИХ-ын гишүүн О.ЦОГТГЭРЭЛ:

-Заавал БЭТ томилохгүйгээр одоогийн хэрэгжиж байгаа хууль тогтоомжийн дагуу үйл ажиллагаагаа явуулах боломжгүй юу. БЭТ-ийн хугацааг сунгахдаа яг ямар заалтыг нь ашиглах гэж байгаа юм. Нүүрсний хулгай ид гарч байх үед тайлан тооцоо асуудалгүй байна гэж дүгнэсэн аудитын компанийг дахин сонгоод байгаа шалтгааныг тодорхой тайлбарлаж өгнө үү. 

УИХ-ын гишүүн Ш.АДЬШАА: 

-Төрийн өмчит компанийн засаглалыг сайжруулахад л анхаарах хэрэгтэй. БЭТ-ийг цаашид үргэлжлүүлж үр дүнг нь харах нь Монгол Улсын эрх ашгийн асуудал юм

15 : 17
2023-4-20

Хураагдсан машиныг шаардлагатай газар өгч байгаа юу?

 “Төрийн өмчөөс орон нутгийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2023.01.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/-ийг хийж байна. 

Гишүүд асуулт асууж үг хэлж байна. 

УИХ-ын гишүүн Ц.САНДАГ-ОЧИР:

-Төрийн хэмнэлтийн хуулиар төрд төвлөрсөн машин тэрэгт үзлэг хийж байгаа юу. Нийт хэчнээн машин байна вэ. Хэрхэн яаж хуваарилах вэ?

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.ЦЭНГЭЛ:

-Нийт машин тэрэгний хэрэгцээ байгаа тухай хөдөө орон нутгаас УИХ-ын гишүүдээс гэхчлэн 1000 гаруй санал ирсэн. Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хүрээнд нийт 427 машиныг татан төвлөрүүлсэн. Хөдөө орон нутагт 120 орчим машиныг шилжүүлэх үйл ажиллагааг зохих журмын дагуу хийсэн. Улаанбаатар хотод татан төвлөрүүлсэн машиныг төр засгийн бааз хуучнаар, аж ахуйн авто баазад төвлөрүүлж ажиллаж байгаа. Хөдөө орон нутагт байгаа машиныг тэнд нь зохион байгуулах чиглэлтэй байна. Засгийн газрын тогтоол гарсан. Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 6.5-д зааснаар 19 байгууллагын жагсаалт гарсан. Энэ байгууллагад эхний ээлжид хуваарилалт явуулна. Үлдсэн тээврийн хэрэгслийг санал хүсэлтийг эрэмбэлж судлаад хэрэгцээ шаардлагатай байгаа газарт хуваарилна.

УИХ-ын гишүүн Н.УЧРАЛ:

-“Таван Ш” ажиллагаа үр дүнгээ өгч байна. Төрийн өмчийн компанид менежментийн шинэчлэл хэл ам дагуулж байгаа ч урагшилж байна. Төрийн өмчийн байруудыг 20 жилийн өмнөх үнээр түрээсэлчхээд цааш нь зах зээлийн үнээр түрээслэн празит шиг амьдардаг нөхөд бий болчхож. Шилэн ажиллагаагаар бүгдийг нь ил тод болго гээд байгаа юм. Б.Цэнгэл дарга аа, төрийн өмчийн байруудыг 5-6 мянган төгрөгөөр түрээсэлдэг нөхдийг ил болгоё. Энэ мэдээллийг явуулж өгөөч. Өнөөдөр 5-6 мянгаар түрээслэчихээд дотор нь барилга барьчихдаг. Гар гэхээр “тэгвэл бид мөнгөө нэхэмжилнэ, хэдэн тэрбумаар завсар хийчихсэн” гэж тайлбар тавьдаг. Ингэж "празит "хийдэг хүмүүсээр дүүрчихлээ. ТУЗ-ийн гишүүдийн цалин хөлс, нэр усаа дуусгаж өгөөч ээ.

УИХ-ын гишүүн Б.БЕЙСЕН: 

Аймгийн мэргэжлийн хяналтын байр харьяалал нь хаана байна. Мөн ЗДТГ-т ашиглаж байсан автомашиныг хаана шилжүүлсэн бэ. 

14 : 09
2023-4-20

Улс төрийн намын тухай хуулийг хэлэлцэхийг дэмжлээ

УИХ-н ээлжит бус чуулган нээлт (1 of 57) Занданшатар бусад

Улс төрийн намын тухай хуулийг хэлэлцэх эсэхийг үргэлжлүүлэн хэлэлцэж байна. 

УИХ-ын гишүүн Б.БАТ-ЭРДЭНЭ: 

-Улс төрийн намаар дамжиж төрийн эрх мэдлийг авдаг. Улс төрийн намын төлөвшил маш чухал. Хуулийн төсөлд хоёр сонгуулийн бүрэн эрхийн хугацаанд дараалан нэр дэвшүүлээгүй бол идэвхгүй хэлбэрт шилжүүлнэ гэсэн заалт бий. Миний санахад, идэвхгүй байдалд оруулах юм уу, эсвэл татан буулгах асуудал юм уу. Хатуу гишүүнчлэлийг яаж зохицуулж байна? Намын санхүүжилтийг яаж зохицуулж байна вэ? 

ЕТГ-ын дарга Я.СОДБААТАР:

-Намыг идэвхгүйд тооцох гэсэн функцийг оруулж ирсэн.

