УИХ-ын гишүүн Ц. Туваантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
–Улс төрийн хоёр том намаас Сонгуулийн тухай хуулийн төслийг өргөн бариад байна. Ардчилсан намаас өргөн барьсан Сонгуулийн тухай хуульд онцлог ямар ямар өөрчлөлт оруулсан бэ?
-МАН болон АН-аас өргөн барьсан хоёр хуулийн төсөлд ажил төстэй зүйлүүд бий. Тухайлбал, хоёулаа холимог тогтолцоог дэмжсэн. МАН-ын хувьд пропорциональ болон мажоритор тогтолцоогоор сонгох гишүүдийн тоо адил тэнцүү буюу 50:50 гэж харж байгаа бол Ардчилсан нам 48:28 гэж снал болгож байна. Мөн эмэгтэйчүүдийн квотыг нэмэгдүүлэх асуудал дээр хоёр нам хоёулаа санал нэгдэж буй.
Өргөн барьсан хуулиудыг нэгтгэж ажиллах, ажлын хэсэг дээр нэлээд олон зүйл тодорхой болох болов уу. Шат шатны сонгууль явагдах иргэд, сонгогчдын санал ямар нэгэн луйвар булхайгүй байх ёстой. Мөн нэрсийн жагсаалтыг хэн, яаж гаргах, хурууны тэмдэг, тэмдэглэгээ гэх мэт процессын шинжтэй нэмэлт, өөрчлөлтүүд ороод явах байх.
-Сонгуулийн үр дүн олон нийтэд ил болсны дараа санал тоолох хар машинтай холбоотой элдэв хардлага нийгэмд үүсдэг. Хар машиныг олон улсын аудитаар оруулах, эсвэл бүх саналыг гараар давхар тоолох гэх мэт процессын асуудлыг хэрхэх вэ?
-Хар машины лиценз энэ оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болно гэж ойлгож байгаа. Тийм учраас баталгаат хугацааг нь сунгах асуудал хөндөгдөх байх. Миний хувьд хар машины тооллогын үр дүнд тодорхой хэмжээнд итгэдэг. Санамсаргүй аргаар сонгуулийн үр дүнгийн тодорхой хэсэгт давхар гараар тоолоход үр дүн нь таардаг. Нэг ёсондоо хар машины үр дүнд эргэлздэггүй. Харин сонгуулийн хэсгийн хороо бүр дээр өгч байгаа иргэдийн нэрсийн жагсаалтыг цөөн цөөнөөр нь гаргаад сонгогч саналаа өгөхөөр очиход нэрийг нь шүүж гаргадаг. Энэ асуудал дээр хардлага байгааг нуухгүй.
Монгол Улсын нийт сонгогчдын нэрсийн жагсаалтаас түүж авахгүй болохоор хүн ам ихтэй аймгийн төвүүд, Улаанбаатар хотод өөрөөр хэлбэл бие биенээ сайн танихгүй газарт царцаа нүүлгэж нэг хүн олон дахин санал өгөх нөхцлийг бүрдүүлж байна уу гэж харддаг.
Тиймээс тооллогыг саналын хуудас, хар машины үр дүнг нэгтгэж тоолох биш хэсгийн хороодод санал өгч байгаа иргэдийг ерөнхий том жагсаалтад давхцаж байгаа эсэхийг шалгаж тогтоохыг чухал гэж үздэг.
-Монгол Улсын иргэн бүр сонгох, сонгогдох эрхтэй учраас санал хураах өдөр өөр өөрсдийн байгаа байгаа газраасаа санал өгөх боломжоор хангахдах зүйл заалтын талаар тусгагдсан. Энэ зүйл заалт нь таны яриад байгаа царцааны нүүдлийг нэмэгдүүлэх юм биш үү?
-Сонгууль бол өрсөлдөөн. Тийм учраас томоохон пүүс компанитай хүмүүс ажилчдаа өөр өөрийн нэр дэвшиж байгаа тойрог руугаа хуулийн хугацаанд шилжүүлэх тохиолдол байдаг. Энэ удаагийн хуульд тусгасан гол өөрчлөлт бол иргэн Дорж Улаанбаатар хотын харьяатай боловч санал хураах өдөр Дорнод аймагт ажлаар, аяллаар явж таарсан бол түүнчлэн гадаадад аялж амьдарч байгаа иргэд харьяаллынхаа дагуу пропорциональ буюу намын жагсаалтаар орж ирэх хүмүүст саналаа өгөх боломжийг нь нээж өгч байгаа юм.
Үүнийг би зөв л гэж бодож байгаа. Тухайн хүн Монгол Улсад дахин давтагдахгүй цор ганц учраас тухайн хүний нэрийг ерөнхий нэрсийн жагсаалтаас хайж гарган ирж чадаж байгаа тохиолдолд иргэд хаанаас ч санал өгөх боломж нээгдэнэ.
-Ерөнхийлөгч Улс төрийн намын тухай хуулийг өргөн бариад байна. Таны хувьд ямар хүлээлттэй байна вэ. Үнэхээр улс төрийн намууд төлөвших, төрийн эрх барих үйл явц төгөлдөрших талруугаа явж чадах болов уу?
-Иргэд, олон нийтийн дунд улс төрийн намуудын нэр хүнд уначихсан байгаа нь нууц биш. Гэхдээ дэлхий дээр төрийн эрх барих үйл явцад оролцох ганц боломж нь нам л байна. Хөдөө орон нутгаар яваад иргэд, сонгогчидтой уулзахад намууд болохоо больчихлоо гэж их ярьж байна. Улс төрийн намын тухай хууль шинэчлэгдэж, намууд хөгжих, ил тод болох эсэх асуудал иргэдийн дунд хүлээлт үүсгээд байна. Тиймээс нэгэнт хууль нь шинэчлэгдэж байгаа бол иргэдийн шүүмжлэлтэй ханддаг асуудлуудыг цогцоор нь шийдэх хэрэгтэй. Ялангуяа намын санхүүжилтийг ил тод болгоход дорвитой өөрчлөлт хийх болов уу хэмээн бодож байна. Улс төрийн намууд иргэд, аж ахуйн нэгжүүдээс их хэмжээний хандив мөнгө аваад эргүүлээд төлөөсийг нь төлөхийн тулд хууль санаачилдаг, кнопоо үнэлдэг, албан тушаал арилжаалдаг зэрэг нь олон ээдрээтэй асуудал хардлагыг бий болгож байна. Тиймээс улс төрийн намуудыг ил тод байлгах, тодорхой хэмжээний санхүүжилтийг төрөөс төсвөөс олгох гэм мэт заалтууд тусгагдсан.
Улс төрийн намууд хөгжих ёстой. Хоёрдугаарт, орон нутагт намаас үүдсэн улстөржилт хэрээс хэтэрч байна. Хоёр том нам өнгөрсөн хугацаанд гишүүнчлэлийн араас их явсан. Энэ удаагийн Улс төрийн намын тухай хуульд анхан шатан дээр намын хатуу гишүүнчлэлтэй байх эсэх асуудлыг авч үзэх нь зүйтэй.
Улстөржилт сүүлдээ талцал хийрхэл болоод ирэхээр сум орон нутагт ажил гацаах, төрийн албаны халаа сэлгээ олширч тогтворгүй байдалд оруулж, иргэдэд түргэн шуурхай төрийн үйлчилгээ үзүүлэх асуудал ихээхэн хоцрогдож байна. Түүнчлэн төрийн албан хаагчийн дутагдалд орон нутаг орчихсон, өндөр ачаалал бага цалингаар төрийн албанд ажиллах хүний нөөц байхгүй байна. Тиймээс хэт улстөржсөн намын хатуу гишүүнчлэлийг халах нь зүйтэй.
-Сонгуулийн зардлыг бууруулахгүйгээр хандив тусламжийн хэмжээг ил тод болгосон ч дорвитой өөрчлөлт гарахгүй далд эдийн засгийн байдалд шилжих магадлалтайм юм биш үү. Түүнчлэн мөнгө өгсөн талд нь саналаа өгнө гээд суучихдаг сонгогчдын боловсролыг дээшлүүлэхэд хэрхэн яаж анхаарах вэ?
–Сонгогчдын боловсрол, төлөвшил талд манайхан төдийлөн их анхаардаггүй. Гэхдээ жилээс жилд иргэд хэрсүүжиж, сонгуулийн боловсрол нь дээшилж байгаа. Пропорциональ тогтолцоонд шилжсэнээр салбараа мэддэг нийгмийн төлөөлөл орж ирэх боломж бүрдэнэ. Түүнчлэн хууль тогтоогчдод мэргэжлийн сайн хуульч байхгүйгээс парламентын тогооноос гарч байгаа хууль амьдралд хэрэгжихгүй, ус ихтэй хууль гарч байна. Тиймээс иргэдийн дунд парламентын нэр хүнд унасан. Мөнгөний шалгуурыг нэгд тавихгүйгээр тухайн салбар, сектороо төлөөлөх чадварыг нь хамгийн түрүүнд харгалзан үзэх цаг болсон.
Хоёрдугаарт, мажоритар тогтолцоогоор сонгуульд оролцоход нэр дэвшигчдээс ихээхэн хэмжээний мөнгө шаардагддаг. Энэ дарамтыг бууруулахгүй бол эргээд зарснаа нөхөх тогтолцоо руу явах вий хэмээн болгоомжилж байна.
Тухайлбал, хуулиар олгогдсон ухуулагчдын тоог цөөлөх асуудлыг хөндөж байгаа. Тухайлбал, 200 сонгогч тутам нэг ухуулагч байна гэж тооцоод, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжуулахаар тооцоход том тоо гардаг. Сонгуулийн үеэр хэвлэл мэдээллийн хэрэгслээр шторк цацахад бизнесийн рекламны ханшнаас ч даваад явчихдаг. Тиймээс сонгуулийн үеэр гарах зардлыг хуулиар тусгаж өгөх нь зүйтэй хэмээн үзэж байгаа. Сонгуулийн зардлыг нэгэн жигд хэмжээнд бариад өгчихвөл мөнгөний нөлөө нэгдүгээр зэргийн хүчин зүйл байхаа болино. Сонгуулийн үеэр ил харагдах зардал ч бий бас урсгал зардлууд ч бий. Тиймээс ил, далд хэлбэрээр мөнгө тараагаад байгаа зэрэг асуудлуудыг хуульд зааж өгч, хэрэгжилт дээр нь хатуу хяналт тавих асуудлыг одоогийн хуульд оруулж өгөх нь зүйтэй.
-Намын жагсаалтаар орж ирэх хүнд ямар шалгуур тавих нь зүйтэй гэж үзэж байна?
-Иргэд “Хаалгаар гараад хаяахаар тооноор ороод ирнэ” гэж ярьдаг. Тиймээс Ардчилсан нам тооноо торлоно. Тооноо бат бөх гагнаж байж хаалгаар гарсан нөхдүүдийг тооноор оруулахгүй ээ. Манай нам авлига албан тушаал, хээль хахууль хулгай, тендерт холбогдсон нөхдүүдийг жагсаалтаар оруулж ирэхгүй. Мөн сектор төлөөлөх чадварыг нь судалгаагаар гаргаж ирж, иргэдийн итгэлийг хүлээх магадлал өндөр хүмүүсээ жагсаалтын урдуур бичих асуудлыг одоогоор ярьж байна. Хэрэв тооноор орох гээд байгаа муу нэртэй, луу данстай хүмүүсийг оруулчихвал лист талдаа санал авах байдал буурна. Энэ нь намын ялалт байгуулах явцад сөрөг нөлөө үзүүлнэмгэж харж байгаа учраас сайн лист бүрдүүлж орно гэж бодож байна.
-Намууд нэр дэвших эрх олгохын тулд мөнгөний дэнчин авч байсан. Тэгвэл нэр дэвшигч мөнгөтэй, мөнгөгүйгээс үл хамаарч нэр дэвших эрхийг хүн бүрт ижил тэгш олгохын тулд ямар өөрчлөлт хийх вэ?
-Намын санхүүжилтийг шилэн болгох, эргээд санхүүжилтийг нь хянах тогтолцоо үүнтэй л холбоотой. Ардчилсан нам ил цагаан зарласан болохоос бусад бүх намуудад ийм асуудаөл байгаа. Бүр Ардчилсан намын зарласан хэмжээнээс илүү ч бий. Амьдарал дээр ийм зөрчил байгаа гэдэг нь нэгэнт тодорхой байгаа учраас энэ талаар хуульд тусгаж, зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг нь өндөр болгож өгөх хэрэгтэй. Шаардлагатай гэж үзвэл Эрүүгийн хуульд авлигын зүйл заалт оруулж өгөхийг ч үгүйсгэхгүй.
-Үндсэн хуульд өөрчлөлт оруулж УИХ-ын гишүүдийн тоог нэмэх эсэх асуудлыг хэлэлцэх магадлал өндөр байна. Үндсэн хуулиараа ойр ойрхон оролдох нь хэр зөв зүйтэй үйлдэл юм бол?
–Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудал яригдаж байгаа боловч өргөн баригдаагүй байна. Тиймээс одоогоор ямар ямар өөрчлөлт оруулах гэж байгаа нь тодорхой бус байгаа учраас тааж хэлэхэд хэцүү байна. Хоёрдугаарт, Үндсэн хууль өргөн баригдсан тохиолдолд Ардчилсан нам бүлэг хуралдаж байж байр сууриа нэгтгэнэ. Нөгөө талаас Үндсэн хуулийн зөвлөлдөх санал асуулга хоёр удаа явагдаж, санал асуулгаас гарсан саналаар зөвлөмж гарчихсан. УИХ-ын гишүүд уг зөвлөмжийг иргэддээ танилцуулаад явсан. Мөн МҮОНРТ-ээр Үндсэн хуультай холбоотой хэлэлцүүлгүүд явж байна.
Үүнээс харахад хөрс сууриа бэлдээд явж байх шиг байна. Үндсэн хуулийн шинэчилсэн найруулга биш нэмэлт, өөрчлөлт хийхийг иргэд дэмжсэн гэх логик явж байгаа.
Дээрээс нь Үндсэн хуулийн Цэц өмнөх шийдвэрээсээ эргэж буцсан шийдвэр гаргаад байна. Хуулиндаа түүнээс цааш хэлэлцэх боломжгүй, өөр гаргалгаа манайд байхгүй. “Цэцийн дээр хөх тэнгэр байдаг”гэж ярьдаг. Цэцийн гаргасан шийдвэрийг давж заалдах боломж байхгүй учраас Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хууль эрхзүйн орчныг нээж өгч байна уу хэмээн харж байна.