Хойд тэнгис дэх ОХУ-ын хорлон сүйтгэх ажиллагаа

Хуучирсан мэдээ: 2023.04.20-нд нийтлэгдсэн

Хойд тэнгис дэх ОХУ-ын хорлон сүйтгэх ажиллагаа

Хойд тэнгис дэх ОХУ-ын хорлон сүйтгэх ажиллагаа

ОХУ Хойд тэнгис дэх салхин цахилгаан станц, холбооны кабелийн шугамыг хорлон сүйтгэх хөтөлбөр хэрэгжүүлж байна гэх мэдээлэл гарав. Дани, Норвеги, Швед, Финландын олон нийтийн телевизүүд хамтарсан мөрдөн байцаалтын дүнд энэхүү мэдээллийг гаргажээ. Тодруулбал, Хойд тэнгист загас агнуурын завь болон судалгааны хөлөг онгоцуудын дүрд хувирсан Оросын флотууд байрласан аж. Тэд усан доор хяналтын төхөөрөмжүүд ажиллуулж, хорлон сүйтгэх ажиллагаагаа явуулах газраа судлан, зураглал хийж байна.

Нарийвчилсан мэдээллийн эхний хэсгийг Данийн “DR”, Норвегийн “NRK”, Шведийн “SVT”, Финландын “Yle” сувгуудаар өчигдөр /2023.04.19/ цацжээ.

“ОХУ болон барууныхны сөргөлдөөн туйлдаа хүрсэн тохиолдолд гэж тооцоолон энэхүү хорлон сүйтгэх төлөвлөгөөг бэлтгэж байгаа” гэж Данийн тагнуулын ажилтан хэлэв. Харин Норвегийн тагнуулын дарга энэ нэвтрүүлгийг “Оросын хувьд маш чухал нэвтрүүлэг. Тиймээс Москвагаас шууд хянаж байгаа” гэж хэлэв.

Мөрдөн байцаалтыг хийхдээ Скандинавын тэнгис дэх явж буй хий үзэгдэл нэртэй Оросын хөлөг онгоцуудын харилцаа холбоог судалсан байна. Эдгээр хөлөг нь байршлаа ил болгохгүйн тулд радараа унтраасан байдаг.

Явж буй хий үзэгдлүүд дундаас “Адмирал Владимирский” нэртэй хөлөг онгоцыг онцгойлон дурджээ. Угтаа бол энэ хөлөг нь далайн экспедиц буюу усан доорх судалгааны хөлөг юм. Гэвч дөрвөн улсын хамтарсан тайланд дурдсанаар энэ нь Оросын тагнуулын хөлөг байжээ.

Их Британи, Нидерландын эрэг орчимд долоон салхин цахилгаан станц байна. Эдгээр станцын ойролцоох хөлөг онгоцны хөдөлгөөнийг хянах ажилд Их Британийн Хатан хааны тэнгисийн цэргийн мэргэжилтэн байсан хүн оролцжээ. Оросын хөлөг онгоц цахилгаан станцын байрлалуудад ойртохоороо хөдөлгөөнөө удаашруулдаг аж. Мөн радараа унтраагаад нэг сарын турш далайд хөвсөн байна. Мөрдөн байцаалтын багийн нэг сэтгүүлч жижиг завиар хөлөг онгоцонд ойртож очиход цэргийн автомат буу барьсан бололтой багтай хүн зогсч байжээ.

Үүнтэй ижил хөлөг онгоц Шотландын эрэгт мөн өнгөрсөн жил харагдсан байна. Тодруулбал, арваннэгдүгээр сарын 10-нд тус хөлөг онгоц Морей Ферт орчимд ажиглагдсан. Улмаар Хатан хааны тэнгисийн цэргийн Далайн эргүүлийн нисэх онгоцны флот байрладаг Лоссимут хотоос 50 орчим км зайд баруун зүгийг чиглэн явжээ.

Хэрвээ Их Британийн эсрэг тодорхой заналхийлэл байгаа бол эдгээрийг шалгах болно гэж албаныхан мэдэгдсэн. Гэхдээ одоогоор ямар нэг үйл ажиллагаа явуулсан гэх баттай баримтгүй байна.

Нидерландын тагнуулын алба өнгөрсөн хоёрдугаар сард далайн дэд бүтцийг тасалдуулж, хорлон сүйтгэж болзошгүй байгааг илтгэх ер бусын бөгөөд албан ёсны анхааруулга гаргажээ. “Сүүлийн саруудад Оросын “жүжигчид” Хойд тэнгис дэх эрчим хүчний систем хэрхэн ажилладагийг илрүүлэхийг оролдож байгааг бид харлаа. Ийм зүйл анх удаа харж байна” гэж Цэргийн тагнуулын газрын дарга, генерал Ян Свилленс хэлж байв.

Зарим онцгой бүсэд судалгаа шинжилгээ, хайгуул хийх нь тийм шинэ содон зүйл биш. Барууны орнууд ч бас ижил төстэй үйл ажиллагаа явуулж байх магадлалтай аж. ОХУ ба барууныхны мөргөлдөөн хурцадсан тохиолдолд хэд хэдэн арга хэмжээ авах магадлал бий. Нэгдүгээрт, харилцаа холбоог гэмтээх юм уу улс орнуудын эрчим хүчний системийг эвдэж, эмх замбараагүй байдал үүсгэх. Одоогоор тагнуулын мэдээлэл цуглуулахаас бусдаар ямар нэгэн хорлон сүйтгэх ажиллагаа болсон гэх бодит нотолгоо алга байна.

Өнгөрсөн жил Шпицбердээс өмнө зүгт усан доорх мэдээллийн кабель тасарсан хэрэг гарч байсан. Энэ нь хорлон сүйтгэх үйл ажиллагаа байх магадлалтай. Уг кабель нь Хиймэл дагуулын холбооны дэлхийн хамгийн том хуурай газрын станцад үйлчилдэг байв. Норвегийн цагдаа нар тухайн үед үүний ард хүний үйл ажиллагаа байсан гэж мэдэгдсэн ч хэн нэгнийг албан ёсоор буруутгаагүй.

Норвеги улс энэ сарын 13-нд Оросын 15 албан тушаалтныг тагнуулын хэрэгт буруутган эх орноосоо хөөсөн. Дайн эхэлснээс хойш Европ даяар хөөгдөж буй оросуудын хамгийн сүүлийн үеийн давалгаа нь энэ юм.

Шетландын арлуудад өнгөрсөн оны аравдугаар сард кабель тасарсны дараа томоохон дуулиан дэгдэж байв. Энэ үйл явдал эх газартай харилцах харилцаанд ихээхэн саад учруулсан бөгөөд тухайн үед загас агнуурын хөлөг онгоцноос болсон гэх дүгнэлтийг гаргасан. Гэхдээ заавал дайсагнасан үйлдэл байх албагүй, кабель санаандгүй байдлаар тасрах нь ч бий.

Дээрх хорлон сүйтгэх ажиллагаануудад Оросын цэргийн тагнуулын алба ГРУ холбоотой байж магадгүй. Өмнө нь гарсан хэд хэдэн хэрэгт ГРУ холбоотой болох нь батлагдаж байсан. Тодруулбал, 2018 онд Солсбери хотод Сергей Скрипалийг "Новичок" бодисоор хордуулсан хэрэг, Чехийн ойд зэвсгийн агуулахыг дэлбэлсэн хэрэгт ГРУ-ийн багийг холбоотой гэж тус тус үзжээ.

Оросоос Европ руу хий дамжуулдаг Хойд Урсгал хийн хоолойд өнгөрсөн оны есдүгээр сард мөн гэмтэл гарсныг та бид санаж байгаа. Энэ нь мэдэгдэхүйц хорлон сүйтгэх ажиллагаа байжээ. Тухайн үед ОХУ-ын буруутгасан ч зарим эх сурвалж Украины дэмжигчид байх магадлалтай гэсэн таамаглалыг дэвшүүлсэн. Уг хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа одоо ч үргэлжилж байна.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
9
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж