УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр/2023.04.19/ Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Улс төрийн намын тухай хуулийн төсөл /шинэчилсэн найруулга/ -ийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар Улс төрийн намын тухай хуулийн төслийн танилцуулгыг хийв.
Улс төрийн намын тухай хуулийн төсөлд улс төрийн нам нь бодлогын институц болон төлөвших, улсын хэмжээнд бодлого дэвшүүлэн ажиллах, иргэдэд улс төрийн боловсрол олгох институц болон төлөвшүүлэх заалтууд тусгасан байна.
Улс төрийн намын санхүүжилтийг ил тод болгох хяналтыг сайжруулах чиглэлээр мөн заалтууд тусгасан. Тухайлбал, улс төрийн намуудад төрөөс санхүүжилт олгоно. Ингэхдээ сонгогчдоос 1-2 хувийн дэмжлэг авсан улс төрийн намд төсвөөс дэмжлэг үзүүлэхээр заажээ. Тухайлбал, УИХ-ын сонгуулиар сонгогчдоос 2 хувийн санал авсан улс төрийн намд төсвөөс санхүүжилт олгоно. Сонгогчоос 1 хувийн дэмжлэг авсан улс төрийн намд төсвийн шууд бус санхүүжилт олгоно. Энэ нь улирал тутамд Олон нийтийн радио, телевизээр 30 минутад багтаан намынхаа бодлого шийдвэрээ сурталчлах нэвтрүүлэг гаргах эрх олгохоор, мөн төрийн өмчит компанийн хурлын танхимыг жилдээ нэг удаа үнэ төлбөргүй ашиглах эрх олгохоор заасан байна.
УИХ-ын 2012, 2016, 2020 оны сонгуулиар 4-5 нам сонгогчдын 1-2 хувийн дэмжлэг авч байсан аж.
Түүнчлэн намд өгөх иргэд, аж ахуй нэгжийн хандивын дээд хэмжээг тусгайлан зааж өгсөн. Энэ нь улс төрд мөнгөний нөлөө их байгааг багасгах зорилго агуулсан. Мөн нам нь дэмжигч гишүүн, сонгуульт гишүүнтэй байхаар зааж өгсөн гэлээ.
УИХ-ын гишүүн Ж.БАТСУУРЬ: Улс төрийн намын ажилтны цалингийн хэмжээ, улс төрийн намын хөрөнгийн хэмжээг зааж өгсөн үү?
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.СОДБААТАР: Улс төрийн намын ажилтны цалин нь тухайн улс төрийн хүчний дотоод дүрмээр зохицуулахаар заасан. Улс төрийн намд бүртгэлтэй хөрөнгө бага болсон. Зарим нь төрийн бус байгууллагад шилжүүлээд, зарим нь аж ахуй нэгж рүү шилжүүлсэн байдаг. Эрх зүйн талаасаа маргаантай асуудал үүсэхээр болсон юм билээ. Тийм учраас өөрийн хөрөнгөөр оруулж ирж байгаа зүйл дээр төрийн санхүүжилтийн 50 хувиас хэтэрч болохгүй гэдэг хязгаар тавьж өгсөн. Гишүүний нэг жилд өгөх татварын дээд хязгаар тавьж өгсөн. Хандив, дэнчин, татвар нэрээр авдаг мөнгийг их шүүмжилсэн учраас хуулиар хориглож байгаа.
Сонгуульт гишүүний татварын дээд хэмжээг жилдээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс хэтрүүлж болохгүй гэдэг хязгаарлалт тавьж өгсөн. Улс төрд мөнгөтэй хүн ордог тогтолцоог халж, чадалтай боловсролтой хүмүүсийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор хязгаарлалт хийсэн. Санхүүжилттэй холбоотойгоор гишүүд “Намууд ийм байдлаар оршин тогтнож, ажиллаж чадах уу” гэдэг зүйлийг асууж байгаа.
УИХ-ын гишүүн Ц.МӨНХ-ОРГИЛ: Намын дотоод асуудлыг өмнөх хуулиар их зохицуулсан юм билээ. Энэ хуульд тэр алдаанаасаа сураад орхио юу гэж ойлгогдсон.
Улс төрийн намуудын санхүүжилтийн хууль гэж тусдаа хувилбар оруулж ирэх бололцоотой юу. Хуульд улс төрийн намд ямар нөхцөлтэйгээр хамгийн дээд хандив өгч болох юм бэ гэдгийг ойлгомжтой болгомоор байна. Сонгуулиар ингэж өгнө, бусад үед ингэж өгнө гэдгийг ойлгомжтой болгох.
Улс төрийн намын санхүүжилтийг шийдвэрлэхийн тулд сонгуулийн зардлыг багасгах. Ухуулагч нарын зардал, хэвлэл мэдээллийн зардал хоёр том зардал болдог. Ухуулагч нарын зардлыг багасгах талаар юу оруулж ирэв. Хуулийг хэрэгжүүлбэл ямар урамшуулалтай юм, хэрэгжүүлэхгүй бол ямар санкцтай вэ?
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.СОДБААТАР: Улс төрийн намын санхүүжилтийг сонгуулийн үеийн санхүүжилт, сонгуулийн үеийн бус санхүүжилт гэж хоёр хуваадаг.
Гэхдээ энэ удаад бид нэтгээд нэг хуулинд оруулаад ирсэн. Хандивыг нэлээн тодорхой болгож өгсөн. Улс төрийн намд хуулийн этгээд жилдээ эцсийн өмчлөгчөөрөө нийт дүнгээрээ Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 50 дахин үржүүлсэнтэй тэнцэх буюу 27 сая төгрөг, хувь хүн 6 сая гаруй төгрөг хандивлах боломжтой байхаар зааж өгсөн. Үүнээс илүү хандив өгөх нь хориотой. Илүү өгвөл улсын орлого болгоно. Одоо хэрэгжиж байгаа Улс төрийн намын тухай хуульд хуулийн этгээд 10 сая, хувь хүн 3 сая хандив өгч болдог байсан. Гэхдээ охин компани, хамаарал бүхий компаниараа хэдэн ч удаа дээрх хязгаарт багтаагаад хандив өгч болохоор байгаа.
Хандив нэрээр улс төрийн намд нөлөөлөх, захиалга орж ирэх, энийг дагасан хууль бус зүйл их байна гэдэг судалгаа гарсан учраас хандивын зохицуулалтыг нэлээн сайн зохицуулсан. Улс төрийн зардлыг багасгах асуудал чухал байгаа. Нийгмийн бусад бүлгийн тэгш оролцоог хангах шаардлага бий. Тэр агуулгаара улс төрийн намын үйл ажиллагааг санхүүгээр нь дамжуулаад багасгах чиглэлээр олон заалт оруулж өгсөн.
Сонгуулийн хууль хэлэлцэгдэж байна, хэлэлцүүлгийн явцад сонгуулийн үеэр аль нь тусах юм бэ гэдгийг шийдээд явах бололцоотой гэж харж байна.
Эцэст нь хуулийн төслөөр санал хураахад гишүүдийн 90.9 хувь нь дэмжсэнээр “Төслийг хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзэж, чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болж шийдвэрлэлээ.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