Шууд иргэдийн эвлэлдэн нэгдэх эрх чөлөөг шууд хаан боогдуулах биш тодорхой тохиолдолд сонгууль, санхүүгийн тайлангаа хугацаанд нь гаргадаггүй, намын төлөөллийн төв байгууллага, удирдлагын байгууллагыг хугацаанд нь хуралдуулаагүй тохиолдолд идэвхгүй хэлбэрт шилжүүлж зөрчлөө арилгах шаардлага тавьж, зөрчлөө арилгахгүй бол татан буулгах тухай ярьж байгаа юм. Хатуу гишүүнчлэлээс татгалзаж, гишүүдээ намын гишүүн, дэмжигч, сонгуульт гишүүн гэж ангилна. Намын жинхэнэ гишүүд татвараа төлөх сонгуульд саналын эрхтэй оролцох бол, дэмжигч гишүүд намын үйл ажиллагаанд идэвхтэй оролцох хэлбэрийг оруулсан.

Хуулийн гол зорилго нь улс төрийн намын санхүүжилтийг шилэн, ил тод нээлттэй болгохоор чиглэж байна. Энэ агуулгаар улс төрийн намын дэргэд бодлогын хүрээлэн, бодлогын сан ажилладаг байя. Эдгээр байгууллагын санхүүжилт нь намын санхүүжилтийн 30 хувь хүртэлх байхаар зааж байна. Бодлогын байгууллагад төсвөөс өгч буй санхүүжилтийг ингэж зарцуулна, нам өөрийнхөө санхүүжилтийг судалгаа, бодлогын байгууллагаар дамжуулж хэрэгжүүлэх агуулгатай заалт орсон.

Улс төрийн намууд дэргэдээ сантай байдаг жишээ дэлхийд бий. Уг сангаар улс төрийн мэдлэгийг дээшлүүлэх, нийгмийн үнэт зүйлийг сурталчилдаг хэлбэрийг нутагшуулах үүднээс энэ төрлийн заалт орж ирж байгаа.

УИХ-ын гишүүн Б.ЖАРГАЛМАА:

-2019 оны ҮХНӨ-тэй энэ хууль хэр зөрчилдөж байгаа вэ. Улс төрийн намын шинэчлэгдсэнээр улс төрийн намын чиг хандлага хаашаа явах гэж байна вэ? МАН цахим нам. Уг хуульд цахимжих заалт хэр байна вэ? Гишүүнчлэлийн татварын тухай ямар байх вэ?

ЕТГ-ын дарга Я.СОДБААТАР:

-Намын жинхэнэ гишүүний татвар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний таван хувь гэдэг нь дээд хязгаар нь. Тэрнээс хэтрэхгүй. Өнөөдрийн ханшаар сарын хураамж нь 25 мянган төгрөгөөс хэтрэхгүй гэсэн агуулга юм. Аль болох иргэдийн хяналтад улс төрийн намуудыг оруулах заалт оруулсан. Иргэдийн улс төрийн боловсролыг дээшлүүлэх нь чухал. 

УИХ-ын гишүүн П.АНУЖИН:

-Сонгуулийн тухай хуультай хэр уялдаатай боловсруулсан бэ. Намын санхүүжилт дээр төрийн санхүүжилтийг 0.5 хувиар үржүүлж гаргана гэсэн тооцоолол бичсэн байна. Энэ нь нийт хэдэн төгрөг вэ? Энэ хангалттай юу? Нэр дэвшигчид мөнгөний сонгууль хийдэг зүйлээс гарч чадах уу?

-ЕТГ-ын дарга Я.СОДБААТАР:

-Энэ хуулиар намын санхүүжилтийг шилэн болгох, тайлан гаргадаг байх, жилийн эцсийн тайланд аудит хийдэг байх, түүнийг нэгдүгээр улиралд багтаан цахим хуудастаа байршуулдаг байх, улсын хэмжээнд намуудын санхүүгийн тайлан, үйл ажиллагааны тайланг СЕХ жилд нэг удаа нэгтгэж УИХ-д тайлагданаг байх зохицуулалтыг оруулсан. Хэрвээ зөрчвөл Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцох тухай оруулсан. Төрийн санхүүжилтийн хэлбэр өмнө нь тодорхойгүй явж ирсэн. Суудлын мөнгө өгдөг, авсан саналын тоогоор нэг удаагийн мөнгөн тэтгэлэг өгдөг, төлөөлөгчдийн мөнгө гэхчлэн сүүлийн дөрвөн жилд 20 тэрбум төгрөг улсын төсвөөс зарцуулсан. Энэ төсвөөс орж ирж буй зарцуулалт, зориулалт тодорхойгүй явж ирсэн. Шинэ хуульд хэрвээ төсвөөс санхүүжилт үзүүлж буй бол зарцуулалт ойлгомжтой, зөвхөн парламентад авсан суудал, сонгогчдын саналын тоотой уялдуулна. Таны хэлсэнчлэн жилдээ 0.5 хувь гэдэг нь 2750 төгрөг гэсэн үг юм.

Нэг сонсогчийн санал бүрийг 2750 төгрөгөөр үржүүлнэ гэсэн үг. Нийтдээ 5.9 тэрбум төгрөгийг саяын томьёоллоор гарч ирж байна.

Энийг сонгогчдын хоёр хувийн дээш санал авсан улс төрийн намууд энэ хэмжээний санхүүжилтийг хувааж авна. Нэг ёсондоо энэ хууль гарснаар ирэх дөрвөн жилд одоогийн гаргаж буй мөнгөнөөс их мөнгө гарахааргүй харагдаж байна.

Нам бүр нэг данстай байна. Нам улсын төсвөөс авсан мөнгөний тайланг Шилэн дансны хуулиар тайлагнана.

УИХ-ын гишүүн Н.ГАНИБАЛ:
 
-Санал авсан тоогоор үржүүлэх зэрэг заалтууд цаагуураа МАН-ын санхүүжилтийг дэмжсэн нь харагдаж байна.
Намуудын хариуцлагын асуудлыг зайлшгүй оруулах шаардлагатай

УИХ-ын гишүүн Т.ДОРЖХАНД:

-Хуулийн төслийг маш их дэмжиж байгаа. Маш олон улс төрийн институтийн саналыг тусгасан. Олон дэвшилттэй заалт бий. Парламентын ардчиллыг бэхжүүлэх талаар их ярьж байгаа ч иргэд нам муухай хүнээ сонгоно гэж ярих болсон. Үүнийг засах арга хэрэгсэл нь намууд нь үнэт зүйл дээр нэгдээд сахилга баттай үйл ажиллагаа явуулж байж бодлого ярьдаг, санхүүждэг, кноппдог парламенттай байж биеллээ олно. Гэтэл энэ асуудал олон нийтэд буруу ойлголттой байна. Энийг зоригтой хиймээр байна.

Хатуу гишүүнчлэлийг зоригтой халчихъя. Сум дүүргийн түвшинд хуваагддагаа болих хэрэгтэйг иргэд хэлж байна.

Одоо л эр зоригтой шийдэж, төрийг цэгцлэх шаардлагатай. Сум хороо, дүүрэгт намын туг заларч байна. Энэ нь маш их зардлыг бий болгож байна. Энэ системийг эвдэх хэрэгтэй. Залуус эмэгтэйчүүд, үйл ажиллагаанд чөлөөтэй орж чадахгүй байна. Гар утас гараад ирчихсэн зардал шаардлагагүй болсон.   

Аймаг, сум бүрт намын үүр байгуулах, хатуу гишүүнчлэл Монгол Улсыг торлож байна. АН, МАН-ынхан одоо больё. Дэлхийд ийм юм байхгүй шүү. Бүртгэлийн асуудал өнгөрсөн хугацаанд хэцүү байсан. УДШ-д бүртгүүлэхдээ заавал СЕХ-д өгөх болж байна. Үүнийгээ эргэж хармаар байна.

Төслийг хэлэлцэхийг дэмжсэнд тооцож ТББХ-д шилжүүллээ.

10 : 32
2023-4-20

Намууд заасан хугацаанд хурлаа хийхгүй байвал "идэвхгүй" хэлбэрт оруулна

Б.Бат-Эрдэнэ, Бат-Эрдэнэ, сайд, Содбаатар, Я.Содбаатар (1 of 1)

Улс төрийн намын тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхтэй холбогдуулж гишүүд асуулт асууж байна.

УИХ-ын гишүүн АДЬШАА:

-Улс төрийн намын хууль Монголын ардчилал, парламентын засаглалын ирээдүй ямар байх уу гэдгийг тодорхойлох түүхэн чухал бичиг баримт. Ерөнхийлөгч уг хуулийг олон талаас нь үзэж, зөв зүйтэй саналыг оруулсан. Зарчмын хувьд дэмжиж байгаа ч 1990 онд “нам төрийн дээр гарсан байна” гэж бид ардчилсан хувьсгал хийж, олон намын тогтолцоог сонгож, 30 жилийн сорилтыг туулсан. Бидэнд алдаа оноо бий. Улс төрийн намуудыг төрөөс санхүүжүүлэх тухайд дэмжлэг үзүүлэх заалт орсон байна. Улс төрийн намыг ТББ эсвэл,  төрийн бүтцийн байгууллага гэж ойлгож байгаа юу? Улс төрийн намын бүртгэлийн асуудал их маргаан дагуулдаг. АН-ын сүүлийн гурван жилийн түүхийг мартах ёсгүй. Шүүх, Засгийн газар, цагдаа оролцлоо. Үүнийг хуулиар яаж зохицуулсан. Эхнэр нөхрийн нам байдаг. Нам нь хурлаа хийдэг. Ийм зүйл цаашаа явах уу. Зоригтой шийдвэр  гарга.

ЕТГ-ын дарга Я.СОДБААТАР:

-Хуулийн төсөл боловсруулахдаа улс төрийн намыг Үндсэн хуульд заасны дагуу авч үзэж байгаа. ҮХ-д нам олон нийтийн байгууллага гэж тусад нь салгадаг. Ингэснээр ТББ-аас салгаж үзсэн. Нам гээд таслал, олон нийтийн байгууллага гэж оруулж ирсэн. Намыг нийтийн эрх зүйн хуулийн этгээдийн хувьд авч үзэж, төсөлд тусгасан. Намын дотоод ардчиллыг бэхжүүлэх чиглэлээр олон заалт орсон. 2019 онд ҮХНӨ-д оруулахдаа Үндсэн хуулийн хүрээнд намын дотоод зохион байгуулалт ардчилсан ёсонд нийцсэн байх, хөрөнгө орлого, зарцуулалт нийтэд ил тод байх, төрөөс санхүүжилт үзүүлэхийг хуульчлахаар зааж өгсөн.

Аливаа улс төрийн нам удирдах дээд байгууллагатай, төлөөлөх төв байгууллагатай, гүйцэтгэх, хяналтын байгууллагатай байхыг хуульчилж өгч байна. Энэ байгууллагын хурлаа хийх хугацааг нарийн хуульчилсан.

Хуульд заасан хугацаанд хурал, зөвлөгөөн хийгдэхгүй байвал улс төрийн намын идэвхгүй хэлбэрт оруулах, татан буугдах хүртэл арга хэмжээг авна.

Улс төрийн намыг хариуцлагажуулах олон заалтыг оруулсан. Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 36 намын олонх нь хурлаа хийдэггүй, олон нийтэд үйлчлэх нийтийн эрх зүйн хуулийн этгээдийн хэмжээнд ажиллах боломжгүй байдаг. Гэр бүлийн компанийн зарим нь байгуулагдсанаас хойш 20,30 жил хурлаа хийгээгүй нам байж байх жишээний. Тиймээс энэ бүгдийг нарийвчилж зааж өгсөн.

Хуульч О.МӨНХСАЙХАН:

-Бүртгэлийн асуудлыг онцгойлж авч үзсэн. Сайн туршлагыг судалсан. СЕХ намыг бүтгэхтэй холбоотой, бүрдүүлбэрийг хангах, хэрвээ хангагдаагүй байвал 30 хоногийн дотор бүрдүүлж өгөх гэх мэт захиргааны шинжтэй ажлыг хийгээд, УДШ бүртгэх зохицуулалт хэвээр байгаа. Энэ дотроо бүртгэхдээ ямар шалгуураар бүртгүүлэхийг тодорхой зааж өгсөн. Үзэмжээр бүртгэхээс татгалзахыг хумьсан. Хуульд зааснаар дөрвөн үндэслэлийн аль нэг нь хангагдаагүй байвал бүртгэхээс татгалзана. Жишээ нь гишүүдийн тоо 801-т хүрээгүй, нэрийн хувьд зөрчилтэй гэх мэт.

-УИХ-ын гишүүн Ш.АДЬШАА:

-Намын санхүүжилтийн асуудлыг тодруулъя. Төрийн алба, намын алба нэг байх юм уу. Ойлгомжгүй байна.

УИХ-ын гишүүн Н.УЧРАЛ:

-Ил тод байдлыг хангах чиглэлээр сайн зохицуулалт орсон. Улс төрийн намын үйл ажиллагаа ил тод биш байна. Авлигалын төсөөллийн ил тод байдалд улс төрийн намын ил тод байдлыг үнэлдэг. Ил байхыг Шилэн дансны хуульд заасан байгаа. Нийтийн мэдээллийн ил тод байдлын хуулиар төрийн байгууллагын нууц гэж дардаг олон мэдээллийг ил болгох үүргийг мэдээлэл хариуцагч нарт хүлээлгэсэн. 5000 гаруй мэдээлэл хариуцагч дотор улс төрийн нам ордог. Улс төрийн нам 68 төрлийн мэдээллийг олон нийтэд мэдээлэх үүрэгтэй. Гэтэл өнөөдөр улс төрийн намууд 68 мэдээллийг илгээхгүй байна. “0” үнэлгээтэй байна. Улс төрийн намуудын худалдан авах ажиллагаа, төсөв санхүү, хандив, гадаадад ямар хүн сурсан мэдээллийг ил болгох нь улс төрийн намын үүрэг.

Мэдээллийг ил болгохгүй бол хариуцлагажуулах хэрэгтэй.

ЕТГ-ын дарга Я.СОДБААТАР:

-Санхүүгийн холбогдолтой мэдээллийг нээлтэй болгох олон заалт орсон. Улс төрийн намууд шилэн дансны хуулийн хүрээнд санхүүгийн тайлан тооцоог гаргадаг байх, намууд үйл ажиллагаа, санхүүгийн тайланд аудит оруулдаг байх, сонгуулийн төв байгууллагад намын орлого, зарлага, хөрөнгийн байдлын талаарх мэдээллийг хүргэж нэгтгээд, СЕХ УИХ-д мэдээлдэг байх, намууд үйл ажиллагааны талаарх мэдээллийг цахим хуудсанд байршуулдаг байх зэрэг заалт орсон. Дээрх заалтыг зөрчвөл "идэвхгүй" хэлбэр рүү шилжүүлэх, цаашилбал татан буулгах хүртэлх арга хэмжээг авах зохицуулалтыг оруулж өгсөн. Өнөөдрийн байдлаар намууд хаалттай байна.

Энэ хууль гарснаар санхүү, хөрөнгө, хандив нээлттэй болж, нөгөө талаар СЕХ намуудын өдөр тутмын үйл ажиллагааг хангах, олон нийтэд мэдээлэл хүргэдэг байхыг оруулж өгч байна.

УИХ-ын гишүүн Н.УЧРАЛ:

-Уг хуулийн дэвшил нь намуудын ил тод байдал гэж ойлголоо. Улс төрийн намтай холбоотой 68 мэдээллийг машинд унших байдлаар гэж тодорхой зааж өгөх хэрэгтэй.

УИХ-ын гишүүн Д.ТОГТОХСҮРЭН:

ҮХНӨ-өөр 2019 онд улс төрийн намыг хариуцлагатай болгох, нээлттэй болгох чиглэлд өөрчлөлт орсон. Энэ өөрчлөлтийг Улс төрийн намын хуульд тусгахаар Ерөнхийлөгчөөс хуулийн төсөл санаачилж УИХ-д оруулж ирж байна. Хуулийн төслийг дэмжиж байна. Намууд, иргэдээс хэрхэн санал авч тусгасан бэ. Намууд хурлаа хийдэггүй, төлөөллийн гүйцэтгэх байгууллагаа сонгодоггүй. Дотоод ардчиллыг сайжруулах чиглэлээр ямар өөрчлөлт тусгагдав. Улс төрийн нам үүсгэн байгуулах 801 гэх тоо бага байна. Анхан дунд шатны зохицуулалтыг оруулж ирээгүй байна. Дүрмээрээ зохицуулах уу, яаж авч үзсэн бэ. Уг хуулийн хэрэгжилт хэзээнээс хэрэгжих вэ?

ЕТГ-ын дарга Я.СОДБААТАР:

-Улс төрийн намын тухай хууль өнгөрсөн жилүүдэд парламентад орж ирсэн ч дэмжлэг аваагүй. 1990 онд Улс төрийн намын хуультай болсон. Ц.Элбэгдорж ерөнхийлөгчийг байх үед хуулийн төсөл орж ирсэн ч босго даваагүй. Дараа нь Ц.Баярцогт сайд ажлын хэсэг ахлаад хуулийн төсөл боловсруулсан байдаг. С.Бямбацогт гишүүн мөн ахалж хуулийн төсөл боловсруулсан. Иймээс 18 жилийн дараа орж ирж буй хууль учраас олон талын санал авч тусгасан. НҮБ, Хүний эрхийн фактаас санал зөвлөмж авч ажилласан. Хурлаа хийдэггүй олон нам бий. Өнөөдрийн хугацаанд хуулийн дагуу хурлаа хийж байсан нэг нам нь бий. Бусад улс төрийн хүчнүүд 8-10 жилээр хурлаа хийдэггүй явж иржээ. Хэрвээ цаг хугацаандаа хийхгүй бол идэвхгүй хэлбэрт шилжүүлж, цаашилбал татан буулгана. 2019 онд ҮХНӨ-өөр улс төрийн намын гишүүнчлэлтэй холбоотой тодорхой заалт оруулсан. Тэр заалт 2028 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжих юм. Уг заалттай холбоотойгоор гишүүдийн тооны асуудал яригдаж байгаа. Намыг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэдийн нэгээс доошгүй хувийн иргэд эвлэлдэн нэгдэж байгуулах заалт хэрэгжих юм. Тиймээс одоо байгаа 801-ээр авсан. Намуудыг байгуулагдсаны дараах хариуцлагажуулах заалт түлхүү орсон. Хууль гарсны дараа олон намууд цөөрөх юм билээ.

Хууль 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжихээр өргөн барьсан.

Дагаж мөрдөх журмын тухай хуулийг өргөн барьсан. Энэ хуулийн төслөөр хууль гарсны дараа УДШ-д бүртгэлтэй байгаа намууд баталсан хуульд нийцүүлэн өөрсдийнхөө дүрэм, хөтөлбөрийг нийцүүлэх хугацааг өгсөн. Намын анхан, дунд шатны байгууллагыг намын дүрмээр зохицуулахаар зааж өгсөн. 

УИХ-ын гишүүн Ц.ДАВААСҮРЭН:

-Улс төрийн намууд хатуу гишүүнчлэлийг үл ойшоож байна. Намын жагсаалтаар сонгууль хийдэг болох нь байна. Хэдийгээр намын жагсаалтаар хүн дугуйллаа ч гэсэн тэр хувь нь намын хувьд тооцно. Намын дээгүүр жагссан байгаа хүмүүс гишүүд болдог. Төрийг сулруулаад байгаа зүйл нь намын хатуу гишүүнчлэл. Энэ чиглэлээр алхам хийсэн зүйл хуульд байна уу? Намын гишүүд хэн ч байсан чирээд оруулчихдаг. Бор халзан хонь байсан ч оруулчихна. Ялангуяа сонгуулийн ирц бага байвал намуудын хувь сонгуулийн ирцийн 50 хувь болчхож байгаа юм. Төр рүү нэр хүндгүй, гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийг чирээд оруулж байна. Үүнийгээ баталгаажуулахын тулд намын жагсаалтын ард нуугддаг сонгуулийн тогтолцоог оруулж, хэлэлцэх гээд сууж байгаа. Хатуу гишүүнчлэл байгаа цагт төр цэвэршихгүй. Намын гишүүн гэж чихсээр байтал төрийн алба суларчихлаа.

Намд пялдганаж гүйсэн нь албан тушаалд очдог болсон.

 

ЕТГ-ын дарга Я.СОДБААТАР:

-Намын хатуу гишүүнчлэлийг олон жил ярьж байна. Орон нутагт анхан дунд шатанд улстөрждөг байдал иргэдийн бухимдлыг төрүүлдэг. Энэ удаагийн хуулиар улс төрийн намын хатуу гишүүнчлэлээс татгалзаж байгаа. Гэхдээ улс төрийн намын гишүүнчлэлийг гурав хувааж байна. Улс төрийн намын гишүүн, дэмжигч гишүүн, сонгуульт гишүүн гэж. Үүнд тодорхой чиг үүргийг хуваарилж өгсөн. Заавал татвараа төлөх үүрэгтэй. Намын дотоод сонгуульд саналаа өгөх эрхтэй оролцдог ийм иргэнийг хэлж байгаа юм.

Намын үйл ажиллагаанд оролцдог, бодлого үйл ажиллагааг дэмждэг гэхдээ татвар төлдөггүй иргэдийг “дэмжигч” гишүүнээр салгаж өгсөн.

УИХ-ын гишүүн Х.БОЛОРЧУЛУУН:

-Намын нэр хүнд сүүлийн 30 жилд навс уналаа. Энэ бол намын бодлого, мөрийн хөтөлбөр, бүтэц зохион байгуулалтын буруу. Намууд хэзээ  ч биелэхгүй тооцоо, судалгаагүй амлалт өгдөг. Нэг нь сая төгрөг өгнө гэхэд нөгөө нь 1.5 саяыг өгнө гэж байсан. Үл биелэх амлалыг намын хуульд хатуу чанга оруулж, хасах хэрэгтэй. Нарийн тооцооллыг оруулах хэрэгтэй. Худлаа амлалт өгсөөр байгаад ард түмэн итгэхээ байлаа. Намын хатуу гишүүнчлэл улс орныг түйвээсэн. Одоо өгөхөө ч болих тийшээ хандаж байна. Намын гишүүнчлэлээр улсаа хувааж хаямааргүй байна.

Суманд намын үүр байх ямар ч шаардлагагүй. 10 мянгаас дээш хүнтэй сууринд байх гэдэг ч  юм уу тийм заалт оруулах хэрэгтэй байна.

 

ЕТГ-ын дарга Я.СОДБААТАР:

-Ард иргэдийн дунд хатуу гишүүнчлэлээс улбаалсан энэ зүйл шүдний өвчин болж ирсэн. Зарим нэг нь сонгуулийн хууль руу орох байх. Энэ удаагийн хуулийн амин сүнс нь улс төрийн намуудыг бодлогын инститиц болгоход дэмжлэг үзүүлэх, энэ чиглэл рүү шахсан заалт орж ирсэн. Улс төрийн намууд жилийн санжүүжилтийн тодорхой хувийг хөгжлийн бодлого боловсруулах, судалгаа хийх, төлөвлөхөд зарцуулдаг байхаар зааж өгнө. Хэрвээ жилийн 15 хувийн орлогоо зарцуулаагүй бол СЕХ-д өгөх тайлантай зөрвөл улсын орлого болгох арга хэмжээг оруулсан. Амлалт үүрэг нь улсын хөгжлийн бодлоготой нийцэх ёстой.

Сонгууль ойртохоор хорвоо дэлхийн хамгийн сайн хүн болох гэж байгаа юм шиг худлаа амлалт өгдөг, амьдралд нийцэхгүй, хөрсөнд буухгүй байдлыг хаах заалт оруулсан.

Улс төрийн нам бол мөрийн хөтөлбөрөө боловсруулахдаа улс орны хөгжлийн хөтөлбөртэй уялдана. Улс төрийн нам байгуулсан бол хариуцлагатай байх ёстой. 10 мянгаас дээш хүн амтай байх гэсэн асуултад хариулахад Үндсэн хуульд нийцэхгүй. 

УИХ-ын гишүүн С.ГАНБААТАР: 

-Ард түмний сайхан амьдрах боломжийг нам нэрээр дарга нар хуваасаар 30 жил боллоо. Нам төрд үйлчлэх ёстой ч төрийн толгойд суучихсан

УИХ-ын гишүүн Х.БАДЕЛХАН:

-Хатуу гишүүнчлэлээс болж хөдөө хэт их улс төржиж байна. Сонгуульд ялалт байгуулсны дараа “ийм албан тушаалтай болно” гэдгээс татгалзах хэрэгтэй. Бодлогын нам болох нь зүйтэй.

ЕТГ-ын дарга Я.СОДБААТАР:

-Энэ удаагийн хуулиар төрөөс намуудад өгч буй хөрөнгө мөнгөний хэмжээ, зарцуулалт, зориулалт, тайлан, үүнд тавих хяналтыг цогцоор нь авч үзэж байна. Өнөөдөр намууд авсан суудлынхаа тоогоор суудлын мөнгө гэж авч байна. Аймаг орон нутгийн ИТХ журам гаргаад аймаг, ИТХ-ын, төлөөлөгчийн суудлын мөнгө баталдаг. Улсын төсвөөс сүүлийн дөрвөн жилд 20 гаруй тэрбум төгрөгийг зарцуулсан. Төрөөс санхүүжилтийг тодорхой болгож, сонгогчдын саналтай уялдуулж хөрөнгө, мөнгө өгдөг байх санал оруулсан. Сонгогчдоос санал авч чадахгүй, ард түмний дэмжлэг байхгүй бол тухайн нам  дэмжлэг авахгүй.

Энэ утгаараа нийт сонгогчдын хоёроос дээш хувийн санал авсан намд төрийн санхүүжилт олгоно гэх заалт оруулсан.

Босго давах цөөн нам байна. Сонгуульд оролцдоггүй намууд байдаг. Хэрвээ УИХ-ын сонгуульд хоёр дараалан нэр дэвшүүлээгүй бол идэвхгүйд тооцох татан буулгах арга хэмжээ авна.

УИХ-ын гишүүн С.ОДОНТУЯА:

-Зарчмын хувьд дэмжиж байгаа. Урьдчилаад өргөн барихаас өмнө АН-аас санал авч байгаад талархаж байна. Ороогүй саналыг хэлэлцүүлгийн явцад оруулах саналтай байна. “Транспэри”-ийн судалгаанд авлигын гол үндэс нь улс төрийн нам гэж дүгнэлт гарсан. Дэлхийн улс төрийн намууд хялбар, цомхон чиглэл рүү явж байна. Орон нутагт хэт их улс төрждөг байдлыг болиулах ёстой. УИХ-д намууд мэтгэлцэх нь зөв. Орон нутагт аж ахуйн ажлууд байдаг. Аж ахуйн ажилд улс төржилт садаа болдог. Төрийн албыг улс төрийн намууд өөрсдөө самраад байна. Хэдэн цүнх баригчид төрийн албыг эзэлдэг. Үүнийг хориглох ёстой. Нэр дэвшигчид бараа таваар тараадгийг болиулах хэрэгтэй. 

УИХ-ын гишүүн Ц.ТУВААН: 

Орон нутагт улс төржилт хэт их байгаагаас дээр гарч байгаа шийдвэр анхан шатандаа хэрэгжихгүй байна. Төрийн албанд ажиллах хүчин байхгүй байхад үзэл баримтлалын зөрүүгээс шалтгаалаад ажилд авахгүй тохиолдлууд ч байна.

ЕТГ-ын дарга Я.СОДБААТАР:

-Улс төрийн намд хандив нэрээр орж ирдэг хөрөнгө мөнгийг тодорхой болгох чиглэл рүү олон заалт орсон. Жишээ нь нэг хуулийн этгээд эцсийн өмчлөгчөөрөө жилд нэг удаа улс төрийн намд одоогийн ханшаар 27 сая төгрөг хандивлах боломжтой болж байна.

Нэг хувь иргэн нэг намд нийлбэр дүнгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 12 дахин үржүүлсэн буюу зургаан сая төгрөг хандивлах боломжтой.

Хандив нэрээр “захиалга” өгдөг учраас хандивт хязгаарлалт тавьж, зарцуулалтыг тодорхой болгосон. Эргээд тайланг нь авдаг, аудит оруулдаг, парламентаар нээлттэй хэлэлцүүлдэг болно.

УИХ-ын гишүүн Ж.БАТ-ЭРДЭНЭ:

-Нам бүртгэх асуудлаар тайлбар хийх шиг боллоо. Өмнө нь намаа бүртгүүлэхэд Улсын дээд шүүхэд бүх өргөдлөө өгдөг байсан. Одоо бол сонгуулийн төв байгууллагаар дамжих юм байна. Өөрөөр хэлбэл, захиргааны шинжтэй асуудлаа тус байгууллагаар шийдүүлнэ гэжээ. Намыг бүртгүүлэх процедурыг хүндрүүлээд байгаа юм биш үү. Намыг бүртгэх эсэх шийдвэрийг Дээд шүүх 30 хоногийн дотор гаргана. Үүнээс хойш сонгуулийн төв байгууллага өөрсдөө бүртгэнэ гэсэн байна. Сонгуулийн төв байгууллага зөвхөн сонгуультай холбоотой асуудлаа хариуцвал яасан юм бэ? Сум, дүүрэгт намаас нэр дэвшүүлэхгүй гэсэн заалтыг Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд оруулж, 2024 оноос хэрэгжинэ. Харин энэ хуульд УИХ-ын болон аймаг, сум, нийслэлийн сонгуульд оролцох гэссэн байна. Хууль хоорондоо зөрчилдөж байгаа юу? Аль хуулиар нь явах вэ. 

ЕТГ-ын дарга Я.СОДБААТАР:

-Одоогийн хүчин төгөлдөр хуульд орон нутгийн сонгуульд нам оролцохгүй гэсэн заалт байхгүй. Өнөөдрийн хуультай зөрчилтэй зүйл байгаа юм биш.

Улсын бүртгэлийн газраас намын нэрээ аваад, Улсын дээд шүүхэд очиж бүртгүүлээд улс төрийн нам бий болдог. Түүнээс хойш тус намтай ямар ч байгууллага харьцдаггүй.

Улс төрийн намуудын өдөр тутмын үйл ажиллагааг хянах, аудит оруулах, тайлан авах, зөвлөн туслах үйл ажиллагаа огт байхгүй. Тиймээс улс төрийн нам нэг удаа л 801 хүн бүрдүүлээд Дээд шүүхэд бүртгүүлээд авбал хурлаа хийнэ үү, үгүй юу, найман хүнтэй байна уу, хаанаас хандив авч байгаа эсэхийг нь хэн ч шалгадаггүй. Сонгуулийн үеэр наймаалцдаг, нэг хүний нам ч байна.

Сонгуулийн үеэр тэр намын хүн байна гэдэг ч намдаа ганцаараа байдаг. Улс төрийн намын энэхүү нөхцөл байдал нь улс төрийн, нийгмийн хурдыг гүйцэхгүй байгаа. Иймд энэ удаад улс төрийн намыг хариуцаж, тайлан тооцоог нь хянах газар нь сонгуулийн төв байгууллага байг гэж үзэж байгаа. Сонгуулийн төв байгууллагад тайлангаа хугацаандаа ирүүлээгүй, зөрчлөө арилгаагүй намыг татан буулгадаг болно.

Жишээ нь дөрвөн жил хурлаа хийгээгүй намыг идэвхгүй хэлбэрт шилжүүлдэг болно. Зөрчлөө арилгахгүй бол татан буулгах саналыг Дээд шүүхэд гаргана. Энэ агуулгаар бүртгэл хийхдээ сонгуулийн төв байгууллага бүрдүүлэх материалыг хангана. Дээд шүүхийн чиг үүрэг тодорхой болж байгаа.

Тодорхой заалттай зарим намыг Дээд шүүх бүртгэхгүй 2-3 жил гацааж байсан. Намуудыг бүртгэсний дараа тавих хяналтыг сайжруулж байгаа.

УИХ-ын гишүүн О.ЦОГТГЭРЭЛ: 

Намын гишүүдийн бүртгэлийн асуудал хэр ил тод, нээлттэй байх юм. Ер нь Монголд улс төрийн намаас өөр нам байхгүй байхад заавал улс төрийн намын тухай хууль гэж нэрлэх шаардлага байгаа юу

10 : 21
2023-4-20

Улс төрийн намын тухай хуулийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна

Содбаатар-Засгийн-газрын-гишүүн-Шадар-сайд-810×500-1-6wh920ooe4s3cbm6fmhk858n4cvnn2kqlhqmirzk1fk

Хуулийн төслийн танилцуулгыг ЕТГ-ын дарга Я.Содбаатар хийлээ. 

Хуулийн төсөл батлагдсанаар улстөрийн намын эрх зүйн орчин сайжирч энэ хүрээнд дараах эерэг үр дүн авчирна хэмээн хууль санаачлагч үзжээ.

Тухайлбал,

  • Улс төрийн намын хариуцлага дээшилж, намын үйл ажиллагаа, дотоод зохион байгуулалт ардчилсан зарчимд нийцэн, түүний санхүүжилт ил тод болох, намын гишүүдийн эрх, үүрэг, сахилга хариуцлага дээшлэх, санхүү болон үйл ажиллагааны тодорхой асуудлуудаар сонгуулийн төв байгууллагад тайланг гаргах замаар олон нийтийн хяналтыг сайжруулах эрх зүйн орчин бүрдэнэ гэж үзэж буй аж.
  • Түүнчлэн улс төрийн нам бодлогын институц болон төлөвших бөгөөд нам улсын хэмжээнд бодлого дэвшүүлэн ажиллах, үйл ажиллагаа, сонгуулийн мөрийн хөтөлбөр нь улс орноо хөгжлийн бодлогод захирагдан ажиллах, төрийн өндөр ёс зүйтэй алба хаагчийг бэлтгэх, төр ард түмний гүүр болж, иргэдэд улс төрийн боловсрол олгох институц болон төлөвших үндэс бүрдэнэ;
  •   Улс төрийн намын санхүүжилтийн ил тод байдал, хяналт сайжирна. Намын санхүүжилтэд төрөөс үзүүлэх санхүүгийн дэмжлэгийн механизмыг боловсронгуй болох, түүнийг хяналтыг олон нийтэд ил тод, нээлттэй, шилэн болгох чиглэлд эрх зүйн шинэтгэл хийгдэнэ. Намын санхүүжилт дан ганц сонгуулийн үед бус өдөр тутмын үйл ажиллагаа олон нийтэд нээлттэй болох эрх зүйн үндэс бүрдэнэ. Түүнчлэн намд өгөх иргэд, аж ахуй нэгжийн хандив, түүнийг захиран зарцуулалтад сонгуулийн төв байгууллага хяналт тавих замаар намын үйл ажиллагаа хариуцлагатай болон төлөвших үндэс бүрдэнэ;
  • Улс төрийн намын гишүүдийн тэгш оролцоог хангана. Намыг бодлогын институц болон төлөвших нэгэн гол үндэс нь намын гишүүнчлэлийн статусыг тодорхой болгох эрх зүйн үндэс бүрдүүлэх хэлбэрээр энэхүү шинэтгэл илрэн гарна. Энэ хүрээнд намын дэмжигч гишүүн хэмээх эрх зүйн орчныг бүрдүүлснээр намын бодлого, үйл ажиллагаанд ач холбогдол өгч, үнэт зүйлд үндэслэн бодлогын намын үйл ажиллагаанд дэмжин оролцох эрх зүйн үндэс бүрдэнэ. Түүнчлэн гишүүдийн тэгш оролцоог хангах, улс төрд төлөөлөл нь бага хангагдаж буй иргэдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлд жендерийн тэгш байдал, залуу болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэх бодлогын өөрчлөлт баталгаажих нөхцөл бүрдэнэ;
  • Улс төрийн намуудын дотоод ардчиллыг хөгжүүлнэ. Иргэдийн сайн дураар эвлэлдэн нэгдэх эрхийг баталгааг хангах хүрээнд намын бүтэц, сонгууль, гишүүдийн оролцоог хуульд тусгах замаар намын дотоод ардчиллыг дэмжих эрх зүйн үндсийг бүрдүүлнэ хэмээн үзэж буй аж.
10 : 13
2023-4-20

Засгийн газраас өргөн барьсан хууль сар гацаж байна

УИХ гишүүн Адьшаа (1 of 2)

Чуулганы эхэнд Авто тээврийн тухай хуулийн төслийг татан авлаа. Мөн Зарим төрлийн төрийн шалгалтыг татан авах тухай хуулийн төслийг татан авсанд тооцлоо. 

Хэлэлцэх асуудлын дараалалтай  холбогдуулж гишүүд үг хэлж байна. 

УИХ-ын гишүүн Ш.АДЬШАА 

Нийтийн болон нийтийн албанд хувийн ашиг сонирхлоос урьдчилан сэргийлэх хуулийн төслийг батлуулах хэрэгтэй. Яагаад уг хууль орж ирэхгүй байна аа. УИХ, Засгийн газар хоёр хоорондоо зөрчилдөөд байгаа юм уу. Энэ бол нийгмийн захиалга болсон асуудал. Олон том дарга нарын эрх ашгийг хөндөх гэж байгаа. Авлигал, сахилга хариуцлагатай тэмцэх нь хамгийн нэгдүгээр асуудал. Олонхын бүлгийн ярьж байгаа зүйл нь ажил хэрэг болж чадахгүй байна. Засгийн газар өргөн барьсан хууль сар гацаж байна. 

09 : 59
2023-4-20

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ

УИХ-ын хаврын ээлжит чуулганы энэ долоо хоногийн хэлэлцэх асуудлын хуваарийг танилцуулж байна. 

 

ПҮРЭВ, БААСАН ГАРАГ /2023.04.20, 04.21/

Д/Д

ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН

ЦАГ

ТАНХИМ

1

·      Органик бүтээгдэхүүний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам нарын 7 гишүүн 2023.03.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

·      Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2023.04.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

·      “Төрийн өмчөөс орон нутгийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2023.01.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

·      Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг чөлөөлөх, томилох тухай асуудал

·      Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар Хянан шалгах үүрэг бүхий түр хорооны тайлан, санал, дүгнэлтийг танилцуулах

·      “Онцгой дэглэмийн хугацааг сунгах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2023.04.18-ны өдөр ирүүлсэн/

·      Ерөнхий сайдын мэдээлэл: Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэл, түүний сөрөг нөлөөллийг бууруулах, нийтийн тээврийн хүртээмж, чанар, стандартыг сайжруулах талаар

10.00

“Их хуралдай”

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-04-20 64.119.23.109

бүртгэлтэй намд улсын төсөв санхүүжилт өгнө гэж юун солиорол вэ? энэ хууль өөдтэй юм биш байнааа. Мэдээж хулхи хүрэлсүхийн боловсруулж₮ зөвшөөрсөн хуулийн төсөл ямар юм байх нь ойлгомжтой. өөр шиг нь дэмий хулхи юм л байгаа

Avatar

Нэргүй 2023-04-20 192.82.91.231

Бүртгэлтэй нам болгонд улсын төсвөөс мөнгө өгөхийг эсэргүүцэж байна. Нэг хүний нам улам олшрох болно

Avatar

Нэргүй 2023-04-20 103.229.120.99

Нийт улс төрийн намуудыг их хурлаа нэг өдөр, нэг цагт зэрэг эхлүүл. Оролцсон хүмүүсийг рд хурууны хээгээр бүртгэ. Энэ бүртгэлээ СЕХ өг гээ.

Avatar

Хүн-хогнуудад 2023-04-20 202.126.90.127

Битгий тэгэж тэнэгтээрэй. Иргэн 100'000₮, компани 1 сая ₮ өгнө гэж оруулах хэрэгтэй шүү 76 хулгайч аа

Avatar

х** 2023-04-20 122.201.24.229

зөв. нам д буруу тийш хөтсл бж мөгал… нуугдах оромж…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж