"Би амьдралдаа улс төрийн албан тушаал хашиж байгаагүй"

Хуучирсан мэдээ: 2023.04.20-нд нийтлэгдсэн

Live"Би амьдралдаа улс төрийн албан тушаал хашиж байгаагүй"

"Би амьдралдаа улс төрийн албан тушаал хашиж байгаагүй"

Хөгжлийн банкны шүүх хурал өнөөдөр /2023.04.20/ дөрөв дэх өдрөө үргэлжилж байна.


 

18 : 16
2023-4-20

Шүүх хурал маргааш 08.30 цагаас "Бэрэн групп"-ийн асуудлаар эхэлнэ

Хөгжлийн банкны үдээс хойшх шүүх хурлаар "Говийн зам" ХХК болон "Энержи ресурс" ХХК", "Мон роуд", "Кью Эс Си" ХХК-иудтай холбогдолтой асуудал дээр шүүгдэгчээр татагдсан Н.Алтанхуяг, Н.Батбаяр, Б.Шинэбаатар, Н.Мөнхбат нараас цагийн хязгаарлалтгүйгээр мэдүүлэг авч дууслаа. 

Шүүх хурал маргааш өглөө 08.30 цагаас "Бэрэн групп"-ийн асуудлаар эхлэх гэнэ. 

14 : 55
2023-4-20

Шүүгчдэгч нараас цаг хугацааг хязгаарлахгүй байх саналыг гаргав

Үдээс хойших хуралдаан эхлэв. Дарааллын дагуу шүүгчдэгч нараас мэдүүлэг авч эхэллээ. Шүүх хурал даргалагчийн зүгээс тодорхой хугацаа тогтоох саналыг хэлэв. Улсын яллагч нарын зүгээс 80 шүүгдэгч гурван хуулийн этгээдээс эхлээд мэдүүлгээ авсны дараа, асуулт асуух, нотлох баримт шинжлэн судлах төсөл хөтөлбөрийн зээлийн дарааллаар авах саналыг хэлэв. Төсөл төслөөрөө асуусан нь оновчтой. Шүүгдэгч н.Чойжилжалбуу гэхэд 16 төсөл хөтөлбөр дээр холбогдсон учраас 16 удаа мэдүүлэг авах болно гэв.

Шүүгдэгч нарын мэдүүлэг өгөх, асуулт асуух, эцсийн үг гээд хэд хэдэн шатанд дээр үг хэлэх эрхтэй учраас цаг тогтоосон зүйтэй гэдэг байр суурийг илэрхийлэв. Хохирогч талаас бас улсын яллагчтай санал нэг байгаагаа хэллээ. 

Шүүгдэгч н.Будхүү:

-Нэг зээл дээр үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хангаж, төсөл болгон дээр үг хэлэх эрхийг нээж өгөх саналтай байна. 

Шүүгдэгч Б.Чинзориг:

-Хугацааны хувьд хязгаарламааргүй байна. Зарим нэг нь цөөн, зарим нь олон зээлд холбогдсон. Маргаж байгаа хүмүүс нь их хугацаа авна. Хувь хүний сэтгэхүй өөр өөр учраас хугацаа битгий хязгаарлаач ээ. Миний хувьд таван жилийн ялтай хэрэгт хугацаанд хязгаарлуулж, ял авмааргүй байна.

"Энержи ресурс" ХХК-ийн иргэний хариуцагчийн өмгөөлөгч:

-Үнэндээ гэм буруугийн хурал болж байна. Бид маш богино хугацаанд хэдэн зуун хүсэлт, материал өгөөд авдаггүй ажиллагаанд орж ирсэн. Хамгийн сүүлийн шатанд бүх юмаа хэлнэ шүү дээ. Тийм учраас цаг хугацаа, хийсэн үйлдлийн хувьд өөр өөр байхад тэнд нэг цаг тавьчихаад хүний хувь заяаг шийдэх нь боломжгүй. Хуульд заасан эрхийг нь эдлүүлээч ээ. 

Улсын яллагч:

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.8 зүйлд шүүхийн хэлэлцүүлгийн үе шатыг маш тодорхой хуульчилсан. Улсын яллагчийн яллах дүгнэлтээр шүүх хурал эхэлдэг. Өмгөөлөгчдийн ярьж байгаагаар зургаан шүүгдэгч нараас мэдүүлэг авч, асуулт хариулт, нотлох баримтаа шинжлэн судална. Дараа нь төслөөр нь дахин мэдүүлэг өгч, асуулт асууя гэж болохгүй. Эхлээд яллах дүгнэлт нь биеийн байцаалтын дагуу бичигдсэн дарааллаар гурван хуулийн этгээдийн мэдүүлгийг авна. Дараа нь төсөл төслөөр нь шүүгдэгч нараас нь мэдүүлэг авч, нотлох баримтаа төсөл төслөөр нь шинжлэн судлах юм. 

Шүүгчид сая гарсан саналыг зөвлөлдөхөөр болов. 

13 : 59
2023-4-20

Шүүгдэгч нарын зургаан өмгөөлөгч үг хэлж, хурал завсарлав

Шүүгдэгч нарын зургаан өмгөөлөгч үг хэлж байна. 

Өмгөөлөгч Б.Наранцэцэг:

-Хэрэг бүртгэх мөрдөн байцаах ажиллагаанд тавих прокурорын хяналтын ажлын аргачилсан зааврын 16.6 хэсэгт яллах дүгнэлтийг хэрхэн үйлдэх вэ гэдгийг нарийн заасан байдаг. Үүний долоо дахь хэсэгт яллах дүгнэлтийн хавсралтад тусгах зүйлийг нэг бүрчлэн заасан. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, нөхөн төлөгдсөн байдлыг хавсралтад заана гэсэн байдаг. Энэ нь 1000 гаруй хуудастай яллах дүгнэлтэд энэ агуулгыг хангасан  хохирол харагдахгүй байна. "Чингис хаан" банкинд давуу байдал бий болгосон хэргийг нотолж байна гээд хавтаст хэрэгт 33 баримтыг хавсаргасан. Ингэхдээ хэрэгт авагдсан зөрүүтэй мэдээллээс зөвхөн яллах талыг барьж материалуудыг дурдаж хавсаргасан. Миний хувьд 936-966 талуудад авагдсан "Чингис хаан" банкинд мөнгөн хадгаламж байршуулахдаа давуу байдлыг бий болгож, хохирол учруулсан гэдэг гэмт хэргийн хохиролтой холбоотой зүйлийг ярих гэж байна. Үүнд Хөгжлийн банкны хууль ёсны төлөөлөгч Ц.Амартүвшиний мэдүүлэг, баримтууд, хохирлын  тооцооллууд авагдсан. 2019 оны 10 болон 15 тэрбум төгрөгийн хоёр гэрээний үндсэн дүн, төлөлтүүдийг тооцохоор 38.5 тэрбум төгрөгийн хохирол учирсан гэдэг мэдүүлгийг хохирогчийн төлөөлөгч өгч, тооцооллоо хавсаргасан байдаг. Энэ дүн бол одоо буруутгаад байгаа 2018 оны гэрээтэй огт хамааралгүй, 2019 оны  хоёр мөнгөн хадгаламжийн гэрээ болон  үүргийн зөрчлийн улмаас хохирсон гэж тооцоолсон. Энэ ганц Ц.Амартүвшиний гомдол бус шинжээч болон эрсдэлийн болон хуулийн дүгнэлт зэргийг хамаарч буй. Энэ хүмүүс хууль мэдэхгүйдээ ийм асуултууд асуугаагүй. Прокурорууд дараа асуултаа асуу гээд хариулахгүй байна. Тиймээс бэлдсэн асуултаа асуулгүй суучихлаа. 

УИХ-ын гишүүн Х.Ганхуягийн өмгөөлөгч:

-Улсын яллагчийн яллах дүгнэлттэй холбоотойгоор хүсэлтийг хэлж байна. Нэгд, энэ яллах дүгнэлтэд хэргийн бодит нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоосон байдаг. Тиймээс бид мэтгэлцээний явцад нотолно. Миний үйлчлүүлэгчийг хувь хүн, нийтийн албан тушаалтных нь хувьд буруутгаад байгаа юм уу?

Шүүгдэгч Б.Махбалын өмгөөлөгч Б.Болдбаатар:

-Өмгөөлөгч миний зүгээс тодруулга авч байж, байр сууриа илэрхийлье. Шүүх хуралдааны явцыг үймүүлсэн байдаг. Яллах дүгнэлтийн 789 дүгээр талд "Нар нь урьдчилан үгсэн тохиролцоогүй, үйлдлээрээ санаатай нэгдэж" гээд дэмжлэг үзүүлсэн гэсэн байна. Үүнийг хамжигч гэж ойлгох уу. Мөн 788, 789 дүгээр тал дээр дэмжлэг үзүүлсэн гэсэн байна. Бас хамжигч гэж ойлгох уу. Яагаад гэхээр үйлчлүүлэгч Б.Махбалын бусад хэрэг нь мөн адил хамжигч гэдгээр тодорхойлогдсон байгаа. Энийг  тодруулж, нотлох баримт шинжлэх судлах зайлшгүй шаардлагатай байна. Таван үйлдлийн хоёрыг гүйцэтгэгч, гурвыг нь дэмжлэг үзүүлсэн гэсэн байсан. 

Үдээс өмнөх хуралдаан 14:00 цаг хүртэл завсарлав.

11 : 59
2023-4-20

"Би Г.Амартүвшинтэй Банкны тухай хуулийг батлахад нэг ажлын хэсэгт ажилласан"

Шүүгдэгч Х.Ганхуяг:

-Хэд хэдэн ойлгомжгүй асуудал миний кейс дээр гарч байна. Би сүүлийн 20 жил УИХ-ын гишүүн болохоосоо өмнө бизнес эрхэлдэг байсан. Өнгөрсөн 2020 оны зургадугаар сар хүртэл гэсэн үг. Би 2018 оны наймдугаар сараас хойш 2020 оны нэгдүгээр сарыг хүртэл Канад улсын Ванкувер хотод оюутнаар суралцсан. Би амралтаараа эх орондоо ирж, нэвтрүүлэг хийдэг байсан. Би тэр компаниар дамжуулж зээл аваагүй. Нэг төгрөгийн хувь эзэмшдэггүй. Зээл авсан гээд байгаа. Хөгжлийн банкинд нэг ч рхүн танихгүй. Тэр компани нь өмнө нь 2016, 2017 онд зээл авч, төлөөд дахин зээл авсан юм билээ. Нийт 12.9 хувиар зээл авч, Хөгжлийн банкнаас яаралтай төл гээд би төлөхөд нь тусалсан. Ирэх 2025 онд график нь дуусах ёстой байсан. Өнгөрсөн жил бүх зээлээ төлсөн чинь өнөөдөр хохиролтой гээд сууж байх юм. Зүгээр сошиалаар хүний гүтгэж, эсвэл дарамтад орж гүтгэх ёстой гээд ялладаг юм уу. Би яг ямар хохирол учруулсан юм бэ. Хамгийн хариуцлагатай хандаж, зээлээ хугацаанаас нь өмнө төлсөн хоёрхон компани байна лээ. Тэр нь надтай холбоотой гээд намайг оруулж ирж байна. УИХ-ын гишүүн Г.Амартүвшинтэй Банкны тухай хуулийг батлахад нэг ажлын хэсэгт ажилласан. Би ямар холбоотой юм бэ?

Улсын яллагч:

-"Вертекс майнинг партнер" ХХК Х.Ганхуяг буюу таны төрсөн эх н.Бямбасүрэнгийн үүсгэн байгуулсан компани. Энэ компанийн 98 хувийг "Глобаль майнинг сервис" ХХК тухайн үед таны үүсгэн байгуулсан компани эзэмшиж байсан. Энэ хувийг эзэмшиж байсан компани, "Вертекс майнинг партнер" ХХК-д Хөгжлийн банкнаас зээл авах зорилгоор тухайн үед Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан Г.Амартүвшинд та нөлөөлсөн байна гэдгийг мөрдөн байцаалтын явцад тогтоосон. Тиймээс таныг энэ хэрэгт давуу байдал бий болгож, зээл олгоход нөлөөлсөн байна гэж яллагдагчаар татсан юм. Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд нотлох баримтыг шинжлэн судлахад хэд хэдэн баримтууд гарч ирнэ. Энийг одоо хэлэх боломжгүй. Таныг Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Г.Амартүвшинд хууль бусаар нөлөөлж, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, "Вертекс майнинг партнер" ХХК 33 тэрбум төгрөгийн зээл олгож давуу байдал бий болгосон гэж таныг буруутгаж буй. 

