Японы ерөнхий сайд Фүмио Кишидагийн биед халдахыг завдсан хэрэг энэ сарын 15-нд гарсан. Халдлага үйлдэгчийг аюулгүй байдлын ажилтнууд тэр дор нь баривилчжээ. Гэхдээ зөв газраа зөв цагтаа ирж таарсан загасчид бие хамгаалагчдаас ч хурдан хөдөлсөн байна.
Халдлага үйлдэгч гартаа ямар нэг зүйл барьчихсан асаах гэж оролдож байхыг загасчдын нэг 67 настай Масами Тераи анх харсан. Яг энэ үед өөр нэг загасчин нь хүмүүст анхааруулж хашгирчээ. Аюулгүй байдлын албаныхан халдлага үйлдэгчийг барьж авах үед загасчид мөн тусалсан байна. Тэд ийнхүү хамтран зүтгэснээр гэмт этгээд хоёр дахь тэсрэх төхөөрөмжөө шидэж чадаагүй аж.
Хоёр загасчин энэ үйл явдалд оролцсон гэх боловч тод улаан цамц өмссөн 70 настай загасчин нь мэдээний камерт илүү тод үлджээ. Тус загасчны өмссөн алаг хантаазыг хүмүүс сонирхож, судалсан байна. Энэ нь өвөл өмсдөг, салхинд тэсвэртэй хантааз бөгөөд “Workman” цахим дэлгүүрт 1780 иенээр зарагддаг.
Загасчид Кишидагийн амийг аврахад гар бие оролцсон гэх мэдээллийн дараа энэ хантаазны борлуулалт нэмэгджээ. Одоогоор “Workman” цахим дэлгүүрт тус хантааз дууссан гэх мэдээлэл байна.
“Террорист этгээдийг баривчилсан загасчны өмсөж байсан хантааз дуусна гэдэг чинь энэ ч ёстой япончууд мөн дөө”, “Би энэ хантаазыг таван жил өмсөж байна, их сайн шүү”, “Энэ хантаазыг баатар хантааз гэж нэрлээд дахин худалдаанд гаргах хэрэгтэй”, “Загасчидаас өшөө авна гэх вий дээ. Бүгдээрээ адилхан хувцаславал гэмт этгээд төөрөлдөх юм биш үү” гэх зэргээр цахим сүлжээнд хэрэглэгчид сэтгэгдлээ илэрхийлж байна.
Эх сурвалж: JAPAN TODAY
Холбоотой мэдээ