Шүүгдэгч Н.Алтанхуяг:

-Монгол Улсын Ерөнхий сайдуудаас Засгийн газрын гаргасан шийдвэрийн төлөө шүүхийн шат хүртэл явж ирсэн хүн би байх. Би уг нь яллах дүгнэлттэй холбоотой юм хэлэхгүй байя гэж бодлоо. Гэтэл энэ прокуроруудын хэлж буй тайлбарууд арай л байна. Би ч бас нэг дөрвөн удаа УИХ-д сууж үзсэн хүн. Хууль номынхоо дагуу юм хийх байх гэсэн чинь. Хэлэхээс өөр аргагүй боллоо. Нэгдүгээр, гүйцэхгэх, хууль тогтоох, шүүх засаглал Үндсэн хуулийн дагуу энэ гурав өөр хоорондын асуудлыг хянаж үзэхгүй байх хуультай. Би бүх мэдүүлгээ цаасаар бэлдсэн байгаа. Одоо манай прокурорууд үгсэн хуйвалдсан, үйлдлээрээ нэгдсэн гэж яллагдагчаар татаж байна. Засгийн газар хуралдаж байж шийдвэр гаргахад олонхоороо шийдвэр гардаг. Би бүх хуулийн заалт, журмыг нэгтгэсэн. Зээл өгөхөөр хохирол гэж яаж үздэг юм бэ. Ийм тэнцвэргүй байдалд яаж мэтгэлцэх юм бэ. Эдийн засгийн чиглэлийн хүмүүс баймаар байна. Их мухар, сохор юм болж байна. 

Улсын яллагч:

-Сая асуулт асуусангүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гомдол хүсэлт ярилаа. Шүүх хуралдаан ямар дэс дараалалтай явах вэ гэдгийг хуульчилж өгсөн байдаг. Тэгэхгүй бол хэргийг өөрийн өнцгөөс тайлбарлаж, ярьж байна. 

11 : 21
2023-4-20

"Намайг улс төрийн нөлөө бүхий албан  тушаалтан гэж зүйлчилсэн байна"

Шүүгдэгч Н.Мөнхбат:

-Миний хувьд яллах дүгнэлтээс тодруулах шаардлагатай хэд хэдэн юм гарч байна. Яллах дүгнэлтэд надад хамаарах хэсэгт дэлгэрэнгүй Засгийн газрын тогтоол гаргаж, ТУЗ-ийн тогтоол гаргаж гэх мэт зүйлүүд багтсан байна. Намайг Засгийн газар, ТУЗ-ийн тогтоол гаргасан гэж буруутгаж байгаа юм уу. Надад хамааралтай ямар ямар үйлдэл хэзээ эхэлж, хэзээ дууссан бэ гэдгийг тодорхой хэлж өгнө үү. Жишээлбэл, "Эрдэнэс Монгол" компанид олгосон зээлтэй холбоотойгоор 2014 оны хоёрдугаар сарын 14-ний өдөр Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбатын зөвшөөрлөөр 170 тэрбум төгрөгийг "Эрдэнэс Монгол" ХХК-ийн тоот данс руу шилжүүлэн "Энержи ресурс", "Говийн зам" ХХК-иас бодит өртгөөс илүү өндөр үнээр замыг нь худалдан авсан гэсэн байна. Энэ ямар учиртай юм бэ. Тодорхой үйлдлээ л хэлүүлмээр байна. 

"Бэрэн групп" ХХК-ийн зээл гэхэд Хөгжлийн банкнаас 2014 оны дөрөвдүгээр сарын 16-наас 2017 оны есдүгээр сарын 21-ний хооронд долоон удаагийн санхүүжилт хийсэн гэжээ. Гэтэл би 2017 оны арваннэгдүгээр сард би ажлаа өгөөд, албан тушаалгүй болсон байсан. Энэ одоо яг ямар үйлдлийг хэлж байгаа юм. Ямар ямар санхүүжилтийг хэлээд байгаа юм уу. Яллах дүгнэлтээс ойлгосонгүй. Мөн Эрүүгийн хуулийн 22.1.3 зүйлээр намайг улс төрийн нөлөө бүхий албан  тушаалтан гэж зүйлчилсэн байна. Би амьдралдаа улс төрийн албан тушаал хашиж байгаагүй. Хуулийн ямар заалтаар намайг ингэж үзэж байна вэ. Хуулийн заалтыг хайгаад олсонгүй?

Улсын яллагч:

-Эрүүгийн хуулийн тайлбарт улс төрд нөлөө бүхий этгээдийг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, ТНБД гэх мэт улс төрд нөлөө бүхий этгээдүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1.3 зүйлд зааснаар хүндрүүлэн зүйлчлэхээр тогтоосон байдаг. Тэгэхээр Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа улс төрд нөлөө бүхий этгээдүүдтэй бүлэглэж, "Энержи ресурс" болон "Бэрэн групп", "Нью яармаг" төслүүдэд бусдад давуу байдал олгож, албан тушаалын байдлаа ашигласан гэдэг үндэслэлээр яллагдаж байгаа. Заавал өөрөө улс төрд нөлөө бүхий этгээд байхыг хууль тогтоогч шаардаагүй. Хуулийн хэрэглээний хувьд Н.Мөнхбат гэдэг хүн УИХ-ын гишүүн, ТНБД байхыг шаарддагүй юм. Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, Н.Батбаяр нартай бүлэглэсэн гэдэг үйлдлээрээ тухайн зүйл хэсгээр яллагдах үндэстэй гэж үзсэн. Мөн гэмт хэрэг үйлдсэн цаг хугацааг тодорхой дурдсан байгаа. Жишээлбэл, Засгийн газрын шийдвэр гарч буй эхлэл хэсэг буюу 2013 оны наймдугаар сарын 16-ны өдрөөс гэмт хэрэг үйлдэгдэж эхэлсэн. Н.Мөнхбат ТУЗ-ийн Зээлийн удирдлагын хороог хуралдуулж, дээрх хүмүүсийн хууль бус шийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор Зээлийн удирдлагын хороог 2012 оны арванхоёрдугаар сард хуралдуулж, Хөгжлийн банкнаас санхүүгийн эх үүсвэр байхгүй байхад 2014 оны нэгдүгээр сарын 22-нд Зээлийн хороог хуралдуулж, биелэгдэх боломжгүй санхүүжилтийг суулгах, Засгийн газрын тогтоол гаргах гэх мэт хууль бус давуу байдал бий болгож, ТУЗ-д шийдвэрлүүлэхээр санал оруулж, санхүүжилт олгох шийдвэрийг гаргасан. 

10 : 15
2023-4-20

Улсын яллагчдын зүгээс яллах дүгнэлтийг уншиж, сонсгож дууслаа

Шүүх хурал даргалагч шүүгч Ж.Болдбаатар:

-Ингэснээр гурван өдөр дамнан шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаарх яллах дүгнэлтийг улсын яллагчдын зүгээс уншиж, сонсгож дууслаа. Шүүгдэгчид босч, яллах дүгнэлт ойлгомжтой байна уу. Хэрэв ойлгомжгүй гэж үзэж байгаа шүүгдэгч байвал энэ тухайгаа улсын яллагч нараас тодруулж, асууж лавлаж болно. Тайлбарлуулах зүйл байгаа бол одоо асуугаарай. Шүүгдэгчдээс н.Батбаяр, н.Чинзориг нар микрофон дээр очоод, асууж тодруулаарай. Яллах дүгнэлт ойлгомжгүй байвал тайлбаруулна гэж байгаа. Асуулт асуух зохицуулалт хуульд байхгүй.

Шүүгдэгч Н.Батбаяр:

-Би тайлбар авъя. Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1.1. зүйлд "Гэм буруутай этгээд хэзээ хаана, ямар үйлдэл хийснийг нотол гэж тодорхой бичсэн. Би өнөөдрийн яллах дүгнэлтийг ойлгосонгүй. Би хэзээ, хаана ямар хэрэг хийснийг тодорхой болгож өгнө үү. Хоёрт, яллах дүгнэлтэд бусдад давуу байдал олгосон гэжээ. Ямар давуу байдлыг яаж олгосон гэдгийг тодотгож, тайлбарлана уу. н.Алтанхуяг, н.Батбаяр нараас өгсөн хууль бус үүрэг гэдгийг тайлбарлана уу. Намайг Алтанхуяг, Шинэбаатар, Мөнхбат нартай гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэн гэдгийг хавтаст хэрэгт ямар нотлох баримтаар баталгаажуулсныг тайлбарлана уу. Энэ үг бүх хэсэгт сонсогдлоо. Өнгөрсөн 2013 оны 256, 196, 124 дүгээр Засгийн газрын тогтоолуудыг хүчин төгөлдөр байгаа гэсэн үү, хүчингүй гэсэн үү?

Улсын яллагч:

-Яллах дүгнэлтийг тайлбарлуулах гэхээс илүү гэм буруугүйн талаар маргасан шинж чанартай асуултыг асууж байна. Нэгэнт ойлгохгүй байгаа бол тайлбарлая. Таныг нийтийн албан тушаалтны хувьд УИХ-ын гишүүнээр ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хувийн компанид давуу байдал олгосон гэсэн үйлдэлд яллагдагчаар татсан. Яг ямар нотлох баримтыг үндэслэж яллаж байна вэ гэдгийг яллах дүгнэлтэд нэг бүрчлэн дурдсан. Энийг шинжлэн судлаад, хэлдэг дүгнэлтийн шат гэж бий. Тэр шатанд уг нь тайлбарлах ёстой юм.

Одоо Засгийн газрын хуралдааны дүрэм журмыг зөрчиж, нэг хоногийн өмнө буюу 2013 оны наймдугаар сарын 15-ны өдөр "Мон роуд" хувийн компаниас танай яаманд ирсэн албан бичгийг үндэслэж, Засгийн газрын хуралдаан явуулах дүрэм журмыг зөрчсөн. Маргааш нь зам худалдаж авах талаар Засгийн газрын шийдвэр гаргуулсан. Энэ асуудал танд бусдад давуу байдал олгож, Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг, Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр болон Хөгжлийн банкны удирдах зөвлөлийн дарга н.Шинэбаатар, гүйцэтгэх захирал н.Мөнхбат нар үйлдлээрээ санаатай нэгдсэн байна. Та бүхний гэм буруутай үйлдлийн улмаас Хөгжлийн банкинд 170 тэрбум төгрөгийн хохирол учирсан гэх үндэслэл тогтоогдсон. Нотлох баримтуудаар тогтоогдсон. 

"Бэрэн групп" компанид давуу байдал олгох зорилгоор Засгийн газрын тэргүүн болон та өөрөө, Хөгжлийн банкны ТУЗ-ий дарга, тус банкны гүйцэтгэх захирал нартай үйлдлээрээ санаатай нэгдэж, төмөрлөгийн үйлдвэр барихад зориулж 22.7 тэрбум төгрөг хүртэл зээлийг Засгийн газрын тогтоолд шууд оруулж, Хөгжлийн банкинд үүрэг өгсөн үйлдлээр буруутгаж байгаа. Засгийн газар, УИХ-аар хэлэлцэх дарааллыг алдагдуулсан. 

09 : 50
2023-4-20

Хөгжлийн банкны шүүх хурал 4 дэх өдрөө үргэлжилж байна

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж буй “Хөгжлийн банк”-ны гэх тодотголтой нэр бүхий 80 шүүгдэгч, 4 хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан өнөөдөр /2023.04.20/ 08:30 цагт эхэлж, Улсын яллагч нар яллах дүгнэлт уншиж сонсгосноор дөрөв дэх өдрөө үргэлжилж байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж